С.Бүрэнбат: Хүнсний ногоо савлах үйлдвэр байгуулахаар хөрөнгийг нь шийдвэрлэсэн

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай газар тариалан, Сэлэнгэ аймагт өрнөж буй шинэ бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд та бүхэн маань хаврын тариалалтын бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа байх. Орон нутагт хавар­жилт ямар байна вэ?

-Хаваржилт сайхан үргэлжилж байна.

Өнгөрсөн жилийн суурь сайн байсан учраас мал өнтэй орлоо. Харин хаврын тариалалтын хувьд асуудал байгаа. Өнгөрсөн жил бороо их орсноос будааны цавуулаг тааруу байсан. Тиймээс манай тариаланчид энэ жил үрийн будаагаа борлуулчихъя, дараа жил сайн будаа нөөцөлье гэсэн байдлаар борлуулалт хий­сэн учир үрийн бу­даа дутагдах тал байна. Гэхдээ үрийн чиглэлээр тогтвортой сайн нутагшуулж байгаа компаниуд манайд бий. Сайхан суманд “Газрын ундраа”, “Цэгээн хуст”, Ерөөд “Их Шинэстэй”, Цагааннуурын “Атар трейд” зэрэг компани үрийн аж ахуй гэж нэрлээгүй ч тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбараа авч явж байна. Эдгээр компанид багахан үр байгаа. Аймгийн хэмжээнд 10 мянга орчим тонн үрийн будаа дутагдах нь. Засгийн газраас 100 мянган тонн үрийн будаа оруулж ирэхээр ярилцсан. Түүний 20 орчим хувь нь манай аймгийн гаалиар орж ирж байна. Ялангуяа саяхан орж ирсэн зургаан чингэлэг будаа боломжийн юм билээ.

-Тариалалтад гарах техник, төхөөрөмжүүд бэлэн үү. Жил бүр засвар үйлчилгээ шаардана биз? 

-Манай тариаланчид зоригтой хөрөнгө оруулалт хийж өндөр хүчин чадалтай комбайн, зүтгэх хүчний техникүүдээ шинэчилсэн. Цаашид үрийн, технологийн,  хүний нөөцийн асуу­далд анхаарахгүй бол болохгүй нь. Бид удахгүй тариаланчдын зөвлөгөөнөө хийнэ. Ямар асуудал хэлэлцэх талаараа салбар хуралдаанаар хэлэлцсэн. Сэлэнгэ аймаг сүүлийн жилүүдэд Монгол Улсын улаанбуудайны хэрэгцээний 50-55 хувийг тогтвортой хангаж ирсэн. Тэр утгаараа хараат зүйлүүд олон байна. Хүний нөөцийн бодлого руу анхаарч комбайнч, тракторч, механикчийн эрэлт хэрэгцээ байгаа учир бэлтгэн гаргах шаардлага байгаа. Техникийн байдал сайжирсан учраас засвар үйлчилгээ харьцангуй бага байна. Чиргүүл, дүүжин машин зэрэг тариалалт хийдэг техникүүдэд бага хэмжээний засвар хийгдэнэ. Бид банкуудтай тохиролцож байна. Банкнаас тариаланчдад зориулсан бизнесийг дэмжих саналуудыг ч гаргаж эхэлсэн. Олон жил тогтвортой ажиллаж байгаа компаниудад 1.5 хувийн хүүтэй зээл олгохоор ярилцаж байна. Тариалалтын бэлтгэл ажлын хувьд иймэрхүү байна. Манай Сэлэнгэчүүд хөдөлмөрч хүмүүс учраас хаврын тариалалтын хувьд толгой гашилгасан асуудал алга. Тариаланчид маань цаг хугацаандаа ажлаа хийгээд сурчихсан. Хамгийн гол нь үзүүлэх ёстой дэмжлэгүүдийг цаг хугацаанд нь зохицуулаад өгчихвөл зүгээр байгаа юм.

-Өнгөрсөн жил рапс их хэмжээгээр тарилаа гэсэн шүүмжлэлд өртсөн. Хөрсийг элэгдэлд оруулдаг гэх энэ ургамлыг танайхан яагаад тариалахыг эрмэлзээд байна вэ?

-Энэ бол рапс гэхээсээ илүү тариалангийн сэл­гээний тухай асуудал. Сэлэн­гэ аймаг 305 мян­­ган га эргэлтийн тал­байтай. Манай айм­гийн­хан 60 орчим жил улаанбуудай тариалж ир­сэн. Улаанбуудай газрын хөрснөөс азот, фосфор хоёрыг их хэмжээгээр авдаг. Сүрэл ялзмаг болоод эргээд хөрсөнд шингэхээрээ азот, фосфороо нөхөж чаддаггүй. Манайх 60 орчим жил тариалахад нэг жил өнжөөд тарьсан гэж үзвэл даруй 30 жил тасралтгүй улаанбуудай тарьсан гэсэн үг. Ийм хөрсөнд буцаагаад ялзмагийг бий болгох ёстой. Тэгэхээр нөгөө өндөр үнэтэй бордоо хэ­рэг болно. Үүнийг тариаланчид яаж авах вэ. Бордоо авч хэрэглэнэ гэвэл улаанбуудайн өртөг нэмэгдэнэ гэсэн үг. Тийм боломж байна уу. Тиймээс ялзмагийг бий болгох ургамлыг сэлгэж тарих шаардлагатай байгаа юм. Үүнд царгас, тосны ургамал, рапс орно. Рапсын хувьд хүчирхэг үндэстэй ургамал. Үрийг нь хураахад хөрсөндөө ялзмаг болж үлддэг. Хөрс хэдий хэмжээний ургамлын навч, үндсээр бүрэгдэнэ, тэр хэмжээгээр чийгээ сайн хадгалдаг. Тэр нь хөрсөнд ялзмаг болж бордоо болдог. Энэ тал дээр рапс зохих үр дүнгээ өгнө. Улаанбуудайг нэг га-д 160-180 кг тариад 1-2 тонн ургац авдаг. Кг нь дунджаар 380 төгрөгийн үнэтэй. Харин рапсыг нэг га-д 6-8 кг тариалаад 0.8-1.5 тонныг авч байна. Нэг кг нь 800 төгрөг. Ийм учраас тариаланчид улаанбуудайны хажуугаар багахан хэмжээний рапс тариад өөрсдийнхөө алдагдлаа нөхөх сонирхол байна. Гэхдээ бид нийт тариалах талбайн 20 хувиас илүү гаргахгүй байх шаардлага тавьж байгаа.

-Гэхдээ хөрс хордуулдаг ургамал гээд байгаа шүү дээ?           

-Үрийн буудайг дунджаар 5-6 см-ийн гүнд тарьдаг. Нийтдээ 17 см-т шим тэжээл авдаг. Тэр хэмжээнд нь чийг байхгүй болчихвол ургалт нь зогсчихно. Харин рапсыг 3-4 см-т тарина. Чийггүй болсон ч хэчнээн метр гүнээс ч чийг авч чаддаг, хог ургамлын шинжтэй. Рапсыг тариалаад үрийг нь хурааж авчихаад ураншийн боловсруулалт хийж гурван жил өнжөөд дахиад тарихад ямар ч асуудалгүй. Харамсалтай нь зарим тариаланч дараагийн жил уринш хийхгүй хаячихдаг. Тэгэхээр дутуу хагас ургаад үр боловсорчихно. Жил бүр ургавал газрын хөрсний шимийг баллана. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар сэлгээний ургамал маягаар нэг жил тариад дараагийн жилд нь уринш хийгээд явбал хөрсөнд хөнөөлтэй биш. Манай газар тариалангийн нийт талбайн 20 хувиас илүүгүйд сэлгээний бусад ургамал тарьж болно. Түүнээс 15 хувьд нь рапс тарьж болох юм гэж үзэж байгаа.

-Газар тариалангаас гадна төмс, хүнсний но­гооны тухай өнгөрсөн са­руудад орон даяар багагүй асуудал бослоо. Хүнсний ногоо хятадынхаас ял­гаагүй, химийн хортой бод­ис агуулагдсан гэж цуурлаа. Ногоочид үнэхээр хортой бодис хэрэглээд байна уу? 

-Мэдээллийн хурд гэж үнэхээр аюултай юм. Буруу ч бай мэдээлэл нэгэнт гарчихвал буцааж нөхөх хурд хөдөлмөрлаж байгаа хүмүүст төвөг болох юм. Манай аймгийн нийт өрхийн 60 хувь нь ямар нэгэн байдлаар хүнсний ногоотой холбоотой амьдардаг. Тэдний амьдралын эх үүсвэрийг зохиомлоор баллаж болохгүй шүү дээ. Энэ тухай манайд нэлээд яриа хөөрөө болсон. Зүүнхараа буюу Мандал сум тэр чигээрээ ногоочид. Шаамар сум ч ялгаагүй. Хүнсний ногоо хортой гэсэн асуудал борлуулалтад маш их нөлөөлж байна. Аймгийн удирдлагын зүгээс Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газартаа үүрэг өгч сумуудаас дээж авахуулж шинжилгээ хийлгэсэн. Ямар ч хор, хөнөөл илрээгүй. Сэлэнгийн ногоо яагаад ч хортой байх үндэсгүй. Манай хөрс маш чадалтай, сайн хөрс. Харьцангуй хүнсний ногоог хожуу тариалж эхэлсэн, 60 хувь нь шинэ сэргэг атар газартай. Дээд тал нь 20 гаруй жил тариалж байгаа нутгууд байгаа. Улаанбуудайн зориулалтаар 60 жил ашигласан талбайд бордоо хэрэглэхгүй байхад дөнгөж 20 жил болсон хүнсний ногоо тарьж байгаа хөрсөнд хортой бодис хэрэглэхгүй. Тэр яриад байгаа бодисуудыг хэтрүүлчихвэл ногоо ургахгүй биз дээ.

-Ногоочдод тулгамддаг асуудал нь борлуулалт байдаг. Өнгөрсөн намар ногоочдын хувьд ээлтэй байж нийслэлд худалдааны цэгүүд хангалттай гаргаж өгсөн. Танай ногоочдод дэмжлэг болсон биз дээ? 

-Өнгөрсөн жилийн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааг энд дурдах хэрэгтэй. Маш сайн ажилласан. Ногоочдыг маань хүссэн газартаа борлуулалт хийх нөхцлөөр хангасан. Мэдээж ногооны борлуулалт сайжирч, үнэ тогтвортой байгаа. Гэхдээ хотын худалдан авагчид тэр бүр их хэмжээгээр авахгүй юм. Тиймээс бид супермаркетуудаар явж үзлээ. Томоохон ресторануудын эзэдтэй уулзаж хэрэгтэй бүх төр­лийн ногоог чинь тариад өгье, манай аймгийн но­гоог аваач гэдэг саналыг ч тавьсан. Энэ бүхнээс  үүдэн савлагаа, сортлох, ангилах, цэвэрлэх, шошго гээд олон асуудал гардаг юм байна. Миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан бай­сан нэг асуудал бий. Хүнсний ногоо бүтээгдэхүүнийг дэмжих хөтөлбөр гэж. Хүнсний ногооны борлуулалтын зохион байгуулалтыг дан ганц ногоочдын асуудал гээд хаяж болохгүй. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн өмчтэй, ногоо савладаг цех байгуулахаар 289 сая төгрөгийг аймгийн Иргэдийн хурлаас төсөвлөөд байна. Цехийг хот руу орох төв зам болох Баруунхараад байгуулна. Төмс, байцаа, манжин, лууван зэрэг үндэс үртэй хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэж, ангилж, ялгаж савладаг Беларусийн тоног төхөөрөмжийг энэ зун тавих юм. Ингэснээр орон нутгийн өмч, хувийн өмч хосолсон хүнсний ногоо савлагааны үйлдвэр ашиглалтад орж байгаа юм. Эхлээд нэгийг ашиглалтад оруулаад үзээд, боломжтой бол бүсүүдэд тавина. Хүнсний ногооны борлуулалтыг ингэж шийдвэрлэж байгаа нь өөрийн амьдралаа авч явахын зэрэгцээ ажлын байр бий болгож байгаа иргэдээ дэмжиж буй хэлбэр.

-Саяхан танай нутагт их хэмжээний ой сүйтгэсэн тохиолдол гарсан. Ойгоо хамгаалах тал дээр та бүхэн яаж ажиллаж байна. Нэг хэсэг сүйдээд байсан Тужийн нарсыг сэргээх аяныг “Зууны мэдээ” сониноос санаачилж байсныг та мэдэх байх. Ойн нөхөн сэргээлтийг өргөжүүлж байна уу?

-Нөхөн сэргээлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа. Манай Тужийн нарс дээхэн үед айхтар сүйдэж байсан. Сүүлийн жилүүдэд хүмүүс ч ихээхэн анхаарлаа, байгалийн таатай нөхцөл ч бүрдлээ. Маш сайхан сэргэж байгаа. Та бүхний тарьсан мод одоо метр 50 см орчим ургачихсан. Удахгүй сайхан ой болно. Сэлэнгэ аймгийн хувьд модны тухай асуудал анхаарал тавихгүй байхын аргагүй асуудал. Мэдээж улс юм болохоор модны хэрэгцээ их байгаа. Манайх салбарын яамнаас өгсөн хуваарийн дагуу жилд дунджаар 200 гаруй мянган шоо метр мод бэлддэг. Энэ үеэр номоор нь ч бэлддэг хүмүүс бий, номгүй ч бэлддэг нь бий. Ер нь цаашид яах юм бэ гэсэн асуудал тулгараад байна. Өнгөрсөн өвөл бид хэрэг болгож хөвч рүү явж үзлээ. Хэнтийн Минжийн хангай руу 100 гаруй км орж үзсэн. Хүмүүсийг мод хөрөөдөж болохгүй гээд хорих нэг хэрэг. Цаад талд нь өдөр бүр шинэ гэр бүл бий болж байна. Хашаа хорооны банзнаас эхлээд мод хэн бүхэнд хэрэгцээ болж байна шүү дээ. Түүнийг хаанаас яаж олох вэ гэдэг нь чухал. Гэтэл манай орны ой чинь тэр чигээрээ унанги болчихож. Тиймээс ойн замыг яаралтай гаргамаар юм байна. Минжийн хангай, Хэнтийн нурууны ар Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумын хэсгүүдэд ойн зам гаргах хэрэгтэй. Бүсийг нь зааж өгөөд тусгаарлалтыг нь хийчихвэл модны нөөц манайд байна. 

Өнгөрсөн жил түймэргүй сайхан байсан. Миний бодлоор аймгийн Засаг дарга хоёр зүйлд байнга анхаарлаа хандуулж байх ёстой юм шиг санагддаг. Нэгдүгээрт жирэмсэн эхчүүдийн эрүүл мэнд, хоёрдугаарт түймэр. Эхчүүдийг эрүүл мэндийн байгууллагаар хамгаалчихна, харин түймэрт бол тогтмол хүмүүс гаргадаг. Аймгаас түймэр унтраах гэж асуудал болгож байхаар гарахаас нь сэргийлж жил бүр 30-40 сая төгрөг зарцуулдаг. Аврагчдыгаа дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 20 хүртэл уулын аманд байрлуулчихдаг. Ингэж урьдчилан сэргийлж ажилласнаар сүүлийн жилүүдэд түймэр 30 хувь буурсан. Тавдугаар сар гарчихаар ногоо ургаад, түймрийн аюул холддог. Гэхдээ нэг хэцүү нь түймэр Ороосоос ороод ирэх нь бий. ОХУ-ын Буриад улсын Онцгой байдлын дарга нь саяхан энэ талаар тохиролцож гэрээ байгуулсан.

-Алтанбулаг боомт байгуулах явц ямар шатанд байна вэ. Сэлэнгийн хөгжилд түлхэц болохоор бүтээн байгуулалт байх аа? 

-Манайх чинь нэгдсэн улс. Гэтэл салбаруудын уялдаа хүндрэлтэй болж. Шүүмжилж байгаа юм биш. Яахав, одоо боомтууд нэгдсэн захиргаатай болох шинэчлэл биднийг ярилцах цаг мөчид үргэлжилж байна. Ер нь боомт хилийн орчинг аймгаас салгаж болохгүй. Бид газар тариалан, мал аж ахуй, уул уурхай руу хошуурдаг. Гэтэл наад зах нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ гуйвахад манай улсын эдийн засаг ямар хэврэг байгаа нь харагдаж байгаа биз дээ. Бид жаран хөлт шиг байх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг маш сайн бэхжүүлэх хэрэгтэй юм шүү дээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум гэхэд суугуул 23 мянган хүнтэй, дээр нь 2-3 мянган түр дамжин өнгөрөх маягаар жижиг наймаа хийдэг хүмүүс байна. Тэд ОХУ руу хүнс, бараа зөөж амьдардаг. Гэтэл том компаниудад боломж олгоод хүнсний бүтээгдэхүүнийг иргэн оруулж болохгүй гээд хууль гаргачихлаа. Тэдгээр иргэний хөдөлгөөн, амьжиргааны баталгаа нь зогсчихлоо. Гааль дээрээс харагдана. Алтанбулагийн хилээр өдөрт гарах машин эрс цөөрсөн.  Ямар ч очер дараалал байхгүй болсон. 

-Сэлэнгэд энэ жил шинээр ямар бүтээн байгуулалт хийхэр төлөвлөж байна вэ?

-Сүхбаатар хотод энэ дөрвөн жил бүтээн байгуулалтын эрчимтэй хөгжлүүдийг тавина. Дор хаяж 250-аас доошгүй айлын орон сууц, канад хаусыг сумдад барих зэргээр эхлүүлж байна. Сүхбаатар хотод одоо газар алга. Хүссэн хүсээгүй Сүхбаатар хотыг Алтанбулаг боомттой хол­бох хэрэгтэй. Эх­ний ээлжинд бид бо­хирын шугамаа холбочихоод байна. Энэ жил ашиглалтад оруулна. Бохирын шугамаа дагуу­лаад 5.4 тэрбум төгрөгөөр ха­луун, хүйтэн усны шу­гам барьж байгаа. Инженерийн шугам ирчихээр газраа иргэдэд хувааж өмчлүүлэх маягаар аймгийг Алтанбулагтай холбох ажлуудыг энэ жил эрчимтэй үргэлжлүүлнэ.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 44 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 36 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 49 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 59 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин