Б.НАМУУНТАМИР
Монголбанкнаас “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. УИХ-д Монголбанкнаас санаачилсны дагуу “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан батлуулсан дөрвөн үндсэн зорилтын хүрээнд болж байгаа бөгөөд банкны салбарын эрхзүйн шинэтгэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
Дээрх хөтөлбөрийн дагуу банкны салбар дахь 10 гаруй хуулиудыг шинэчлэх, банкинд хүндрэл үүссэн тохиолдолд түүнийг татвар төлөгчдийн, төсвийн мөнгөөр биш, банкнуудын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар нөхөн сэргээх гэх мэт боловсруулалт хийгдээд 70 гаруй хувьтай явж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиудыг баталж байсан билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Банкны салбарт олон нийтийн оролцоог хангах нь чухал байгаа бөгөөд үүний тулд юуны өмнө иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилт энэ салбарт тавигдаж байна. Зорилтуудын хүрээнд гурван зүйл анхаарах хэрэгтэй байгааг хэлье. Нэгд, банкууд засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Үүний тулд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, бодит чанарыг сайжруулах үндэс бүхий алхам болно. Ийм зөв зохистой харьцааг бий болгож дотоод хяналтыг сайжруулж хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох нь олон эерэг зүйлийг авчирна. Жижиг зах зээлд банкууд хоорондоо өрсөлдөхөөс илүү хүчээ нэгтгэж, хамтарч ажиллах цаг үе ирэх юм. Өөрөөр хэлбэл капиталын хүчээ нэгтгэхгүйгээр дан ганц нэг эзэнтэй хэлбэрээр банкны салбар цаашид цэцэглэн хөгжихгүй. Бид илүү алсыг харж, улс орныхоо банкны салбарыг олон түмний итгэлийн татсан, найдвартай, итгэлтэй, хариуцлагатай болгож хөгжүүлмээр байна гэдгийг анхаарч ажилламаар байна. Тиймээс Төв банк, арилжааны банкууд дээрх чиглэлүүдээр тодорхой стратеги төлөвлөгөө гарган, үе шаттай хэрэгжүүлэх талаар санаалчилгатай ажиллах хэрэгтэй байна. Нийтээр банкинд итгэх итгэл, оролцоо, хяналтыг нэмэгдүүлье” гэсэн юм.
Мөн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшиндээ буюу 5-6 хувьд байх төлөвтэй. Гэхдээ эдийн засгийн бүтэц өрөөсгөл, уул уурхайн салбараас хэт хамааралтай тул эдийн засагт хэлбэлзэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс арилжааны банкууд эрсдэл даах чадвараа өндөр хэмжээнд байлгах шаардлагатай. Эдийн засаг, зээлийн харьцаа шууд хамааралтай байгааг хэлэхдээ, өнгөрсөн онд эдийн засаг 7.3 хувиар өсөхөд зээлийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байсан. Энэ жил зээлийн хэмжээ 15 хувиар нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт эхний хагас жилд мөн л дээрх хувьтай байгаа байдлыг дурдаж, эдийн засаг сайн л байх юм бол зээл чанартай, илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой гэдгийг онцоллоо.
Монголбанкны эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг “Ирэх жилээс Монгобанкнаас суурь бодлогын шинж чанартай хэм хэмжээнүүдийг бий болгосон. Үүнийг цааш нь хэрхэн хэрэгжүүлэх вэ, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэсэн дэд бүтэц рүү чиглэсэн хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Үүнээс гадна 2010 оноос банкны хяналт шалгалтын олон улсын стандарт дэлхийн санхүүгийн хямралын дараа өөрчлөгдөж ирсэн. Тэр нь банк нь өөрөө тухайн эрсдэлийг дааж чадах хөрөнгөтэй, удирдлага болон, засаглалын хувьд санхүүгийн үзүүлэлт сайн байх эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгаа. Иймээс энгийн хувьцааны шаардлагыг сайжруулах, банкны удирдлагуудын олон нийтийн хяналтыг бий болгох зэргийг ирэх жил хийхийг төлөвлөж байна” гэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах гэж тодорхойлсон. Нөгөө талаас үзвэл үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд банк санхүүгийн салбарын хууль эрхзүйн шинэчлэл, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хувь эзэмшлийн төвлөрөлтийг бууруулах, банкны хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах ажлуудыг хийхээр тусгасан. Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогоор хязгаарлагдахгүй, банк санхүүгийн салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, санхүүгийн салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит секторыг татан оролцуулах чиглэлд бодлогын аргыг тодорхойлж, бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай болж байгаа. Иймээс үндсэн чиглэлд тусгагдсан боловч зөвхөн 2020 онд биш, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжих шаардлагатай, өндөр ач холбогдол бүхий зарим ажлуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг Монголбанкнаас боловсруулж, батлууллаа” гэсэн юм.
Төв банк зөвхөн ирэх онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлээр зогсохгүй, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа “Банкны салбарыг хөгжүүлж, чадавхжуулах хөтөлбөр” болгон боловсруулж батлуулснаа цохон тэмдэглэж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.19 ПҮРЭВ №251 (6218)
Банкуудыг эрсдэл даах чадвараа сайжруулахыг санууллаа
2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин