Д.ЭНХЭЭ
Юлия Шойгу бол үл үзэгдэх фронтын дайчин. Гамшиг сүйрлийн үед сэтгэл санааны хүнд асуудлаа давж гарахад нь хүмүүст тусалж явахаас чамин гоё сэтгүүлд яриа өгдөггүй нэгэн. “Татлер”-ийн Ксения Соловьёва түүний дотоод ертөнцийг нээх оролдлого хийжээ.
Юлия 1977 онд Красноярскт төрсөн. Аав нь мөн тэр онд орон нутгийн политехникийн дээд сургуулийг инженер-барилгачин мэргэжлээр дүүргэжээ. Хөнгөн цагааны заводын бүтээн байгуулалтыг аав нь ахалж байсан Хакассын Саяногорск хотын сургуульд Юлия элсэн оржээ. Түүнийг 14 нас хүрэхэд тэднийх Москва руу нүүж, Сергей Кужугетович ЗСБНХОУ-ын архитектур, барилгын улсын хорооны дэд дарга болов. Охин нь физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сайн сургуульд элсэн суралцаж, ирээдүйд хэн болохоо тодорхойлох талаар эцэг эхээ нэг их шаналгалгүйгээр бүр наймдугаар ангид сурч байхдаа сэтгэлзүйчийн мэргэжлийг сонгосон аж. “Дунд сургуулийн гэрчилгээний дүн дунд зэрэг л байсан. Одоогийн дүрэм журмаар бол би Москвагийн их сургуульд (МГУ-д) лав элсэж чадахгүй байсан байх. Гэхдээ тэр үед би мэргэжлийн хичээлүүдээр элсэлтийн шалгалтад гайгүй сайн бэлтгэсэн” хэмээн тэрээр дурсав.
Урьд нь хэн ч хийж байгаагүй зүйлийг хийдэг болохоор сонирхол татах болсон хэмээн онц байдал тохиолдсон газар руу явсан анхны дуудлагын дараа төрсөн сэтгэгдлээ Юлия хуваалцав. Ер нь стрессийн үед юу хийж болох билээ гэдэг сонирхууштай. “Сэтгэлзүйч бол ид шидтэн биш. Хайртай бүхнээ алдаж хагацсан хүний зовлон шаналгааг хэдхэн үг хэлээд л арилгаж, зогсоож чадахгүй. Ойр дотны хүнээ алдсан ч юм уу, барьцаалагдсанаас үүдсэн сэтгэлийн хямрал эсвэл танихгүй газар нүүхээс аргагүй болох гэх мэт асуудлын дараа бүгдийг тэсч давж туулахаар сэтгэл зориг шулуудахад нь бид зөвхөн тусалж чадна. Гай зовлон тохиолдсон эхний өдрүүдэд чухам ямар тусламж авснаас тухайн хүн учирсан зовлон шаналлаа хэр зэрэг тэвчиж, эргэцүүлэн ухаарч, цаашдаа жаргалтай сайхан амьдарч чадах эсэх нь шалтгаалдаг.
Дотны хүмүүс биднийг орхиж одоход эдэлдэг сэтгэлийн зовлон бол нэгэн цагт тэдэнтэй ойр байж жаргалтай сайхан харилцаатай байсны төлөөс юм. Тэрхүү холбоо харилцааг мартуулж таслах ажил урт удаан, сэтгэл санааны хувьд тун эмзэг байдаг. Гэхдээ үүнийг хийхгүйгээр цаашаа явах боломжгүй. Бидний хайрлаж явдаг, эсвэл хайрлаж байсан хүмүүсийн хэн нэгэн үлдсэн бүх амьдралаа уй гашууд автан бэтгэрч амьдарна гэдгийг төсөөлөхөд үнэхээр бэрх.
“Үндэстэн бүхэн учирсан гай зовлонг харилцан адилгүй давж туулдаг” хэмээн Шойгу яриагаа цааш үргэлжлүүлэв.
Хойд зүгийн хүмүүс сэтгэлийн зовлонгоо олонд ил гаргадаггүй. Кавказынхны уламжлал эсрэгээрээ. Үүнээс үүдэн түүний ажилладаг хамт олны өмнө ёс зүйн нарийн төвөгтэй асуудлууд босч ирдэг аж. Сэтгэлзүйчид гэхээр л ганцхан мөчийн дотор өөр соёлын хүн болж хувирч чадахгүй шүү дээ. “Энэ бол тийм ч зөв зүйтэй зүйл биш байх. Өөрийнхөө унаган зан төрхөө хадгалж үлдэхэд төвөг учруулна. Гэхдээ нөгөө талаас бусдын соёлд байнга хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Заримдаа лалын шашинтай улс орнуудад ажиллахдаа манай хүүхнүүд толгой дээгүүрээ алчуур нөмөрдөг юм. Энэ бол уламжлал, соёлыг нь хүндэлж байгаагаа илэрхийлэх арга. Хэрвээ зовлонд унасан хүний үнэт зүйлийг заавал хуваалцахгүй ч гэсэн хүндлэхгүй бол түүнд тусламж үзүүлж чадахгүй. Өөр нэгэн жишээ гэвэл хагацлын уй гашууг хуваалцахдаа бид заавал нулимс унагахыг баримталдаг. Гэтэл хойд зүгийн бүс нутагт ажиллах үед хэрвээ нулимс дуслуулан уйлж унжвал буруутна. Гай зовлон тохиолдсон хүмүүсийн хувийн онцлог мөн л анхаарах ёстой зүйл. Цэргийн эрчүүлтэй ажиллаж байгаа бол уйлж мэлмэрэх, сэтгэлийн уй гашуугаа ил задгай илэрхийлэхийг тэд сул доройн шинжид үздэг. Цэргийн хүн үүний оронд ойр дотныхондоо тус дэм болох өөр арга замыг эрж хайдаг.
Хэдийгээр “амаа хамхисан бол ажлын байраа цэгцэлсэн гэсэн үг” хэмээх явган наргиа байдаг хэдий ч хэл яриа бол онц байдлын үеийн сэтгэлзүйчдийн цорын ганц зэмсэг хараахан биш. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах өөр аргын хувилбарууд ажлын явцад бий болсон.
2006 онд Араб-Израилийн зөрчил бас дахин хурцдаж, Ливаны шинэ дайн эхэлсэн. ОХУ энэ бүс нутгийг орхиж явахыг хүссэн иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Чиг үүрэгт нь хамааралгүй учраас байлдаан болж байгаа бүс рүү сэтгэл зүйн алба нисээгүй. Сэтгэлзүйчид нутаг нэгтнүүдээ Домодедово нисэх буудалд угтаж авцгаасан. Аль эрт нөхөрт гарч, ОХУ-аас гарч явсан гол төлөв эмэгтэйчүүд онгоцоор ирсэн. Ихэнх нь эх оронтойгоо холбоо харилцаа тасарсан байв. Ирсэн хүмүүс бүгд хэд хэдэн хүүхэдтэй, тэдгээр нь оросоор ярьж чаддаггүй. Дайн байлдаанаас айж цочирдсон, урт замд сульдаж ядарсан, харь оронд ирж байгаа бяцхан хүүхдүүд гээд төсөөлөөд үз л дээ. Ээжүүд нь хаана, яаж, юугаар амьдрах тухай ахуйн асуудлаа шийдэцгээнэ. Эргэн тойрон тэднийг огт ойлгохгүй, үл таних ах эгч нар. Тийм учраас тэдгээр ах эгч нар хүүхдүүдтэй холбоо харилцаа тогтоох шинэ арга хэрэгслийг бодож олцгоосон. Тэр өдөр онгоцны буудлаас олдсон ашиглаж болох бүх гоё чамин зурагтай өнгөт сэтгүүлүүдийг хайчилж, зүсч янз бүрийн наамал хийсэн. “Үггүй хэл, дохио зангаа, зураг чимэглэлийн тусламжтайгаар (арт-терапийн арга замаар) хүүхдүүдийн санаа сэтгэлийг тогтворжуулж чадсан” хэмээн Шойгу дурсан өгүүлэв.
[caption id="attachment_76678" align="alignnone" width="850"] ОХУ – ын Онц байдлын яамны Ногинскийн авран хамгаалах төвийн сургуулийн талбайд болсон хээрийн үзүүлэх сургууль, “Цогц аюулгүй байдал” олон улсын ХII салон дээр, 2019 он[/caption]
[caption id="attachment_76679" align="alignnone" width="850"] ПАЛЕСТИН, 2009[/caption]
Өнөөдөр тус албанд найман зуун хүн ажиллаж байна. Хабаровскаас Севастополь хүртэл салбаруудтай. “Курск” шумбагч онгоцны сүйрэл, Крымскийн үер, Кемеровогийн “Зимняя вишня”-д гарсан гал түймэр зэргийг оролцуулан ОХУ-д болсон 130 гаруй томоохон гай гаймшгийн онцгой нөхцөлд Онц байдлын яамны сэтгэлзүйчид ажиллажээ. Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 60 удаа оролцсон байна. Шинэ он гарах бүрийд тэд бие биедээ ажлын амжилт бус харин “ажилгүй” байхыг хүсч ерөөдөг ажээ.
“Танай албанд ажиллана гэдэг үнэхээр нэр хүндтэй гэж сонссон. Бараг 200 хүнээс нэгийг нь л шалгаруулж авдаг гэсэн” хэмээн би сонирхов. “Сонгон шалгаруулалт үнэхээр том шүү. Гэхдээ шаардлага өндөр гэдгээр бус байх. Сэтгэл зүйн боловсролын асуудал манай улс орны хувьд амаргүй нөхцөл байдалд байна. Зөвлөлтийн хийгээд Оросын сэтгэл зүйн дэг сургуулиуд дэлхийн хэмжээний шинжлэх ухааны ололт амжилтаар арвин, манай эх орон нэгт эрдэмтэд маань хүлээн зөвшөөрөгдсөн сонгодгууд. Гэхдээ өнгөрсөн зууны гучаад оноос практикийн сэтгэл зүйг үндсэнд нь хориглосон байсан. Дашрамд өгүүлэхэд, оновчгүй явуулсан судалгаанд үндэслэн “Ардын комиссариатын гэгээрлийн тогтолцоон дахь педалогийн завхралын тухай” Бүх Оросын Коммунист (большевик) намын төв хорооны тогтоол гарсан. Олон арван жилийн дараа л сэтгэл зүйн шинжлэх ухааныг цагаатгасан. 1966 онд Москвагийн болон Ленинградын их сургуулиудад шууд сэтгэл зүйн хоёр факультет нээгдсэн. Гэхдээ удаан хугацааны турш практикийн мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэдэг их, дээд сургууль хуруу дарам цөөхөн байсан. Гэтэл 1990-ээд оны дундуур сэтгэл судлалын ухааныг нийтэд түгээмэл болгох гэнэтийн тэсрэлт болж, хаа сайгүй факультет, тэнхимүүд нээгдэх болсон.
Харин тэдгээрт ажиллах багш нарыг хаанаас ч олох аргагүй байв. Тийм болохоор хэдийгээр сүүлийн үед нөхцөл байдлыг засахын тулд их зүйл хийж, үр дүн гарч байгаа ч гэсэн боловсролын түвшин манайд сайнгүй байгаа юм”.
“Миний нүүр царай ямар байх нь улс оронд огт падгүй. Яаж ажиллаж байгаа минь харин улс оронд хамаагүй биш.”
2005 онд Юлия төрөлх сэтгэл зүйн факультетдаа онцгой байдлын үеийн сэтгэл зүйн талаар хичээл заахаар өөрөө хүрч ирсэн. Доцент Шойгугийн удирдлага дор 2016 онд тэнхим бий болов. Москвагийн их сургуулийн захирал Виктор Антонович Садовничийн зүгээс энэ бол зориг гаргасан үйлдэл байсан, учир нь тэнхимээс өөр хаана ч ажилладаггүй ажилтнуудтай байв. Онолын багш нар биш, харин Онц байдлын яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны алба, Мөрдөх хороо зэрэг хүчний чиглэлийн бусад байгууллагын мэргэжилтнүүд практикийн хичээл заана.
Юлия Сергеевна мөн урьдын адил хоногт арваас арванхоёр цаг ажиллана. Тэрээр эрүүл саруул сэтгэцтэй, алхаж гишгэж явахыг хүсдэг – алхаж явцгаадаг – ээлжийн амралт эдэлдэг, ном уншдаг, оргилд гарахаас эхлээд юм оёх хүртэл маш олон янзын зүйл сонирхдог хүмүүстэй ажиллах дуртай гэж ярина. Хамгийн сайн амралт чинь юу гэсэн асуултад тэр маш товчхон биеийн тамир, театр, ном гэж хариулна. Хамгийн сүүлд саяхан Их театрт “Кармен” үзсэн. Дуртай гэж онцолдог ном байхгүй. “Эхэндээ миний дуртай ном “Мастер Маргарита” хэмээн ярих боловч, дараа нь өөр ямар нэг ном уншина. Ер нь янз бүрийн л ном уншдаг. Яг одоохондоо анагаахын тухай ном уншиж байгаа” хэмээн Юлия инээв. “Уул усанд явж хус мод гээд байгалд гарах таалагддаг уу?” гэсэн асуултад “Ер нь би сайхан юм бүхнийг үзэж харах дуртай. Сайхан байгаль. Сайхан архитектур. Урлагийн сайхан бүтээл. Сайхан хүмүүс. За тэгээд хүмүүс сайхан үйл бүтээж байгаа бол бүр ч сайхан” гэв.
Москвагийн их сургуулийн сэтгэл зүйн факультетийн төсгөгчдөд диплом гардуулах ёслол, 2018 он
[caption id="attachment_76680" align="alignnone" width="850"] Москвагийн их сургуулийн сэтгэл зүйн факультетийн төсгөгчдөд диплом гардуулах ёслол, 2018 он[/caption]
Мэдээж, түүнээс илүү дэлгэрэнгүй нарийн ширийн зүйл шаардаж, “Татлер” бол амьд хүмүүсийн тухай өгүүлдэг сэтгүүл, үнэн нүүр царайгаа харуулах гоц содон хүмүүс улс оронд хэрэгтэй байна гэх зэргээр тайлбарлав. “Миний нүүр царай ямар байх нь улс оронд огт падгүй хэмээн өөрөөс нь арай илүү сэтгэл зүйч болох гэсэн сэтгүүлчийн бүх оролдлогыг Юлия таслав. Яаж ажиллаж байгаа минь харин улс оронд падгүй биш. Хоол унд хэрхэн бэлтгэдэг, эсвэл юм оёж хатгадаг зэрэг нь ямар ч ач холбогдолгүй. Айж ичсэндээ юм уу, аль эсвэл ямар нэг зүйлээ нууж хаах гэсэндээ биш, тийм хэрэгцээ шаардлага байхгүй учраас би хувийн зүйлээ ярих дургүй. Нийгийн сүлжээний хаана нь ч би бүртгэлгүй. Өглөө юу идэж уусан, хэр хол гүйсэн, хаана байсан тухайгаа сонин болгож яриад байх хүсэл надад байдаггүй. Харилцаж ярилцахыг хүсдэг хүмүүсийнхээ ихэнхтэй нь би өөрөө биечлэн уулзах боломжтой”.
“Тэдэнд тэгээд лайк тавьдаггүй юм уу?” хэмээн чин сэтгэлээсээ гайхаж би асуулаа. “Яаж үүнийг хийдгийг ч үнэхээр мэддэггүй гэвэл та итгэхгүй байх. Надад таалагддаг, эсэхээс үл хамааран миний хийдэг бүхэн ялгаагүй нийтийн хүрээний үйл ажиллагаа. Миний хийсэн үйлдэл, шийдэл нэг бүрийг үнэлж цэгнэдэг, хэлэлцэж ярилцдаг. Амьдралдаа өчүүхэн ч гэсэн нам гүм, чив чимээгүй өөрийн гэсэн хэсэгтэй баймаар байна.
“Би дандаа сайн хүмүүстэй учирч, гэр бүлийн халуун дотно сайхан харилцаанд өссөн азтай хүн”
Шойгугийнхан үнэхээр эвтэй найртай сайхан гэр бүл гэж хүмүүс ярьцгаадаг. Ээж Ирина Александровна нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх улс ардын аж ахуй, төрийн албаны академийн (РАНХиГС-Российская академия народного хозяйства и государственной службы) спорт, аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн менежментийн факультетийн декан, Юлиягийн дүү охин Ксения Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны факультетийг дүүргэсэн, бартаат замын гүйлтийн (“Гонка героев”) үзэл сурталч. Эцэст нь өрхийн тэргүүн Сергей Кужугетович. Тэрээр Шөнийн хоккейн лигийн хамгийн үр дүнтэй довтлогчийн нэг, зохиолын дуучин (Батлан хамгаалахын сайд “Өнөөдөр бид цөмөөрөө энд цугларсан нь юутай гайхалтай” буюу “Как здорово, что все мы здесь сегодня собрались” дууг онцгой сайхан дуулдаг), модон сийлбэрийн уран гартан (өнгөрсөн жил Тувагийн бүгд найрамдах улсын үндэсний музейд тувагийн хуш модны модны үндсээр түүний урласан ваар сав, баримлын бие даасан үзэсгэлэн гарсан) билээ.
Хамгийн том магтаал түүний хувьд юу болохыг сонирхов. “Сэтгэл хангалуун хийж гүйцэтгэсэн ажил. Чадах бүхнээ хийснээ ухаарах. Энэ л шинэ нөөц ундрах эх сурвалж болдог. Хөргөгч, шинэ айфон зарж борлуулах зэргээр аль болохуйц тав тух, тохилог орчин, нөхцөл бий болгохыг гол зорилт болгосон салбар руу хүмүүс улам бүр олноороо хошуурах болжээ. Тийм учраас яах гэж би шинэ айфон, эсвэл шинэ загварын гоё ганган цүнх зарж байгаа билээ гэдэг асуултыг өөртөө тавиад хариулахад амаргүй байж болох юм. Манай ажилд бол харин утга учрын тухайд асуудал байхгүй. Сүүлийн үед би нэлээн идэвхтэй оролцож байгаа, гаднаас нь өнгөц харвал уйтгартай ч байж болох, нэг төсөл бол амьдрал үйл ажиллагааны аюулгүй байдлын үндэс хэмээх хичээл сургалт юм. Жишээ нь, яах гэж ийм юмаар оролддог юм бэ гэсэн асуултад хариулахад маш амархан. Хэрвээ бүгдийг сайн хийж чадвал, энэ хичээлийг судалж үзсэн дунд сургуулийн сурагч нэг бүр шаардлагатай мэдлэг, чадвар, дадлаар өөрийгөө зэвсэглэнэ. Энэ бол мянга мянган хүний амь насыг үнэн хэрэгтээ аварч чадах хамгийн зардал чирэгдэлгүй аюулгүй байдал юм”.
Амьдралынхаа явцад юм үзэж нүд тайлсан хэнд ч тохиолддог “цаашдаа яах билээ” хэмээх асуултын хариу түүний хувьд эргэлзээ байхгүй аж. “Энэ бол миний сайн хийж чадах цорын ганц зүйл. Аливаа гамшгийн онцгой нөхцөл байдалд эхэндээ айдас, дараа нь бахархах сэтгэл төрдөг. Ажилд орох гэж байгаа хүмүүстэй ярилцахдаа би “Та ийм амаргүй салбарыг сонгож байна. Айхгүй байна уу?” гэж асуудаг. “Айхгүй байна” хэмээн хариулж байгаа хүмүүсээс би болгоомжилдог. Хорин жил ийм ажил хийж байгаа ч тохиолдол бүхэнд би айдаг” хэмээн Юлия хэлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.18 ЛХАГВА №250 (6217)
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын том охин Юлия Шойгу
2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин