Б.БАЯРЖАВХЛАН
Хүчингүй тамгатай, эрх зүйн чадамжгүй БЗД-ийн ИТХ 350 мянган иргэний эрх ашгийг зөрчиж байна. Мөн ирэх оны төсвийг хууль бусаар батлах гэж байгаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж БЗД-ын хурлын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ талаар Б.Дэмбэрэл “БЗД-ийн ИТХ хуралдаж ирэх оны төсвөө батлах гэж байна. Үүнд иргэдийн болон ИТХ-ын гишүүдийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд олон байгаа. Тухайлбал, хогны хураамж өрх бүрээс 2500 төгрөг хураадаг байсан. Харин одоо иргэн бүрээс 1000 төгрөг болгох гэж байна. Энэ мөнгөөр хог цэвэрлэх биш дарга нар зугаацах гэж байна. Мөн Хурлын дарга Ш.Ганчимэг ИТХ-ыг Ардчилсан намын мандатын эрхтэй 19 хүний бүрэлдэхүүнтэй ИТХ-ыг хуралдуулсан. Мөн ийм эрх зүйн чадамжгүй ИТХ-аар БЗД-ийн 2020 оны төсвийг батлах гэж байна. Хуульд зааснаар бол хамгийн багадаа 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болдог” гэв.
Харин Г.Хонгор “ ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нь мэдсээр байж шүүхийн бус журмаар тогтоогдсон хүчингүй тамгыг ашиглаж байгаа нь төр, нийтийн ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж байна гэж үзэж байна. Хүчингүй тамгыг хураах тухай асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа. Мөн 2016 онд Сангийн яамны санхүүгийн шалгалтаар санхүүгийн нэгтгэсэн тайланд 5.1 тэрбум төгрөгийн алдаа зөрчил гарсан байгаа нь илэрсэн. Түүнээс гадна Хурлын дарга Ш.Ганчимэгт алдаатай үйл ажиллагаагаа залруулахыг сануулж, шаардаж ирсэн боловч тавьсан хууль ёсны шаардлагыг үл тоож өнөөдрийг хүрсэн. Тиймээс 2020 оны төсвийг батлах гэж буй хууль бус хуралдаанд оролцож хам хэрэгтэн болохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
БЗД-ийн ИТХ-ын хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ ИТХ-ын гишүүд нь мэдэгдлээ
2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин