
Ж.ЦОГЗОЛМАА
Төрийн өмчит компаниудын алдагдал ямар хэмжээнд байна вэ, энэ онд хэчнээн компанийг хувьчлах вэ зэрэг олон асуулт тавигдах боллоо. Энэ бүхэнд хариулт авахаар Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормааг “Ярилцах цаг”-ийн зочноор урьсан юм.
-Төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгжээс 46 нь алдагдалтай байна гэсэн мэдээллийг зарим хэвлэлд бичжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит хэчнээн компани алдагдалтай байгаа юм бэ?
-Одоогийн байдлаар төрийн өмчит 88 компани үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн найм, эрчим хүчний 20, авто замын 24, төрийн өмчит 13 үйлдвэр, банк санхүүгийн таван байгууллага, үйлдвэр үйлчилгээний тав, мэдээлэл холбоо сүлжээтэй холбоотой дөрвөн компани, шинжлэх ухаан технологийн таван корпораци, бусад дөрвөн аж ахуйн нэгж байна.
Энэ нь шинээр байгуулагдсан компаниуд юм. 2012 онд төрийн өмчийн нийт 97 компани байснаас цөм сүрэг гэсэн ангилалд багтахыг нь малын удмын санд шилжүүлсэн. Эдгээр нь угтаа шинжлэх ухаантай холбоотой аж ахуйн нэгж байх ёстой учир ингэж шилжүүлсэн. 2012 оны нэгдүгээр хагас гэхэд нийт 97 компани байснаас алдагдал нь 55 тэрбум төгрөгт хүрээд байсан юм. Бид энэ ажлыг хариуцаж авснаар дээрх алдагдлын дүнг 34 тэрбумд хүргэн буулгаж, 2013 оны эцсээр ажлынхаа үр дүнг дүгнэхэд зургаан тэрбум төгрөгийн л алдагдалтай ажилласан байна.
-Төрийн өмчийн нийт 88 компанийн хувьд алдагдал нь ингэж буурсан гэсэн үг үү?
-Тийм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг бол макро эдийн засгийн нөхцөл байдал юм. Тухайлбал, валютын ханшийн зөрүүнээс болж бараг 100-гаад тэрбум төгрөгийн ханшийн зөрүү гарч ирж байна.
-Тэгвэл төрийн өмчит компаниудад ямар дэвшил гарав?
-Эрчим хүчний компаниудад нэлээд дэвшил гарлаа. 2011 онд байдал аятайхан байсан бол 2012 онд өр төлбөрийн сүлжээ ихэсчихсэн байсан. 2013 оны үзүүлэлтээс дүгнэхэд тэдгээр компанийн өр төлбөрийг нэг их наяд төгрөг хүртэл бууруулж чадлаа. Эдийн засгийн үр ашгийн талаас Төрийн өмчийн хороо менежмент хийж байгаагийнхаа хувьд маш их өөрчлөлт гарч байна гэж дүгнэж байна.
-Гэвч яагаад зарим хэвлэлээр төрийн өмчийн 46 компани алдагдалтай байна гэсэн мэдээлэл яваад байгаа юм бол. Үүний цаана өөр учир шалтгаан байгаа юм болов уу?
-Тийм мэдээлэл гарсанд тайлбар хийж мэдэхгүй байна. Манайхаас хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 хувь хувьцаат компаниуд байдаг ч төр өөрөө бүрэн хувьцааг нь эзэмшдэг учраас өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр өөрчлөлт гарахгүй. Тиймээс бид тодорхой хэдэн компанийг хөрөнгийн зах зээл дээр хувьчлах замаар нэг хэсэг хувьчлалыг хийнэ. Нөгөө хэсэг нь төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд бид эхнээсээ алхмууд хийж байгаа. Монгол Улсын хөгжилд дотоодын хүчирхэг компаниудыг гаргаж ирэх шаардлагатай байна. Иймд хувийн компаниудтай хамтарч тэр том компанийг байгуулах ямар боломж байгааг судалж байна. Ер нь төрийн нэрийн өмнөөс хувийн хэвшлийнхэн хийх боломжтой үйлчилгээг бид хувийн компаниудаар хийлгэе, төр зохицуулалтын бодлогоо барьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эндээс харахад манай төрийн өмчит компаниуд сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Үүнээс гадна бидний үйл ажиллагаанаас хамаарахгүй орж ирж байгаа нөлөөлөл ч бий. Тухайлбал, валютын ханшийн хэлбэлзэл, инфляц. Энэ тохиолдолд бид үйл ажиллагаагаараа биш зөвхөн бараа бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтын асуудал, ам.долларын ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээгээд байгаа юм.
-Ямар ч гэсэн алдагдалтай ажилласан компанийн тоо 46 биш юм байна. Энэ тоо яг хэд болсон гэсэн үг вэ?
-Одоо дүгнэхэд хэцүү шүү дээ. Төсвийн байнгын хороо хуралдаж, одоо л төсөвт тодотгол хийх гэж байна. Ингэнэ гэдэг чинь хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа эхлээгүй байна гэсэн үг. Зөвхөн нэгдүгээр улирал өнгөрч байгаа учраас тэдэн компани алдагдалтай байна гэж хэлж чадахгүй. 55 тэрбум төгрөгийн алдагдлыг зургаан тэрбум төгрөг хүртэл бууруулна гэдэг асар том үзүүлэлт. Ийм байхад аль нэг компани нь нэг сая төгрөгийн ч алдагдалтай байж болно. Би түүнийг нь алдагдал гэж ярина гэвэл буруу зүйл болно. Яагаад гэхээр бүтээгдэхүүн нь гарч ирээд зах зээл дээр үнэлэгдэх болоогүй, нэг ёсондоо санхүүгийн тайлан тэнцэл гараагүй байхад би урьдчилаад хэлж чадахгүй. Нөгөө талаасаа алдагдалтайгаас ашигтай гэсэн ангилалд ороод ирчихсэн олон компани байна. Жишээлбэл, МИАТ. Маш олон жил алдагдалтай ажилласан энэ компани нэмэх үзүүлэлттэй гарчихлаа. Ихэнх компанийн 60-70 гаруй хувийнх нь санхүү нэмэх үзүүлэлт рүү ороод ирчихээд байна. Шинэ баг гарч ажилласнаар төрийн өмчит компаниудын алдагдал ингэж ихээр буураад байхад тэднийг алдагдалтай байна гэж хэлэх нь эртэднэ.
-Төрийн өмчийн компанийн удирдлагууд, дарга нар зориудаар аж ахуйн нэгжээ алдагдалтай ажиллуулах, дундаас нь өөрсдөдөө ашиг олох зэрэг үйлдлийг нь хязгаарлах ямар зохицуулалт хийгдсэн юм бэ. Эрх зүйн талаасаа ч бас өөрчлөлт байна уу?
-Удирдах гүйцэтгэх менежментийн хувьд хангалттай зохицуулалт хийгдсэн. Гэвч гүйцэтгэх захирлуудтай бид гэрээ хийж байгаа ч тухайн дүрэм журмаас давсан асуудал үүсч байна. Макро эдийн засгийн нөлөөлөл ихээр гараад ирж байхад бид захиралтай хариуцлага тооцоход их хэцүү. Харин эрх зүйн актын хэмжээнд хэтрүүлэн ашигласан хүмүүстэй хариуцлага тооцох орчин нь бүрдчихсэн. Бид ам.доллар 1380 төгрөг байхад төсөвлөгдчихсөн төсвийг хэтрүүлчихсэн байна гээд үзэхээр хэтрүүлсэн биш харин ханшийн зөрүүнээс болж алдагдалд орсон тохиолдол ч байгаа шүү дээ. Энэ тохиолдолд “Та ажлаа буруу хийжээ” гэж хэлэх үндэслэл алга.
Түүнээс гадна хууль эрх зүйн хувьд бүгд цэвэр зөв явж байна уу гэвэл бас үгүй. Ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа, хийсвэр байдлаар явдаг хүмүүс ч байна. Тиймээс бид энэ сард бүх захирлын 2013 оны гэрээг дүгнэнэ. Зөвхөн санхүүгийн үзүүлэлтээр биш, иргэд, нийт харилцагч байгууллагуудын үнэлгээ, яамны үнэлгээ зэрэг нэлээд хэдэн шалгуур үзүүлэлт орж ирсэн. Өмнө нь захирлуудын гэрээг дөрвөн жилээр дүгнэдэг байсан бол бид жил жилдээ дүгнэж байгаа. Ингэхээр чадалтай хүмүүс нь ажлаа аваад явна, чадахгүй хүмүүсээр төрийн компаниар туршлага хийлгүүлэхгүй гэсэн зарчим барьж байгаа.
-Төрийн өмчит компаниуд гэхээр л шахааны бизнес гэсэн ойлголт хүмүүст буудаг. Гэтэл алдагдлын хэмжээ 55 тэрбумаас зургаан тэрбум хүртэл буурсан гэлээ. Ямар арга, зохицуулалт хэрэглэв?
-Хүмүүс хардах эрхтэй. Мэдээлэл хязгаарлагдмал байх тусам шахааны бизнес байна гэсэн ойлголт төрдөг. Энэ бизнес байсан уу гэвэл, байсан. Үгүйсгэхийн аргагүй. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлээд агуулахын үлдэгдэлтэй тэмцсэн. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсны нэг шалтгаан нь дээрх түгжигдмэл байсан хөрөнгө хөдөлгөөнд орсных. Ер нь 2007 оноос хойш бид бүх компани дээр санхүүгийн, удирдлага менежментийн шинжилгээ хийлээ. Ингэхэд 2007 оноос хойш манай мөнгөн урсгалд нэлээд догол гарсан үзүүлэлт харагдаад байна. Гол шалтгаан нь гэвэл, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хаагдмал байсан байна, юу худалдан авах гэж байгаа нь тодорхойгүй байж, нөгөө талаасаа тендерт оролцсон компаниуд нь шаардлагаа хангаж чадаж байсан уу гэдгийг нийгэмд эргээд мэдээлдэггүй байсантай холбоотойгоор тухайн албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдал байсан байна. Үгүйсгэхгүй. Одоо бол бид мэдээллийг ил тод болгосон. Хэн тэр компанид ТУЗ-ийн гишүүн болсон юм, тэр компани энэ онд юу худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл нь Төрийн өмчийн хороо болоод Худалдан авах ажиллагааны газрын сайтад ч байдаг боллоо. Хоёрдугаарт, бид компаниудын бизнес, стратегийн төлөвлөгөөтэй нь нэлээд ажилласан. Энэ талаар сургалтууд ч нэлээд хийлээ.
-Сүүлийн үед бидэнд ирсэн мэдээллээр 19 компанийг хувьчилна гэх юм. Энэ үнэн үү. Хувьчлах компаниудын тоо болоод жагсаалт гарсан уу?
-Дотоодод явуулсан бидний бүх шинжилгээ гараад дуусч байна. Одоо бид гадаадын жишээ, туршлагаас судалж, Төрийн өмчийн хороо яаж явах ёстой юм бэ гэдэг үндсэн концепцоо гаргаж байна. 19 компани гэдэг тоонд би эргэлзэж байна. Бид хувьчлалын бүх аргыг хэрэглэнэ. Нийтэд хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр, төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хэлбэр, нөгөө талаар хувийн хэвшилд нойтон эсвэл хуурай түрээсээр өгөөд тэндээсээ ашиг хүртэх ямар боломж байна вэ гэдэгт жагсаалтаа гаргаж байна. Энэ бүхнээ УИХ-д оруулж батлуулсны дараа мэдээллээ өгвөл зөв болов уу. Одоогоор бид яамдаас санал аваад явж байна. Үүний дараа энэ тоо хэд болж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна.