“Эмэгтэйчүүдийг банкинд гарцтай болгох баталгааны сан хэрэгтэй”

2019-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг тэгш хангасан улс орнуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өсдөгийг харуулсан бодит жишээ олон бий. Тиймээс Монголын улс төр, бизнесийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгож, тэгш оролцоог хангах нь чухал юм гэдгийг “Forbes women’s summit” арга хэмжээний үеэр онцоллоо. “Эмэгтэйчүүдийг ажил эрхлүүлэлгүй гэрт суулгаснаар гурван тэрбум ам.долларыг алдаж байгаа. Монгол Улс нийгэм, эдийн засаг болон улс төрийн талаасаа догонцон алхаж байна. Учир нь эмэгтэйчүүд нь нийгэм, эдийн засгийн тэгш оролцогч гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголд боловсон хүчний тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлж байгаа атал эдийн засагт байр суурь эзэлж чадахгүй байна. Судалгаагаар эмэгтэйчүүдийг дэмжсэн эдийн засаг илүү хурдан хөгждөг гэдийг баталсан байдаг” гэдгийг “Forbes Mongolia”-г эрхлэн гаргагч Э.Долгион хэлж байв. “Forbes women’s summit” арга хэмжээнд нийгэм, улс төр, бизнесийн нөлөө бүхий эмэгтэйчүүд, эдийн засагч, шинжээчид оролцож эмэгтэйчүүдийн манлайллын талаар сонирхолтой санал шийдэл танилцууллаа. Экспертүүдийн хэлж буйгаар эмэгтэйчүүдийн өсөн дэвжих, бизнес эрхлэх боломжийг хаадаг нэг шалтгаан нь уламжлалт сэтгэлгээ. Монголчууд зөвхөн эрэгтэй хүүхэддээ өмч хөрөнгөө өвлүүлдэг нь эмэгтэйчүүдийг бизнес хийхэд, зээл авахад барьцаа хөрөнгө мөнгөгүй байх гол шалтгаан. Үүний улмаас амжилттай, ашигтай төсөл байсан ч банкаар дэмжигдэж чаддаггүй. Ер нь эмэгтэйчүүдийн бие даах, амжилттай байх шалтгаан нь банкинд гарцтай болгох. Тиймээс төр эмэгтэйчүүдийг хөрөнгө босгоход батлан даах сан байгуулах шийдэл байгааг хэлж байв. Эмэгтэйчүүдийн амжилтад тээг болдог бас нэг зүйл бол эр зориггүй байдал. Эрчүүдийг бодвол эрсдэлээс айхгүй байх, зоримог шийдвэр гаргах байдал сул байдаг гэнэ. Гэсэн ч Дэлхийн банкны энэ оны судалгаагаар Монголын бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн 32.7 хувь нь эмэгтэй эзэмшигчтэй. Харин дэлхийд энэ тоо 14.3 хувьтай байдаг гэнэ. Хэрэв дэлхийн бизнес эрхлэгчдийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлбэл ДНБ-ийг  2.5-5 их наяд ам.доллараар өсөх боломжтой гэсэн судалгааг “Boston consulting group” танилцуулжээ. Монголчууд охидын боловсролд түлхүү анхаардаг ч  хамгийн их зүйлийг амжуулдаг насан дээрээ гэр бүлдээ, хүүхдэдээ анхаарал тавихыг шаарддаг. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг нь энэ асуудалд нэрмээс болдог. Эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдгийг эрчүүд нь эмэгтэйчүүдийг дэмжихээс гадна, эмэгтэйчүүд нь нэгнээ дэмжихийг хэлнэ. Гэтэл Монголд байгаа дутагдлын нэг нь Монголын эмэгтэйчүүд нэгнийгээ хангалттай дэмждэггүй гэсэн саналыг ч хэлж байв. Салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд “Өсөлтийн менежмент ба эмэгтэйчүүд”, “Хөрөнгө оруулалтын орчин ба эмэгтэйчүүд”, Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. АНУ-ын Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд “Хөрөнгө оруулалтын талаар төрөөс гаргаж буй аливаа бодлого, шийдвэр нь эмэгтэйчүүдийн ажиллах орчин, тэдний оролцоог хумих уу, үгүй юу гэх мэт гарч болох болзошгүй эрсдэлийг тооцсон байх шаардлагатай” гэсэн юм.   НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элайн Конкиевич: Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгах хэрэгтэй   -Монголд удирдлагын түвшинд эрэгтэйчүүд олон байгаа нь ганц “хөлөөрөө” явж байгаагаас өөрцгүй. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоог тэнцүү хангаж байж хоёр “хөлөөрөө” явна. Эмэгтэйчүүдийн оролцоо нийгмийн бүх салбарт тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд тэгш байх шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо тэгш хангагдаж байж улс хөгжинө. Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг илүү дэмжих хэрэгтэй. Учир нь бусдыг асрах цалингүй ажлыг эмэгтэйчүүд хийдэг. Тиймээс тэднийг дэмжих бодит эдийн засаг, эрх зүйн орчин чухал. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахгүйгээр Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжгүй. Шийдвэр гаргах түвшин, банк санхүү, хууль тогтоох байгууллага гээд бүх түвшинд тэдний оролцоог хангаж байж хөгжинө. Монголд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг ажиллуулах арга зам нь хуульд тусгаж өгөх юм. Тиймээс Сонгуулийн хууль яригдаж байгаа энэ үед улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг тогтоох хэрэгтэй. Эхний ээлжинд хуульд тусгахгүйгээр биелэх боломж тун муу.   Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Эмэгтэйчүүд зориглохгүй байна   -Эмэгтэйчүүдийн асуудал ярихаар эмэгтэйчүүд илүү эрх эдлэх гээд байгаа мэт хардаг. Гэвч эмэгтэйчүүд ижил эрхтэй ч адил боломжоор хангагдаж чаддаггүй. Нийт төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд, тэд дунд түвшинд сайн амжилттай ажилладаг. Мөн их, дээд сургууль төгсөгчдийн 65 хувь нь эмэгтэйчүүд. Гэсэн ч удирдах түвшинд ажиллах нь хомс. Мөн өөрсдөө зориглохгүй байна. Жижиг, дунд бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа ч бизнесээ томруулаад зээл авах гэхээр өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй. Зөвхөн гэр бүлийн хүний нэр дээр байдгаас чаддаггүй. Япон улс хөдөлмөр эрхлэлтдээ эмэгтэйчүүдийг татан оролцуулах шаардлагатай хэмээн үзээд хэрэглээний татвараа хоёр хувиар нэмж түүнийгээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд ээжүүдийн оролцоог хөнгөлсөн бодлогодоо зарцуулж эхэлсэн. Тэгэхээр “Бидэнд боломж олгооч” гэхээсээ илүүтэй бидэнд адилхан боломж олгох нь чухал болоод байна.   Худалдаа хөгжлийн банкны газрын захирал Б.Эрхэмбаяр: Жендерт мэдрэмжтэй компаниудыг дэмжиж зээлийн үнэлгээнд оруулдаг   -Манай байгууллага эмэгтэй ажилчдаа карьер болон санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжоор хангахын тулд жендерийн тэгш эрхийн талаар дотоод журам гаргаж хэрэгжүүлсэн. Зээл олгохдоо жендерт мэдрэмжтэй компаниудыг дэмжиж зээлийн үнэлгээнд оруулдаг. Өмчлөл нь манай уламжлалт сэтгэлгээнээс шалтгаалсан зүйл юм. Өмч хөрөнгөө хүүдээ өвлүүлдөг соёл нь бизнесийн салбарт ч их ажиглагддаг. Ихэнх эмэгтэй өөрийн гэсэн өмчгүй учраас банкны баталгаа, зээл авах боломжгүй болдог. Тиймээс үүнд төрийн дэмжлэг буюу дэм бүтэц хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмждэг баталгааны санг Засгийн газар байгуулж болно. Тогт­вортой хөгжлийн нэг зорилт болсон жендерийн тэгш эрхийг хангахад төр бодлогоороо дэмжих шаардлагатай.   Петровис группын захирал Д.Энхчимэг: Бизнесийн боломжийг төрийн байгууллага хүлээлгэдэг   -Хөдөөд эмэгтэйчүүдэд маш том боломж бий. Тэднийг санхүү, багаж хэрэгслээр дэмжихээс илүү төрийн байгууллага чөдөр тушаа болж байна. Яам, агентлагууд уялдаа холбоотой шуурхай ажиллаж асуудлыг шийддэггүй. Бүтээгдэхүүн бэлэн байхад бизнесийн боломжийг төрийн байгууллага хүлээлгэдэг. Дүрэм, журам уялдаагүйн дээр төрийн байгууллагын хүнд суртал саад болдог. Ялангуяа, сүү, жимс, ногооны салбар бол үүний бэлээхэн жишээ.   УИХ-ын гишүүн А.Ундраа: Боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй   -Хөдөө аж ахуйн салбар дахь боловсруулах үйлдвэрийг олноор байгуулснаар ажлын байр бий болох боломжтой. Эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй. Наанадаж одоо авдаг 9000 тонн ноолуураас Монголдоо угаагаад эцсийн бүтээгдэхүүн болж буй 2000 тонныг үе шаттай бодлогоор өсгөх шаардлагатай. Ингэснээр ажлын байрыг бий болгох боломжтой. АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн бодлогын тухай хуульд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох тухай хууль дэмжигдэх магадлал өндөр байна. Тиймээс энэ нь гадаад худалдааны нэг хэсэг болж цаашлаад үүнд бодлогын уялдаа холбоо чухал байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.6  БААСАН  №242  (6209)  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 3 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 4 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 0 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 22 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 20 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 53 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 14 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 48 мин