Р.ОЮУН
Нэрт шатарчин, анхны олон улсын мастер Т.Үйтүмэнгийн 80 насны ойн нэрэмжит шатрын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд зохион байгуулах талаар Монголын шатрын холбоо, Говь-Алтай аймгийн салбар зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд “Т.Үйтүмэн 1939 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 1973 онд дэлхийн шилдэг 24 тамирчинг шалгаруулахад 18-д шалгарч Монгол Улсын болон өөрийнхөө нэрийг дэлхийд гаргасан. Бид агуу хүмүүсээ мартдаг. Монголын анхны шатрын шанг татсан түүхэн хүнээ бид ярьж, мөнхжүүлэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ивээл дор БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Монголын шатрын холбооны Говь-Алтай аймгийн салбар зөвлөл, Улаанбаатар дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн Швейцарь системээр долоон өргөөр явагдана. Монголын шатрын холбоо өнөөдөр 10 их мастертай болсон. Цаашид гурван их мастер төрөхөд бэлэн болсон байгаа. Монголын шатрын холбоо залуужиж байгаа, цахиур хагалах боломжтой” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn