Б.ТӨГС
Яг таван жилийн өмнө дэлхийн 193 орны төрийн тэргүүд санал нэгтэйгээр нэгэн хөтөлбөрийг баталсан байдаг. Тэр бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж дуусгах ёстой гэрийн даалгавар. Ядуурлыг арилгах, эрх тэгш боловсролыг эзэмшүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах гээд дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог хүндрэл бэрхшээлийг хамтдаа арилгахаар НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилго бүхий хөтөлбөрийг баталсан нь энэ билээ.
Дэлхийн ДНБ-ий 2 хувийг зарцуулна
Ирээдүйдээ энэ дэлхийгээ хэвээр нь үлдээж, хойч үеийнхээ боломжоос хулгайлахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангах нь тогтвортой хөгжил юм гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн өнөөдөртөө амьдрахгүй бөгөөд аз жаргалтай, эрүүл, сайн сайхан дэлхий ертөнцийг энхтайван, шударга хүртээмжтэй нийгэмтэй нь цуг үр хүүхдүүддээ өвлүүлж байхын тулд одооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бодлогын төвшинд тодорхойлсон нь энэ юм.
Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, инноваци болох дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далай тэнгиисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын экосистемийг хамгаалах, энхтайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх гэсэн 17 зорилгыг хэрэгжүүлэхдээ 169 зорилт тавьсан байдаг. Энэ бүхнийг улс орон бүр өөрт тохирсон үзүүлэлтээр хэмжиж тодорхой хугацаанд тайлангаа гаргаж байдаг.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүгдийг биелүүлэхэд хөрөнгө санхүүгийн хувьд асар их болох нь ойлгомжтой. Сонирхолтой судалгаа өгүүлэхэд зөвхөн ядуурлыг арилгахад 175 тэрбум ам.доллар хэрэгтэй, харин 17 зорилгыг бүгдийг нь хэрэгжүүлэхэд дэлхий нийтийн ДНБ-ий хоёр хувийг зарцуулах шаардлагатай гэсэн эдийн засагчдын тооцоо байдаг аж.
Нэг хүнд ногдох орлогыг 17500 долларт хүргэнэ
НҮБ-ын гишүүн орны хувьд манай улс ч өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд гаргасан байдаг. Үзэл баримтлалд зааж өгснөөр бид 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэж ерөнхий агуулгаар тодорхойлсон байдаг.
Үүнийг дахиад нэмээд тодруулбал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд:
- Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ.
- Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.
- Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.
- Орлогын тэгш бус байдлыг арилгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.
- Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.
- Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.
- Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.
- Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.
- Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.
- Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэжлийн тогтвортой засаглал төлөвшсөн байна гэж тодорхойлжээ.