
Б.СОЛОНГО
МХЕГ-ын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Мэргэжлийн хяналт бол том салбар. Хэл ам ихтэй, хамгийн их шүүмжлүүлдэг гээд л. Тэр бүх шүүмжлэл даргыг чиглэдэг нь нууц биш. Энэ байгууллагыг удирдах ер нь ямар байна. Томилогдоод удаагүй байхад л элдэв мэдээлэл гараад эхэллээ?
-Миний хувьд хэцүү гэхээс илүү хариуцлага талаас нь харж байна. Энэ том айлын өрхийн тэргүүн байна гэдэг утгаараа маш том хариуцлага үүрч байгаа хэрэг. Улс даяар орон тооны бустайгаа нийлээд 2500 гаруй байцаагч төрийн хөндлөнгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна.
Шинэчлэлийн бодлого 2010 оноос эхлээд тууштай хэрэгжиж байна. Бид ч шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Урт удаан хугацаанд амьдрах чадвартай шинэчлэлийг эхлүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Аливаа өөрчлөлт донсолгоотой ирдэг биз дээ. Аль болох донсолгоо багатай, өвдөлт багатай хийж хэрэгжүүлэхийг л хичээж байна. Бидний хийж байгаа ажил таалагдах хүн ч байна, таалагдахгүй нь ч байна. 100 хувь бусдын сэтгэлд нийцнэ гэж байхгүй. Зарим нэг гүтгэлэг, шүүмжлэл гарч байна. Гэхдээ миний хувьд энэ бүхэнтэй хэрүүл тэмцэл хийж уралцахаас илүүтэйгээр өмнөө байгаа олон ажлыг яаж богино хугацаанд амжуулах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж л байдаг гэсэн философиор ажиллана гэж бодож байгаа.
-МХЕГ-ын талаар олон янзын яриа гарч байна. Татан буугдана л гэнэ, эсвэл бүтэц нь багасна, бүр томорно гээд л. Та нэг хариулт өгөөч?
-2003 оноос яам, агентлагуудад байсан бүх хяналтыг компаничлаад нэгтгэчихсэн. Энэ нь өнөөдөр төр өөрөө юуг хянах вэ гэдгийг тодорхойгүй болгосон. Тодруулбал, ахуйн үйлчилгээний, аялал жуулчлалын, худалдааны хяналт гээд их олон чиглэл байна. Үүнийг төр хянах хэрэггүй. Зах зээлийнхээ жамаар зохицуулагдаад явах боломжтой. Тэр аялал жуулчлал хэрхэн хийгдэж байна, хөтөч нь маршрутаараа явж байна уу, үгүй юу гэдэг нь төрийн хянах зүйл биш. Төр өнөөдөр хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хянах ёстой. Тиймээс шинэчлэлийн бодлогыг аль болох эрсдэлд суурилсан, эгзэгтэй цэгийг онилсон үр дүнтэй, өгөөжтэй, үр нөлөөтэй зөв механизмаар хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарсан. Тиймээс Мэргэжлийн хяналтын эрхзүйн шинэчлэлтийг хийх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа оруулж хэлэлцүүлээд гурван удаа нэрийг нь өөрчилж, эцэст нь Хяналтын тухай хуулийн төсөл болж хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Удахгүй УИХ-ын даргад хуулийн төслийг өргөн барина. Энд дээр хэлсэн таван чиглэлээр тодорхой хяналтуудыг хийхээр заасан байгаа. Бусад яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын хяналтыг салгаж, зааглаж өгсөн байгаа. Хамгийн гол нь хуулийн концепц нь хүний аюулгүй байдалд чиглэж байгаа юм. Ингээд Хяналтын нэгдсэн байгууллага гэж байгуулагдана. Энэ байгууллага нь түрүүн хэлсэн чиглэлүүдэд хяналтыг хийнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага ор үндсээрээ татан буугдана гэсэн ойлголт байхгүй.
-Хяналтын чиглэл нь цөөрч, чанаржина гэсэн үг биз?
-Яам, агентлагууд, төрийн бус байгууллагуудын хийчих боломжтой хяналтыг бүгдийг нь авчраад тавьчихаар бодлого нь алдагдаад байгаа юм. Нөгөө л манай хяналт, би хийх ёстой гэх мэтээр өмчлөх буруу сэтгэлгээ үүсчихээд байна. Гэхдээ бид үүнийг өөрчлөхийн тулд хуулийн төсөл боловсруулчихаад хүлээгээд суугаа юм биш. Үе шаттай шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Тухайлбал, 2013 онд бид Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилт болох дотоод хяналтын тогтолцоог бий болгож ажилласан. Харамсалтай нь нам, улс төрийн хүчний гишүүд, дэмжигчид, УИХ-ын гишүүд үүнийг дэмжиж дуугараагүй байгаа. Уг нь хэрэгжүүлээд явбал аливаа эрсдэл хор хохирол, үйлдвэрлэлийн осол, эрүүл мэндээрээ хохирдог явдал бүрэн арилах боломжтой. Тухайлбал, дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх бүсчилсэн сургалтыг хийсний дараа сургалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагууд баярласан талархсанаа илэрхийлж байсан. Уул уурхайн салбарынхан их баяртайгаар хүлээж авсан. Дотоод хяналтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд жилдээ гардаг байсан 300-400 үйлдвэрлэлийн осол байхгүй болсон. Бодит өгөөжтэй ажил болсон учраас талархсан албан тоотууд ирж байна. Хоёрдугаарт зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн. Бид хянадаг, шалгадаг, хаадаг, боодог, торгодог, дарамталдаг гэх энэ арга барилаасаа татгалзаж, хүндээ хүрсэн, сэтгэл ханамжид нийцсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагадаа мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлдэг зөвлөн туслах үйлчилгээг бий болгосон. Тухайн байгууллагын хөгжлийг дэмжих алхмуудыг хийж эхэлсэн. Ингээд ирэхээр нөгөө мэргэжлийн хяналтын байгууллага шинэчлэгдсэн байна, торгохоо байчихаж, лацдахаа больж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг болчихож гэх мэтээр талархалтайгаар хүлээж авч байна.
-Өөрөөр хэлбэл, танайх хяна гээд орхих биш өөрсдөө хариуцлагатай байхад нь туслаж байгаа хэрэг үү?
-Би нэг юманд баярлаж явдаг юм. Үнэхээр ард түмэн, иргэд мэргэжлийн хяналтын байгууллагад итгэх итгэл нь буураагүй, энэ нь ч бидэнд ирсэн албан бичгээс харагддаг. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалт нь 600 обьект байхад төлөвлөгөөт бус хяналтаар 11180 шалгалт хийгдсэн байдаг. Хэдийгээр иргэд бидэнд итгээд хандаж байгаа ч ямар асуудлыг хаана тавихаа мэдэхгүй байна. Бүхнийг мэргэжлийн хяналт мэднэ, шийднэ гэдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Мэргэжлийн хяналт гэдэг маань Төрийн хяналт шалгалтын тухай хууль , Засгийн газрын баталсан тогтоол, шийдвэрийн хүрээнд хязгаарлалттайгаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллага. Үүнийг ойлгохгүйгээр иргэд Орон сууцны контор, хорооны цагдаа, хорооны Засаг дарга, СӨХ-ны хийх ажлыг мэргэжлийн хяналтад тулгадаг. Үүнийг нь хийгээгүйгээс тунирхах, олон нийтэд худал мэдээлэл хүргэх асуудал мэр сэр гарч байгаа. Гэхдээ энэ талаар иргэд харьцангуй ойлголт сайтай болсон. Бид өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж байна.
-Мэргэжлийн хяналтынхны барьж ажиллах стандарт, эрхзүйн орчин өнөөдөр ямар байна вэ. Ямар нэг байгууллагад шалгалт хийхдээ тав хоногийн өмнө мэдэгдэнэ гэдэг заалтаас эхлээд шүүмжилдэг шүү дээ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар аливаа хяналт шалгалтыг хийхээс тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ. Ингэсний дараа хяналт, шалгалтыг хийнэ гэсэн хуулийн заалттай. Гэтэл иргэд, тэр тусмаа иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудаас маш олон гомдол санал ирдэг л дээ. Та нар ийм худлаа биенээ хуурсан ажил хийх хэрэг байгаа юм уу. Тав хоногийн өмнө мэдэгдэхээр тухайн байгууллагад зөрчлөө нуух боломж олгоод байгаа юм биш үү. Хяналтын тухай хууль чинь бодит байдалтай нийцэхгүй байна гэх мэт. Гэхдээ энэ нь хөгжингүй орнуудад боловсон харилцааг бий болгодог юм билээ. Тухайлбал, Их Британи, Европын Холбооны улсуудад тав хоногийн өмнө мэдэгддэг байсныг нь болиулахад хяналтын байгууллага, иргэдээс нь маш их шүүмжлэл гарч байсан. Яагаад итгэлцэл байхгүй болчихов гэсэн асуудал сөхөгдсөн. Тиймээс бид өнөөдөр бие биенийхээ улыг шагайж, нэгнийгээ хууль шүүхийхэнд шалгуулах гэхээсээ илүү дэмжих л чухал байна. Итгэлцэл хэрэгтэй байна. Ийм л шалтгаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн заалтыг тухайн үеийн хууль тогтоогчид оруулж өгсөн болов уу. Хоёрдугаарт стандартын асуудал байна. Өнөөдөр Монголд 6000 стандарт хэрэгжиж байгаагийн талаас илүү хувийг хангуулахаар мэргэжлийн хяналтын 2164 улсын байцаагч ажиллаж байна. Гэтэл тэр стандартууд аль өмнөх тогтолцооны үед тухайн цаг хугацаандаа үүргээ биелүүлж байсан бол өнөөдөр нийцэхээргүй болчихсон байдаг. Стандартчилал, хэмжилзүйн газраас өнгөрсөн онд дүгнэлт хийгээд шинэчлэлийн ажлууд нэлээд хийгдсэн. Манай улсын байцаагчид ч энэ талаар санал гаргаж идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт танай газраас Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулсан. Тухайн үед сайхан байна гээд гар бариад өнгөрсөнгүй. Төрийн байгуулагуудын уялдаа холбоо муу байгааг та хэлж байсан?
-Өмнө нь хүнд байсан, бэрхшээлтэй ч байсан. Энэ жилээс хамтран ажиллах Санамж бичиг, төлөвлөгөөндөө бүр тодорхой зааж өгч байгаа. Зүгээр л цаасан дээр хэлбэр төдий гэрээ хийх биш бодитой нүдэнд харагдахуйц байдлаар хамтран ажиллая гэсэн уриалгыг дэвшүүлж гарын үсэг зурсан. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай өнгөрсөн долоо хоногт 20 гаруй асуудлаар хамтран ажиллах гэрээ хийсэн. Эрүүл мэндийн салбар төдийлөн сайнгүй байгаа талаар хүн бүхэн мэднэ. Төрийн өмчит болон хувийн өмчит эмнэлгийн байгууллагын хяналт төдийлөн сайн биш байна. Наад зах нь эмнэлгийн ороо тоолж чадахгүй байна шүү дээ. Аль эмнэлэг хэдэн ортой, ямар тусламж үзүүлдэг вэ гэдэг нь хяналтаас гарчихсан. Үүнийг цэгцлэх асуудлаар санал солилцсон байгаа. Мөн дээрээс нь хуурамч эм. Хууль бусаар оруулж ирж байгаа хуурамч эмний асуудлыг эрс шийдэмгий таслан зогсоож, хариуцлага тооцох тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүнээс гадна нэн түрүүнд арга хэмжээ авах 12 жагсаалт урд минь байна.
-Ямар ажлууд юм бол?
-Эдгээр ажлыг нэн түрүүнд, үр дүн гарахуйц байдлаар дорвитой шийдвэрлэх шаардлагатай байгаа. Мэдээж ул суурьтай судалгаатай хийх хэрэгтэй. Бизнес эрхлэгчидтэй хамтарч, тэдний саналыг ч сонсоё. Эхний бүлэгт хятад мотоцикл, хуучин дугуйны асуудал байна. Энэ оны нэгдүгээр улиралд гэхэд л 220 гаруй осол гарчээ. Дийлэнхэд нь хүний амь нас эрсэдсэн байна. Тиймээс хятад мотоцикл болон хуучин дугуй оруулж ирдэг иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсоод, цаашид импортлох эсэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хуучин дугуй бол тухайн улсдаа техник, аюулгүйн байдлын шаардлага хангахгүй гээд хаягдчихсаныг манайхан оруулаад ирдэг. Гэтэл бид хэдхэн тооны бизнес эрхлэгчийн эрх ашгийг бодох уу, эсвэл нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах уу гэдэг асуудлыг л тавина. Цаад газраа хэрэггүй болоод хаячихсан гэдэг нь аюулгүй ажиллагааны стандарт тодорхой хэмжээгээр зөрчигдсөн л гэсэн үг шүү дээ. Гэтэл манай зам ямар билээ. Ийм замаар тийм дугуйтай машинаар яваад хүний амь нас эрсдүүлээд баймааргүй байна. Гуравдугаарт хуучин хувцас. Бусдын өмссөн хуучин хувцсыг өмсмөөргүй байна. Элдэв арьсны халдварт өвчин, харшлын өвчнүүд байна. Үүнийг хориглох арга хэмжээ авна. Дөрөвдүгээрт химийн бодис тээвэрлэж оруулдаг хуванцар сав. Хөдөөд цагаан идээ, хотод цэвэр ус хийж байна. Энэ бол тулгамдсан асуудал. Улсын ерөнхий байцаагчийн даалгавраар эдгээрийг хориглоно. Тавдугаарт хар тугалганы асуудал үнэхээр тулгамдсан зүйл боллоо. Хэвлэлүүд ч сүүлийн үед энэ талаар бичих болсон. Өнөөдөр бид шатахуундаа хар тугалга хэрэглэж байна, будгандаа ямар ч хяналтгүй болчихсон. Өмнө нь сургуулийн насны хүүхдүүдийн цусны хар тугалгыг тодорхойлсон байдаг юм билээ. Тэгвэл одоо бусад байгууллагатай хамтраад насанд хүрсэн хүмүүсийн цусан дахь хар тугалгыг шинжлээд бодлого боловсруулагч нар Засгийн газрын төвшинд асуудлыг гаргаж тавихаар болсон. Хэвлэлээр нийтэлж байгаа нь үнэн. 1990 оноос хойш барилгын засварт хар тугалга агуулсан будгийг өргөнөөр хэрэглэж байна. Гэтэл Германаас орж ирсэн будаг л шаардлага хангадаг мэдээлэл байна. Мөн хүүхдийн тоглоом хар тугалга ихтэй байна. Зургадугаарт цэнхэр спирт. Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар техникийн спиртийн олголт үнэхээр замбараагүй байгаа. Тухайлбал, эмийн сангуудаар жижиг, том гэсэн хоёр савлагаатай цэнхэр спирт худалдаалж байна. Жижиг нь 200, том нь 800 төгрөг. Архинд донтох өвчтэй болсон хүмүүс түүнийг нь авч уудаг. Яаралтай шийдвэр гаргах үүднээс үүрэг өгөөд дүгнэлт гаргуулах гэж байна. Үнэхээр эмийн байгууллагууд 10-20 тонноор нь хэрэглэх шаардлага байгаа юм уу гэдгийг тодорхой болгох үүргийг улсын байцаагчиддаа өгсөн байгаа. Өнгөрсөн оны судалгаагаар эм ханган нийлүүлэх байгууллагууд жилд 200-400 литрийг л хэрэглэхэд хангалттай байсан. Гэхдээ бид гарц олсон. Шилэн савлагаатайгаар бус хөвөнд шингээгээд зарж болно. Одоо худалдаалж байгаа шүү дээ. Тийм байдлаар нийтийн хэрэглээнд гаргах улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргахаар төлөвлөж байна. Долдугаарт барилгын осол. Өнөөдрөөс аян эхлүүлж ажиллахаар боллоо. Наймдугаарт стандарт бус зам. Тухайлбал, Баянхонгор аймгийн Цагаан-Овоо гэдэг газар замын налууг стандартын бус хийснээс болж, гурван сарын байдлаар 12 осол гарсан байна. Тухайн замыг гүйцэтгэгч компаниар дахиж засуулах арга хэмжээ авахаар болсон. Есдүгээрт хулгайн мод. Алслагдмал аймагт мод хулгайгаар бэлтгэх явдал тасрахгүй байна. Аравдугаарт нөөцийн махны асуудал. Ер нь цаашдаа яах вэ гэдэг асуудлыг хөндөж тавина. 11-т цэвэр ус. Бид 21 аймаг, 319 сумын 880 эх үүсвэр дээр хяналт хийсэн. Үүний дагуу бүх зөвлөмжийг боловсруулаад бүх удирдлагад гарын авлага хэвлэж өгсөн. Одоо хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгаж ажиллана. Усны чанар хамгийн муу гарсан нь Багахангай дүүрэг байсан. Мөн зарим усны эх үүсвэрт уран илрүүлж байгаа. Тэгэхээр багаж тоног төхөөрөмж шаардлагатай байна. Эцэст нь химийн бодисын хадгалалт. Зориулалтын хаях, устгах цэг манайд алга. Ийм олон асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас дорвитой арга хэмжээ авч, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллая гэж төлөвлөж байгаа.
-Өнгөрсөн сард танай байгууллага дээр нэг арга хэмжээ болсон. Авлигагүй албан байгууллага болох уриалга гаргасан шүү дээ. Үнэхээр тэгж тангараглаад авлигагүй болж чадах болов уу?
-Сүрхий тангараг өргөөд сүйд болсон зүйл биш л дээ. Уламжлал болгон зохион байгуулагдсан хэрэг. Д.Батбаатар даргын үед улсын хэмжээнд авлигагүй байгууллага болох уриалга гаргаж хийж байсан ажил байгаа юм. Энэ мартагдсан ажлыг үргэлжлүүлэх гэж уриалга, Санамж бичиг боловсруулж гаргасан. Нийт хамт олон 100 хувь гарын үсэг зурсан. Ашиг сонирхлын зөрчил гаргах, авлига, хээл хахууль авах асуудал гарч байгаа нь үнэн. Цаашид өргөсөн тангарагтаа үнэнч байх нөхцөл бололцоог хангахад дарга юу хийх ёстой вэ гэдэг бодлого боловсруулаад дүгнээд явж байгаа.
-Ажилтнуудад ч гэсэн сэтгэлзүйн дэмжлэг болсон байх?
-Улсын байцаагч нарын айдастай явдаг, эмзэглэж явдаг зүйл нь энэ мөн. Төрөөс хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийсний төлөө хэлмэгдэх, нэг нэр хоёр хоч зүүх нь олон байдаг. Ийм асуудлыг цэгцлэх, нэг мөр болгох, зөв юман дээр нь ажилтнуудаа өмгөөлдөг, эрхзүйн туслалцаа үзүүлдэг, урьдчилан сэргийлж чаддаг болгох хэрэгтэй байна. Харамсалтай нь зарим нэг хэвлэл, иргэний нийгмийн байгууллагууд мэргэжлийн хяналтынхан зөвхөн нэг сар авлига авахгүй юм байна гэж мушгисан асуудал гарсан. Гэхдээ бид эмзэглээд, урваганаад байхгүй. Мартагдсан ажлаа сэргээж байгаа юм байна. Нэг сарын хугацаанд идэвхжүүлэх юм байна, цаашдаа хэвшүүлээд явах юм байна гэсэн ойлголт өгөх үүднээс ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын үнэт зүйл нь юу вэ гэхээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, хариуцлагатай, чадвартай, зүтгэлтэй улсын байцаагч юм гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр тэднийгээ дэмжиж, итгэл хүлээлгэж ажиллах нь чухал гэсэн дүгнэлт хийсэн. Тиймээс энэ оныг Улсын байцаагчаа дэмжих жил болгохоор төлөвлөж байгаа.