Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор олон улсын хуульч, судлаач, “CCM консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ж.Оймандахыг урьж ярилцав.
- Бизнес хөгжихийн хэрээр нарийн ёс зүйтэй, системтэй, хариуцлагатай байхыг шаардаж байна. Ер нь хуулийн талаас ямар эрсдэлийг манай бизнесийн салбарынхан гаргадаг вэ?
- Санаатай эсвэл санаандгүй зөрчлийн анхны үүсгэгч бол ёс зүйн алдаа байдаг. Бизнесийн хувьд ч ижил. Хэрэв санаатай зөрчлийн хувьд яагаад гэдэг нь ойлгомжтой байдаг бол санаандгүй зөрчлийн хувьд хайнга эсвэл хэнэггүй хандах нь бизнесийн ёс зүйн (business ethics) алдаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчлийг гаргахдаа зөв бурууг нь ялгахыг хичээхгүй, өөрийн болон бусдын ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг гэсэн үг. Тухайлбал, улстөрд ашиг сонирхлын зөрчлийн цаана нам, фракц, бүлэг, хувийн ашиг хонжоо давамгайлдаг бол бизнес байгууллагын хувьд санхүүгийн шинж чанартай бүлэг эсвэл хувь хүний ашиг хонжоо давамгайлна. Амттайхан албан тушаалд томилогдсоноор тухайн компанийг хөгжүүлэхээс илүүтэйгээр “Одоо би өөрийгөө л бодно” гэх санааг өвөртлөх явдал удирдах албан тушаалтанд байвал тухайн байгууллага өөрийн дотоод бизнесийн ёс зүйг буруу хөгжүүлсний илрэл юм. Үүгээр бизнесийн нэр хүнд болоод хэрэглэгч, үйлчлүүлэгчид сөргөөр тусч улмаар зах зээлээ алдаж эхэлдэг. Харамсалтай нь санхүүгийн сэдэлтэй зөрчлүүд манай нийгмийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод удаж байна.
-Манай бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг бий болгоход юу саад болж байгаа бол?
-Өнөөдөр хувьдаа хууль бусаар санхүүжих, баяжих зорилгоор улс төр рүү хүмүүс зүтгэдэг явдал давамгайлж хувийн хэвшил рүү тус хандлага нүүдэллэж байна. Төр хувийн хэвшлийн концепцийн хөгжил гацаанд орсон тул хувийн хэвшлийг ашиглан төрөөс хулгай хийх, их хэмжээний эдийн ба эдийн бус баялгийг завших зэрэг олон хууль бус явдлыг зарим жудаггүй, ёс зүйгүй улс төрчдөөс гадна бизнесийн зарим залхуу, боловсрол мэдлэг сул, хурдан бөгөөд хууль бусаар баяжихаар санаархсан нөхдүүд олширчээ. Тухайлбал, татвараас зайлсхийх зорилгоор хувийн (эхнэр, нөхөр, хамаатны) дансаар бизнес эрхлэх, эвсэл татвараас зугтаах, санаатайгаар компаниа хиймлээр дампууруулах, хуурмаг давхар санхүүгийн (нягтлан бодох бүртгэлийн) бүртгэл хөтлөх, ашиг сонирхлын зөрчил болоод авилга хээл хахуулийн харилцаанд оролцох зэргээр шударга бизнесийн орчинг бохирдуулж байна. Түүнчлэн байгууллагаасаа хумслах буюу хулгай хийх, албан тушаалаа урвуулан ашиглаж шахааны бизнес хэмээх хэт өндөр дүнгийн худалдан авалт хийх, зохион байгуулах, улсын тендерт туршлагагүй болоод дээрх бүх аргыг нэгтгэсэн зөрчлийг үйлдэж байна. Ингэснээр зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг санаатайгаар зөрчиж чанаргүй бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх эсвэл огт нийлүүлэхгүй гэрээгээ зөрчиж бултах, бизнесийн түнш хамтрагчаа хульхидах зальдах, лобби нэрийдлээр монополийг ил, далд хиймэл байдлаар үүсгэж байна. Энэ нь бусдын бизнесийг дампууруулж чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг боогдуулж байгаа нь судалгаагаар илэрсэн.
-Шударга бус бизнесийн орчноос хэн хохирч байгаа вэ?
-Салбар бүрийн мэргэжлийн хөдөлмөрч, шударга үнэнч, боловсрол мэдлэгээ ямагт хурцлах хүсэлтэй хүмүүс хохирох нь түгээмэл. Эдийн засгийн, санхүүгийн, эрүүл мэндийн, хуулийн, эрчим хүчний гэх мэт аж үйлдвэрийн нийт салбарын хүмүүс хохирдог. Нөгөөтэйгүүр гэр бүлээ тэжээх, ажлаа амжуулах эсвэл бусад хууль ёсны зорилгодоо хүрэхийн тулд нөгөө жудаггүй, ёс зүйгүй хүмүүсийг дуурайх хандлага ихсэж буйг хууль зүйн академич С.Нарангэрэл болон бусад судлаачид ярьсаар байна. Сүүлийн 20 жилийн хөгжлийн турш бид гадаадын сайн биш харин амархан мэт харагдах муу ихэнхдээ хууль бус туршлагыг хуулбарлаж ирсэний гай. Тэгэхээр үүнийг дуугүй хараад өнгөрөх ёсгүй. Аливаа сайн зүйлийг бүтээхийн тулд маш ярвигтай ажлыг тууштай хамтдаа хийж, урт удаан цаг хугацааг зарцуулдаг. Харин бид сурч ашиглахыг хүсэхгүй муу бөгөөд түргэн хууль бус аргыг сонгох нь нийгмийн хэм хэмжээ болох хандлагатай болжээ. Эдгээр бизнестэй холбоотой зөрчлийн үндсэн буюу анхдагч шалтгаан нь бизнесийн ёс зүйн алдаа байгааг үл тоон бизнесийн ёс зүйн зүгээс биш харин хувь хүний ёс суртахууны түвшинд асуудлыг шийдвэрлэх нь өөрийн ажлын амрыг бодож, аяыг дагадаг заншил сэмээр тогтож эхлээд байгаа юм.
-Бизнесийн ёс зүйн алдаагүй сайн туршлагын талаар яриач?
-Өнөөдрийн байдлаар Монголын олон аж ахуйн нэгжүүд бизнесийн ёс зүйг хөгжүүлэх сайн туршлагыг үндсээр нь судалж төдийлөн чадсангүй. Боловсролын систем мань үүнд тусалж зөв чиглүүлэхээс илүүтэйгээр төөрөгдүүлж хэт ерөнхий онол ярих нь олон. Гэтэл олон улсын сайн туршлагад дээрх зөрчлүүдтэй хэрхэн тэмцэж, хэрэв зөрчил гарсан бол хэрхэн засан залруулах ба сэргийлэх талаар удирдлагын олон системийг санал болгодог. Харин бид ашигладаггүй ба зарим тохиолдолд ашиглахыг хүсдэггүй.
Аливаа бизнесийн зөрчлийг үндсээр нь устгаж, гарсан тохиолдолд залруулж дахин хэзээ ч гаргахгүйн төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бусдын буюу гадаадын алдаан дээр суралцах нь тун бага. Амжилттай явж буй өнөөгийн олон бизнесүүд “Дандаа л ийм явна” хэмээн хөөрөлдөж зөвхөн унахдаа гэнэт бизнесийн ёс зүйг санах нь тун харамсалтай. Асуудлыг үүсэхээс нь өмнө сэргийлэх биш гал түймэр гарахаар нь аяга ус барьж гүйхтэй утга нэг.
-Тэгээд яах ёстой юм бол?
- Юуны өмнө бизнесийн ёс зүйн талаар зөв бөгөөд нэгдсэн ойлголттой болмоор байна. Бизнесийн ёс зүй нь өөрөө хийсвэр буюу байгууллага, институци дээр яригддаг. Шинжлэх ухааны ойлголт биш харин өөртөө олон төрлийн шинжлэх ухааны ухагдахууныг агуулдаг тул зөв ойлголтыг төдийлөн шууд тодорхойлоход хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл биш. Энэ ухагдахууны агуулга нь өөртөө хоёр эсрэг концепцийг тээдэг. Нэг талаас, бизнесийн үйл ажиллагаанд ёс зүй байх боломжгүй. Бизнес өөрөө ёс зүйгүй олон зүйлийг хийдэг (нийгмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг) хэмээх ойлголт нийгэмд тархсан байдаг. Тухайлбал, “Shark tank” нэвтрүүлэгт хоёр хүүхэн бизнесийн санхүүжилтийг горилж оролцохдоо авлига хээл хахуулийг өгч, өгөлцөж байж бизнесээ босгоно гэж улс даяар телевизээр яриад зогсож байгаа нь бизнесийн ёс зүйн талаарх нийгмийн ойлголт ямар доод түвшинд очсоны тод илрэл юм. Өнөөдөр ашиг хонжоо олж л байвал өөрийн хөрөнгө оруулагч, удирдлага, хамтрагч, ажиллагсад, гэрээлэгчид, түнш, үйлчлүүлэгч ба хэрэглэгчид чанаргүй бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан нэгжүүд шүүхийн хаалгыг өдөр болгон татах болсон. Харамсалтай нь дээрх хүмүүсийн бодол заримдаа үнэн болж хувирдаг. Нийгэмд ханган нийлүүлэх чанаргүй бараа, ажил, үйлчилгээний луйвар залилан, санхүүгийн пирамид, татварын зөрчил, бизнесийг тойрсон төрийн авлига хээл хахууль болон олон бусад бизнесийн зөрчлийн талаар өдөр тутам мэдээгээр сонордуулдаг. Тийм учраас хүмүүсийн дунд бизнесийг ёс зүйгүй ашиглаж болно хэмээх нийтлэг ойлголттой болох нь логикийн гаргалгаа юм. Нөгөөтэйгүүр, бизнес ёс зүйгүй байх ёстой юм болов уу гэхээр бас үгүй юм. Учир нь бизнесийн ёс зүйг эрхэмлэн туушдаа ажлын ёс зүйг “лозунг” биш харин үнэн бодит байдлаар хөгжүүлж ирсэн бизнесүүд л орчин үеийн зах зээлийг манлайлж байна. Тэд олон улсын сайн туршлагыг судлан бизнесийн ёс зүйг үндэс болгодог. Үүнд, чанарын удирдлага, эрсдэлийн удирдлага, цогц системийн удирдлага гэх мэт компанийн сайн засаглалын хүрээнд ашиглан хэрэгжүүлж сурчээ. Сайн засаглалын хүрээнд олон системийн ажлыг шат дараалалтай хийдэг. Харин манай зарим компаниуд нэг удаагийн ажил гэж төсөөлдөг нь өрөөсгөл ойлголттой.
-Танай компани одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Манай компани дотоод гадаадын нэр хүндтэй олон компанитай хамтарч ажилладаг. Тухайлбал, дотоодын компаниудаас “Эрдэнэс Монгол” “Эрдэнэс Тавантолгой”, “Хөгжлийн банк”, “Тавантолгой”, “Ulaanbaatar Development Corporation”, “Петро Матад”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл”, “Ашир Монголия хуулийн фирм”, “Эрчмийн Ундраа” , “МҮХАҮТанхим”, “Хүмүүнлэгийн их сургууль”, “МУИС” гэх мэт. Мөн Үндэсний хөгжлийн газартай Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөл дээр хөндлөнгийн судалгаа хийж байна. Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд хөндлөнгийн судалгаа, компаниудад бизнесийн зөвлөгөө өгч бизнесээ сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
2019.11.20 ЛХАГВА №231 (6198)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Оймандах: Өндрөөс унахдаа л бизнесийн ёсзүйг санадаг нь харамсалтай
2019-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин