О.Бум-Ялагч: Засгийн газрыг Үндэсний эвсэлд өгөх хэрэгтэй

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчийг урилаа.

-Танай намынхан уул уурхайн салбарынханд  “Бид дахиж ухуулахгүй” гэсэн шаардлага тавин  жагсч байсан. Тэр шаардлага ямар нэгэн үр дүн авчирсан уу, эсвэл?

-“Coal Mongolia” чуулга уулзалтад шаардлага тавьснаас хойш 20-иод хонож байна. Тухайн үед манай намын Бага хурлын гишүүн  Б.Пүрэвдорж улс эх оронд эдийн засгийн байдал маш хүнд боллоо, ард түмний амьдрал доройтлоо. Уул уурхай  ард түмний амьдралд сайнаар  нөлөөлсөнгүй.

Тиймээс  уул уурхайг ард түмэнд ухуулах шаардлага байна уу гэсэн асуудлыг намын Бага хуралд тавьж хэлэлцүүлсэн юм. Бага  хурлаас Coal Mongolia арга хэмжээг эсэргүүцэж “Бид дахиж ухуулахгүй” гэсэн акц зохион байгуулсан. Өнөөдөр  Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд уул уурхайн ажиллагаа  сүүлийн арван жилд 800 дахин нэмэгдсэн. Гэтэл ядуурал 30 хувь байсан нь тэр хэвээр  байна. Үүнээс юу харагдаж байна гэвэл  уул уурхай өссөн хэрнээ ард түмний амьдрал огт дээшилсэнгүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн ярьдаг байсанчлан   “Алтан дээр суусан гуйлгачин, алтаа ухчихвал  та нарын амьдрал  дээшилж баяжина” гэдэг худал юм байна. П.Очирбат гуай ард түмнээ хуурчээ. Одоо бид шороон дээр суусан гуйлгачин болчихоод  байна. Ард түмний амьдрал хүнд, ам.долларын ханшийн өсөлт, үнийн хөөрөгдөл, эдийн засгийг  цөлмөн идэж  байгаа байдал, иргэдээ өрөнд оруулсан  явдал  хэрээс хэтэрлээ. Бидний  шаардлага тухайн үед  хурлын төлөөлөгчдөд бүгдэд нь хүрсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжин ард түмэнд түгсэн. Харамсалтай нь төр, засаг ач холбогдол өгөөгүй. Цаашид улс эх орноо эдийн засгийн ангал руу түлхэх талдаа явж байна.

-Энэ хэвээр үргэлжилвэл яах вэ?

-Манай намын хувьд энэ Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Энэ Засгийн газрын гол алдаа нь эдийн засгаа аврах бус өр тавьж түр зуур тогтоох бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь яваандаа Монголын эдийн засгийг хямралд хүргэнэ. Өнөөдөр Украинд болж байгаатай адил эрсдэлд хүргэхийг ч үгүйсгэхгүй. Украины хямрал хэрхэн үүссэн бэ гэвэл, эхлээд манайтай адил юмны үнэ өссөн, амьдрал доройтсон. Түүн дээр улс төрийн хүчнүүд тоглолт хийж, засгийн эрхийг авлаа. Монголд ийм хямрал гарахгүй гэх баталгаа алга. Мэдээж  улс төрийн хүчнүүд хямралыг юу гэж хүсэх вэ. Хямрал гарахад эцсийн дүнд ард түмэн л хохирно. Тэгэхээр ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тооцож, эрсдлээс урьдчилан сэргийлж, хямралаас гарахын тулд Засгийн газрыг  огцруулах хэрэгтэй. Энэ  асуудлыг  саяхан парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдийн уулзалтаар  хэлэлцсэн.

-Тэгэхээр парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэдэгт   санал нэгдсэн  гэсэн үг үү?

-Бид  Шинэчлэлийн Засгийн  газарт шүүмж­лэлтэй хандаж байна. Огцруулах,огцруулахгүй гэдэг талаар маргаантай асуудал бий. Манай намын хувьд огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Бусад намын хувьд Засгийн газрыг огцруулъя гэхээс илүү  шүүмжлэлтэй хандая, УИХ-д шүүмжлэлтэй хандая гэдэгт   байр суурь нэгдээд байгаа. Уулзалтад эрх баригч хүчнээс  АН-ыг , сөрөг хүчний хувьд МАН-ыг урьсан. Харамсалтай нь АН-аас улс төрийн хэлтсийн дарга нь, Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа хамт  ирнэ гэсэн ч ирээгүй. МАН-аас  Ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Мөнхбат  асуудалд  ач холбогдол  өгч уулзалтад өөрийн биеэр  ирж улс орны өнөөгийн  байдал, цаашдын төлөв, эдийн засгийн асуудлаар намынхаа баримталж байгаа байр суурийг бидэнд тодорхой танилцуулсан.  Бидний  зүгээс улс төрийн намуудын хувь заяаг шийдэхээр Их хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хамтран ажиллах шаардлагатай гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр та Засгийн газрыг үрэлгэн хандсан гэж үзэж байна уу?

-Засгийн газар 2.2 тэрбум ам.долларын өр тавьсан. Үүнийгээ ард түмэнд ил тод тайлагнасангүй. Улс төрийн намын дарга нар  ч тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Мэдээлэл, лавлагааны чиглэлээр  11-11 гэдэг утас ажиллуулдаг.  Түүн  дээрээ ээлжилж очиж суугаад иргэдийн толгойг эргүүлж байна. Сүүлдээ  бүр байчихаад “Бид өр тавья, төлөхийг нь дараагийн Засгийн газар төлнө биз” гэж  танхайрч ярьж байна шүү дээ. Социализмын үед хулиган байсан хүмүүс төрд гарчихаар, нөгөөтэйгүүр тэдэнд  хариуцлага, ёс зүй гэгчийн үнэр ч байхгүй учраас төрийн мөнгөөр тоглож, яахаас  ч буцахгүй, юунаас ч айж ичихгүй  авирлаж байна. Энэ хүмүүст ард түмэн хариуцлага тооцдог байх ёстой. Бид бол ард түмний төлөөлөл, тиймээс манай нам ард түмний дунд уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг  зохион байгуулсны дүнд “Одоо болъё, луйврын Засгийн газар байлгах хэрэггүй”  гэж анхнаас нь эсэргүүцэж ирсэн.

-Гүйцэтгэх засаглалыг огцрууллаа гэхэд дараагийнх нь сайн ажиллана гэсэн баталгаа байна уу. Төрийн авдар хоосон, данс нь улайгаад зогсохгүй өр зээл хэрээс  хэтэрчихсэн шүү дээ?

-Дараачийн  Засгийн газар ажиллах бүрэн бололцоотой. Яагаад гэвэл, Монголын эдийн засаг бага шүү дээ. Төсвөө хяналттай болгочиход   эдийн засгаа босгох боломж бий. Нөгөө талаас, төсвөө багасгана..  Өнөөдөр  Грек, Испани зэрэг улсад төсөв хэмнэж, хэмнэлт гаргасан жишээ олон байна. Энэ  хэцүү зүйл биш. Нэг, хоёр жилдээ хэцүү байх ч ийм бодлого явуулахаас өөр аргагүй. Дараагийн авах арга хэмжээ бол тавьсан өрнүүдийг нь тооцож,  хаана хэнд тараагаад   өгчихсөн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэр мөнгө зүгээр  урсаад алга болчихоогүй. Буцааж олж авах хэрэгтэй. Ухамсартайгаар  буцааж өгөх ч  учиртай. Ер нь Монголд байгаа  авлига, луйврын асуудлыг нэг мөр болгож шийдэх ёстой. 40 сая малтай,  гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн  амтай,  нэг хүнд ногдох байгалийн баялгаар дэлхийд нэгдүгээрт орж байгаа, хажууд нь дэлхийн хамгийн том худалдан авагч нар байхад яагаад монголчууд ядуу амьдарч байна вэ. Бид авлига, луйврын асуудлыг цэгцэлж,  хууль эрхзүйн  орчноо улстөр болон бизнесийн бүлэглэлүүдээс ангид байлгаж байж хараа хяналт сайтай Засгийн газар байгуулна шүү дээ. Энэ асуудлаар манай намаас нэг санал дэвшүүлж ирсэн. Тэр бол  Их эвсэл гэхээс илүү  Үндэсний  эвсэл,  парламентад суудалгүй болон суудалтай бүх намыг оролцуулсан Засгийн газар байгуулах юм.  Ингэж  үлдсэн хоёр жилд эдийн засгийн  хямралыг гэтлэх саналыг бид дэвшүүлж байгаа.  Мэдээж, парламентад суудалгүй намууд   Их хуралд суудаг мөнгө иддэг хүмүүст хянагдахгүй. Тэр үүднээсээ ард түмний  төлөөлөл, нэг ёсондоо төр дэх толь нь  болно. Бид улстөрийн болоод  бизнесийн аль нэг бүлэглэлд хамааралгүй, хэвлэл, мэдээлэлд нээлттэй, нэр цэвэр улстөрчид учраас ил тод байдлыг хангана. Парламентад суудалгүй улстөрийн намуудын төлөөлөл байгаа цагт төрийн мөнгийг идэхгүй.

-Парламентад суудалгүй намуудын уулзалтад хэд хэдэн удаа очиж ажиглаж байсны хувьд нэг асуулт байна. Ардчиллыг дэмждэг парламентад суудалгүй намуудын байр суурь  өнөөдөр өөрчлөгдсөн үү, эсвэл...?

-Ардчиллыг дэмжиж, энэ үйл явцыг анх эхлүүлэлцэж байсан хүмүүсийн хувьд, тухайлбал БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа, ардчилсан хөдөлгөөнүүд, алтан хараацайнууд АН-д итгэж, “Харъя, нэг хэсэгтээ хүлээе”, “АН туршлагагүй, ямар МАН шиг дандаа төр барьсан биш. Тэгээд ч болохгүй юмнуудыг МАН  хийсэн. Тиймээс харзная, хүлээе” гэж байсан бол өнөөдөр тэдний байр суурь огцом өөрчлөгдөж байна. Тухайлбал, АН-д итгэх итгэл алга, энэ хүмүүс бидний байгуулсан ардчилал дээр дөрөөлж, өөрсдийнхөө хармааг түнтийлгэх хөрөнгө мөнгө хайсан, ёс суртахуунгүй, үзэл бодолгүй юм байна гэдэгт парламентад суудалгүй намууд нэгдэж байна. Аливаа хүн, улс төрийн нам ч ялаагүй болохгүй, бүтэхгүй мэдсэн бол засах гэж оролдоно шүү дээ. Тэгвэл, энэ үүднээс бид гарц хайх ёстой юм. Манай намын байр суурь бол тодорхой байгаа.

-Засгийн газрын алдааг ярихаар УИХ-ын гишүүдийг сайд болгосон нь буруу гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үндсэн хуульд 1999  онд  дордсон долоон өөрчлөлтийг  оруулснаар Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн болдог болсон. Энэ  асуудлыг Үндсэн хуулийн цэц 2000 онд авч хэлэлцээд буруу гэдгийг нь тогтоочихсон шүү дээ. Тиймээс алдаагаа зас гэдэг удирдамжийг УИХ-д өгсөн. Гэтэл  Их хурал өнөө хүртэл  асуудлыг авч хэлэлцээгүй. Үүнд өнөөгийн МАН буюу  тухайн үеийн  МАХН буруутай. АН  ч бас буруутай. АН-ынхан засгийн эрх авахаасаа өмнө “Бид олуулаа болчихвол өөрчилж чадна” гээд байсан. Өнөөдөр түүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Ингэж худал ярих  явуургүй юм. Ерөнхийлөгч маань асуудлыг  2016 онд  даатгаж байх шиг . Нөгөөтэйгүүр, шинэ хууль гаргана гэж  ярьж байна. шинэ хууль гаргалаа гэхэд  Үндсэн хуулийн цэцийн  гаргасан өмнөх  шийдвэр юу болох вэ. Тиймээс УИХ энэ хаврын чуулганаар  Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ талаар  парламентад суудалтай намуудыг уриалаач гэсэн хүсэлтийг  бид МАН-д тавьсан. Хэрэв Цэцийн шийдвэр хэрэгжвэл УИХ-ын гишүүн Засгийн газар байж болохгүй. Ийм шийдвэрт хүрвэл Засгийн газар огцрохоос аргагүй болно. Энд нэг зүйлийг  зориуд хэлэхэд, Засгийн газар энхтайваны замаар огцрох хуулийн гарц байна. Энэ аль аль талдаа ашигтай. Төр барьж байгаа талд  ч, сөрөг хүчин болоод ард түмэнд ашигтай. Яагаад гэвэл, энэ  хүч хэрэглэж буй явдал биш шүү дээ.  Өөрөөр хэлбэл, хатуу, ширүүн тэмцэл хийлгүйгээр асуудлыг зохицуулж байна гэсэн үг юм.

-Сүүлийн үед эдийн засагтай холбоотой өрнөж байгаа нэг асуудал бол шар нунтагийг  үйлдвэрлэлд  нэвтрүүлэх, энэ салбарт “Арева” компанитай хамтарч  ажиллах тухай  байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэд Монголд янз  бүрийн мэдээлэл гаргаж  байна. Гэхдээ Монголын ард түмэн, ялангуяа малчид уран ашиглах ямар хортой болохыг  мэддэг болсон. Хөдөөгийн эгэл жирийн иргэд аливаа асуудлыг ноён нуруугаар нь нэг л ойлгочихсон бол түүгээрээ л явдаг. Цааш  нь үр хүүхэддээ  сургаж, захидаг. Саяхан Дорноговийн Улаанбадрах суманд  “Арева” компанийн төлөөлөгчид очиж, “Кожеговь” компани   иргэдийг цуглуулан уулзаж,  урлагийн тоглолт зохион байгууллаа. Иргэд тэднийг  маш их эсэргүүцэж  байна. Монголчууд хууртахаа больсон шүү дээ. Нэг эмэгтэй  “Мардайн үйлдвэрт социализмын үед  бүх насаар хоригдох болон цаазын ялтай хоригдлуудыг ажиллуулдаг байсан. Тэгвэл тийм уурхайг та нар миний өвөг дээдсийн нутагт барьж, биднийг, үр хүүхдийг маань аюулд оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй”  гэж хатуу мэдэгдэж  байна лээ. Тэгж байр сууриа илэрхийлж байгаад нь манай нам бахархаж байгаа. Энэ бол бидний ажлын үр дүн. Анх “Арева” компани Монголд орж ирж байхад Гадаад харилцааны яамны гадна би ганцаархнаа жагсч байлаа. Яагаад гэвэл,  бид олуулаа жагссан бол баривчилгаа явагдах гээд байсан юм. Тиймээс  би ганцаараа жагссан. Гэтэл цагдаагийн нэг нөхөр намайг боож унагаагаад дээрээс дэвсч байлаа. Хүний эрхийг нухчин дарж байхад Францын төлөөлөгчид  хажуугаар юу ч болоогүй юм шиг өнгөрөөд явж байсан. Энэ юуг харуулж байна гэвэл, даян дэлхийд улс төрийнхнийг бизнесийн бүлэглэлүүд хяналтдаа авчихсан, үзэл санаа, эрх чөлөө, тусгаар тогтнол  байхгүйг харуулж байгаа юм. Тэгвэл, сая гуравдугаар сарын 9-нд болсон шар нунтагийг эсэргүүцэх жагсаалд 100 гаруй хүн оролцсон, дандаа залуучууд. Дөрвөн жилийн өмнө ганц хүн жагсч байсан бол өнөөдөр 100 гаруй болсон байна. Нөгөө талаас, тэдний хийж байгаа технологи гүний усыг маш ихээр хордуулж байгаа нь, иргэдийн амьдралд хортой гэдэг нь батлагдлаа. Түүнээс гадна бид “Арева” компанийг олон улсын шүүхэд өгөхөөр хандах гэж байгаа. Учир нь Монгол Улсад туршилтын шугамаар   уран олборлосон. Гэтэл  ураныг туршилтын шугамаар  олборлоно гэсэн ойлголт байдаггүй.  Үүнээс үүдэн технологийн алдаа гаргаж, хүн мал, байгаль орчныг хордуулсан. Үүний эсрэг иргэд тэмцэж байгааг бид дэмжиж байна. Цаашид ч дэмжинэ. Энэ чиглэлд Францын Ногоон намаас дэмжлэг хүссэн байгаа.

-Манай улс ирэх онд  гурван саяулаа болно. Тэдний нэг болсон та бусаддаа хандаж юу хэлэхийг хүсч байна вэ. Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Монголчууддаа хандаж хэлэхэд, улстөрийн хувьд маш сэргэг байж, тэднийг сайтар анхаарч байх хэрэгтэй. Худал ярьдаг улстөрчдийг төрд бүү гарга. Тийм хүмүүсээс зайгаа барь. Өнөөдөр бидний амьдрал дээшлэхгүй байгаагийн нэг гол үзүүлэлт нь худал ярьж  хулгай хийдэг, ёс зүйгүй, социализмын үеэр ярих юм бол хулиганууд төрд гарчихаад байна. Тиймээс улс эх орныг минь хөгжүүлэхгүй байна. Бидний төлсөн татварын мөнгийг  хувааж авч идэж байна. Улстөрч  гэдэг  буддын шашны онолоор  бол  улстөрийн лам шүү дээ. Худал хэлдэггүй, хулгай хийдэггүй, өөрсдийнхөө үзэл сурталд ард түмнийг хүргэхдээ  гүүр нь болж байдаг, ийм л үүрэгтэй. Өөр нэг зүйлийг хэлэхэд, сонгуулийн хар машины асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Гараар тоолж баталгаажуулах ёстой. Залилан хийх явдлыг зогсоох хэрэгтэй. Сонгууль залилангаар явагдаж байна. Бидний саналыг залилж байгаа хүмүүс цаашид шударга ажиллагаа явуулахгүй шүү дээ. Өнөөдөр алтны роялти татвар тав байсныг 2.5 болгосон. Бид алт ухагч, хулгайч нарын намд  саналаа өгсөн байна шүү дээ. Үүний эсрэг ард түмэн маань хатуу тэмцэх хэрэгтэй.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 58 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 11 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 21 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 8 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 8 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 28 мин