АНУ - ын Ерөнхийлөгч Дональд Трамп
© AP Photo/Gerald Herbert
Д.ЭНХЭЭ
2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулийн санал хураалтаар АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тус улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын нийт 435 гишүүн, 34 сенатч, 13 муж улсын амбан захирагчийг тус тус сонгох хүртэл яг нэг жилийн хугацаа үлдсэн бөгөөд энэ сонгуулийн сунгаа тойрсон асуудлаар tass.ru-д нийтлэгдсэн тоймыг орчуулан хүргэж байна.
Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд оролцогчдын нэг нь тодорхой, Бүгд найрамдах намын төлөөлөл энэ бол 73 настай Дональд Трамп. Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд ажиллах бодолтой байгаагаа тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслолын өдөр зарлан мэдэгдсэн. Энэ онд Умард Каролин муж улсын амбан захирагч асан Марк Сенфорд, Конгресст Иллинойс муж улсаас сонгогдож байсан гишүүн асан Жо Уолш, Массачусетсын амбан захирагч асан Билл Уэлд нар түүнтэй нэг намаас нэр дэвшиж сонгуулийн өмнөх сунгаанд өрсөлдөхөөр шийдсэн. Трампын хувьд тэд түүнд онцын тээг саад учруулж чадахааргүй, олон нийтэд танигдсан байдлын төвшин Уолш, Сэнфорд нарынх хоёр хувь, Уэлдынх гурван хувь байгаа бол бүгд найрамдахчуудын дунд Трамп 86 хувийн дэмжлэг хүлээж байна гэдгийг The Economist сэтгүүлээс эрхлэн судалгаа шинжилгээний YouGov (Economist/YouGov Poll) албатай хамтран аравдугаар сарын дундуур чадамж бүхий 1500 сонгогчдоос авсан санал асуулгын дүн харуулж байгаа ажээ.
Импичмент сонгуулийн өмнөх хүчин зүйл болох нь
Трамп өнгөрсөн долдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцсан ярианы эргэн тойронд бий болсон дуулиан шуугианы дэвсгэр дээр түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга явуулах (импичмент) шийдвэр гаргуулахын төлөө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхны оролдлого зүтгэл Трампад үзүүлэх дэмжлэгийн төвшинд нөлөөлж болох юм. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Ардчилсан намаас нэр дэвшихээр одоо зүтгэж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены хүү Хантер Байдены Украин дахь үйл ажиллагааг мөрдөн шалгаж эхлүүлэхийг Зеленскийд ятгаж итгүүлэхийг хичээсэн хэмээн АНУ – ын ерөнхийлөгчийн улс төрийн сөргөлдөгчид үзэж байгаа билээ.
Төлөөлөгчдийн танхим Трампын үйлдлийг мөрдөн шалгах талаар ардчилсан намынхны эхлүүлсэн санаачилгыг 196 эсрэг, 232 эерэг саналаар дэмжсэн шийдвэрийг аравдугаар сарын 31-нд гаргалаа. Гэхдээ ардчилсан намынхан олонхыг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн танхим мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр Трампыг албан ёсоор буруутгасан ч бүгд найрамдахчууд олонхыг бүрдүүлдэг Сенатын танхим импичментийг дэмжсэн шийдвэр гаргах магадлал ерөөсөө байхгүй байна.
Сонгууль болохоос нэг жилийн өмнө импичмент явуулах оролдлого гарч байгаа нь нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх талаар Америкийн улс төрийн тайлбарлагч нарт янз бүрийн, тэхдээ ихэвчлэн тун хачирхалтай таамаг төсөөллийг дэвшүүлэх боломж олгож байна. Washington Examiner сонин санал хураах хуудсанд Трампын оронд дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн, эсвэл АНУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгч асан Никки Хейлигийн нэр бичигдэж магадгүй юм гэсэн таамаг дэвшүүлэв. Deadline хэмээх интернет мэдээллийн байгууллагын мэдээлснээр америкийн нэрт улстөрч Збигнев Бжезинскийн охин Мика Бжезински бүр хачин хувилбар буюу 2020 оны сонгуульд Дональд Трамп болон чехийн загвар өмсөгч Ивана Трамп нарын охин Иванка Трамп сонгуульд оролцож болох юм хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Конгресст ардчилсан намынхны эхлүүлсэн кампанит ажлын үр дүнгээр Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих боловч түүнд харин сонгуульд оролцох боломж олгоно хэмээн өөр нэгэн улс төрийн тайлбарлагч болох Марет Уотч үзэж байгаа аж.
Ардчилсан намынхны авралын цагаан баатар
Сонгууль болохоос нэг жилийн өмнө тун тааруухан нөхцөл байдал Ардчилсан намынхны хүрээлэлд бий болжээ. Чадамж бүхий ардчилсан үзэлтэй сонгогчдын гуравны нэг орчим нь АНУ-ын дэд ерөнхийлөгч асан өдгөө 76 настай Жо Байденыг дэмжиж байгаа боловч түүний кампанит ажилд зориулан хөрөнгө мөнгө цуглуулах ажил үндсэндээ царцчихсан, одоо түүний гар дээр ердөө 9 орчим сая доллар л байгаа ажээ. Энэ баримт, мөн түүнээс гадна Огайод болсон нийт үндэсний хэмжээний телевизийн сүүлчийн мэтгэлцээнүүд дээр санаа бодлоо илэрхийлэхдээ тэр ярианыхаа дундуур гацаж, бусдын сэтгэлийг татахаар хурц тод үг хэлж чадаагүй явдал намын удирдлагуудын санааг илт зовоох болсон байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх асан Дэвид Аксельродын зүйрлэснээр “Трампын гэрэл дохио урд талд анивалзаж байгаа үед найдаж байсан морины маань хөл доголж, барианд орж чадах болов уу хэмээн сэтгэл зовоож байгаа” ажээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн хувьд чухал ач холбогдолтой Айова муж улсад ирэх оны хоёрдугаар 3-нд намын үндэсний их хуралд оролцох төлөөлөгчдийг нэр дэвшүүлэн сонгох намын идэвхтнүүдийн анхны хурлууд болох бөгөөд
The New York Times сонин болон Сиенна коллежийн судалгааны алба хамтран явуулсан сүүлчийн санал асуулгаар Байдены өмнүүр Массачусетс муж улсаас сонгогдсон 70 настай сенатч Элизабет Уоррен 22 хувийн дэмжлэгтэй, Вермонтогоос сонгогдсон 78 настай сенатч Берни Сандерс 19 хувийн дэмжлэгтэй, Саут-Бенд хотын (Индиана муж улс) захирагч 37 настай Пит Буттежажа 18 хувийн дэмжлэгтэй тус тус оржээ. Санал асуулгад оролцогчдын 17 хувь нь Байденыг дэмжжээ. Айовагийн дараа хоёрдугаар сарын 11-нд Нью-Хэмпшир муж улсад дараагийн арга хэмжээ болох бөгөөд сүүлчийн санал асуулгаар Байден Сандерс, Уоррен нарын ард 15 хувийн дэмжлэг авсан байна. Энэ муж улсад Байден ардчилсан сонгогчдын 10 хувийн дэмжлэгтэй араасаа нэхэж яваа Пит Буттежажаг байн байн эргэж харах хэрэг гарах нь.
The New York Times сонины гэрчилж байгаагаар ардчилсан намынхны эгнээг бэхжүүлэх Жо Байдены ур чадвар асуудалд орсон нөхцөлд намын лидерүүд нь “Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөгч нь эргэлзээ төрүүлж байгаа болохоор эцсийн мөчид гарцаагүй ялалт авчирч чадахуйц авралын цагаан баатар гарч ирэхийг тэсч ядан хүлээх болов”. Энэ чиг үүргийг биелүүлж чадах хүний тоонд улс төрийн хуучцуул болох Нью-Йоркийн захирагч асан Майкл Блүүмберг, урьд нь Цагаан ордны төлөөх тэмцэлд оролцож явсан Массачусетс муж улсын амбан захирагч асан Девал Патрик, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, хууль зүйн сайд, ерөнхий прокурор асан Эрик Холдер, тэр ч бүү хэл 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампад ялагдсан Хиллари Клинтон нарын нэрийг дурдаж байна. The New York Times сонин Хиллари Клинтон, Майкл Блумберг нарын ойрын хүмүүсийг эш татан онцлохдоо “нэрээ дэвшүүлэх асуудлыг авч үзэх боломжтой цорын ганц хувилбарыг тэд Жо Байден өрсөлдөөнөөс гарах, эсвэл түүний байр суурь эрс муудах явдал” гэжээ.
Битүү морь
“Өрсөлдөгчдийн жагсаалт”-ын доод хэсэгт байгаа Ардчилсан намаас нэр дэвшигчдийн зүгээс гэнэтийн бэлэг (сюрприз) барихыг сонгуулийн өмнөх өнөөгийн кампанит ажил үгүйсгэхгүй байна. Тухайлбал, нийтэд танигдсан байдлын төвшний үзүүлэлт нь ойролцоогоор 3 орчим хувьтай, хэн ч танихгүй, 44 настай бизнес эрхлэгч Эндрю Янг гэгч хүн хэдэн сарын өмнөөс эдийн засгийг тогтворжуулахын тулд насанд хүрсэн америк хүн бүрт нэг мянган долларын нөхөн олговорыг сар бүр олгож байх тухай ер бусын санаачилга дэвшүүлж, нийт үндэсний хэмжээний телевизийн мэтгэлцээнд оролцох сонгон шалгаруулалтын босгыг дөрвөн удаа давж гарсан явдалд Elections Central интернет портал анхаарал хандуулжээ. Business Insider хэвлэлийн газраас явуулсан санал асуулгаар Янг одоо Байден, Уоррен, Сандерс нарт санал өгөхгүй чадамж бүхий ардчилсан намын сонгогчдын дунд илүү олон хүний дэмжлэг авч байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан либерал сенатч Берни Сандерсын талыг баримтлагчдаас тодорхой хэсгийг Янг өөртөө татах боломжийг Politico сонин үгүйсгээгүй бөгөөд улмаар тус сонины үнэлгээгээр тэрээр цаашдаа сонгуулийн өмнөх сунгаанд оролцож байгаа өнөөгийн лидерүүдийн алиных нь ч хувьд “дэд ерөнхийлөгчид тохирох хамгийн боломжтой” хүн юм байна.
Айовад болох хурал эхлэхэд 13 долоо хоног үлджээ
АНУ-д сонгуулийн өмнөх кампанит ажлын гараа 13 долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 3-нд Айова муж улсад ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хувьд эхлээд орон нутгийн, дараа нь муж улсын намын бага хурал, тэгээд үндэсний хэмжээний их хуралд төлөөлөгч сонгох намын идэвхтний хурал болох өдөр эхлэх юм. Хоёрдугаар сарын 11-нд Нью-Хэмпшир муж улсад намын их хурлын төлөөлөгчдийг шууд сонгодогоороо сонгуулийн өмнөх намын хурлаас ялгардаг анхан шатны сонгууль явагдана. Анхан шатны сонгуулиас намын идэвхний хурлын ялгардаг өөр бас нэгэн онцлог бол идэвхтний хурлыг намын анхан шатны салбарууд зохион байгуулдаг бол дараагийнхыг зарим муж улсын сонгуулийн комисс нь зохион байгуулдаг ажээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд Дональд Трамптай өрсөлдөгчийн нэр 2020 оны зургадугаар сарын 13-16-нд Милуокид (Вискинсон муж улс) болох Ардчилсан намын их хурлаас тодорно. Бүгд найрамдахчууд их хурлаа 2020 оны наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Шарлотт (Умард Каролин муж улс) хотод хийнэ.
Намуудын их хурлаас Ардчилсан болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн нэрийг зарласны дараа тэд нийт үндэсний хэмжээнд телевизийн мэтгэлцээнд нүүр нүүрээ харан оролцох шаардлага гарна. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд Индиана муж улс дахь Нотр-Дам их сургуульд, хоёр дахь нь аравдугаар сарын 15-нд Мичиган муж улсын их сургуульд, гурав дахь нь Теннеси муж улсын Белмонт их сургуульд тус тус болно. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн телевизийн мэтгэлцээнийг аравдугаар сарын 7-нд Юта муж улсын Солт-Лейк Сити их сургуульд зохион байгуулна.
Ерөнхийлөгчийн албан тушаалын сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270 гишүүний дэмжсэн санал авах ёстой. Тэдгээрийн тоо нь тухайн муж улсаас сонгогдох төлөөлөгчдийн болон сенатын танхимын гишүүний тоотой ижил тэнцүү байх бөгөөд Холбооны Колумб тойргоос коллегийн бүрэлдэхүүнд гурван гишүүн орно. Ерөнхийлөгчийн албан тушаалд олонхын санал авсан нэр дэвшигч тухайн муж улсын нийт сонгогчдын (коллегийн гишүүдийн) саналыг өөртөө авдаг дүрэм Небраски болон Мэна муж улсаас бусад бүх муж улсад үйлчилдэг. Мэна болон Небраски муж улсад нэр дэвшигчид сонгогчдын (коллегийн гишүүдийн) саналыг хувааж болно. 1937 оноос хойш тогтсон уламжлал ёсоор АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны үд дунд болно.
Эх сурвалж: www.polit.mn