
Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ сарын 26-нд тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Аж үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан, Монгол Улсын мастер оёдолчин, үндэсний хувцас үйлдвэрлэгч “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяаг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Танд Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөнгөн үйлдвэрийн салбарт 30 гаруй жил зүтгэж, үндэсний хувцсаар эх орноо дэлхийд сурталчлах алхам анх хаанаас хэрхэн эхлэв?
-Баярлалаа. Би 1982 онд Хөнгөн үйлдвэрийн салбарын харъяа Нийтийн ахуй үйлчилгээний сургуулийг захиалга хувцасны чиглэлээр төгсч, мэргэжлээрээ ажилласан.
Тэр үед ахуйн үйлчилгээний байгууллагууд нийтэд хандсан үйлдвэрлэл эрхэлдэг байлаа. Тэнд хүүхдийн дээлнээс эхлээд том хүний хөвөнтэй өмд, хүрэм оёж ажлын гараагаа эхэлсэн. 4-5 жилийн дараа оёдлын мастер, Аж үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан болж, захиалгат хувцасны чиглэлээр ажилласан. 1990 онд зах зээлийн шуурганд олон үйлдвэр хаалгаа барихад үйлдвэр маань тарж, ажилчдын олонх нь хувьд гарсан. Энэ үеэс хувиараа хавар, намрын пальто захиалгаар үйлдвэрлэж ирсэн. 2000 онд “Ур Ундрах” компаниа байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй ч хоёул, гурвуулаа нийлээд хүүхдийн хувцасны захиалга авч оёдог байлаа. Ер нь хөнгөн үйлдвэрлэлийн бүхий л салбарт юу оёдог вэ, бүгдийг нь хийж , гутлаас бусдыг нь үйлдвэрлэсэн. Одоо бол бид гутал үйлдвэрлэдэг болсон. Монгол үндэсний хувцсаа иж бүрнээр нь үйлдвэрлэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын нэлээд хэдэн үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Мөн гадаад, дотоодын олон хүнд үйлчилгээгээ хүргэж байна.
-Үндэсний хувцасны эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэл хэрхэн уялдаж байна?
- Бид мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, хамтын хамжаар гэсэн 4-5 төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүн маань хүмүүсийн талархалыг хүлээж, эрэлт сайтай байгаад урамтай байна. Манай хамт олон 2006 онд БНСУ-ын Сөүлд болсон олон улсын үзэсгэлэнгээс “Миний Монгол” загвараар мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтыг маань Засгийн газар анхаарч “Алтан гадас” одонгоор шагнасан. Мөн бид төсөл бичиж жижиг дунд үйлдвэрлэл дэмжих зээлээс тодорхой хэмжээгээр авсан юм. Түүнээсээ үйлчилгээ явуулах байраа барьж, мөн ажлын байр нэмэгдүүлж, эргэлтийн хөрөнгөтэй болж, үйлчилгээгээ өргөжүүлсэн. Ингэснээр манайх малгай, гутал, дээл, хүрэм хантааз гээд үндэсний хувцсаа иж бүрэн үйлдвэрлэх боломжтой болсон юм. Манай улсад сүүлийн 2-3 жилд жижиг дунд үйлдвэрлэл эрчимжиж байна. Монголчууд аливаад авьяаслаг, бүтээлч ард түмэн. Тиймээс гарын ур дүйтэй олон хүн үйлдвэрлэл хөгжүүлж, өөр өөрсдийн чадах зүйлийг хийж байна. Гэхдээ баяр болохоор үндэсний хувцас эрэлттэй, бүтээгдэхүүний гүйлгээ нэмэгддэг. Энэ нь цагаан сар, улсын баяр наадам, намрын найр хуримын үед хамаарч байгаа юм. Бусад үед эрэлт багатай, гүйлгээ ч удаан байдаг.
-Монголчууд дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдардаг. Мөн монгол цустай, гарал, угсаагаараа бахархдаг олон ястан, үндэстэн бий. Тэдэнд хандсан зах зээлийг судалж үзэв үү?
-Саяхан би БНХАУ-ын Хөх хот руу яваад ирлээ. Манай бүтээгдэхүүнийг Хөх хотод маш их сонирхож байна. Би хил гаалиар бүтээгдэхүүнээ гаргаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Өнөөдөр ҮХААЯ, Засгийн газраас зах зээл олж өгөх, ижил төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулахад хяналт тавих, иргэдээ ажилтай, орлоготой байлгахыг дэмжиж байгаа бол Монгол брэндийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг өмсч явааг харахад сайхан байдаг. Түүнийгээ бид “Ур Ундрах” компанийн брэнд гэж боддог. Монгол хүн Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдэлж хэрэглэж байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа том хөрөнгө оруулалт юм.
-Ингэхэд бусад улс орон үндэсний хувцас, түүнийг үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчдээ хэр дэмждэг юм бол?
-Би өнгөрсөн сард Энэтхэг улсыг зорьж, Далай ламд бараалхаад ирсэн. Тэнд явж байхад энэтхэг хүн үндэсний хувцас саригаа өмсөх ёстой гэсэн зарчим үйлчилдэг юм билээ. Тэр байтугай Европт үйлдвэрлэсэн хувцсыг олноор оруулж ирж өмсөхийг хязгаарласан журмыг 1975 онд гаргасан байдаг юм байна. Түүгээрээ бусдаас ялгарах өнгө төрх, үндэсний үйлдвэрлэл, уламжлалт ёс заншлаа дээдлэхийг нэг ёсондоо хуульчилж өгсөн байх жишээтэй. Түүнээс жишээ авч бодоход, монгол үнээнээс саасан сүүг монгол хүн хэрэглэх нь эрүүл мэнд, цаг уур, экологи, ёс заншил, уламжлал гээд бүх зүйлд нь тохирч байгаа учраас хоорондоо шүтэн барилдлагатай байгааг харж болно. Энэ ч үүднээс бид монгол хүний ур ухаанаар бүтсэн, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нь зүйтэй. Энэ бүхнийг би биеэрээ мэдэрсэн учраас ярьж байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, саяхан бид үйлдвэрийн элдүүртэй нэхийгээр дээл хийлээ. Гэтэл хүзүүний хэсгүүд нь үлдсэн. Тэглээ гээд хаяж чадахгүй байна. Учир нь монголчууд шинэ хүүхэд төрөхөд хөлийг нь хонины хүзүүний арьсаар ороож өлгийддөг. Тэр нь цусны эргэлтийг сайжруулж, хүүхдийн хөлийг дулаан байлгадаг байсан. Монгол үндэсний зүйл монгол хүндээ тохирдог. Өнөөдөр тийм юм байхгүйгээс хүүхэд дороосоо даарч, ханиад томууд өртөх нь элбэг байна. Хүн төрөхдөө хүнстэйгээ, хувцастайгаа ирдэг гэж монголчууд ярьдаг. Тэгвэл монгол хүүхэд мэндэлсэн бол монгол дээлээ өмсөх хэрэгтэй. Монгол үндэсний хувцасны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, онцлог гэж бий. Европ хувцсыг сонирхож өмсч бололгүй яахав. Гэхдээ үндсэн хэрэгцээндээ монгол хувцсаа өмсөх нь чухал юм.
-Тэгэхээр төрөөс энэ чиглэлд ямар бодлого баримтлаасай гэж та бүхэн хүсч байна вэ?
-Монгол хүний хийсэн үндэсний хувцсаа өмсч эдлэхгүй бол бид өнөөдөр хий юм үйлдвэрлэж орхиод, зарим газар бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байх шиг байна. Манай хувьд цагаан сарын баяраар бүтээгдэхүүнийхээ ихэнхийг борлуулсан. Цаашид дотоодын үйлдвэрлэгчдээ зах зээлээс хамгаалах, 50-аас дээш насны хүнийг ажлын байраар хангаж, ажилтай, орлоготой байлгахад төрөөс анхаармаар байна. Би хувьдаа хүн 40 нас хүрээд юм сурдаг юм биш үү гэж боддог. 50 гаруй насныхан тэтгэвэртээ гарсан ч ажил хийх хүсэлтэй байдаг. Ажлын байр нь олддоггүй. Гэтэл манайд 50 гаруй насныхан арьс шүүлээд элдэж байна, дээл хавж, гутлын ул нааж, зээгт наамал хийж байна. Монголчууд бурхдын дээлийг зээгт наамалтай хийж байсан бол орчин үед дээл хувцсаа зээгт наамал оролцуулан чимэглэж хийж байна. Энэ нь маш гоё харагддаг. Тэгэхээр та бүхний нүдэн дээр ил байгаа байх гэж найдаж байна. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, бид монгол хүнийхээ гараар бүтсэн бүтээгдэхүүн, дээл хувцсыг өмсч эдлэхгүй, дандаа импортын бараанд шүтээд байвал дотоодын барааны эргэлт буурч байна. Тэр нь монгол хүний амьжиргааны төвшинд нөлөөлдөг. Мөн үндэсний хувцасны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг бодож үзүүштэй гэдгийг хэлэх байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад аж үйлдвэр үүсч хөгжсөн ч дунд нь 10 гаруй жил тасалдсан. Гэхдээ улсын үйлдвэрүүд тасалдсан, хувийн хэвшлүүд ямар нэгэн хэмжээгээр явж ирсэн. Сүүлийн хэдэн жилд хөгжлийнхөө голдрил руу явж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчид оймс гутлаас эхлээд чадах бүхнээ үйлдвэрлэж байгаа. Үүнийг дэмжиж, энэ салбарт ажиллагчдынхаа урмыг сэргээж байх юм бол Монгол Улс хөгжинө. Түүнээс тэтгэлгийн хэдэн төгрөг харуулчихаад ажилтай болгоно гэж яриад суугаад байвал үр дүнд хүрэхгүй.
-Таны ярианаас үндсэрхэг биш, гэхдээ үндэсний үзлийг илүүтэй мэдэрч байна. Энэ тухайд та монголчууддаа хандаж юу хэлэх бол?
-Үндэсний үзэл байж л үндэстэн оршин тогтноно шүү дээ. Түүнийг байлгахын тулд зүгээр ярих бус биеэрээ үзүүлэх ёстой. Түүний тулд монгол хувцсаа өмсч байгаасай. Монгол эзэнтэй хоолны газар хоол идэж, монгол үнээний сүүгээр цайгаа сүлдэг байгаасай. Өнөөдөр хөдөө сумдад урд хөршөөс ямаан мотоцикль үй олноор нь оруулж ирж, малаа мориор биш машин, мотоциклиор туух нь энгийн үзэгдэл болсон. Тэгэхээр бүгд монгол бүтээгдхүүнээ хэрэглэе, хөрсөн дээрээ бууя гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол бид хаана хаанаа хөөрчихөөд байна шүү дээ. Хөрсөн дээрээ бууж байж Монгол Улс маань номоороо хөгжинө үү гэхээс биш өндөр шилэн барилгыг олноор нь барьж, метро тавьснаар нэг их хөгжчихгүй болов уу. Хамгийн гол нь үндэстэндээ авцалдсан зүйлийг хийвэл хүний сэтгэлд хүрч дэмжлэг олно гэж би боддог. Би 3-4 жилийн өмнө Турк улсад үндэсний дээлээ өмсөөд хурал цуглаанд оролцохоор очиж байлаа. Тэгэхэд тэнд маш сайхан хүлээж авч байсан. Гадагшаа явахаараа би монгол хувцасны гайхамшигийг мэдэрч ирдэг. Очсон газар болгонд гайхаж, шагшиж хүлээж авдаг юм.
-Хэдхэн хоногийн дааа Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр танд юу бодогддог вэ. Хүмүүст хандаж та юу хэлэхийг хүсч байна?
-Би өмнөх үеийнхний бий болгосон гутал, малгай, дээлний стандартыг өвлөж уламжилснаар өдий зэрэгтэй явж ирсэн. Улс орондоо гавьяа байгуулсан олон сайхан хүний гаргасан жимээр бид өнөөдөр өгсч яваа юм. Тиймээс хойч үеэ бэлдэх ёстой. Монгол үндэсний бүтээгдэхүүн, өөрсдийн брэндээ дэмжихгүй, хүн болгон гадаадын аль нэг брэнд хөөвөл Монгол Улсад ЖДҮ хөгжихгүй. Төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайд, Элчин сайд нар, татварын алба, орчуулагч нар, онгоцны үйлчлэгчид монгол хувцсаа түлхүү өмсөх шаардлагатай байна. Тэгж чадвал дотоодын үйлдвэрлэл хөгжиж, хөл дээрээ бат зогсч, дотоодын бараа бүтээгдэхүүн эргэлтэд орж, гадаадын валютын ханшийг буулгахаас биш зөвхөн нүүрсээ экспортолж, алтаа ухах нь өрөөсгөл гэдгийг манай ард түмэн ойлгох байх гэж бодож байна.
-Ингэхэд манай залуусын үндэсний хувцас хийж сурах хүсэл тэмүүлэл хэр байна. Мөн орчин, нөхцөл, төрөөс гаргаж буй шийдвэрүүд хэр уялдаж байх юм?
-Энэ талаар ярих юм цөөнгүй байна. Тухайлбал, би Монгол Улсын мастер оёдолчин гэдгээ хаана ч ам бардам хэлж чадна. Би мастер оёдолчин учраас малгайны стандартаас майхны стандартыг мэднэ. Тиймээс өөрт байгаагаа хойч үед өвлүүлье, ажлын байр нэмэгдүүлье гээд хэдэн хүн аваад ажил хийлгэе гэхэд нэгдүгээрт, манай залуус ажил хийх сэтгэлгээгүй болсон байна. Интернэт орчинд тухалж, компьютер ширтсэн шигээ амар хялбар амьдрах гэдэг болж. Юмыг их хөнгөн хийсвэр сэтгэж байна. Бидний амьдралын хэвшилд цагийн ажил хийнэ гэдэг бол утгагүй зүйл. Үүнийг би баттай хэлнэ. Монгол хүн хэн хийсэн юм бэ гэж асуудаг болохоос хэд хоног хийсэн юм бэ гэж асуудаггүй. Тийм учраас мэргэжилдээ эзэн байх, аливаад сэтгэлтэй хандах учиртай. Манайд улс орон болгоноос янз бүрийн бараа орж ирж байгаа. Үүнд хяналт тавих хэрэгтэй. Бид өөрсдийнхөө үйдвэрлэж чадах зүйлийг гаднаас авч яах юм бэ, дотоодын зах зээлээ эрсдэлээс хамгаалмаар байна шүү дээ. Гэтэл жилийн жилд ам.доллар, юанийн ханш өсч, манайхан импортыг шүтээд байх юм. Үйлдвэрлэгчдийн хувьд ч хүндрэл их байна. Энэ талаар Засгийн газар их зүйл хиймээр байна.
-Энэ дашрамд сонирхоход танай брэнд бүтээгдэхүүн болсон Монгол гэсэн босоо бичиг бүхий дээл хэр эрэлттэй байгаа вэ?
-Захиалга маш их байна. Байнгын үйлчлүүлэгч олонтой болсон. Монголчуудын үндэсний бахархал ихээхэн сэргэж байна. Монгол гэсэн босоо бичгийг дээлэн дээр сувд шигтгэж гараар урладаг юм шүү дээ. Тэр дээлийг Өвөрмонголоос хүмүүс ирж захиалдаг болсон. Энэ миний хувьд бахархал. Босоо бичгээрээ бахархах бахархал юм даа.
-Энэ санааг та яаж олсон бэ?
-Анх Болор цом”-ын наадамд очиж тэргүүн найрагчийг дээлээр мялааж байхдаа бодсон юм. “Үсэг минь босоо болохоор хийморь минь босоо байдаг” гэж сайхан үг байдаг даа. Тэндээс үүдэж, босоо бичигтэй дээл хийе гэж сэдсэн. Түүнээс хойш манай үйлдвэрийн брэнд болж 2006 оноос өнөө хүртэл эрэлттэй байна. Олон улсын уралдаанд тэр л дээлээрээ бид мөнгөн медаль хүртэж, сүүлд хоёр ч тусгай байрын шагнал хүртсэндээ баяртай байдаг юм.