Дмитрий Трапезниковын томилгоог эсэргүүцсэн жагсаал Элстэйд болсон байна.
Д.ЭНХЭЭ
Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн тэргүүний үүргийг өмнө нь түр гүйцэтгэж асан Дмитрий Трапезниковыг хотын захирагчийн албан тушаалд томилохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Элстэй хотод болсон билээ. Халимаг дахь эсэргүүцлийн жагсаал цуглааны талаар аравдугаар сарын 2-нд svoboda.org сайтад нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.
*** *** ***
Донбассын салан тусгаарлагч лидерүүдийн нэгийг хотын захирагчийн албан тушаалд томилохыг эсэргүүцсэн идэвхтнүүд арга хэмжээ явуулах зөвшөөрөл хүсэх өргөдлөө саяхан өргөн барьсан бөгөөд эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. “Аравдугаар сарын 1-нээс өмнө Трапезниковыг албан тушаалаас буулгахыг шаардсан. Биднийг сонсож хүлээж аваагүй” хэмээн цуглаанд оролцогчдын нэг Бадма Бюричев тайлбарлажээ.
Элстэйд болсон эсэргүүцлийн цуглаан
Элстэй хотын хурал есдүгээр сарын 26-нд хотын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Дмитрий Трапезниковыг баталжээ. Томилогдсон цаг мөчөөс л олон нийтийн жагсаал цуглаан эхэлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ялалтын талбайд болсон ардын цуглаанд 500 орчим хүн иржээ. Хүмүүс энэхүү арга хэмжээгээ янз бүрийн зурагт хуудас, сурталчилгааны самбар, дуу чимээ өсгөдөг аппаратгүйгээр явуулсан бөгөөд, талбай дээр “Энэ бол бидний хот” гэсэн самбар босгосон байв. Цуглаанд оролцогчдод цагдаагийнхан саад болоогүй. Өөрийгөө “ДБУ” хэмээн тунхагласан улсын лидер асныг хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг хүмүүс яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар болон хууль эрхийг хамгаалагч, ойрд-халимагийн ард түмний их хурлын идэвхтэн Валерий Бадмаев ийнхүү тайлбарлаж байна:
– Донецкийн бүгд найрамдах улс /ДБУ гэж юу болох, тэнд хэн, юуг удирдаж, юу эрхэлж байсныг манайхан бүгд маш сайн мэднэ. Эдгээр хүмүүсийг бид гэмт хэрэгтнүүд гэж үздэг. Манай залуучууд ч бас түргэдсэн бололтой. Энэ томилолтыг Бату Хасиков өөртөө үүрч “Энэ бол миний танил, би түүнийг сайн мэднэ. Бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ” гэж байна. Мэдээж, бид үүнд итгэхгүй байна, Трапезниковыг Кремлиэс түүнд тулгасан гэдэгт бид итгэлтэй байна. Магадгүй, энэ бол Сурковын хийж байгаа ажил, эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын хэн нэгнийх байх. Миний бодлоор ДБУ-ын хувьд бүрэн хэмжээгээр сүйрч, тэндээс бүгд л харх шиг ийш тийш гүйлдэж, тэр хархнуудыг одоо манай Орос улсад тараан байршуулах болж байна. Гэхдээ Халимагт харин энэ жүжиг огт тавигдахгүй! Ингушетэд болсон шиг зүйл мэдээж манайд болохгүй, хүмүүс үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол эсэргүүцлийн арга хэмжээнд оролцохгүй. Одоо эсэргүүцлийн арга хэмжээнд улс төрийн хувьд бэлтгэгдсэн болон ахимаг насны хүмүүс л оролцож байна.
-Трапезниковын томилгооны эсрэг арга хэмжээнээс өөр ямар нэг зүйл та нар хийж байгаа юу?
-Бид ерөнхий прокурор, Халимаг улсын прокурор, Бату Хасиковт өөрт нь, мөн Элстэй хотын хурлын шинээр сонгогдсон дарга Николай Орзаев нарт өргөдөл бичсэн. Энэхүү өргөдөлдөө бид холбооны болон бүгд найрамдах улсын ямар ямар хуулийг зөрчиж байгааг маш тодорхой заасан. Хамгийн гол нь Элстэй хотын дүрэм зөрчигдсөн. Бүгд найрамдах улсыг удирдах гэж байгаа хүмүүсийн төвшин ямар байгааг та нар төсөөлөхгүй байх. Манайд улсын болон орон нутгийн өмч тусгаар байдгийг хүртэл ядахдаа тэд мэддэггүй, бүгд найрамдах улсын тэргүүн хүн үүрэг гүйцэтгэгчийн ч ялгаагүй албан тушаалд өөрийнхөө хүнийг томилуулахаар хотын хуралд ирж санал болгох эрхгүй гэдгийг мэддэггүй. Гэхдээ Бату Хасиков өөрөө үүнийг хийсэн, энэ бол өөрөө маш бүдүүлэг зөрчил. Тийм учраас Трапезниковын санал хураалт хууль бус. Одоо бид хотын шүүхэд хандах бэлтгэл хийж байна, хотын хурлын тогтоолыг өөрчлүүлэхийн төлөө тэмцэнэ. Залуучууд флешмоб явуулж, интернетээр болон сонин хэвлэлээр энэ бүх овог омгийг илчлэхээр бэлтгэж байна. Бату Хасиков ирсэн, ирэхдээ “варягуудаа” дагуулж ирсэн, бүх хамаатан саднаа ажилд оруулсан. Манай хот жижигхэн, манай бүгд найрамдах улс ч жижигхэн, тийм болохоор энэ бүхэн бүгд нүдний өмнө илхэн байна. Өчигдрийн хэн ч биш байсан, огт таарч тохирохгүй хүмүүс Бату Хасиковын ойрын хамаатнууд учраас өнөөдөр албан тушаалд очиж байна хэмээн Валерий Бадмаев өгүүлэв.
Бату Хасиков нь ДХЯ (Дотоод хэргийн яам)-ны ажилтан байсан, кикбоксын тамирчин, Холбооны Зөвлөлд Халимаг улсыг 2012-2014 онд төлөөлсөн, энэ оны гуравдугаар сараас Халимагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тун саяхан есдүгээр сарын 21-нд энэ албан тушаалд батлагдсан. Трапезниковыг санал хураалгахаар нэр дэвшүүлсэн хүн үнэхээр Хасиков өөрөө. Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгсэл энэхүү томилгооны ард Владимир Путины зөвлөх, хүлээн зөвшөөрөгдөөгүй Донбассын бүгд найрамдах улсуудад” болж байгаа үйл явдлыг зохицуулдаг хүн хэмээн тооцогддог Владислав Сурковыг байгаа гэж үздэг. Трапезниковыг томилсонтой холбогдуулан “Манай Донецкийн боловсон хүчнийг хүлээж авч байгаад баярлаж, бахархаж байна” хэмээн Сурков албан ёсны баяр хүргэсэн илгээлтдээ бичжээ.
Дмитрий Трапезников гэж хэн бэ?
Дмитрий Трапезниковын намтар цагаан толбоор дүүрэн. Түүнийг Краснодарт төрснийх нь дараа нэг настайд нь эцэг эх нь Донецкт авчирсан гэдэг. Гэхдээ тэр ямар сургуульд суралцаж дүүргэсэн, Донецкийн удирдлагын улсын их сургуулийг 2005 онд төгссөнөөс хойш Донецкийн Петровын дүүргийн зөвлөлд алба хашихаар орох хүртэлх таван жилийн хугацаанд яг хаана, юу хийж байсан зэрэг нь тодорхойгүй. Элстэй хотын захирагчийн сайтад нийтлэгдсэн албан ёсны намтраас эдгээр асуултад хариу олох боломжгүй. Энд хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн Александр Захарченкогийн туслахаас эхлэн ерөнхий командлагч хүртэлх Трапезниковын хашиж байсан олон албан тушаалыг тоочиж дурдсан байдаг. Сүүлийн албан тушаал нь 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд ердөө долоохон хоног Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсонтой нь холбоотой. Трапезниковыг дөнгөж томилогдмогц Донецк дахь Эрх чөлөө радиогийн сурвалжлагч түүнийг 2000-аад оны эхээр Шахтёр клубын хөгжөөн дэмжигчдийн клубын зохион байгуулагчаар ажиллаж байгаад хөрөнгө мөнгө өөртөө завшсаны улмаас энэ албан тушаалыг орхисон хэмээн бичжээ.
Иргэний “албан тушаал” хашиж байхдаа ч албан ёсны арга хэмжээнүүдэд Трапезников амь үрэгдсэн хамтран зүтгэгч Александр Захарченкогийн нэг адил цэргийн дүрэмт хувцастай оролцдог байв. Гэхдээ түүнээс ялгаатай нь тэрээр тэргүүн шугамд огт байлдаж байгаагүй, цэргийн анхан шатны бэлтгэлийг байлдааны идэвхтэй үйл ажиллагааны үе шат дууссаны дараа 2018 онд Донецкт, Зэвсэгт хүчний Донецкийн ерөнхий цэргийн командын дээд сургууль (Донецкийн бүгд найрамдах улсад энэ сургуулийг 1995 онд татан буугдсан Украины Донецк дахь инженерийн болон холбооны цэргийн дээд сургуулийн залгамжлагч гэж үздэг. Энэ хичээлийн жилд шинээр элсэлт авахаа зогсоосон) дүүргэж хийжээ. Трапезников сургалтын бүрэн курсийг дүүргэсэн эсэх нь эргэлзээтэй. Сургалтын байгууллагын сайтад ирээдүйн цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үйл явц таван жил үргэлжлэнэ гэсэн бөгөөд уг сургуулийг 2016 оны тавдугаар сарын 6-нд үүсгэн байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч Трапезниковт хурандаа цол олгожээ.
Албан ёсны намтраас харвал Дмитрий Трапезников Донбасст байлдааны ажиллагаа явагдаж байсан бүхий л хугацааны туршид үргэлжлүүлэн суралцсан байдаг. 2017 онд тэр Донецкийн төрийн албаны болон удирдлагын академи, мөн Бербековын нэрэмжит Кабардино-Балкарын улсын их сургуулийг зэрэг төгсчээ. Гэхдээ ямар факультетад суралцаж, академик ямар цол хүртсэн талаар юу ч мэдээлээгүй байна.
Одоо нэгэнт орос түшмэл болсон энэ хүний нэр Александр Захарченког амь үрэгдсэний дараа нийтэд ил тод болсон. Татвар, хураамжийн сайд Александр Тимофеев тэр хоёр түүний хамгийн ойрын хамтран зүтгэгчид байсан. Тимофеевээс ялгаатай нь Захарченкогийн аминд хүрсэн “Сепар” кафед дэлбэрэлт болох үеэр түүний дэргэд Трапезников байгаагүй, харин Тимофеев битүү бэртэж, гартаа шарх авсан. Үүнийг Донецкийн бүгд найрамдах улсад сэжигтэй гэж үзсэн бөгөөд Захарченкогийн уулзалтын цагийн хуваарийг нарийн яв цав мэдэхгүйгээр кафе руу орох хаалганы дэргэд тэсрэх төхөөрөмжийг гар утасны тусламжтайгаар ажиллуулж салан тусгаарлагчдын гол лидерийн нэгийнх нь амийг хөнөөх ажиллагааг төлөвлөх боломжгүй байсан биз ээ. Трапезников Тимофеевын хамт Захарченкогийн шарил дээр бусдаас түрүүлэн ирж, түүний гэрээслэлийг биелүүлэх, Засгийн босоо удирдлага болон Бүгд найрамдах улсын ажлыг хэвээр хадгалахаа андгайлсан.
Энэ хугацаанд Украины аюулгүй байдлын алба Донецкийн бүгд найрамдах улсын бусад нэр бүхий төлөөлөгчтэй Трапезниковын утсаар ярьсан хэд хэдэн яриаг замаас нь барьж авч нийтэд ил болгожээ. Захарченкогийн оронд Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн болсон Денис Пушилинтэй хийсэн яриа хамгийн сонирхолтой нь байдаг. Тэр яриандаа Трапезников Захарченкогийн ойрын хамтран зүтгэгч Александр Казаковыг хүчний аргаар тусгаарлах, мөн Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүнийг амь үрэгдсэний дараа засгийн эрх мэдэл солигдохын өмнө Засгийн газрын даргын орлогч, Татвар, хураамжийн сайдын албан тушаал хашиж байсан Александр Тимофеевыг огцруулах санал гаргаж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Полит-Анализ: Элстэй хотынхон Донецкийн иргэнээр хотын захирагч хийлгэхийн эсрэг байна
2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин