Б.ДОЛЖИНЖАВ
Энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Содбилэгийг урилаа. Тэрээр “НепкоКидс” хэвлэлийн газраас санаачилсан “Улаанбаатарын өнгө” хүүхдийн ном туурвих анхдугаар уралдаанд “Бяцхан шүлгүүд” номоороо шилдгээр шалгарсан юм.
-Анхны номоо гаргасанд нь баяр хүргэе. Шүлгийн ном байсан. Өмнө нь шүлэг бичдэг байсан уу?
-Баярлалаа. Өмнө нь шүлэг бичиж байгаагүй. Уралдаандаа зориулж анх шүлэг зохиосон. Эхэндээ яаж бичихээ мэдэхгүй, энгийн яриа шиг бичээд хэцүү байсан. Харин ээж маань шүлэг бичихдээ сүүл, толгой холбох ёстой. Эхний мөр нь ийм үгээр эхэлсэн бол дараагийн мөрөө ижил үсэгтэй, ойролцоо утгатай үгээр эхлүүл гэж хэлж өгч, тусалсан. Ээж “Энэ уралдаанд шүлэг зохиож оролцоорой. Ялах нь чухал биш оролцох нь чухал” гэж надад хэлсэн. Миний шүлгүүд богино мөртэй шүлэгнүүдтэй болохоор “Бяцхан шүлэгнүүд” гэж нэрлэсэн.
-Номны зурагнуудыг маш гоё зурсан байсан. Чи өөрөө зурсан уу?
-Би таван настайгаасаа зурж эхэлсэн. Зургаан настайдаа анхны тэмцээндээ амжилттай оролцож бүр дуртай болсон. Ер нь цэцэрлэгт байхаасаа зургийн тэмцээнд оролцож, байр эзэлдэг байлаа. Нэгдүгээр ангидаа “Мицубиши” Азийн хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг наймт шалгарч Япон улсаас тусгай байрын шагнал хүртсэн нь анхны том шагнал маань юм. Энэ уралдаанд манай улсаас 1200 гаруй хүүхэд оролцсон гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл олон улсын болон Монголд зохион байгуулсан олон уралдаанд амжилттай оролцож байна. Зураг зурах дуртай учраас эх орныхоо нэрийг гаргасан алдартай зураач болохыг мөрөөддөг. Өвөө маань Монголын номын зураачдын том төлөөлөл болсон хүн байдаг. Тиймдээ ч номын уралдаанд оролцож, шагнал авсныг минь сонсоод надаас илүүгээр баярлаж, илүү их хичээгээрэй гэж урам хайрласан. Ээж бас зураач хүн.
-Зарим амжилтаасаа уншигчидтай хуваалцахгүй юу?
-Хамгийн сүүлд багш нарын баярыг угтан Япон, Монголын соёлын солилцооны хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдаанд I байр эзэлсэн. Мөн “Их Монголын хутагт хувилгаад” сангаас зохиосон “Эрүүл Монгол тархи” болон Хас банк, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Миний мөрөөдөл” зургийн уралдаанд түрүүлсэн. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монголын ирээдүй-Миний ирээдүй” уралдааны шилдэг бүтээл шагналыг авч, ерөнхийлөгчтэй уулзсандаа их баяртай байна. Бас “Би дугуйтай болмоор байгаа” зургийн уралдаанд III байр, “Daiso Mongolia”-аас зохион байгуулсан “Миний мөрөөдлийн дэлгүүр” зургийн уралдаанаас тусгай байр хүртсэн гээд нэлээд хэдэн амжилт гаргасан. Энэ зун хэд хэдэн олон улсын тэмцээнд бүтээлээ явуулсан. Хариугаа хүлээгээд догдлоод сууж байна даа.
-Зохиолч, зураач Э.Содбилэг гэсэн ном уншигчдын гарт очно. Сэтгэгдэл ямар байна?
-Миний ном 500 хувь хэвлэгдэнэ гэдэгт одоо ч итгэж чадахгүй байгаа. Шагнал авсан гэдгээ дараа нь мэдсэн. “Улаанбаатарын өнгө” номын наадамд нь очиж чадаагүй. Шилдэг оролцогчдоо шууд шалгаруулна гэж мэдээгүй байсан юм. Шагнал авсан хүүхдүүд рүүгээ урьдчилаад ярьчихсан байх гэж бодсон. Гэтэл дараа нь утсаар ярьж шилдгээр шалгарсныг дуулгахад маш их баярласан шүү. Уралдааныг зохион байгуулсан “Непко Кидс”-ийн хамт олондоо маш их баярлалаа. Ийм сайхан уралдаан зохиож, авьяасаа нээн илрүүлэхэд, өөрийн бүтээлээ олонд таниулахад тусалж буйд баяртай байна. Хэрэв энэ уралдаан зарлагдаагүй бол би шүлэг бичихгүй байсан шүү дээ. Одоо бичнэ дээ.
-Жудогоор хичээллэдэг гэж сонссон. Энэ оны улсын аваргаас хүрэл медаль авсан гэсэн үү?
-Нэгдүгээр ангиасаа жудогоор хичээллээд одоо ногоон бүстэй. Хичээллээд хоёр жил болж байгаа ч энэ оны жюү жицүгийн улсын аваргаас хүрэл медаль авсандаа баяртай байна. Жудогийн дугуйландаа явна, оюун ухааны академид суралцана, хичээлээ хийнэ, зургаа зурна гээд би ер нь их завгүй байдаг. Ямар нэг спортын төрлөөр багаасаа хичээллэнэ гэдэг эрүүл мэндэд их тустай гэж ээж хэлдэг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)