
Э.СОЛОНГО
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Атмор” компанийн гүйцэтгэх захирал Ө.Энхбилэг оролцлоо. Тэрээр “Атмор” компани гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд төрийн байгууллагатай хэрхэн хамтарч ажилласан, энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар асуудал, бэрхшээл тулгарч байгаа талаар яриа өрнүүллээ. Мөн Монгол яаж дэлхийд танигдсан брэндтэй болох талаар байр сууриа илэрхийлсэн юм.
-Танай компанийг хүмүүс утаагүй түлш үйлдвэрлэдэг гэдгээр нь илүү мэддэг. Харин сүүлийн үед гэр хорооллын айлуудыг халуун, хүйтэн ус, дулаанаар хангаж, бохирын асуудлыг нь шийдэж байгаа гэсэн?
-Утаагүй түлшний үйлдвэр манай компанийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн нэг. Ер нь манайх барилгын салбарт дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2003 онд гурван залуу нийлж компаниа “Монгол Дайвин” нэртэйгээр байгуулж байсан. Бидний зорилго Монголд дэлхийн дэвшилтэт технологиор төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй айл өрх, байгууллагад тулгамддаг бохирын асуудлыг шийдэж, халаалт, цэвэр усаар хангах байсан.
Бид эхний жилүүдэд айл өрхүүдийн асуудлыг шийддэг байсан бол яваандаа байгууллагуудад бохир, халаалт, халуун, хүйтэн усны систем нэвтрүүлдэг болсон. Одоо хотхон, хорооллоор нь эдгээр асуудлыг шийддэг болоод байна. Өнгөрсөн жилээс Барилга, хот байгуулалтын яамны санаачилга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн гучдугаар хороонд бидний нэрлэж заншсанаар нэгдүгээр хорооллын дэнжийн айлуудыг жишиг хороолол болгох ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 168 айл хаалт, бохир, халуун, хүйтэн усныхаа асуудлыг шийдүүлж, тэр хавьд тохижуулсан зам талбай, гэрэлтүүлэгтэй, орон сууцны айлуудаас дутахааргүй амьдрах орчинтой болох юм. Энэ төсөл 50 гаруй хувьтай явж байна. Дулаарахаар ажил үргэлжилнэ.
-Төрөөс гэр хорооллыг дахин төлөвлөхөөр томоохон зорилтыг эхлүүлээд байгаа. Энэ томоохон төслийг хэрэгжүүлэхэд хэр оновчтой, үр дүнтэй шийдлийг сонгосон юм бол. Гэр хорооллын айлуудыг орон сууцныхаас дутахааргүй болгох ажлыг төрөөс дэмжиж, гол ачааг нь та нар шиг хүмүүс үүрч яваа гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Жил ирэх бүрт өргөжин тэлж байгаа хотыг дахин төлөвлөх зайлшгүй шаардлага төрийн өмнө тулгарсан. Хотын дулаан, цэвэрлэх байгууламж, цэвэр усны хүчин чадал энэ олон хүний хэрэгцээний өмнө хүчин мөхөсдөж байна. Социализмийн үед барьсан цэвэрлэх байгууламж тэр үеийн 500 гаруй хүн амтай хотод зориулагдсан байдаг. Гэтэл одоо хот хоёр сая шахам хүнтэй болоод байна. Үнэхээр дахин төлөвлөж шийдэхээс өөр гарцгүй болсон. Ер нь манай хотын дэд бүтэц ганц системээс хамааралтай байдаг. Дулаанаа гэхэд ганц хоёр дулааны станцаар хангах жишээтэй. Хотынхоо дулаан, бохирын асуудал, усны хэрэгцээг манай улс нэгдсэн байдлаар шийддэг нь эндээс харагдаж байгаа юм. Харин бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи, аргаар хэсэгчлэн шийдэх боломж байгааг олж харсан. Боломжийг бид олон нийтэд харуулж, амьдралд нь хүргээд явж байна. Гэхдээ ажил бас бидний төлөвлөснөөр шулуун яваагүй. Төрийн байгууллагуудын олон шат дамжлагыг давах, гаднаас шинээр орж ирж байгаа бүтээгдэхүүнээ Монголын нийгэмд дасгах гээд бэрхшээл мундаагүй. Гэхдээ зах зээлд, хүний амьдралд хэрэгцээ байгаа учраас л компани өргөжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Манай компанийг энэ салбарт шинэ технологи оруулж ирдгийг хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ шинэ технологи болгон Монголд хэрэгтэй гэдэг нь бас эргэлзээтэй зүйл. Харин хот тэлж, хотын дулаан, усны хангамж хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа энэ тохиолдолд бидний онцлоод байгаа технологиуд зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Ганцхан зүйлээс, ганц эх үүсвэрээс хамааралтай хот маань тэр үетэй цуг уначихаад байна. Гэтэл баруунд, гадны хөгжилтэй орнуудад гэрийнхээ дулаан, ус, бохирын асуудлыг тэр айлын эзэд өөрсдөө шийдэж байна. Хотхон, хороолол, дүүргээрээ үүнийгээ шийдээд явж байна. Бид тэгтэл нэг л эх үүсвэрт хамаарагдаж, тэр нь доголдож эвдэрчихвэл даарч, усаар дутагдаад л сууж байдаг. Төр засаг маань ч гэсэн хуучны арга барил, сэтгэхүйгээсээ гарч чадахгүй байгаагаас болж энэ салбарт шинэ зүйл хийх, шинэ технологи нэвтрүүлэх хууль эрх зүйн орчин, стандарт байдаггүй. Төрийн албан тушаалтан ч гэсэн үүнээс гарахгүй байгаагаас болж шинэ технологи оруулж ирэхэд хүртэл бэрхшээлүүд тулгардаг. Оруулж ирээд Монголын хөрсөнд суулгахад мөн л төрөөс хамааралтай хүндрэлүүд тулгардаг. Гэтэл тэр технологи гадны орнуудад туршигдаад үр дүнтэй, илүү ашигтай гэдэг нь батлагдчихсан, ойлгомжтой тодорхой байхад манайд “Бидний мэдэхгүй. Хэрэглэж байгаагүй зүйл” гэдэг шалтгаанаар үгүйсгэдэг. Ер нь холбогдох шатны төрийн байгууллага, төрийн албан хаагчид үүний эсрэг л байдаг юм. Уг нь бол төрийн шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийдэх гарцыг хувийн хэвшлийнхэн олоод, хийе гээд байдаг. Холбогдох хуульд шинээр технологи оруулж ирэх тухай заалт байдаггүй. Эсрэгээрээ хуучин норм, стандартаа л баримтлана гэдэг хуулийн заалтаас болж энэ ажлыг хийх шат болгонд хүндрэл, бэрхшээл гардаг. Тухайлбал, манайх Септик гээд бохирын системийг Монголд оруулж ирэхийн тулд есөн жилийг зарцуулсан.
-Яагаад ингэж хугацаа алдсан юм?
-Ерөөсөө энэ технологийг Монголд хэрэглэх стандартыг гаргаж батлах үйл явцад манайх есөн жилийн хугацаа зарцуулчихаж байгаа юм. Гэтэл гадны орнууд үүнийг 200 гаруй жил ашиглаж, хэрэглэж байна. Бараг айл болгон хашаандаа 00 ухаж, барихдаа энэ системийг ашигладаг. Септик гэдэг бохирын системийг хэдэн мянган амины орон сууц, барилга байшин сүндэрлэсэн АНУ-д ашиглаж асуудлаа шийдээд болоод байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Ер нь манай төр шинэ технологийг дэмждэггүй хуулийн тогтолцоотой байгаад л учир байгаа юм.
-Төрийн бодлогоор хэрэгжиж байгаа томоохон төслийг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарч байгаа гэлээ. Бэрхшээлийг хэрхэн давж байна?
-Шинэ технологи оруулж ирлээ гэхэд салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, лаборатори, судалгааны газрууд, стандартын газар, сайд нарын мэргэжлийн зөвлөл гээд төрийн үй түмэн байгууллагаар улаа эргэтэл явах болдог. Гэтэл бидний хугацаа алдаад, байгууллага болгоны үүдэнд асуудал болоод байгаа зүйл дэлхийд аль хэдийнэ хөгжсөн зүйл байдаг. Норм стандартыг хангаагүй байна гээд ажил зогсоож байх жишээтэй. Ер нь ажлаа хийж явахад хууль зөрчиж байгаа юм шиг л байдаг. Гэтэл төр өөрөө технологийн дэвшилтэд хойрго ханддаг. Тэгсэн мөртлөө иргэддээ гэр орныхоо халаалт, бохир, усны асуудлыг шийдэх эрх үүрэг, боломжийг нь нээж өгдөггүй. Төр засаг, эрх барьж байгаа хүмүүс юу гэдэг вэ гэхээр “Та нар намайг сонгоод, зүгээр сууж бай. Иргэдийнхээ асуудлыг төр шийднэ. Та нарт удахгүй орон сууц барьж өгнө. Энэ сонгуулийн дараа шугам, сүлжээ татаж халаалт, халуун, хүйтэн усаар хангана” гэж хуурсаар байгаад ийм байдалд хүргэсэн. Сүүлдээ үүнийг улс төрийн намууд хүртэл амалдаг болсон. Гэтэл гадны орнуудад иргэддээ энэ асуудлыг шийдэх аргыг нь зааж өгчихөөд хийх ажлыг нь өөрсдөд нь даалгадаг. Тэдэнд амины орон сууц, байшингийнхаа халаалт, ус, бохирын ажлаа төрөөрөө хийлгэх сэтгэхүй, чадваргүй сэтгэлгээ байдаггүй. Тэднийг өөрсдийнхөө асуудлыг шийдэхэд төр нь тусладаггүй юм гэхэд саад болдоггүй юм билээ. Харин манайд өөрийнхөө асуудлыг өөр нэг арга технологиор шийдчихвэл “Чи огт хэрэглэж байгаагүй, стандартгүй зүйлээр юм хийлээ” гээд зогсоочихдог. Ер нь Монголын технологийн хөгжлийг төр зогсоочихоод байна. Эцэст нь үүнийг урагш нь явуулах гэж компаниуд хүчин чадлаасаа хэд дахин давсан ачаа үүрдэг. Гэхдээ бид цуцахгүй 10 гаруй жил явлаа. 160 гаруй айлыг дахин төлөвлөх “Шинэ хороолол” төслийг хэрэгжүүлэхэд төрөөс шалтгаалсан бэрхшээл гарч л байгаа. Төслийн ажлыг урагшлуулахад төр дэмжихээс гадна иргэд илүү санаачлагатай оролцсон. Иргэд хашааныхаа талбай, газраас зам, бохирын шугам татахад илүүчилэх зэргээр дэмжиж байсан. Хүмүүст амьдрах орчноо сайжруулах сонирхол их байгаа. Дахин төлөвлөлт хийхээс өмнө нэг айлын газрыг үл хөдлөх хөрөнгө үнэлэх газар 30 сая төгрөгөөр үнэлж байсан бол төсөл хэрэгжсэний дараа 100 сая төгрөгт хүрсэн.
-Тав тухтай амьдрах нөхцөлөө шийдүүлэх боломж хотынхонд түлхүү байгаа гэж байна. Харин орон нутаг, хөдөөгийнхөнд үүнийг хүргэх боломж хэр байна?
-Бид энэ чиглэлээр зөвхөн хотод үйл ажиллагаа явуулж байсан бол сүүлийн үед хүрээгээ тэлж орон нутагт хүрч ажиллаж байна. Үүнийг Орхон аймгаас эхлүүлсэн. Тус аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 200 айлын амины орон сууц барьж байна. “Эко хороолол” нэртэй энэ төслийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлж, бид барилга, зам талбай, гэрэлтүүлэг, орчны тохижилт зэрэг бусад ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байна. Ерөөсөө байгаль орчинд ямар нэг хор хөнөөл учруулдаггүй. Эсрэгээрээ байгальд сайн нөлөө үзүүлэх суурин газрыг бий болгохоор энэ хотхоныг барьж байгаа. Энэ хотхоныг барихдаа бид хог ангилан ялгаж цэвэрлэх, бохир ус зайлуулах системийг нэвтрүүлсэн. Бидэнд Зайсангийн аманд үнэтэй орон сууц барьж, уулын энгэр, модны хаяанд хаус бариад тэнгэрт тулсан үнээр баян хүмүүст зарах чадвар, хүчин чадал байгаа. Гэхдээ бидэнд ийм сонирхол алга. Үнэхээр бидний технологи, бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа тэр гэр хороолол, орон нутагт хүрч хүмүүсийн худалдаж авах чадварт нь нийцсэн бүтээгдэхүүн гаргая гэсэн бодлого барьж байгаа. “Эко хороолол”-ын амины орон сууцны ам.метр нь гэхэд 1.2 сая төгрөг. Сүхбаатар аймгийн сумдад барьж байгаа малчид, төрийн албан хаагчдын орон сууцны ам.метр нь 1.2 сая төгрөгөөр хүмүүст хүргэхээр төлөвлөсөн. Нэг талаараа орон нутагт энэ мэтчилэн төслүүд хэрэгжүүлснээр хүмүүсийн хот руу нүүх байдлыг багасгах эерэг тал бас ажиглагдсан.
-Танайх утаагүй түлшээ үйлдвэрлэж байгаа юу. Нэг хэсэг төрөөс иргэдэд утаагүй түлш хэрэглэхийг уриалж, ийм түлш үйлдвэрлэдэг компаниудтай хамтарч ажиллана гэж байсан?
-Утаагүй түлш төсөл зогсчихсон. Үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орсон шалтгаанаар энэ төсөл зогссон юм. Хүмүүст нэг шуудай утаагүй, үртсэн түлшнээс хоёр дахин хямд нүүрс авах нь ашигтай байсан. Төр хүмүүсийг утаагүй түлш хэрэглэхийг уриалсан мөртлөө удахгүй өөрсдөө зах зээлд маш хямд нүүрс нийлүүлж нүүрс хэрэглэхийг уриалж эхэлсэн. Өмнөх бодлогоо дараачийнхаараа үгүйсгэдэг төрийн сонин тогтолцооноос болж эхлүүлсэн ажлаа зогсоосон юм.
-Сүүлийн үед бизнесийн орчныг таатай болгоно. Бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж их ярьдаг болсон. Эрх барьж байгаа хүмүүсийн энэ яриа таны хийж байгаа ажилд хэр бууж, мэдрэгдэж байна?
-Би бодохдоо ажил хийж байгаа хүмүүсийг улсаас дэмжээд их мөнгө тараагаад байх шаардлагагүй. Төр тэдэнд саад болохгүй. Ажлаа хийх нөхцөл, боломжийг нь хангаад өгчихвөл бизнес болоод л байдаг.
- Монголын нийгэм, зах зээлд хандаж юм хийж, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хүний хувьд Монгол брэндийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоогоор Монголд дэлхийд танигдсан брэнд алга. Гэхдээ нэг үеийг бодоход брэнд бүтээх, үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Монгол брэнд дэлхийн зах зээлд гарах цаг ойрхон санагддаг. Төр дэмжлэг, мөнгөө брэндээ бүтээхдээ зарцуулах хэрэгтэй. Дэлхийд олон брэнд гаргах нь сонин биш. Ганц брэнд гаргахад л улсынхаа ДНБ-д тодорхой хэмжээгээр нөлөөлөөд эхэлж байгаа юм. Бид хамгийн энгийн, ойлгомжтой зүйлээс л брэндээ хаймаар байна. Тэрнээс биш уул уурхай гэдэг зүйл ярьснаар брэндтэй болчихгүй байх.