
Д.БОЛОР
МАН-ын гишүүн Т.Сайнжаргалтай ярилцлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр хүндэд нь халдсан хэмээн түүнйи эсрэг гомдол гаргаад байгаа юм.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг таныг нэр төрд нь халдсан хэмээн цагдаад гомдол гаргасан байдаг. Одоо хэрэг маргаан ямар шатандаа байна?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багцад суусан төсвийн хөрөнгийг Төсвийн хуулиас гадуур гэдгийг илчилсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр болон “Бумбардай” цуврал ном зэрэг төсөвт суугаагүй хоёр ажлыг 500 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн нь Төсвийн тухай болон Тендерийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар иргэн Б.Энхбаярын хамт өргөдөл гаргасан юм. Харин АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрийнх нь тайлбарлаж байсанчлан “Оюуны өмчөөр баталгаажсан ажилд тендер зарлах шаарлагагүй” гэх утга бүхий хариу ирүүлсэн. Гэтэл удалгүй Н.Алтанхуяг сайд “ЦЕГ-ын дарга Б.Билэгт танаа иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 111.2-т заасан гэмт хэрэгт шалгуулах хүсэлтэй байна” гээд өргөдөл гаргасан байдаг. Эрхэм сайд маань өөрөө буруутгах заалтыг нь заагаад хууль хяналтын байгууллагыг чиглүүлсэн байдалтай өгсөн нь тэр. Одоохондоо бид хоёр байцаагдаад л явж байна. Иргэнийхээ хувьд мэдэх, хардах эрхээ эдэлснийхээ төлөө яллагдагч болж байгаадаа харамсч байна. Иргэн хардах эрхээ эдэлсний төлөө албан тушаалтан түүнийг зүйл заалтаар зүйлчилж ял тохох гэж оролдож байгаа нь анхны тохиолдол. Энэ бол эмгэнэл. Өнөөдөр ямар нийгэмд амьдарч байна вэ. Ардчилсан нийгэм мөн үү. Иргэнийхээ эрхийг боомилж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хууль, цагдаагаар далайлган нухчин дарах гэж байгаа нь өөрөө эмгэнэл.
-Үүнээс харахад хардах эрхээ эдэлж чадахгүй болох мэт харагдаж байна уу?
-Өнөөдөр бид Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй хэн нэгэн албан тушаалтан төрийн дарамт шахалт, хууль хяналтын байгууллагаар иргэнээ айлган сүрдүүлсэн тийм л ардчилсан коммунист нийгэмд амьдарч байна. Одоогийн төр барьж буй эрхмүүдийн цээжээ дэлддэг ардчилсан нийгэм чинь үнэндээ дүр эсгэсэн ардчилал байна. Дүр эсгэсэн ардчилалд дүрээрээ байгаа ардын хүүхдүүд илүү ихээр хэлмэгдэж, хэлж ярьсныхаа төлөө буруутан болж хилс хэрэгт буруутгагдаж эрхээ хязгаарлуулах бололтой. Хардана гэдэг өөрөө гүтгэлэг, доромжлол биш. Бид ердөө ч Н.Алтанхуяг гэдэг субьектийн асуудал хөндөж тавиагүй. Зөвхөн баримтан дээр тулгуурлан хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгсөн юм.
-Ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөгийн зарцуулалт үнэхээр эргэлзээтэй юм уу. Эсвэл оргүй зүйл учраас Ерөнхий сайд гомдол мэдүүлээд байна уу?
-Хуулийн байгууллага энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэх ёстой. УИХ 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад 50 тэрбумыг хуваарилахдаа ямар ч задаргаагүйгээр олгосон. Харин сүүлд УИХ-аас нэгдүгээр улиралд багтаан Төсвийн байнгын хороо энэ задаргааг батлах ёстой гэж тогтоол гаргасан. Гэтэл Засгийн газар нэгдүгээр улиралд биш дөрөвдүгээр сард байнгын хороогоор оруулж ирүүлсэн. Энэ үед Үндсэн хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль зөрчсөн асуудал яригдаж байгаад 50 тэрбум төгрөгийг долоон ажилд зарцуулахаар тогтсон байдаг. Гол асуудал нь Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөг Төсвийн байнгын хорооны тогтоолоор батлагдсан ажлуудад зарцуулагдаагүй. Ер нь Тендерийн тухай хуулиараа 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, 80 сая төгрөгөөс дээш өртэгтэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт явуулаагүй. Тэр ч бүү хэл, багцад суугаагүй хоёр ажлыг санхүүжүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг баримтад тулгуурлан шалгуулахыг хүссэн нь өнөөдөр буруутан болох эхлэл болж байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань “Шилэн тендер” гэдэг зүйлийг маш их ярьж байгаа. Тэгвэл шил тунгалаг, нэвт харагддаг зүйл. Эндээс юу харагдаад байна гэхээр хэлсэн ярьснаасаа үйлдэл нь зөрөөд байгааг тодоос тод харагдаж байгаа юм. Ард түмнийг ой санамжгүй мэтээр аашиллаа. Өнөөдөр шатахуун 20 биш 40 төгрөгөөр нэмэгдчихээд байхад иргэн Б.Энхбаяр бид хоёртой хэрүүл хийж байдаг яасан завтай Ерөнхий сайд вэ. Улс оронд тулгамдсан асуудлууд зөндөө их байна. Ард иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед ажлаа хийгээч гэж хэлмээр байна.
-Ерөнхий сайдын хууль бус үйл ажиллагааг гэрчлэх өөр баримт бий гэсэн үү?
-Хүн битгий хэл хана хүртэл чихтэй гэдэг. Байж болно.
-Нуулгүй асуухад та хоёр том хүнээр оролдож олон нийтэд танигдах гээд байгаа юм биш биз?
-Хардах эрх гэдэг утгаараа тэгж бодож болно. Хамгийн гол нь танигдаж ардын баатар болох гэсэн юм алга. Иргэн Т.Сайнжаргал “Миний төлсөн татварыг юунд зарцуулж байна. Надаас гадна олон мянган татвар төлөгч бий. Тэдний татвар юу болж байна” гээд баримттайгаар ярихаар нь барын бамбарыг бага дээр нь гэдэг шиг нухчин дарах гэсэн оролдлого байгаа юм.
-Мэдээж та хоёр Засгийн газрын тэргүүнтэй шүүхдэлцэж байгаа учраас асуудал хүндэрч магадгүй юм. Таны зөв байсан ч гэсэн шүүх яаж ч шийдэж болно. Магадгүй эртхэн уучлалт гуйх ёстой юм болов уу?
-Гуйхгүй. Юу хийсэн гэж гуйх юм. Хардах эрхээ эдэлснийхээ төлөө уучлалт гуйх шаардлага байхгүй.
-МАН-ынхан өөрсдийгөө шинэчлэгдэж байна гэх болсон. Залуу гишүүний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Шинэчлэл гэдгийг өнөөдрөөс л ярьж эхэлсэн юм биш. 93 жилийн туршид ярьж хэлж, хийж хэрэгжүүлж ирсэн. Бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь цагийн аясаар солигдож байсан. Үүнийхээ хэрээр улс орныг удирдаж, нийгмийн бүтээн байгуулалтын бий болгож өнөөдрийн Монголыг бий болгосон. Намын 27 дугаар их хурлаас тодорхой хэмжээгээр шинэчлэл хийгдэж байна. Хэдийгээр өнөөдөр олонхи биш ч гэсэн цөөнх. Цөөнх учраас олонхийн гаргасан шийдвэрийг дагах ёстой. Энэ бол ардчиллын зарчим. Намын залуучуудын хувьд шинэ бүтэц бүрэлдэхүүнээ дэмжиж ажиллана. Магадгүй ажиллаж байгаа нь унтаа юм шиг харагдаж байж магад. Гэхдээ үүний цаана хийж байгаа ажил их бий.
-Шинэчлэлийн хороо татан буугдсан билүү?
-Татан буугдаагүй. “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн татан буугдсан. МАН дотор байгаа олон жигүүр хөдөлгөөнийг нэгтгэсэн байсан учраас тэр. Харин шинэчлэлийн хороо үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
-МАН-д залуучууд та бүхний оролцоо хэр байдаг юм бэ. Олигархжсан, мафижсан хэсэг бүлэг хүн энэ намыг хөдөлгөөд байх шиг байна. Энэ дундаас залууст тодорч гарах боломж байдаг юм уу?
-Зах зээлийн нийгэм өөрөө өрсөлдөөн. Хүн битгий хэл амьтан хүртэл хоолоо олж идэхийн тулд өрсөлддөг. Түүнтэй адилхан өнгөрсөн 90 жилийн түүхэнд МАН дангаараа ноёрхож төр, засгийн бүх шатанд байсан. Монголын алдаа, оноо, амжилт бүтээл бүгд МАН-тай холбоотой. 2012 онд МАН ялагдсан нь бидэнд болон төр барьж байсан ах нарт ашигтай туссан нь нууц биш. Өнөөдөр бүгдээрээ нэг зиндаад байна. Ингэж л явах ёстой. Гэхдээ залуучуудыг боомилоод байгаа юм алга. Бүгд адилхан намын гишүүн.