-Тэрээр энэ албан тушаалд таван жилийн хугацаатай томилогдов-
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева
© EPA-EFE/SALVATORE DI NOLFI
Д.ЭНХЭЭ
Олон улсын валютын сангийн гүйцэтгэх зөвлөл санхүүгийн байгууллагын захиран зарцуулагч захирлын албан тушаалд Кристалина Георгиеваг батлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт гаргажээ. Энэ тухай уг зөвлөлийн зөвлөлгөөний үр дүнгээр тараасан мэдэгдэлд дурдсан байна.
"ОУВC-гийн гүйцэтгэх зөвлөл ОУВС-гийн захиран зарцуулагч захирал, гүйцэтгэх зөвлөлийн даргаар Кристалина Георгиеваг 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаагаар сонголоо. Кристиан Лагардын оронд ажиллах Георгиева бол 1944 онд тус байгууллагыг үүсгэн байгуулсан цагаас хойш зах зээлийн эдийн засаг төлөвшиж байгаа улс орноос ОУВС-гийн тэргүүнээр ажиллах анхны хүн болох юм” хэмээн уг баримт бичигт дурджээ. Болгарт төрсөн Георгиева сангийн удирдагчийн албан тушаалд цор ганцаар нэр дэвшсэн ажээ.
Түүнд энэ албан тушаалыг хаших боломж олгохын тулд энэ намар ОУВС байгууллагын захиран зарцуулагч захирлын албан тушаалд ажиллах хүний насны хязгаарыг үгүй болгосон. 1951 оноос эхлэн байгууллагын удирдагчийн албан тушаалд 65-аас дээш насны нэр дэвшигчийг авч хэлэлцдэггүй байсан бол наймдугаар сарын 13-нд Георгиева 66 нас хүрчээ. Үүнээс гадна өмнөх дүрмээр бол ОУВС-гийн удирдагч 70 нас хүрснээс хойш албан тушаалаа орхих ёстой байв.
Лагардын оронд байгууллагын шинэ удирдагчийг сонгох үйл явц эхэлж байгааг ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 26-нд зарласан. Тэрээр ОУВС-гийн захиран зарцуулагч захирлын албан үүргээ түр хугацаагаар зогсоож байгаа тухайгаа нийтэд мэдэгдээд есдүгээр сарын 12-нд уг албан тушаалаа орхисон. Европын холбоо наймдугаар сарын эхээр ОУВС-гийн шинэ тэргүүний албан тушаалд цор ганц нэр дэвшигчээр Болгарын төлөөлөгч Георгиеваг сонгосон. Өнгөрсөн долоо хоногт Европарламентын депутатууд дийлэнх олонхийн саналаар Европын төв банкны (ЕТБ) захирлын албан тушаалд Лагардыг томилох саналыг дэмжин сайшаасан.
Сангийн гол хувьцаа эзэмшигчид болох АНУ болон Европын холбооны улс орнуудын хооронд өмнө нь үйлчилж байсан албан бус “нөхөрсөг хэлэлцээр” ёсоор ОУВС-г гол төлөв Европын төлөөлөл, харин Дэлхийн банкийг-америкчууд өнөөг хүртэл тэргүүлсээр ирсэн.
Хүнд бэрх нөхцөл байдал
"Би ирээдүйд шийдвэрлэх шаардлагатай хүнд бэрх асуудлыг бүрэн ухамсарлаж, шинэ бүрэн эрхийг хүлээн авч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац сэтгэл зовоосон чигээр үргэлжилж, худалдааны хурцадмал байдал хадгалагдан олон улс орны өрийн дарамт өсөн нэмэгдсээр байна. Аравдугаар сард болох ОУВС, Дэлхийн банкны зөвлөлгөөний үеэр анхааруулга болохоор дохио бий болж байгаа бөгөөд бид сорилт шалгалтад бэлэн байх ёстой”-гэсэн сангийн шинэ захиран зарцуулагч захирлын үгийг мэдээлэлд эш татжээ.
Түүний хэлснээр ийм нөхцөлд ОУВС-гийн нэн тэргүүний зорилтыг тэр “хямрал үүсэх эрсдлийг маш бага байлгаж, эдийн засгийн уналтыг давж гарахад бэлэн байх”-ын тулд гишүүн улс орнуудад тусламж үзүүлэх явдал хэмээн үзэж харж байгаа аж.
“Эдийн засгийг бэхжүүлж, хүмүүсийн аж байдлыг сайжруулахын тулд бодож тунгаасан мөнгө-зээлийн болон татвар-төсвийн бодлогыг дэмжих” гэсэн сангийн урт хугацааны зорилгыг мартаж болохгүй хэмээн тэрээр үзэж байна.
Георгиевын тухай
ОУВС-гийн захиран зарцуулагч шинэ захирал-болгарын эдийн засагч, Еврокомиссын гишүүн (2010 - 2016) байсан. Георгиева мөн олон улсын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж, эрсдлийн удирдлагын асуудал эрхэлсэн еврокомиссарын албан тушаалыг (2010 - 2014) хашиж байсан. 2017 оноос Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан. 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны хооронд Георгиева Дэлхийн банкны ерөнхийлөгчийн чиг үүргийг түр орлон гүйцэтгэсэн. ОУВС-гийн тэргүүний албан тушаалд нэр дэвших болсонтой холбогдуулан эдийн засагч байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалыг орхисон.
Георгиева 1977 онд Софи хотын Карл Марксын нэрэмжит эдийн засгийн дээд сургуулийг (одоо үндэсний болон дэлхийн эдийн засгийн их сургууль болсон) дүүргэж, улс төрийн эдийн засаг болон социологийн салбарын магистр болсон. 1986 онд мөн тэр сургуульдаа “АНУ-ын экологийн бодлого ба эдийн засгийн өсөлт” сэдвээр докторын диссертаци хамгаалсан. 1977-1983 онд тэрээр Карл Марксын нэрэмжит эдийн засгийн дээд сургуулийн доцентоор ажилласан. Георгиева мөн Массачусетсийн технологийн дээд сургууль, Йелийн их сургууль, Гарвардын бизнесийн сургууль болон АНУ-ын бусад сургалтын байгууллагад хичээл зааж, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа эрхэлж байсан. 1993 оноос Дэлхийн банкинд ажиллаж байгаа.
Англи, орос хэл эзэмшсэн, францаар ярьдаг.
Эх сурвалж: www.polit.mn