Ж.АНУ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэлхий дахины анхаарлыг татах нэгэн шуугиант баримтыг дэлгэн тавьсныг тус улсын улс төрийн мэдээлэл, судалгааныwww.factcheck.org цахим хуудаст онцолжээ.
“Жое Байден АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Украин руу хэдэн тэрбум ам.доллар оруулсан, үүнийгээ хууль хяналтынхнаас нуун далдалсан. Үүнийгээ ч ерөнхий прокуророос далдалсан. Тухайн үед түүний хүү Хантер хуульч байсан“ гэж Д.Трампын дэлгэсэн баримтад дурджээ. Ж.Байден нь 2009-2017 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Бас тэрээр ирэх оны төрийн тэргүүний сонгуульд хүч үзэх билээ.
Өнгөрсөн тавдугаар сард Украины тэргүүн прокурор тухайн үед бага Байден Украин дахь хийн компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсан, бас мөрдөн байцаалт хийгдээгүй хэмээн мэдэгдэж байжээ.
В.Зеленскид өгсөн Д.Трампын зөвлөгөө
“Хантер Байден Украины хуулийг одоог хүртэл ямар нэг байдлаар зөрчөөгүй. Тиймээс ч бид түүнийг буруу зүйл хийсэн гэж хэлэх аргагүй юм” гэж Украины ерөнхий прокурор Юри Луценко “Bloomberg News”-т ярьжээ. Гэвч Луценко өнгөрсөн сард огцорсон юм. Учир нь тухайн үед тус улсын томоохон албан тушаалтнууд Украины хийн компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан болон хууль бусаар шилжүүлсэн хэргийн дуулиан газар авчээ. Гэвч энэ нь Хантер Байден компанийн захирлуудын зөвлөлд нэгдэхээс өмнө болсон үйл явдал аж.
Одоогоос дөрвөн сарын өмнө Ерөнхийлөгч Д.Трамп Хантер Байдены эсрэг Украинд гомдол мэдүүлж байсан юм. Ойрын өдрүүдэд тэрээр энэхүү заргаа дахин эхлүүлсэн байна. Ингэхдээ Д.Трамп Украины саяхан сонгогдсон шинэ Ерөнхийлөгчид хандан Байдены өнгөрсөн долдугаар сарын турш ярьсан утасны яриаг нь шалгахыг шаардсан байна.
Д.Трамп өнгөрсөн долдугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленскид баяр хүргэсэн юм. Дараа нь тэрээр Хьюстэн хотноо сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Украины Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага төгс болсон” гэж байв. Д.Трамп Ж.Байденыг АНУ-ын мөнгийг Украин руу нууцлан гаргасан, үүнийг нь Хантер Байден хууль хяналтынхнаас далдалсан хэмээн мэдэгдсэн юм.
Энэ сарын 22-нд тэрээр “Байденд маш олон асуудал бий. Үүнгүйгээр ч түүнд асар их асуудал бий” гэж байв. Түүнчлэн “Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт маш өгөөжтэй байлаа. Энэ улс асар их авлигад идэгдчихсэн байсан. Ийм улсыг бид ч бас ард түмэндээ хүсэхгүй. Бид Дэд Ерөнхийлөгч Жое Байден болон түүний хүүгийн Украинд хэдийнэ бий болгосон авлигыг эх орондоо байлгахыг хүсэхгүй” гэжээ.
Д.Трамп чухам юуны тухай ярьсан бэ?
2016 оны гуравдугаар сард Ж.Байден Украинд айлчилсан юм. Энэ үед хэрэв Украин улс авлигаас ангижирч, ерөнхий прокурор Шокиныг суудлаас нь зайлуулбал нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргах саналыг нууцаар үйлдэх вий гэсэн сэрэмжлүүлэг байжээ. Харин Байден энэхүү эрэлт хэрэгцээг өнгөрсөн нэгдүгээр сард болсон гадаад харилцааны консулын зөвлөгөөний үеэр олж мэджээ.
Гэвч Шокиныг суудлаас нь чөлөөлөхийг Украинд зөвлөсөн ганц улс нь АНУ байгаагүй юм. ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагард Украины Эдийн засгийн засгийн сайд болон түүний багийнхан Засгийн газрын авлига хээл хахуулийг эсэргүүцэн огцорсны дараа энэхүү авлигыг таслан зогсоохын төлөө шинэ зүтгэл гаргахгүй бол 40 сая ам.долларын зээлээ зогсооно хэмээн заналхийлж байсан билээ. “Энэхүү шинэчлэлийг толгойлж байсан тус улсын ерөнхий прокурорын орлогч хүчин чармайлт нь ерөнхий прокурор Виктор Шокины зүгээс ирсэн дарамтын улмаас мухардалд орсныг мэдэгдсэн” хэмээн 2017 оны нэгдүгээр сарын 3-ны Конгрессийн судалгаа үйлчилгээний тайланд дурдсан байлаа.
Шокин нь тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн удирдлага дор ерөнхий прокуророор ажиллаж байсан юм. 2014 онд В.Янукович суудлаасаа хөөгдсөнийхөө дараа ОХУ-д орогнох болсон юм. Үүний дараа түүнийг эх орноосоо урвасан хэргээр ялласан билээ.
Барууны хэвлэлүүд юуг онцлов?
2014 оны тавдугаар сард Хантер Байден Украины хамгийн том хийн компаниудын нэг “Бурисма Групп”-ын захирлуудын зөвлөлийн гишүүн болсон байдаг. Үүнээс нэг сарын дараа “Associated Press”-т “Байден улс төрийн аюултай алхам хийлээ” хэмээх нийтлэл хэвлэгдэж байжээ. Тус нийтлэлд дурдсанаар “Хантер Байден түүний аав болон Обамагийн засаг захиргаан дахь бусад хамтрагчид нь Украины шинэ Засгийн газрын ялангуяа эрчим хүчний үйлдвэрлэлийнх нь нөлөөллийг бий болгохоор зорьж байх үед тус улсын эрчим хүчний томоохон компанийн захирал мөн топ хуульчаар нь ажиллаж байжээ” гэжээ.
2015 оны арванхоёрдугаар сард “Уолл Стрийт Журнал”-д “Бурисма компанийг үүсгэн байгуулагч Микола Злочевски Украин болон Их Британийн хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн шалгуулж байсан юм. Гэвч авлигын эсрэг Украины өмгөөлөгчид Клочевски нь хуулийн байгууллагуудаас зугатаж чадсан байх магадлалтай. Учир нь Бурисма компанид Хантер Байдены оролцоо өндөр билээ. Мөрдөн байцаагчид тус компанийн менежментийн хэсэгт АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн хүүтэй таарвал хэргийг цааш мөрдөхөд хүндрэлтэй болох нь ойлгомжтой гэж Украины авлигын эсрэг төвийн гүйцэтгэх захирал Дариа Калениук “Уолл Стрийт Журнал”-д ярьжээ” хэмээн бичжээ.
Гэсэн хэдий ч Хантер Байден энэхүү мөрдөн байцаалтын цаана байсан эсэх болон Украиныг ерөнхий прокурор Шокиныг ажлаас нь чөлөөлөхийг түүний аав өөрийнх нь өмнөөс шаардсан эсэхэд ч ямар нэг нотлох баримт байхгүй байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn