-Сбербанкны тэргүүн сургуульд авдаг шалгалтаас татгалзахыг санал болгов-
Сбербанкны тэргүүн Герман Греф
© Сергей Фадеичев/ТАСС
Сбербанкны тэргүүн Герман Греф сургуульд авдаг шалгалтаас татгалзахыг санал болгожээ. Тэрээр энэ саналаа есдүгээр сарын эхээр болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн форумын үеэр сургуулийн боловсролд зориулан Сбербанкнаас зохион байгуулсан мэтгэлцээний хэлэлцүүлэг дээр дэвшүүлжээ. Янз бүрийн цаг хугацаанд Герман Грефын дэвшүүлж, олон нийтийн дунд өргөн санал шүүмжлэл өрнүүлсэн 10 саналыг ТАСС түүвэрлэснийг орчуулан хүргэж байна.
Математикийн сургуулиас татгалзах
"Математикийн сургуулиуд бидэнд хэрэггүй. Миний бодлоор, энэ бол өнгөрсөн цаг үеийн хоцрогдол. Математикийн сургууль гэдэг бол хүнийг ялгаварлан сонгож, уйтгартай нэг л хичээлийг шахаж үздэг болохоор би үүнийг эрс эсэргүүцэгч. Зөвлөлт Холбоот улсын үед ийм байсан, гэхдээ, энэ бол миний бодлоор, нэг их сайн туршлага биш”.
(Oлон улсын "Ил тод инноваци” форум дээр хэлсэн үг, 2018 оны аравдугаар сарын 16).
Их, дээд сургуульд блокчейнээр судлах
"Блокчейн. Гол гол их, дээд сургуулиудад холбогдох мэргэжлээр дагнаж мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөр нэвтрүүлэх хэрэгтэйгээс өөр ямар нэг тусламж бидэнд хэрэггүй гэж бодож байна. Магадгүй, одоохондоо бидэнд хэрэгтэй ганц зүйл нь энэ л байх. Технологийг бид өөрсдөө гүйцээчихнэ, харин бидэнд мэргэжилтний дэмжлэг хэрэгтэй”.
(ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх стратегийн хөгжил болон тэргүүлэх төслүүдийн асуудлаарх еөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үг, 2017 оны зургадугаар сарын 5).
Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлуудыг “тансаг орчноос” гаргах
"Миний бодлоор, их, дээд сургуулиуд руу маш их анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй байна, яагаад гэвэл бүх их, дээд сургууль төрийн мэдлийн байна. Төрийн зүгээс их, дээд сургуулийн захирлууд руу маш хүчтэй нөлөөлөх шаардлагатай байна, тэднийг тансаг байдлаас нь гаргах хэрэгтэй байна, боловсролын эрэлт хэрэгцээ өндөр байгаа болохоор элсэгчдийн тоо их, өрсөлдөгч гэхээр юм тэдэнд үндсэндээ байхгүй, мөнгөн урсгал байнга орж ирж байгаа болохоор тэд санаа зовох юмгүй байна, тийм учраас тэднийг зөвхөн төсвөө хардаг байхаас гадна арилжаагаа боддог болгомоор байна”
(Гайдарын форум дээр хэлсэн үг, 2019 оны нэгдүгээр сарын 16).
Хуульч, программ зохиогч мэргэжлээр суралцах хэрэггүй
"Сэтгэл хөдлөлд автаж бусдыг дагаж гүйлдэхгүй байх нь маш чухал. Инженерийн эрин ирэхэд бүгд л инженер болохоор гүйлдсэн. Дээд сургуулиа дүүргэсний дараа 10 хувь нь л ажилтай үлдэж, бусад нь шар айрагны мухлагт худалдагч болцгоосон. Дараа нь зоогийн газарт ажилладаг хуульч, эдийн засагчдын эрин залгасан... Өнөөдөр харин бидэнд программ зохиогч нар хэрэггүй. Хаана, юу хийлгэхээ мэдэхгүй тийм олон программ зохиогч бидэнд байна”.
(Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадам дээр Орос улсад “нэг сая IT-чин хэрэгтэй” гэсэн Харилцаа, холбооны сайд Николай Никифоровын санаачилгын хариуд 2017 оны аравдугаар сарын 20-нд хэлсэн үг).
"Эрхэм хуульчид аа, мэргэжлээ мартацгаа. Өнгөрсөн жил зарга үүсгэх ажлыг бэлтгэдэг 450 хуульчийг цомхотгосон. Хиймэл оюун ухааны сүлжээ бидэнд Балтийн холбооны их сургуульд бэлтгэсэн хуульчдаас хавьгүй илүүгээр заргын мэдүүлэг бэлтгэж өгнө. Тэднийг харин бид ажилд гарцаагүй авна”.
(Кантын нэрэмжит Балтийн холбооны их сургуульд 2017 оны долдугаар сарын 21-нд уншсан лекцэн дээр хэлсэн үг).
Сбербанк хэмээх нэршлээс "банк” хэмээх үгийг гээх
"Бид банк биш, харин улам бүр технологийн компани болж хувирсаар байна. Түүгэр ч зогсохгүй, манай нэршил дэх “банк” хэмээх үгийг цаашид хэрхэн ашиглах талаар бид идэвхтэй хэлэлцэж байна, бид экосистем болж хувирсаар байна”.
(2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн үг).
Банкны картаас татгалзах
"Би карт хэрэглэх тийм ч дуртай биш нэгэн, аргагүйн эрхэнд л хэрэглэдэг. Одоогоор Apple Pay-гээр төлбөрөө хийж байгаа. Халаасанд минь карт байхгүй болох мөчийг мөрөөдөж байна, энэ бол улиг домог болсон зүйл л гэж бодож байна”.
(Сбербанкны ажилтнуудтай хийсэн “шууд яриа”-ны үеэр хэлсэн үг, 2017 оны арванхоёрдугаар сарын 28).
Залуудаа хоногт 18 цаг ажиллах
"Юунаас ч бүү ай, өөртөө итгэ, дуртай зүйлээ хий, тэхдээ бүр чин сэтгэлээсээ дурлаж хий. Залуудаа хоногт 18 цаг ажиллацгаа, та нарын бүх юм болж бүтнэ”
(Дэлхийн залуучууд оюутны XIX их наадам дээр хэлсэн үг, 2017 оны аравдугаар сарын 20).
Хүмүүсийг ГУЛАГ-аар айлгахгүй байх
"Хуучны зөвлөлтийн үеийн маш муу үйлчилгээтэй Сбербанкинд зогсохыг би хүсэхгүй байна, өнөөдөр би интернет банкинд суухгүй байж чадахгүй байна. <…> Хүмүүсийг Зөвлөлт Холбоот улсын үеийнх шиг ГУЛАГ – аар айлгаж болохгүй. Ийм санаа удаан тэсэхгүй, амархан задарч хэмхэрнэ. Бизнесийн цаг уур, эдийн засгийн урсгал бодлогын талаар ойлголтгүй бол хүмүүс сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн буй болгож чадахгүй”
(Хөрөнгө оруулалтын "Орос орон дуудаж байна!” форум дээр хэлсэн үг, 2014 оны аравдугаар сарын 2).
Дижитал орчны онцгой байдлын яам байгуулах
"Маш чухал дэд бүтэц бий болгох талаар ярих цаг болсон. Онцгой байдлын яам манайд бий, яг түүн шиг, тэхдээ бүх дэд бүтцэд хамаатай digital – орчны онцгой байдлыг хянадаг яам байх ёстой”
(2018 оны аравдугаар сарын 4-нд Оросын эрчим хүчний долоо хоногийн үеэр хэлсэн үг).
Тоон технологийн тусламжтайгаар авлигатай тэмцэх
"Тоон мэдээлэлд суурилсан явцын үйл ажиллагаа “тунгалаг шилэн” болж, аливаа түшмэлийн гаргасан шийдвэр нэг бүр шинжээчдийн нийгэмлэгээр шинжлэгдэж, уг шийдвэрийн талаарх үнэлгээг тавьсан мэдээллийг зах зээлээс олж авах боломжтой болох үед авилга аяндаа алга болно”.
(2019 оны нэгдүгээр сарын 16 -нд Гайдарын форум дээр хэлсэн үг).
Эх сурвалж: www.polit.mn