Т.Буян-Очир: Лүйжин тавихад муу муухай арилдаг

2014-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Баасан гаригийн зочин”-оор ард олонд  Лүйжингийн ламтан буюу Уяат гэх нэрээр алдаршсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Төмөрпүрэв агсны хүү, зоч лам Буян-Очирыг урилаа.

-Шинэ хуучраагүй байна, танд сар шинийн мэнд хүргэе. Таныг зорьж ирсэн маань лүйжин тавих ёс жаяг, бас таны хийдэг Баян Намсрайн сан, тахилгын тухай ярилцах гэсэн юм. Гэхдээ  энэ эрдмийг ааваасаа өвлөснийг  сонсоод  эхлээд аавын тань тухай асууя гэж бодлоо?

-Миний аав, ээж Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүмүүс байлаа. Миний аав Төмөрпүрэв гэж лам хүн байсан юм. Үзэл суртлын хаалттай нийгэмд бурхан шашны соёлыг авч үлдэхийн төлөө нууцаар ном уншиж, сан тавьдаг   байсан.

Тухайн үед жаахан байсан болохоор учрыг нь сан ойлгодоггүй байлаа. Аав минь Яармагийн дэнжид багш нарынхаараа өдөр нь орж гарч, шөнө  амьтан хүн унтсан хойно  нууцаар уншлага, ном айлддаг байсан.  Нутгийнхан аавыг минь нэрээр нь хэлэхээсээ илүүтэй Уяат гэж авгайлдаг, түүгээрээ  олны дотор алдаршиж ирсэн. Миний хувьд  айлын есөн хүүхдийн зургаа дахь нь, Яармагийн дэнжид өсч, тэнд 40 гаруй жил амьдарч байна. Аавынхаа үлдээсэн буян, өвлүүлсэн эрдмийг уламжлан буян номын мөр хөөж лам болсон.

-Аавыг тань яагаад Уяат гэж авгайлдаг байсан юм бол?

-Аав минь хүний ганц хүү, их сахилгагүй байсан юм гэнэ лээ. Тэгээд аав, ээж нь уячихдаг байж л дээ. Бүр есөн нас хүртлээ уяулсан гэдэг юм. Тэр үеийн хүүхдүүд тийм даруулгатай байж дээ. Түүнээс  үүдэж нутгийнхан нь  Уяат гэж өхөөрдөх болсон гэнэ лээ. Сүүлд тэр нэрээрээ алдаршсан, шашны  номд шамдаж зоч лам болсноор буяны үйл хэрэгт зүтгэж яваад  бурхан болсон.

-Зоч лам гэдэг нь жирийн ламаас юугаараа өөр вэ?

-Будын шашин дотроо  улааны, шарын гээд хоёр  урсгалтай. Тэр доторх улааны талыг баримтлагчийг  зоч лам   гэдэг. Лүйжин тавьж байгаа нь ч тэр л урсгалын  гол номын нэг. Миний аавын аав, өөрөөр хэлбэл өвөө маань тухайн үеийнхээ  сайн лам нарын нэг байсан гэдэг юм. Хэлмэгдүүлэлтийн үед  эхнэр, хүү хоёроо орхиод “Би та нарт дараа болоод яах вэ” гээд явчихсан гэж эмээ маань ярьдаг байлаа. Сүүлд аав минь аавынхаа замналаар явж Мишиг да гүний хүрээнд сууж  шашны ном үзэж  лам болсон гэдэг.  Ааваас хойш би  тэр хүний надад өвлүүлсэн буян  ном, багш нарынхаа заасан  эрдмийг үргэлжлүүлж  авч явна.

-Тэгэхээр та гурав дахь үеийн зоч лам, ааваасаа өвлөсөн буян номыг бусдад түгээж, тус хүргэж яваа хүн юм байна. Таны айлддаг Лүйжин тавих ёс, Баян Намсрайн сан тахилга ямар учир, ач холбогдолтой вэ?

-Лүйжин гэдэг номыг уншиж байгаа газрын, сонсч байгаа хүний  муу муухай бүхэн арилдаг гэж үздэг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон ад зэтгэр таарч өнгөрч байдаг. Тэгвэл тэр бүгдийг арилгахад лүйжин гэдэг номын утга оршиж, хамаг амьтан зургаан зүйлийн амьтны тусын тулд  сайн сайхны төлөө зориулагддаг.

-Айл гэрт ямар үед лүйжин тавих нь зохистой вэ?

-Жилдээ нэг удаа лүйжин тавиулчихвал тэр айлын муу муухай арилж, сайн сайхан бүгдийг Гандангийн дуугаар дуудаж  авчирна  гэсэн утга учиртай. Яг төдийд, өдийд гэж хугацаа зааж болохгүй л дээ. Гэхдээ хүмүүс ихэвчлэн Цагаан сарын засал, номоо уншуулахдаа гэртээ лүйжин тавиулдаг. Өөрөөр хэлбэл, номын дээд гэж ойлгоход болно. Хүмүүсийн  хийсэн буруу үйл, бузар муу зүйл, нүгэл хилэнц арилна, ажил үйлсийг тэгшитгэж, бүтээхийн төлөө  гэсэн утгаар лүйжинг тавьдаг.Тэгэхээр сар шинэ гарангуут уншуулчихад хэрэгтэй юм даа.

-Хүмүүс засал хийлгэхдээ  шинийн 15-ны дотор, эсвэл шинийн найманд багтах гэж шуурхайлдаг.  Энэ зөв үү?

-Тэгж шуурхайлах албагүй. Ер нь тухайн сардаа, тухайлбал намрын эхэн сард, хаврын эхэн сард гэхчлэн засал номоо уншуулж байхад болно.

-Та Баян Намсрай бурхны сан, тахилгыг ааваасаа өвлөн бусдад хүртээн дэлгэрүүлж яваа юм билээ. Ямар утга учир, ач холбогдолтой вэ?

-Монголчууд “Найдан бурхан шиг өнөр, Намсрай бурхан шиг баян” гэж ярьдаг. Халхын буян заяаг авч явдаг ганц  бурхан  нь  Намсрай бурхан юм. Халхын буян барагдахгүй гэж өвгөд дээдэс маань хэлдэг байсан, ном зохиолд ч тэгж бичсэн нь бий шүү дээ.

-Тэгвэл ямар үед буян заяа нь барагдахгүй байх юм бэ? 

-Намсрайн сахиус, бурхнаа залж тахиж шүтэж байгаа нөхцөлд бидний буян заяа сайн сайхан байна. Намсрай бурхны, Алтангэрэлийн, буян хишгийн, их сангийн, дарийн   гээд олон даллага бий. Хамгийн гол утга учрыг агуулсан нь Намсрайн даллага юм. Гол утга нь гаднаас орох олзыг дуудаж, байгаагаа тогтоож авахад чиглэдэг.

-Тэгэхээр лүйжин тавиулаад, сан, даллагаа авахуулах ёстой гэх юм уу, ийм учир холбогдол байна уу?

-Байлгүй яахав. Лүйжин тавиулснаар  муу муухай бүхнээ арилгалаа гэж үзэж байна шүү дээ, тухайн хүмүүс. Жилийнхээ гол заслыг хийлгэж байгаа нь тэр. Дээрээс нь Намсрайн даллага  авахуулснаар  сайн сайхан, олз баялагийг  урин дуудуулж  байна.  Нэг ёсондоо муу муухайгаа арилгаж, сайн сайхныг дуудуулж байгаа гэсэн утгатай. Тиймээс лүйжин тавих, сан даллага авахуулах нь салшгүй  холбоотой юм.

-Та хэчнээн жил лүйжин тавьж байна?

-Би 1996 оноос өнөөг хүртэл 18 жил  тасралтгүй  лүйжин гэдэг номыг уншиж  иржээ. Буян номын  үйл болоод заслыг  гэртээ хийдэг, сүм хийдэд суудаггүй. 

-Одоо танай удамд танаас өөр лам байна уу?

-Миний дүү, мөн хүү маань лам. Бүгдээрээ Агийн ёс буюу улааны урсгалыг баримтлан ном айлдаж байна.

-Таныг хэдэн жилийн өмнө АСА циркт сүсэгтэн олонд хандан  ном айлдаж  байсныг санаж байна.

-Лүйжин гэдэг номыг зөвхөн өөрийн ах дүү садан, танил нөхдөдөө хүртээхийн тухайд бус олон түмэнд түгээж тус хүргэхийн тулд хамгийн эхлээд АСА циркт шашин урлагийн цэнгүүн хийсэн. Дараа нь UB паласт хийсэн. Өнгөрсөн жил АСА циркт зохион байгуулсан. Арав хорин хүнд бус олон түмэнд номын авшиг, буяныг  хүртээхийн тухайд   ингэж уншлага хийдэг юм, Цагаан сарын дараа.

-Энэ жил хаана буяны үйл хийх гэж байна?

-Дөрөв дэх жилдээ хийх гэж байна. Хурал номын уншлага шинийн найманд буюу өнөөдөр Яармагийн Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

-Жил бүр хийдэг уламжлал тогтсон юм байна. Сүсэгтнүүд ч нэлээд ханддаг  болсон гэж ойлгож болох уу?

-Хүмүүс та хэзээ хурал, номоо хийх гэж байна гээд асуудаг. Тухайн хүний ажил,  амьдралд ашиг тусаа өгсөн болоод  зорьж, хандаж байгаа болов уу.  Ашгийн бус үйл хэрэг юм шүү дээ. Сүсэгтэн олныхоо  хүсэлтээр хийж  байгаа юм. Сан тавьж, даллага авахдаа би буяныг нь тэр хүмүүст хүртээхийн тухайд чин сэтгэлээсээ ном, буяны уншлагаа хийдэг.

-Даллага авахуулах хүн ямар бэлтгэлтэй очвол зохистой вэ?

-Дөрөв дэх жилдээ ном уншиж байгаа болохоор сүсэгтэн олон бараг мэдэж байгаа байх. Даллагын сав, тавгийн идээ, сүүтэй ирэхэд  болно. Хурлын тасалбарыг арвай будаа, сан, утлага дагалдаж байгаа.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 25 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 38 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 48 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 55 мин