Биаррицад болсон G7-гийн уулзалтын үр дүнгийн дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Долоогийн бүлгийн уулзалт олон улсын харилцааны хямралын тусгал боллоо хэмээн сэтгүүлчид бичиж байна-

  Д.ЭНХЭЭ Өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 26-нд өндөрлөсөн Долоогийн бүлгийн (G7) уулзалт дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг гол сэдэв болов. Энэхүү уулзалтын тухай сэтгүүлчдийн гол гол тайлбараас ТАСС түүвэрлэжээ.  

Франц

  BFM: Янз бүрийн параметрийг үндэс болгож болох учраас  лидерүүдийн том уулзалтыг үнэлэхэд бэрхшээлтэй. Гэхдээ Биаррицад болсон форумын тухайд уур амьсгал хийгээд хэлбэрийн хувьд уулзалт амжилттай болсон, яагаад гэвэл Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон хэд хэдэн гэнэтийн бэлэг барьсан. Энэ бол ялангуяа ираны сайд [гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын] гэнэт хүрэлцэн ирсэн болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад барьсан өглөөний цайнд хамаарна. Ингэхдээ Макрон Трамптай учир зүггүй санал зөрөх, зөрчилдөхөөс зайлсхийж чадсан юм. Тийм болохоор франц-америкийн харилцаанд үзүүлэх нөлөөний үүднээс авч үзвэл уулзалт амжилттай болж өнгөрсөн.   Le Monde: Эхэндээ цөөнгүй эрсдэл нүүрлэж байсан олон улсын энэхүү дипломат уулзалтыг францын ерөнхийлөгч чадварлаг зохион байгуулж, интернет-корпорацийн татварын асуудлаас гадна Амазоны түймрээс ираны цөмийн хөтөлбөр хүртэл асуудлыг хэлэлцлээ. “Долоогийн” уулзалт зохион байгуулсан Макроны анхны туршлага түүний ур чадварыг жинхэнэ ёсоор харуулсан нь гарцаагүй. Тухайлбал, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Биаррицад гэнэт хүрч ирсэн явдал хэлэлцүүлгийн анхаарлын төвд байсан ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг илүү ач холбогдолтой болгосон. Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад барьсан ажил хэргийн өглөөний цайг энэхүү үйл явдалд зориулан хөрс бэлтгэх зорилгоор “зориуд санаатай” зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, урьдчилж таахын аргагүй ааш авир гаргадаг америкийн лидер ираны сайд ирж байгааг урьдчилж мэдчихвэл уулзалтыг орхиж, хаалга саван гарч явж мэдэх билээ.   Les Echos: Оролцогчдыг ямар нэг байдлаар нэгдмэл байлгаж чадсан франц улсын тэргүүн өөрийгөө “долоогийн” уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэж үзэх бүрэн эрхтэй гэх дүгнэлтийг Биаррицад болсон уулзалтын дараа хийж болох юм. Бүх асуудлаар Макроны итгэж найдаж байсанчлан төдий л олигтой урагшилж бас хараахан чадаагүйг мэдээж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ ямар ч байсан дипломат ёс, худалдаа арилжаа, татварын хүрээнд, мөн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар таагүй зүйл тохиолдохоос сэргийлж чадсан. Хэд хэдэн хүндрэлтэй асуудлыг Макрон тойрон гарч чадсан. Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифыг уулзалтад гэв гэнэт ирүүлж чадсанаараа дипломат ёсны жинхэнэ амжилт олж чадсан гэж баттай үзэж болно. Тэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сайшаал хүртсэн билээ. Мөн түүнчлэн ойн түймэрт автсан Амазоны улс орнуудад тусламж үзүүлэх талаар “долоогийн” лидерүүдийг дайчилж чадсанаараа францын лидер бахархаж болно. Францын ерөнхийлөгчид хаягласан Бразилийн ерөнхийлөгчийн бүдүүлэг үг хэллэг, дайралтыг үл харгалзан долоогийн орнуудын лидерүүд манай гаригийн “уушиг”-ийг аврахад чиглэсэн яаралтай тусламжийн төлөвлөгөөний асуудлаар зөвшилцөлд хүрч чадлаа.   Le Figaro: Хүлээж байсанчлан Биаррицад болсон Долоогийн бүлгийн уулзалт нь АНУ-ын эрх мэдэлд Дональд Трампын гарч ирснээс хойш улам л хүчтэй болсоор байгаа олон улсын харилцааны хямралын тусгал болов. Уулзалтын явцад ираны асуудлаар шинэ нөхцөл бий болгосноор олон сэдвээр оршин байгаа эдгээр санал зөрөлдөөнийг намжаахыг Эммнюэль Макрон хичээв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон
© AP Photo/Francois Mori
  Дональд Трамп төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзаж, хаалга саван явж одсон Оттавад болсон долоогийн өмнөх уулзалтын бүтэлгүйтэл давтагдах вий гэхээс франц улсын тэргүүн аль болохоор хичээсэн. Дэлхийн эмх замбараагүй байдлыг арилгахад шаардлагатай зуучлагчийн байр сууринаас өөрийгөө харуулахын тулд одоо Макрон уулзалтын үеэр албан бус яриа, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар асар их хүчин чармайлт гаргав. Хурцадмал байдлыг намжаахад Трамп тус нэмэр болж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөөрөгдөж байгаа санал зөрөлдөөнтэй сэдвүүдийг худал хуурмаг зүйл гэв. Гэсэн хэдий ч өөрсдийнх нь бодлоор тулгамдсан асуудлаас дэндүү хол хөндий, дэлхийн эдийн засгийн эмзэг асуудлуудад сул анхаарсан хэмээн албан бус байдлаар Макрон болон түүний зохион байгуулж байгаа G7-гийн уулзалтыг шүүмжлэх боломжийг америкийн төлөөлөгчид алдаагүй. Хятадтай хийж байгаа худалдааны дайны үйл ажиллагааг улам чангатган урагшлах бодолтой байгаа тэрхүү чиглэлээ Трамп урьд нь тодорхойлж байсан. Одоо, Биаррицад, ажил хэргийн анхны өглөөний цайнаас эхлэн энэхүү “амар тайван байдлын гол том бусниулагч” “Долоогийн” дараагийн уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг урих санал дэвшүүлэн бас дахиад өөрийнхөөрөө зүтгэв. Уулзалтад оролцогч Европынхон 2014 онд Крымыг нэгтгэсний дараа энэ клубээс хасагдсан ОХУ-ыг буцааж оруулахын эсрэг байгаа бөгөөд зөвхөн Москва болон Киевийн хооронд хангалттай хэмжээний ойртон нягтрал бий болсны дараа л энэ асуудлыг авч хэлэлцэх боломжтой хэмээн үзэж байгаа билээ.   Liberation: Владимир Путиний сүүдэр Биаррицад туссаар байв. Гэхдээ 2014 онд Крымыг нэгтгэсний дараа болон Донбассын босогчдыг дэмжсэний төлөө хасагдсан G8 формат руу ОХУ ойрын хугацаанд буцаж орох нь юу л бол. Үүнтэй уялдан одоогийн хямралын асуудлаар ОХУ-тай хийх харилцан яриа (диалог), зохицуулалтыг хүчтэй болгох, гэхдээ бүлгийн бүрэлдэхүүнд ОХУ-ыг буцааж оруулах асуудал дэндүү эрт байна гэдэг талаар “долоогийн” лидерүүд Биаррицад албан ёсны тохиролцоонд хүрч чадсан. Уулзалт эхлэхээс бүр өмнө Трамп болон Макрон нар энэ асуудлаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлснийг мартаж болохгүй. Эхнийх нь ираны болон сирийн асуудлыг хэлэлцэхийн тулд ОХУ-ыг “түлхүүр тоглогчийнх нь хувьд” энэ багт буцааж дуудах нь илүү зохимжтой гэж үзээд ОХУ-ыг G8-д буцааж оруулахын төлөө гэдгээ мэдэгдсэн. Харин долоохон хоногийн өмнө Путиныг хүлээн авч, форта Брегансонд дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан Макроны хувьд “Минскийн тохиролцооны үндсэн дээр Украины асуудлын шийдэл олдсон” нөхцөлд “яваандаа” ОХУ “найм”-д буцаж орох нь зүйтэй хэмээн үзэж байгаа билээ.
 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар форта Брегансонд хийсэн уулзалтын үеэр, 2019 оны наймдугаар сарын 19
© Михаил Метцель/ТАСС
 

Их Британи

  The Times: Их долоогийн уулзалт дээр холбоотнуудаа гомдоох боломжийг Дональд Трампад олгохгүйн тулд ерөнхийлөгч Макрон сэтгэлээ тайтгаруулахын тулд завжаа байн байн илж байв. Дэлхийн худалдаа, Амазоны түймэр, аль эсвэл ОХУ-ын асуудлаар санал зөрөх аливаа чиг хандлага гармагц л намуухан хөгжмийн тусламжтайгаар нөхцөл байдлыг тайвшруулахыг Макрон хичээж байлаа.   The Financial Times: Трампыг G7-д байх цаг үед гарч байгаа гүн гүнзгий санал зөрөлдөөн үдшийн зоог (ням гариг) барих үеэр мөн илрэв. 2014 онд Крымыг нэгтгэсний дараа хассан ОХУ-ыг ерөнхийлөгч Владимир Путин удирдаж байгаа үед нь нэгдэлдээ буцааж нэгдэхийг зөвшөөрөх санаагаа тэр бас дахин гаргаж эхлэв. Европын лидерүүдийн дийлэнх нь энэ санааг эсэргүүцсэн бөгөөд дипломатуудын хэлснээр харин Италийн огцорч байгаа ерөнхий сайд Жузеппе Конте энэхүү саналд ер нь нааштай хандсан ажээ. Трампын засаг захиргааны зүгээс гаргаж байсан өөр хоорондоо зөрчилтэй дохио мэдээлэл Биаррицын ойлгомжгүй байдалд нэрмээс болж байв. Хэдийгээр өөрсдийнх нь дарга уулзалт зохион байгуулж байгаа эзэн орныхныг нийтэд сайшааж магтсан хэдий ч америкийн албаны зарим хүн хэсгийн уулзалт ярианы үеэр, тухайлбал, хэлэлцэх асуудлыг хязгаарлах оролдлого гаргалаа хэмээн арга хэмжээ зохион байгуулсных нь төлөө францчуудыг шүүмжилж байжээ. Вашингтоны зүгээс Бээжинтэй явуулж байгаа худалдааны дайныг зохистой эсэхэд эргэлзэж байгаа талаар америкийн лидер ням гаригт хэлэх шиг болов. Гэтэл Цагаан ордон тэр даруй мэдэгдэл гаргаж, түүндээ Трампын хэлсэн үгийг “огт буруу ойлгосон” байна гээд хэрвээ тэр харамсал илэрхийлсэн бол зөвхөн тарифыг улам нэмээгүйдээ л ингэх байсан хэмээн тайлбарлав.   The Guardian: G7-гийн дараагийн уулзалт Флорида дахь Трампын гольф клубын брендийг хөгжүүлэх арга хэмжээ болж, Владимир Путин де-факто хамтарсан даргалагч (“долоогийн”) болох аваас АНУ-ын холбоотны хуучин гвардийнхан Биаррицад болж өнгөрсөн энэ оны уулзалтыг тодорхой хэмжээгээр санагалзан дурсах биз ээ. Онцлох ололт амжилт гэх юм байсангүй, гэхдээ үнэнийг хэлэхэд үүнд шинэ гэхээр зүйл юу ч байхгүй. Сайтар боловсруулж бэлтгэсэн төгсгөлийн хамтарсан мэдэгдэлд Трамп гарын үсэг зурахаас татгалзаж, онгоцондоо суусан өнгөрсөн жилийн Квебекийн эвгүй явдлаас зайлсхийхийн тулд Биаррицын уулзалтын эзэн Эмманюэль Макрон тэрхүү уламжлалт төгсгөлийн хамтарсан мэдэгдлээс зүгээр л татгалзахаар шийджээ. Баримт бичиг байхгүй болохоор ямар нэг зүйлд гарын үсэг зурахаас татгалзах хэрэг гарахгүй. Хаалттай бүс болгож хувиргасан Биаррицын оршин суугчдын байнгын дургүйцлийг эс тооцвол энэхүү уулзалт ерөөсөө болоогүй юм шиг бараг ямар ч ул мөр үлдсэнгүй нь тусгүй болов.   The Daily Telegraph: Одоо бүх зүйл үгийн утганд байх гэж үү? Парижэд болсон ямар ч итгэл найдвар төрүүлэхээргүй нэгэн уулзалт дээр Эмманюэль Макрон философийн гайхалтай нарийн мэдрэмж гаргаж, эцсийн эцэст гарах (Европын холбооноос) тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулж болох юм, гэхдээ энэ үйл явц шинэ “хэлцэл” хийхэд хүргэж болзошгүй хэмээн онцлов. Ингэхэд энэ баримт бичгийг шинэ хэлэлцээр хэмээн үзэж ангилахад хэдэн засвар өөрчлөлт хэрэгтэй юм бол? Аль эсвэл, өөрөөр хэлбэл, хуучин хэлэлцээрийг хүлээж авахын аргагүй шинэ хэлцэл болгох эрсдэлгүйгээр хэрхэн өөрчилж болох вэ? Өөр байшин болгохын тулд та уг байшингаас хэдэн туйпуу сольж чадах вэ гэсэн метафизик сонголтыг философи судалдаг оюутнууд мэддэг байж болох юм.  

Герман

  Welt: Хэдэн мянган жижиг эд ангийг маш анхаарал болгоомжтойгоор эвлүүлж угсардаг хийцтэй дэлхийн улс төрийн бодлого адилхан юм. Герман улс Ангела Меркелийн арга барилд дасчихжээ. Гэхдээ энэ удаа өөр газар улс төрөөр өөр маягаар оролддог юм байна гэдэг нь урт удаан хугацааны туршид анх удаа маш ойлгомжтой байлаа. Нүдэнд аятайхан харагдах дохио зангаа, биеийн үггүй хэл, гэнэтийн урилга даллага, эрсдэл, сэтгэл сэргээх эрч хүч. Биаррицын уулзалтад энэ бүхэн харин элбэг байсан.  
Эмманюэль Макрон хийгээд түүний элдэвтэй зочин Дональд Трамп хоёр бие биедээ нэг ойртож, тэгснээ зай авч, нэг маягийн бүжиг хийгээд ч байгаа юм шиг, тэхдээ энэ хооронд хэн хэндээ талархсан сэтгэлээ үгээр илэрхийлэхээ мартсангүй.
  Цар хүрээний хувьд томоохон энэхүү шоунд хоёрдугаар зэргийн туслах дүрийн үүрэг канцлерт ногдсон бололтой. Меркель үйл явдлыг ихэд сонирхож байгаа үзэгч болж, зарим үйл хөдлөлийг дооглонгуй харцаар ажиглаж байлаа. Болж байгаа үйл явцад Трамп түүнийг татаж оролцуулах хүртэл шүү дээ. Хоёр талын уулзалт хийхээр тохиролцсоноо хойшлуулсан боловч эцэст нь энэ уулзалт юутай ч болж өнгөрсөн.
Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
© AP Photo/Andrew Harnik
Volksstimme: Гадаад улс төрийн бодлогод европчуудын хэн нь одоо тэргүүлж байгаа нь Биаррицын уулзалтаас харагдана. Герман улс өөрийнхөө ажил үйлстэй зууралдаж, давчуухан байх энэ зуур францын ерөнхийлөгч өөрийнхөө улс орныг лидер болгож танилцуулахад уулзалтыг ашиглаж байна. Өөрийгөө харуулах хэд хэдэн боломж Эмманюэль Макронд олдсон. Ираны гадаад хэргийн сайдыг уулзалтад урьснаар францын ерөнхийлөгч эрсдэл гаргасан, учир нь Дональд Трамп үүнийг өөрийг нь доромжилж байна гэж үзэж болох байсан. Гэсэн ч байдал өөрөөр эргэж, хэлэлцээ хийх боломжууд бий болов. Үүнээс гадна чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн тулд Амазоны ойг хамгаалах талаар Бразилийн ерөнхийлөгч Болсонарт болзол тавьснаар Макрон бас дахин оноо нэмж авсан. Ямар ч нөхцөлд энэхүү хэлэлцээрийг хийхээр зүтгэж байгаа Германы байр суурь харин үүний дэргэд сулхан, зарчимгүй харагдаж байна.   Handelsblatt: Францад болсон уулзалтаа “долоогийн” улс орнууд хэд хэдэн асуудлаар байр сууриа ойртуулж чадав. Иран, худалдаа, тоон татвар, Амазоны ойн хамгаалалт зэрэг сэдвээр Макрон түншүүдтэйгээ ойлголцож чадсан бололтой. Гэхдээ энэ бүх тохиролцоог Дональд Трамп хялбархан өөрчилж чадна гэдгийг тэрээр мөн ойлгож байгаа. Энэ бол хамтран ажиллах чадваргүй, бусдыг тохь тухгүй байлгахыг хүсдэг хүн. Гэхдээ эцсийн бүлэгт ойрын саруудад улс төрчдийн юу хийхийг тэдний хэлж ярьсанаар биш, гаргасан үйлдлээр нь шүүн тунгаах билээ. Макрон дараах гурван зүйлд голлож анхаарсан: Трампын давлиун занг зохицуулах, түүний өдөөн хатгалгаас эвтэйхэн мултарч гарах, томоохон эрсдлийн зориг гаргах. Францын ерөнхийлөгч Трампыг хамгийн агуу том улс орны лидер, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яв цав хэрэгжүүлж байгаа хэмээн хэд хэдэн удаа нийтийн өмнө хэлсэн. Үүний хамт Макрон тоон татвар гэх мэт асуудлаар хатуу байр суурь илэрхийлсэн. Олон ажиглагчийн үзэж байгаагаар Биаррицад ираны гадаад хэргийн сайдыг урьсан явдал аюултай өдөөн хатгалгатай адил төстэй зүйл болсон. Тодорхой асуудлаар Франц улс санасандаа хүрсэн. “Долоо” нэгдэж чадсан, Ирантай яриа хэлцэл хийхийг илүүд үзсэн, тоон гигантуудын хувьд татвар тогтоох асуудал, Амазоны ойг хамгаалахад бэлэн байх зэрэг. Чилиэс Африк, Японоос Австрали хүртэл дэлхий тэр чигээрээ нэгдмэл байр суурь эрэлхийлэн Биаррицад цугласан. Сайнгүй цаг хугацааг туулж байгаа Европын хувьд өнгөрсөн амралтын өдрүүд тйим ч муу байсангүй.  

Итали

  Corriere della Sera: Трампаас хэд хэдэн удаа “за, тийм ээ” гэсэн нааштай үг унагаж, Макрон өөрийнхөө имижийг харуулж чадав. Сэтгэл санааны дарамт хямрал, АНУ болон европын түншүүдийн хооронд ээлжит санал зөрөлдөөн гарахаас өөр юу ч амлаагүй “долоогийн” уулзалтыг Францын ерөнхийлөгч даргалав. Долоон орныг нэгтгэсэн тэрхүү гол зүйл бас дахиад оршин байгаа болов уу? Биаррицад хэлэлцэх асуудлын цаана нуугдаж байсан энэ асуултыг эвтэйхэн тойрч гарав. Ийнхүү нэгмөсөн зад муудалцах гол зорилгоос гадна хэд хэдэн чухал сэдвээр бусад зорилгоо ч биелүүлж чадлаа. Уулзалт амжилттай болсны дохио тэмдэг болгож, Макрон, Трамп хоёрын хамтарч гэнэт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр ираны асуудлаар тодорхой дэвшилд хүрснийг мэдэгдлээ.   La Stampa: Уулзалт амжилттай болж өнгөрсөнд Францын ерөнхийлөгч Эмманюэль Макроны ач гавьяа их бий. Үнсэлцэх хүртэл биеийн үггүй хэл яриагаар Трампад түүнийг тал зассаныг олон хүн аль эрт улиран хуучирсан хоёр лидерийн хоорондын харилцааны анхны үеийн уур амьсгал хэмээн үзэж байна. Эдгээр харилцааны бодит үнэн ямар байхаас үл хамааран Макроны хувьд Трампыг тодорхой хүрээнд барьж чадсан. Уулзалтын өмнө дэлхийн дэг журмыг бас дахин зөрчсөн гол хүн байх болов уу хэмээн бүгд л болгомжжилж байсан бол Цагаан ордны эзэн энэ удаа бүхий л дайсан, өрсөлдөгч нартайгаа гар сунган барих стратеги баримталсныг ч мөн харгалзах хэрэгтэй.  

АНУ

  The Washington Post: Дэлхийн лидерүүдийн уулзалт хамгийн тулгамдсан асуудлуудыг зохицуулах талаар ямар нэгэн мэдэгдэхүйц ахиц дэвшилгүйгээр, худалдаа, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдэх хандлагын хувьд Америкийн Нэгдсэн Улс болон бусад улс орнуудын хооронд улам бүр тэлсээр байгаа ангалыг ил болгов. 1975 оноос хойш G7-ийн уулзалт хоёр дахь удаагаа ямар нэгэн тодорхой агуулга бүхий хамтарсан мэдэгдэлгүйгээр дуусах шиг болов. Ийм баримт бичиг бол дэлхийн томоохон улс орнуудын нийтлэг үнэт зүйлсийг тусгах ёстой боловч худалдаа, цаг уурын өөрчлөлт, Иран зэрэг асуудлаар дэлхийн хэмжээний тохиролцоо зөвшилцлөөс (консенсус) АНУ хол хөндий байхаар Трамп шийдсэн болно.   The Hill: Дэлхийн лидерүүдтэй хийсэн уулзалт дээр Трамп инээд хүрмээр мэдэгдлүүд хийж хайран үнэтэй цагийг үрэхэд нь G7-гийн түншүүд нь тэр даруй хэргийн учир түүний бодож байгаагаас арай өөр, зарим тохиолдолд бүр огт тийм биш хэмээн тайлбарлаж байв. Трампынхаар бол америкийн хэвлэлд үйл явдлыг “мэдсээр байж гажуудуулан” тусгаж байгаад тэд өдөржин инээлдсэн болж байна. Дэлхийн лидерүүд инээхийн хувьд үнэхээр инээлдэж байсан, тэхдээ Трамп өөрөө буруу зөрүү ойлгож төсөөлж явдагт нь тэгсэн хэрэг. Энэ бүхэн дэлхий даяар АНУ-д болон манай манлайлалд итгэх итгэлд ноцтой эрсдэл авчраагүйсэн бол олон улсын тавцан дээр түүний хөгөө чирэхийг ажиглан харахад тааламжтай байх сан. G7-гийн уулзалт дээр Трамп бусдаас хөндий зайтай сууж, Fox News-ийг үзсэнээр Америкийн Нэгдсэн Улс илүү хүч чадалтай болчихгүй. Манай улс улам бүр ганцаардаж тусгаарлагдах болно. Олон улсын тогтолцоог хадгалах талаар бидний баримталж байгаа санаа бодол, байр суурийн үр дүнд дэлхий ертөнц улам бүр цэцэглэн хөгжиж, зөрчил мөргөлдөөн багасна гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэхээ больж эхэлж байна.   The Atlantic: Чөлөөт ертөнцийн ихээхэн хэсэгтэй Трамп хэл амаа ололцохгүй байгаа болохоор тэр хэсэг түүнгүйгээр урагшилж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. G7-гийн уулзалт дээр лидерүүд худалдаа, цаг уурын өөрчлөлт, тэр бүү хэл, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “манайх уу”, “хүнийх үү” гэх асуудлаар хүртэл ойлголцож зөвшилцөнө гэж найдахаасаа татгалзсан бололтой. Трампын уур хилэнг хөдөлгөх магадлалыг аль болохоор багасгахын тулд л уулзалтыг зохион байгуулсан юм уу гэмээр санагдсан.   Politico: G7-гийн уулзалтын эхний өдөр, нээлтэд зориулсан хүндэтгэлийн оройн зоог дээр ерөнхийлөгч Трамп тэргүүлэх улс орнуудын элит бүтэгт ОХУ байх учиртай хэмээн зүтгэж, дараа нь Ираны асуудлаар өөртэй нь үзэл бодол зөрж байгаа талаар Францын ерөнхийлөгчид шууд хэлснээр санал зөрөлдөөн ил гарч эхэлсэн. Худалдааны хэлэлцээр байгуулах талаар өөрсөдтэй нь хамтарч ажиллах, эсвэл санал зөрөлдөөн ужгирсан хэдий ч ойлголцох арга замыг эрж хайх болно хэмээн холбоотнуудаа тайвшруулахыг ерөнхийлөгч байн байн хичээж байв. Тууштай биш бултамхай зөрчилтэй мэдэгдлүүд нь баримталж байгаа чиг хандлагынх нь талаар туслахууд болон холбоотнуудыг зөвхөн таамаглахад хүргэж, гаргасан шүүмжлэлүүд нь одоогийнхоо албан тушаалд дүйцэх эсэх асуудлыг дахин сөхөж гаргахад хүргэж байв.   CNN: Тууштай биш үйлдлээрээ дэлхийн тавцанд бухимдал цухалдал төрүүлж байгаа Ерөнхийлөгч Трамп үр дагавар нь дэлхийн (глобал) эдийн засгийн хувьд хөнөөлтэй байж болохуйц эрчимтэй хурцадсаар байгаа Хятадтай хийж байгаа худалдааны дайны талаар эхэндээ өөдрөг сэтгэгдэл төрүүлж байснаа дараа нь нөхцөл байдлыг хурцатгаж, тэгснээ байр сууриа зөөлрүүлэх талаар бас дахин өөдрөг итгэл төрүүлэх болов.  
Францад болсон G7-гийн уулзалт Трампын гадаад айлчлалын аль хэдийн танил болсон хөтөлбөрийн (сценари) дагуу болж өнгөрлөө. Нэгэн цагт Барууны альянсын гол цөм нь байсан АНУ зожгирсон тусгаарлагдмал байдалд оржээ.
  Урьд нь АНУ-ын зүгээс удирдамж хүлээдэг байсан бусад улс орны лидерүүд одоо ааш зангаа гэнэт өөрчилдөгөөрөө алдартай америкийн ерөнхийлөгчийг аль болохоор цухалдуулахгүй байхыг хичээж байв. Трамп сэтгүүлчидтэй тулаан хийж, өөрийнх нь үйлдлийг шүүмжилсэн аливаа тохиолдол бүрт хурцаар эмзэглэж, нийтэд хандаж түүний хийсэн мэдэгдлүүдийг тайлбарлах гэж оролдсон туслахуудаа загнан зэмлэж байв. Хятадтай хийж байгаа худалдааны тулааны талаар харамсч байгаагаа илэрхийлснээр Трамп ням гаригт бүгдийг гайхашруулав. Бий болсон нөхцөл байдлын эдийн засгийн үр дагаврын талаар олон хүн санаа зовниж байгаа мөчид түүний хэлсэн үг дэлхий даяар түгэн тархав. Гэхдээ, үүний дараа, өөрийгөө буланд шахуулсан, эсвэл буулт хийж байгаа хүний төрхөөр харагдуулахгүйн тулд өөрийнх нь хийсэн мэдэгдлийн талаар бусадтай ярилцахдаа түүний харамсч байгаа цорын ганц зүйл бол Хятадын талаар илүү хатуу байр суурь баримтлаагүй явдал хэмээн тайлбарлах хэрэгтэй хэмээн туслахууддаа зааварчлав. Даваа гаригт сэтгүүлчидтэй ярилцахдаа Трамп бас дахин аядуу зөөлөн байр суурь баримтлав. Хятадтай хийж байгаа сөргөлдөөнд Трамп улс төрийн ямар том хөрөнгө оруулж байгааг энэ үйлдэл тод томруун харуулж байна. NBC: Энэ удаагийн уулзалтыг Трамп Эмманюэль Макронтой хийсэн чанга тэврэлт, мөн холбоотнууд нэгдмэл байлаа гэсэн мэдэгдлээр өндөрлүүлэв. Дэлхийн шилдэг дипломатчийн үүрэг гүйцэтгэхийн тулд Макроны зохион байгуулсан Ираны гадаад хэргийн сайдын гэнэтийн айлчлал ч уулзалт дээр нөхөрсөг уур амьсгал дүүрэн байсан тухай Трампын санаа бодолд нөлөөлсөнгүй. Энэ удаагийн уулзалтад өнгөрсөн жилийн хувь тавилан давтагдах боломж байсан хэдий ч амжилтад хүрэх цорын ганц үр дүн ч гэсэн оролцогчдын хувьд урт хугацааны үр дагавартай байж болохыг харуулсан бөгөөд дэлхийн лидерүүд ерөнхийлөгч Трамптай ажил хэрэг явуулж сурсан бололтой. Уулзалтын бусад оролцогчдын тухай яриа үүсэхэд Трамп дээд зэргээр биеэ барьж, бүх нийтийн анхаарлын төвд орохгүйг хичээж байв. Тэр ч байтугай, тэрээр Twitter-т хийсэн мэдээлэлдээ өөрт нь төдий л харагдаад байдаггүй аядуу тайван зан гаргаж, гол төлөв холбоотнууддаа сайн сайхныг хүсч илэрхийлэв. Bloomberg: G7-гийн уулзалт чухал үр дүнд хүрч байсан тохиолдол ховор, тэдний гол үнэт зүйл бол нөхцөл байдлыг муутгахгүй байх явдал. Биаррицын энэ удаагийн уулзалтаар дээрх дүрмийг дагаагүй нь анхаарал татав. Дэлхийн эдийн засгийн байдал санаа зовоож, харин аюулгүй байдал, экологийн салбарын асуудлууд АНУ болон түүний түншүүдээс шинэ чиг хандлага, тодруулга шаардсан нөхцөлд энэ удаагийн уулзалт эрсдлийг улам хүчтэй болгов. Буруутан нь төр улсынхаа удирдлагын загварыг эмх замбараагүй болгож, дэлхийн лидерийн үүргээсээ татгалзсан АНУ-ын ерөнхийлөгч гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй. Сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ Трамп эхэндээ “Худалдааны дайн” хэмээн нэрлэвэл зохилтой гэж өөрийнх нь үзсэн улс төрийн бодлогын хувьд эргэлзээ төрсөн тухай ойлголт өгсөн. Дараа нь БНХАУ-ын хувьд илүү өндөр татвар тогтоох хэрэгтэй юм биш үү гэсэн асуудалтай ерөнхийлөгч тулгарсан юм хэмээн албан ёсны төлөөлөгч нь тайлбар хийв. Гэтэл даваа гаригт ийм шинэ мэдээлэлтэй холбогдуулан Бээжинд асуудал үүссэн бололтой, хятадын төлөөлөгчид америкийн албан ёсны хүмүүстэй хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг хүсч утсаар ярьсан хэмээн ерөнхийлөгч мэдээлэв. Өөр асуудлаар харин АНУ-ын ерөнхийлөгч өөрөө өөртэйгөө, эсвэл уулзалтад оролцож байгаа түншүүдтэйгээ зөрчилдөх боломж гаргасангүй. Жишээлбэл, уулзалтад оролцогчдын бүрэлдэхүүнд ОХУ-ыг дахин оруулах хэрэгтэй эсэх асуудал. Франц, Герман, ИХ Британи улс энэ талаар сэтгэл түгшиж байгаа бол Трамп харин ийм санаа бодол өөрт нь таалагдаж байгаа хэмээн мэдэгдэв. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгос улсын харвасан пуужингийн талаар харамсал илэрхийлж, ийм үйлдэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг зөрчиж байна хэмээн онцлоход Трамп: - “Бид пуужинтэй дэлхий ертөнцөд амьдарч байгаа, танд энэ нь таалагддаг уу, үгүй юү?” - хэмээн мэдэгдэв. G7-гийн энэ удаагийн уулзалт бүх зүйлийг байр байранд нь тавьж чадсангүй, учир нь энэ ажлыг АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн үед он удаан жилийн хугацаанд хийх болно, гэхдээ энэ удаагийн уулзалт зарим талаар амсхийх боломжийг хангаж чадах байсан байх. Үүний оронд манай гаригийн хамгийн нөлөө бүхий улс төрчид дэлхий ертөнцийг ангал нүх рүү улам гүнзгий түлхлээ. The Wall Street Journal: Хятадын эсрэг АНУ-ын худалдааны дайн, мөн гадаад улс төрийн хэд хэдэн асуудлаар бусад улс орны лидерүүдтэй G7-гийн уулзалт дээр үзэл бодол нийлээгүйн улмаас дэлхийн тавцанд Трампыг ганцаардуулж зожигруулав. Францын урилгаар гэв гэнэт хүрэлцэн ирсэн Ираны гадаад хэргийн сайдын айлчлал америкийн албаны зарим хүмүүсийг гайхашруулав. АНУ өнгөрсөн сард өөрт нь хориг тавьсан Жавад Зариф Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон францын албаны хүмүүстэй уулзалт хийсний дараа британы болон германы төлөөлөгчидтэй ярилцсан байна. Хэдэн цагийн дараа тэрээр америкийн төлөөлөгчидтэй уулзалгүйгээр Биаррицыг орхин явсан. Трампын эргэн тойронд зөвлөхүүд болон телевизийн дуран байхгүй хаалттай хаалганы цаана уулзалтад оролцогчид бүхий л уулзалтын турш Иранд буулт хийх болон бусад асуудлаар Трампаас нааштай хандахыг хүсч хичээсэн. Гэсэн хэдий ч хариуд нь Трамп өөрийн байр сууриа улам чангалсан. The New York Times: Энэ удаагийн уулзалтад оролцогчид харилцан бие биедээ элэгсэг дотно хандаж байсан хэдий ч тэдний хооронд санал зөрөлдөөн байгаа нь илт байлаа. Зөвлөхүүд нь уулзалтын эзэн “жижиг асуудалд” хэтэрхий анхаарч байна хэмээн гомдол мэдүүлсний дараа Трамп цаг уурын глобал өөрчлөлтийн асуудалд зориулсан хуралдаанд суусангүй. Уулзалтад оролцогчдыг зөвшилцөлд хүргэхийн төлөө гаргасан Макроны хүчин чармайлт талаар болов. Трамп Ираны ерөнхийлөгч Роуханитай ойрын үед уулзаж болзошгүй тухай түүний мэдэгдэл санаанд ороогүй гэнэтийн зүйлийн нэг нь байв. Иран болон АНУ-ын хоорондын хурцадмал байдлыг намжаах, мөн түүнчлэн 2015 онд тэд өөрсдөө болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Ираны цөмийн нөөцийг хязгаарлах асуудлаар Тегерантай байгуулсан хэлэлцээрийг аль болохоор аврахын тулд Макрон болон европын бусад лидерүүд ихээхэн хүчин чармайлт гаргасан.  

Канад

  Globe and Mail: Трамп эелдэг даруухан байсан хэдий ч G7-гийн бусад удирдагч нартай нийтлэг хэл амаа ололцож чадсангүй. Тэрээр өнгөрсөн онд Канадад гаргасан шигээ францын Биаррицын уулзалтыг уур уцаартайгаар хаяж явсангүй, “долоогийн” бусад удирдагч нар руу дайрч давшилсангүй, уулзалтыг даргалагч руу ч довтолсонгүй. АНУ-ын ерөнхийлөгчийн харьцангуй хэсэгхэн зуур биеэ эвтэйхэн авч явсан нь түүнийг гэв гэнэт G7-гийн талыг баримтлагч болгож, Франц, Герман, Их Британи, Итали, Япон, Канадын лидерүүдтэй нийтлэг хэл амаа ололцсон гэсэн үг хараахан биш юм. Урьдын адил тэр Иран, цаг уурын өөрчлөлт, тариф зэрэг чухал асуудлаар байнга өөр бодолтой байсан бөгөөд зүгээр л дотоод сэтгэлийн хөдөлгөөнөө дарж байсан. Трампын засаг захиргааны үед G7 нь G6 нэмэх нь нэг гэсэн хувилбартай адилхан болжээ. Өөр бусад асуудлаар ч америкийн ерөнхийлөгч өөрийн гэсэн бодолтой байсан. Тухайлбал, дараа жил G7-г Трампын хүлээн авах тэрхүү уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг урих хүсэлтэй, үүгээрээ ийм уулзалтын өмнөх G8 форматыг сэргээх сонирхолтой. Гэхдээ Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо болон бусад лидерүүд уулзалтад оролцогчдын бүрэлдэхүүнд ОХУ-ыг ийнхүү үг дуугүй оруулахыг эсэргүүцэж байгаагаа ойлгуулсан. Иран болон Хойд Солонгосын эргэн тойрны нөхцөл байдал нь Трамп болон “долоогийн” бусад лидерүүд харилцан ойлголцож чадаагүй өөр хоёр сэдэв болсон. G7 чухал байхаа больсоор байна.   Canadian Press: Санал зөрөлдөөнийг (G7 доторх) зөөлрүүлж арилгахыг хичээсэн дэлхийн цорын ганц лидер бол Канадын ерөнхий сайд Жастин Трюдо байсан. АНУ, Францын ерөнхийлөгч Дональд Трамп, Эмманюэль Макрон нарын мэдэгдлүүдэд эв нэгдлийн тухай өнгө аяс гарч байсан боловч энэ нь төгсгөлийн хамтарсан мэдэгдлээс (коммюнике) өөрийнхөө гарын үсэг бүхий хэсгийг хасахыг шаардаж байсан өнгөрсөн оны уулзалтаас (Канадад болсон) мэдэгдэхүйц ялгаатай байсан.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон
© Ludovic Marin, Pool via AP
G7-гийн лидерүүд энэ удаа эдийн засаг, Иран, Гонконг болон дэлхийн бусад чухал сэдвийн тухай өгүүлсэн төгсгөлийн хамтарсан товч мэдэгдэл гаргасан. Гэхдээ худалдааны бодлого, ОХУ, Иран, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар АНУ болон дэлхийн бусад зургаан том эдийн засгийн хооронд санал зөрөлдөөн байсаар байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хуралдааныг Трамп тасалж, G7-д ОХУ-ыг нэгтгэх уриалгаа давтсан. Трюдо хариуд нь ийм зүйл болохгүй хэмээн мэдэгдсэн.  

Япон

  NHK: Зөвшилцөж чадсан зарим зүйлийг дурдсан баримт бичиг нийтлүүлсэн боловч 1975 оноос ийм форматаар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш G7-гийн уулзалт анх удаа төгсгөлийн тунхаг бичиг батлан гаргасангүй. Зөвшилцсөн сэдвийн тоонд Иран, Гонконг, Ливи, Украин болон дэлхийн худалдааны нөхцөл байдал гэсэн таван сэдэв оржээ. Уулзалт дээр чөлөөт мэтгэлцээн болдог гэдгийг онцлонгоо улс орнуудын хооронд санал зөрөлдөөн их байгаагийн улмаас тунхаг бичиг гаргахгүй гэдгийг Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон бүр эхнээс нь хэлж ярьж байсан билээ.  

Талуудын тохиролцсон сэдвүүд дэндүү хягаарлагдмал болохыг төгсгөлийн баримт бичиг харуулж байна.

  Жишээлбэл, “долоог” даргалж байгаа Францын хувьд ихээхэн ач холбогдолтой хэдий ч глобал дулааралтай тэмцэх тухай заалт энэ баримт бичигт орсонгүй. “Долоо” энэ удаа дэлхий дахинд амин чухал дохио анхааруулга илгээсэн гэж хэлэх аргагүй, тийм болохоор түүний нөлөө цаашдаа хадгалагдах тухай асуудал гарч ирж байна.   Yomiuri Shimbun: Уулзалтын явцад хэлэлцсэн нэг гол сэдэв бол Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдал байсан. Олон хүний хувьд гэв гэнэт Биаррицад хүрэлцэн ирсэн Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай Францын ерөнхийлөгч Макрон ням гаригт тусгайлсан уулзалт хийсэн. АНУ, Ираны лидерүүд болох Дональд Трамп, Хасан Роухани нарын уулзалт ойрын үед болно гэдэгт найдаж байгаагаа францын ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн. Одоо Парижийн зуучлалыг Тегеран хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл хийх бол гэдэгт бүхий л анхаарал төвлөрч байна. Японы засгийн газрын эх сурвалжийн баримтад дурдсанаар Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй зорчих явдлыг хангахын тулд АНУ тэргүүлсэн эвсэл байгуулах асуудлыг уулзалт дээр хэлэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Европын улс орнууд сөргөөр ханддаг боловч 2014 онд Крымыг нэгтгэснээс хойш хасагдсан ОХУ-ыг форумд буцааж оруулах асуудлыг авч хэлэлцэхийг ерөнхийлөгч Трамп санал болгосон. Крымын, мөн Украины зүүн хэсгийн нөхцөл байдлыг одоогийн байгаагаар нь үлдээгээд ОХУ-ыг уулзалтад хэрвээ урих аваас хууль дээдлэх болон ардчилсан зарчмыг оролцуулан өөрийнхөө баримталдаг үнэт зүйлийг “долоо” үгүйсгэнэ гэсэн хэрэг билээ.   Asahi Shimbun: Эдийн засгийн асуудлаар хийсэн хуралдаан дээр “долоогийн” лидерүүд глобал өсөлтөд саад учруулж байгаа эрсдлүүдийн талаар сэтгэл зовниж байгаагаа хуваалцсан боловч авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар ямар ч гүнзгий хэлэлцүүлэг өрнөсөнгүй. Эдийн засгийг сааруулж байгаа санал зөрөлдөөнийг G7-гийн оролцогч улс орнууд өөрсдөө үнэн хэрэгтэй бий болгож байна. Тухайлбал, Европын холбооноос Их Британи гарах асуудал, мөн харилцан бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бас дахин нэмэгдүүлэхэд бэлэн байгаа АНУ, БНХАУ-ын санал зөрөлдөөн улам хүчтэй болж байгаа тухай энд өгүүлж байна. Үүнээс гадна Япон болон Өмнөд Солонгос улс саяхан худалдааны маргаан үүсгэсэн. ЗСБНХУ-ын аюул занал хэмээх үндэс суурь дээр дэлхий даяар чөлөөт худалдааны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хэрэгслийн үүргийг нэгэн цагт G7 гүйцэтгэж байсан. Гэтэл 2008 оны эдийн засгийн хямралын үеэс G20-ын уулзалтыг лидерүүдийн оролцоотойгоор хийх болсон. “Хорь”-ийн бүрэлдэхүүнд дэлхийн хоёр дахь эдийн засаг болох Хятад улс, мөн өргөн хэмжээний нөлөө бүхий Орос улс багтаж ордог бөгөөд эдийн засгийн олон сэдэв энэхүү формат руу шилжсэн болно. Дэлхийн эдийн засгийн сайн сайхны тусын тулд өсөн нэмэгдэж байгаа Хятад улсын хүчин чадлыг ашиглах явдал одоо G7-гийн хамгийн гол зорилт болж байна. Хятадын аж үйлдвэрийн түрэмгий бодлого, оюуны өмчийн эрхийг тус улс зөрчиж байгаа явдал Япон, АНУ болон Европын аль алины хувьд нийтлэг асуудал болж байна. Гэсэн хэдий ч, Хятадтай тарифын дайныг үргэлжлүүлсээр байгаа АНУ ын хувьд энэ талаар үр бүтээлтэй ямар нэг арга хэмжээг санал болгох урам зориг алга байна. Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 51 мин