
Д.БОЛОРМАА
УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа.
-Монголчууд шинэлээд дуусч байна. Та УИХ дахь ахмад гишүүний нэг. Амар мэнд мэдэх, хүндэтгэл үзүүлэх залуусын хөлд дарагдаж өнжиж байгаа байх даа?
-Юуны өмнө монголчууддаа “Ялгуусан” хэмээн модон морь жилийн халуун мэнд хүргэж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж аз хийморь, эрүүл энх явахыг хүсэн ерөөе. УИХ-ын хоёр дахь ахмад гишүүний хувьд золголт өргөн, хөлд дараатай өнжиж байна аа. Залуу гишүүдээс эхлээд Тамгын газрынхан манай өрөөгөөр тасрахгүй байна. Тамгын газрын дарга байсан учраас тэр биз дээ.
-Модон морь жилийг монголчууд аз хийморь, ялалтын жил гэж онцолж байна. Морь жилд олон хувьсгал тохиож ялж байсан гэх. Гэхдээ энэ жилдээ улс төрийн нөхцөл байдал тайван байна гэцгээж байна. Сонгуулийн жил биш учраас тэр гэнэ?
-Би улс төрийг тогтвортой байгаасай гэж боддог хүн. Мэдээж байгалийн шинжээрээ морь гээч амьтан нь хийморьтой, золбоолог шийдэмгий адгуус. Энэ жил улс төрийн хүрээнд Монголын ард түмэн, тэдний язгуур эрх ашгийн төлөөх нөлөө бүхий шийдвэр гараасай гэж бодож байна. Ялангуяа, байгалийн баялгийг цөөхөн хүний гарт биш Монголын ард түмний мэдэлд аваачих эрх зүйн боломжийг нээж өгөөсэй. Саяхан Засгийн газар Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төсөл оруулж ирээд өнөөх нь гишүүдийн дэмжлэг авахгүй болохоор Ашигт малтмалын хуулийн заалтад нэмээд оруулаад ирэх жишээтэй. Ингэж болохгүй. Үүнийг миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа ч тийм байсан.
-Хуулийн төслөө дэмжлэг хүлээлгүй унахаар нь нэрийг өөрчлөөд оруулаад ирсэн биз дээ?
-Нэгэнт унасан төслийг дахин яаран шамдан оруулж ирж байгаа нь цаанаа өөр зорилготойг харуулж байгаа юм. Өнгөн талдаа сонихон сайхан юм шиг мөртлөө ард түмэнд ашиггүй, алдагдалтай хууль юм. Алт бол ард түмний баялаг байх ёстой. Гэтэл үүнийг хэдэн хүн хулгай хийчихээд “Татвараа багасгасгахгүй бол алтаа тушаахгүй” гээд сууж таарахгүй. Монголын төр ч гэсэн “Чи тушаачих.Татварыг чинь хөнгөлье” гэж найр тавих нь буруу.
-Та энэ төслийг Оюутолгой компанид зориулсан байна гэж чуулганы хуралдаанаар хэлж байсан?
-Эцсийн утгаараа роялтын татвар багасгасан нь шороон ордод хамаагүй. Үндсэн орд тэр дотроо 2000 мянган шахам алтыг ухах гээд байж байгаа Оюутолгой компанийн эрх ашигт нийцсэн хууль. Бараг далдуур тэдний эрх ашгийн төлөө хийж байгаа ч юм билүү. Би мэдэхгүй. УИХ дахь Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан чуулганы хуралдаан дээр “Энэ хуулийн цаана алтны мафийнхан байгаа” гэж хэлсэн. Энэ үгийг хариуцлагатай хүн хэлсэн. Алтны мафи гэж нэрлэж байгаагийн цаана эрх мэдэлтэн байгаа нь тодорхой. Тэд юу ч дуугарахгүй зүгээр л ард нь сууж байгаа байхгүй юу. Гэвч энэ нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүй. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон байгалийн баялагтай холбоотой асуудал шүү дээ. Энэ хуулийг зөвтгөх, эргэж харах боломжийг энэ 2014 онд олгоосой билээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн тухай хэн хүнгүй ярьж байна. Би өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг тогтоох ажлын хэсгийн гишүүн. Манай ажлын хэсэг ажлаа удахгүй Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна.
-Өөрчлөхөд санал нэгдэв үү, танай ажлын хэсгийнхэн?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн.
-Ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэв?
-Хамгийн эхэнд 1999-2000 онд оруулсан Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон долоон нэмэлтийн зөв, бурууг ялгах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц нэгэнтээ хүчингүй болгосон байхад үг, үсгээр буцаагаад оруулсан шүү дээ. Үүнийг л ярих ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг түрүүчийн УИХ батлахдаа “Тийм зүйл ангийг хөндөхгүй шүү” гээд маш нарийн заагласан. Иймээс хамгийн түрүүнд энэ долоон өөрчлөлтийг ярих болж байгаа юм. Яах вэ, бүхэлд нь өөрчилье гэвэл 1990 онтой адилхан Ерөнхийлөгчөөр ахлуулсан улсын комисс ажиллуулах ёстой. Ямар өөрчлөлт хийх үү гэдгээ гаргах ёстой. Яривал олон өөрчлөлт байна.
-Тухайлбал?
-Парламентыг хоёр танхимтай болгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болгох тухай ярия гэвэл ард түмний санал хураалтаар үүнийг шийднэ. Нөгөө талаас улс төрийн бүх намууд ярилцаад нэгдсэн ойлголттой болох зэрэг хоёр салаа зам байна. Энэ болтол нэлээд хугацаа шаардлагатай учраас хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын дор дордсон долоон өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Үүнийг хийх боломжийг 2014 он олгоосой билээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээний суурь шинэчлэл, эдийн засгийн хүрээнд байгалийн баялаг ард түмний мэдэлд очих жил 2014 он байгаасай гэж хэлэх байна. Мэдээж хийх ёстой өөрчлөлт бүрийг яривал олон байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийг улс төрийн зорилгоор ашигладгийг нь зогсоохын тулд Дээд шүүхийн бүрэлдэхүүнд оруулъя гэдэгтэй санал нэгдэнэ. 1992 онд ч гэсэн энэ талаар ярьж л байсан. Хэрэв шүүх утгаараа ажиллаж чадахгүй олонхи болсон улс төрийн хүчний шийдвэрийг хамгаалдаг байвал дангаараа байгаад хэрэггүй. УИХ-ын гишүүний нас өнөөдөр 25. Энэ насны доод хязгаарыг өөрчлөх ёстой. Дөч хүрсэн эр, дөрөө тарсан ат гэж үг бий. Амьдралын туршлагатай, сайн мууг ялгах насны хүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёстой. Ялангуяа, бэл бэлчинтэй хүмүүсийн үр хүүхдүүд мөнгөний хүчээр УИХ-д орж ирдэг хандлага их байна. Энэ бол маш аюултай алхам. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн насыг хүртэл бодох ёстой. Төрийн тэргүүн хүн аливаа юманд хууртахгүй, няцахгүй хэмжээний буурь суурьтай хүн байх ёстой. Тэгэхгүй бол 1990 онд байсан үе өнөөгийн нөхцөл байдалтай адилгүй. Ингээд яривал олон зүйл байна. Товчхондоо хэлэхэд ийм байна.
-Давхар дээлийг дан болгох тухай хуулийн төсөл маргаан дагуулж байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байна уу. Хамгийн гол нь танай эвслийнхэн Засгийн газарт байна шүү дээ?
-Үндсэн хууль зөрчсөн зүйлд манай намынхан эвсэлд байгаа гээд хаацайлахгүй. Энэ бол утгагүй зүйл. Ерөнхий сайд нь хүртэл УИХ-ын гишүүн байх ёсгүй. Намын дарга ч байх шаардлага байхгүй. Хэрэв ялсан намын дарга нь Ерөнхий сайд болбол өнөөгийн тогтолцоог эргүүлээд давтаж таарна. Мэдээж өнөөдөр гишүүн байгаа сайд нар үүнийг дэмжихгүй нь тодорхой. Тэд нийтийг бодохгүй зөвхөн хувийн эрх ашгаа бодох учраас юу гэх бол гээд хараад нэмэргүй. Хамгийн гол нь манай намыг олонхи байгаа үед энэ төслийг батлаад хэрэгжүүлээд хэрэггүй. Дараагийн УИХ-ын үед хэрэгжүүлье гэвэл хамгийн утгагүй. Бурууг нь мэдсэн л бол тэр дор нь өөрчлөх ёстой. Ялангуяа суурь гажигийг нь шүү дээ. Би үүнийг мөн ч олон жил ярьж явна даа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон гишүүн хэлж байгаа. Гэхдээ энэ парламентын үед амжих болов уу. Тийм эр зориг танай гишүүдэд байна уу?
-Үндсэн хуулийг өөрчилье гэсэн яриа сүүлийн хоёр, гурван парламент дамжин яригдаж байна. Сүржин ярьж байгаад саардаг. Ийм биш байгаасай. Эр зориг байх хэрэгтэй. Ард түмэн, сонгогчид харж байгаа шүү дээ. Дахиад худлаа болох вий дээ гэдэгт санаа зовж л байна. Өнөөгийн УИХ-д иргэний хөдөлгөөн, хуульч гээд бүх салбарын төлөөлөл бий. Энэ үед л Үндсэн хуулиа засах хэрэгтэй. Маш сайн тохироо, алтан боломж гэж хэлэх байна.
-Та чуулганы хуралдаанаар АН-ынханд хандаж “Та нар өөрсдийгөө битгий олонхи гээд бай. Манай эвслийн хүчээр УИХ, Засгийн газарт олонхи болсон гэдгээ мартаа юу” хэмээн хатуухан шүүмжилж байсан?
-Үүнийг олон зүйлээр хэлж болно. Бид улс төрийн ой санамжгүй байж болохгүй. Хоёрхон жилийн өмнө болсон сонгуулийн үр дүнг нь Монголын ард түмэн мэднэ. Үндсэн хуульд заасанчлан аль ч нам нь дангаараа олонхи болоогүй. Энэ нөхцөлд манай эвсэлтэй Засгийн газрыг хамтран байгуулсан. Ийм байхад хүн хуурч байгаа юм шиг саяхан Говь-Алтайн дахин сонгуулийн үеэр “АН бол олонхи шүү. Олонхи болсон манай намд саналаа өгөхгүй бол бодлого явахгүй” гэж сонгогчдыг тархийг угаасан. Ийм байж таарахгүй. Эрээ цээргүй асуудал юм. Ер нь олонхийн гаргаж байгаа шийдвэр Монголын язгуур эрх ашгийн эсрэг байвал бид хүлээн зөвшөөрөөд суухгүй.
-АН, МАН хоёр өөрсдийгөө олонхи, сөрөг хүчин гэж ярьж байгаа учраас танай эвслийн дүр зураг тодрохгүй байна уу даа?
-Тодорч харагдах шаардлагагүй. Бид зөвхөн шударга ёсны төлөө зогсох ёстой. АН байна уу, МАХН нь байна уу огт хамаагүй. Бид хууль зүйн дагуу зөв шийдлийн талд зогсоно. Хамтарсан Засгийн газар байгуулсан гээд тэдний буруу, зөрүү шийдвэрийг хамгаалаад суухгүй. Энэ утгаараа тодрох ёстой. Тодорч байгаа ч гэж бодож байна. Бидний саналыг бүрэн тооцохгүйгээр УИХ шийдвэр гаргаж чадахгүй. Үүнийг нийгэм, олон нийт зөв харах ёстой.
-МАХН-аар сонин сайхан юутай байна. Ирэх дөрөвдүгээр сард их чуулганаа хийх сураг байна?
-Их чуулганаа хийнэ гэж товлосон юм алга. Ер нь хийх ёстой. Бид энэ сарын 8-9-нд БНСУ-д очиж намынхаа даргатай уулзана. Уулзалтаар энэ талаар ярилцах болно. Чуулганы хүлээлт нийгэм болоод намынханд бий. Ялангуяа, МАХН-ыг дахин байгуулахын төлөө явж байсан хүний хувьд хэлэхэд нам дотор шударга ёс алдагдах тал харагдаж байгаа учраас бид дотроо халуун яриа өрнүүлэх болов уу. МАХН нь ёс зүйн утгаараа шинэчлэгдэх асуудал ч гарч магадгүй байх. Бид хүний өмнө гарахад нүүр бардам байх ёстой. Өөрсдөө шударга байх ёстой. Нам дотор янз бүрийн гомдол санал байгааг шударгаар ярих ёстой. Тэр гомдол санал оргүй хоосон зүйл биш. Хэн зөв, хэн буруу яриад байгааг нэг тийш нь болгох ёстой юм.
-Чуулганаар намынхаа удирдлагуудаа цомхотгох талаар ярина гэж байна?
-Албан ёсоор ярьсан юм алга. Намын хамт олон өөрсдөө шийдэх ёстой. Манай намд эрх барих дээд байгууллага нь их чуулган. Чуулганаар асуудлыг чөлөөтэй ярих ёстой. АН, МАН шиг өнгө мөнгөний асуудал манайд байх ёсгүй.
-Танай эвслийг шинэчлэлийн Засгийн газраас гарч магадгүй гэх яриа байх юм?
-Намын хүрээнд албан ёсны яригдсан юм байхгүй. Харин гишүүд болоод нийгмийн дунд тийм бодол санал байхыг үгүйсгэхгүй. Хүний саналыг хааж боох ч ёсгүй. Саяхан манайд Ц.Шаравдорж дарга МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Түүнийг Монголын ард түмэн бүгд мэднэ. Бид оюутан байхаасаа хамт явсан. Хуулийн байгууллагад хамт ч явсан. Улс төрд ч гэсэн хамт явлаа. Голч нуруутай, жин даасан хүн орж ирж байгаад олзуурхаж байна.