
Б.ХИШИГ-УНДРАЛ
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч
“Хүн ядуу байж болно. Харин ядмаг сэтгэлгээтэй амьдарч болохгүй” хэмээн боддог омог бардам зан чанартай надад муу хүнээс ч илүү хань болдог. Тийм нэгэн мэдрэмжийг төрүүлдэг уран бүтээлчдийн нэг нэрт найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа юм. Бид хоёрын хуучилдаг сэдэв маш өргөн хүрээтэй төдийгүй хэзээ ч төгсгөл байдаггүй гэдгийг доорхи ярилцлага язгуураар нь батлах биз ээ.
-Даруухан байна гэдэг сайхан хэрэг л дээ. Гэхдээ үнэнийг нууж үргэлж даруухан царайлна гэдэг үзэл бодол нь төлөвшөөгүй тэнэг хүнийг санагдуулдаг юм. Танаас даруу бус хэдэн асуулт асууя гэж бодож байна. Ер нь өс хонзон гэдгийг хүмүүс цус нөжтэй, эсвэл сэлэм далайсан, хэзээ нэгэн цагт өс хонзонгоо авсан гэдэг логик сэтгэлгээгээр ойлгоод байх юм. Таныг бүдэрч байхад гишгэх гээд байсан хүн байсан биз дээ?
-Би ер нь энэ тухай сайн боддоггүй шүү дээ. Яагаад гэвэл аливаа нэг өс хонзонг хүн агуулна гэдэг бол их мулгуу бөгөөд тэнэг хэрэг. Амьдрах орон зай минь хэр хэмжээтэй билээ. Муу юм хийсэн, хэлсэн хүн болгоныг дотроо санаад явах юм бол шуудхан хэлэхэд өтлөлт маш хурдан явагдана, амьдрах орон зай их бага юм шиг санагдана. Тийм учраас өс хонзон гэдэг үг надад таалагддаггүй. Үгийн санд байж болохгүй үг. Аугаа хүмүүс гэдэг бол юмыг өршөөхийн тулд төрсөн байх ёстой. Тэгэхээр өс хонзон юмуу ямар нэгэн муу үг хэлж байсан зүйлүүдийг хүн өршөөлөөр хариулах ёстой гэж боддог. Ер заавал өс хонзонгоор биш цагаахнаар ургуулаад бодох юм бол миний уран бүтээл хаагдаж байсан үеүд, миний хийж байсан киноны плёнкууд хайчлагдахаас гадна лаборатори дотроо зүв зүгээр угааж байсан плёнк яагаад хорон дотроо ороод алга болдог, хар болдог гэх зэргээр бүх юмыг ургуулан бодоод байх юм бол өс хонзон гэдэг үг муухай үг болоод эхэлнэ. Тэгэхээр энэ бүхнийг цайруулахын тулд санаандгүй юм болоо биз, миний үйлийн лай биз гэх мэтээр цагаашруулахаас өөр аргагүй. Ерөнхийдөө хааяа гомдох, гомдсоноос болоод нулимс унагах уран бүтээлийн үед бишгүй байсан. Гэхдээ энэ нь хүнийг улам гоё хурцалж, улам урагшаа явахад түлхэж өгдөг болохоос биш татаж унагадаг юм ерөөсөө биш. Би бол ийм атаа жөтөө, өшөө хорсол бага зэрэг байхад буруудах юм байхгүй гэж боддог. Гэхдээ бас эсрэг муу юм хийж болохгүй. “Тэнэг хүнтэй маргалдвал гар цусдана, ухаантай хүнтэй маргалдвал нэгийг сонсоно” гэдэг үг байдаг. Заримдаа өөрөө өөртэйгөө маргаж, таны хэлсэн үгийг цайруулах, болж өгвөл өөрөөсөө зайлуулах тийм аргыг хайна даа. Энэ битгий гүнзгий байгаасай гэж боддог.
-Биеэ тоох гэдэг алтан зарчим уран бүтээлч хүнд байгаасай гэж боддог. Өөрөө өөрийгөө тоохгүй бол өөр хэн тоох вэ дээ гэж бардам бодол надад байдаг. “Өөрөө өөрийгөө шүтэх нь хүнд хамгийн эрхэм дээд шашин” санагддаг. Тань руу давшилж байх үед, эсвэл бялдуучилж байх үед, театрын найруулагч байхад чинь өөрөө өөрийгөө шүтмээр санагдаж байсан уу?
-Шүтэх гэдэг үг ч хаашаа юм. 1974 онд намайг ЗХУ-д сургууль төгсөөд ирэхэд Улаанбаатар хотод энэ хүн ажиллаж болохгүй гэсэн шийд гарсан. Яагаад гэвэл урьд нь би энд ирээд Хүүхэд залуучуудын театрт жүжиг хийсэн байсан. Тэр маань хаагдаж байлаа. Ийм хүнийг урлагт ажиллуулахад нийслэлд байж болохгүй Дархан явуул гэсэн. Би Дарханд 11 жил болсон. 11 жилийн хугацаанд энэ хүнийг Дарханаас явуулж Өмнөговь аймаг руу цөлөх хэрэгтэй гэж байсан. Энэ бол ерөөсөө хүний үзэл бодол, хийж байгаа бүтээл гэдэг бол дандаа хүмүүсийг огшоож байх ёстой, хүмүүсийг сэрээж байх ёстой. Өөрийгөө хэт шүтэх юм бол болохгүй байх аа. 1975 онд намайг Соёлын яамны сайд байсан Лувсанвандан гуай дуудлаа. Би Дарханаас ирлээ. Өрөөнд нь Оюун багш байж байна. Лувсанвандан гуай намайг суу гээд “Чи ер нь яагаад байгаа хүүхэд вэ, чамаас болоод өдөр болгон төв хороон дээр дуудагдаад бид ажлаа хийж чадахгүй байна. Чи ямар юм хийгээд байдаг хүн юм” гэсэн. Тэгээд би “Би 1-рт Орост сургууль төгссөн тэр тусмаа Москвад сургууль төгссөн хүн надад тэгэж барууны урсгал гаргах би тэр зүг рүү чинь хараач үгүй, мэдээ ч үгүй яагаад та нар ийм юм яриад байгаа юм” гэж хэлээд шууд босоод явсан. Тэгэхэд араас “Какой он буйный” гэсэн. Би Орост 5-6 жил сурсан хэрнээ буйный гэдэг үгийг мэддэггүй юм. Гарангуутаа яагаад миний араас буйный гэж хэлэв гээд очоод үзэхэд догшин ширүүн омголон гэсэн үг байсан л даа. Их ашиглагдаж байгаагүй үг байсан учир миний үгийн санд байгаагүй байж.
-Омголон зан чинь тухайн үед өөрийгөө чимж байна гэдгээ мэдэрсэн үү?
-Энэ тоох гэсэн үг биш юм. Яагаад гэвэл хөгжмийн зохиолчийн хэллэгээр бол түүний дотор эгшиглэж буй аялгууг зүгээр хүн зогсоо гэхэд би зогсоомооргүй байна гэдэг үг. Тэгэхээр үзэл бодол гэдэг байнга цаанаас эмзэглэж гарч байдаг юм. Намайг голдуу нулимсгүй, их зантай омголон гэдэг талаас хүмүүс хардаг. Хэрвээ миний дотор руу өнгийвөл нулимс надад хамгийн ойрхон, хамгийн их амархан самсай шархирдаг, болж өгвөл ийш тийшээ харж самсаа шархируулахгүй юмсан гэж хар шил зүүх явдал хүртэл гарна шүү дээ. Тэгэхээр омголон гэдэг бол зүгээр гадна талын үзэмж. Сэтгэл доторх омголон бол ямар ч хүнд байна. Уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл өөрийнхөө үзэл бодолд, хийх гэж байгаа юмандаа, хэлэх гэж байгаа үгэндээ итгэлтэй байгаа учраас энийг би хэлэхгүй бол надаас өөр хэн хэлэх вэ. Энийг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгоно биз.
-Д.Маам гуай “Газар шороо” романаа биччихээд гэрийнхээ цонхыг будуулж, шалаа хүртэл улаан хараар будуулан хүнд дарамтыг туулж, туулж танд авчирч өгсөн. “Газар шороо” гэдгийг өнөө эргээд бодоход ямар байна. Эх орныхоо газар шорооны ширхэг болгоныг санаж байгаа биз дээ?
-Үүнийг Д.Маам гуай надад авчирч өгөхдөө Гаваа энийг чамаас өөр хүн хийхгүй. Яагаад гэвэл газар шорооны төлөө дуугарсан хүмүүс сайн явдаггүй. Энийг чинь үнэлэхгүй, чамайг ингэж хийлээ гээд төр засаг сайн үг хэлэхгүй, хажуу хөршүүд чинь сайн үг хэлэхгүй. Яагаад гэвэл энийг зоригтойгоор чи л хийж чадна гэж зохиолоо надад авчирч өгсөн. Маам гуайн зохиолыг би яагаад авсан бэ гэхээр эхлээд авахдаа би “За” гэж аваад хийлгүй жил гаруй болсон. Яагаад гэвэл надад оюун санааны бүрэн төвлөрөл бий болж өгөхгүй байсан. Гэнэтхэн санаандгүй “Цахилж яваа гөрөөс ” киногоороо олон улсын кино наадамд очоод байж байтал надаас хэвлэлийн бага хурал дээр Японы сэтгүүлч асуусан юм. “Та Хятадын аюул заналаас айдаг уу?” гэсэн. “Би юунаас ч айдаггүй. Тэр талаар би ерөөсөө бодож байгаагүй юм байна” гэсэн. Тэгсэн тэр сэтгүүлч “Бид дандаа айж байдаг. Хэзээ нэгэн цагт энэ том гүрэн задраад завиа хэмхлээд ороод ирвэл яах вэ, хэмхэрхий завьтай манайд ороод ирдэг Японд уусдаг ч хүмүүс ч байдаг. Гэтэл та ингэж зэрэгцэж хил залгаа байж та нар айдаггүй, бид далай алгасаж байгаа хэрнээ айдаг” гэсэн. Тэр наадамд явж ирснээс хойш би хаа хол байгаа хүмүүс айж байхад хажууд нь байгаа би энэ тухай бодохгүй явдаг гээд ирсэн даруйдаа би энэ киног хийх ёстой юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр үед бид үзэгчдээ их алдаж байсан. Гамлет жүжгийг тухайн үед таван цаг тоглоход миний зургаан настай охин Дарханы театрт яг томчуултай адилхан суугаад үзэх чадвартай болсон байсан үе. Гэтэл зах зээл эхэлснээс хойш үзэгчид сууж үздэг үзэгчид, үгийг тунгаадаг үзэгчид багасаад, уншдаг нь багасаад зах зээл гэдэг бол золбин тэнэмэл дураараа байдаг амьдрал гээд театрууд хүртэл бүх систем ганхаж эхэлсэн. Тэр үед би “Газар шороо”-г яг Маам гуайн үгээр их тогтоцтой хийх ёстой юм байна. Их шуурч Америк стандартаар биш, Монгол киноны тогтож үздэг кино хийе гэж бодоод плануудыг их тайван тавьсан. Аль болох хэрчихгүй юмсан, аль болох жүжигчид тогтуун камер дээр тоглоосой билээ. Клипны аргаар биш. Тэр үед театрууд үзэгчээ алдагдаж эхэлж байсан. Кинонууд бүгд алдагдаж эхэлсэн, сууж үздэг суурин хардаг юм байхгүй болсон. Тэгээд би зориуд Монголын киноны үндсэн системээр, Европ зүгийн сонгодог системээр тогтуун хийхийг оролдсон. Намайг шүүмжилдэг хоёр гурван сцена бий л дээ. Нямгаваа дахиад бөгс бөөрний асуудал орууллаа. Хүнтэй унтаж байгаа хэсгийг хүүхэлдэйний сүүдэр шийгээр хийлээ гээд энэ ямар хэрэг байсан юм гээд л. Тэрийг би бодоогүй биш бодсон. Би Маам гуайн нэг ч текст, нэг ч цэг таслалд гар хүрээгүй. Бүх текстийг жүжигчид бүтнээр нь явуулж байсан. Ямарваа нэг юманд би хүрэхээс айсан. Цэг таслалыг хүртэл би маш нарийн тооцож зохиолчид би маш хүндэтгэлтэй хандсан. Яагаад гэвэл газар шорооны төлөө хүн өгүүлбэр бичээд цэг тавина гэдэг, цэг тавьсны дараа дахиад тэрийгээ гурван цэг болгож тавина гэдэг бол энэ хүний мах цусаараа зовж шаналсан үг өгүүлбэр дээр дураараа тоглож болохгүй гэдгийг би ойлгодог. Ер нь би тэгэж ч ойлгож байсан. Энэ кинонд дээр шалиг шальдар бульдар гээд байгаа сценийг би Маам гуайгаас асуусан. Та яагаад Бээжин Даш гэж хүнийг Дарьгангийн бүх хүүхнүүдтэй энгэр зөрүүлснээр бичсэн юм бэ, энэ юугаараа онцлог юм бэ, эрхтний гажигтай хүн үү, юутай болоод энэ хүн миний монголын охидуудыг бусармагаар доромжлохоор та бичсэн бэ, энэ хүн юу юм бэ харахад зүгээр л нэг хятад хүн байна яагаад ингэсэн бэ гэхэд яахав зохиолд л ингэж орсон гэсэн. Уншигдах зохиолд ингэж орж болно. Зарим зохиол уншихад сайхан уншихад зориулагдаад хийж болдоггүй зохиол байна. Маам гуайн зохиол уншихад сайхан, кино хийхэд хэцүү байсан. Тэгээд би Маам гуайд би Бээжин Даш-д нэг юм хиймээр байна. Хүүхнүүдийг авчирдаг нэг арга байсан байна. Тэр бол гэртээ хятадууд сүүдэр ший хийгээд охид хүүхнүүдийг хажуудаа байлган түүгээрээ дөрөөлж охидуудыг бузарласан. Би ингэж хиймээр байна гэсэн. Маам гуай зөв чи наадахаа тэгэж хийх хэрэгтэй гэсэн. Одоо ч гэсэн бид нар ийм бусармаг юманд автдаг шүү дээ. 1998 онд “Газар шороо” киног японы кино судлаачид бид нар японд гаргамаар байна гээд авсан юм. Тэд авангуутаа бид гаргаж болохгүй нээ. Яагаад гэвэл Америкийн хийсэн Далай ламыг 1950-аад онд Лхасаас нүүлгэдэг киног япончууд аваад гаргасан. Гэтэл эдийн засгийн хориг арга хэмжээг японд авсан байна. Хэрэв бид таны киног авбал ийм байдалд орно. ХХ зууны шилдэг кино гээд байгаа “Догшин хутагтаа”-аас чинь таны “Газар шороо” 100 хувь илүү кино. Гэхдээ бид авч чадахгүй. Та бол монголын ард түмний өмнө том гавъяа байгууллаа. Үүнийг ямар ч улс авахад хэцүү байж магадгүй. Таны кино эндээ үлдэх юм байна гэсэн. Яахав миний ард түмэн хожим дурсахад Нямгаваа 40, 60, 100 жилийн дараа алга болоход энэ кино үлдэхэд Нямгаваа худлаа хэлж байгаагүй тухай, Маам гуайн эх оронч сэтгэлийг дэмжиж байсан тухай хэзээ нэгэн цагт энэ кино үлдэж нотолгоо гэрч нь болох болтугай гэж дотроо залбирч явдаг даа.
-Буянт сайхан сэтгэлийн төлөө харгис байх хэрэгтэй. Таны харгис зан чанарууд амьдрал дээр бус урлагийн тайзнаа илэрдэг. Гэхдээ амьдралд хүйн холбоотойгоор олон зүйл дээр ажиглагдаж байсан л даа. Гэр бүлийнхээ хүний аавыг бурханы оронд очсон байхад Москвагийн театрын тайзнаа уйлуулан байж тоглуулсан. Гэтэл ээж чинь танд нутгийнхаа энэ зон олныхоо тухай дуугараарай гэж асар том сэтгэлийн захиас захисан. Гэтэл та тэрнийг одоо болтол хийж амжаагүй яваа?
-Та бас их юм мартдаггүй хүн юм. Эртний юм асууж байна. Гэхдээ үүнийг ярихаас өөр арга байхгүй. Би бол жаахан харгис хүн нуух юм байхгүй. Гэхдээ би одоо телевизээр УИХ-ын гишүүдийн хурлынхаа танхимд орохгүй байгаа, дуудуулж байгаа, ирэхгүй байгаа зэргийг хараад миний жүжигчид тэгвэл тоглолтондоо ирэхгүй байж, сургуулилтдаа ирэхгүй байж болох байсан юм байна даа надад загнуулан, загнуулан ирж байх ямар хэрэгтэй юм гэж бодож байна. Хүний төлөө цагтаа эхэлдэггүй театр битгий байгаасай гэж би маш олон жил хариуцлагатай театр, хариуцлагатай жүжигчидтэй байхыг мөрөөдөж ирсэн. Харгис гэдэг нь юу вэ гэхээр миний гэр бүлийн аав нь бурхан болоход гэр бүлээс нь аав чинь бурхан боллоо одоо чи Москвагаас наашаа гарч оршуулганд нь ирээ гэсэн. Тэгэнгүүт би юу гэж хэлсэн бэ гэхээр, “Чи очихгүй, чи Орос гүрэнд тоглох гэж ирсэн, чиний аав чамайг миний амьдралыг үргэлжлүүлж яваа гэж бодож байгаа. Гэтэл чи шарил дээр ёс гүйцэтгэх гэж очих гэж байна, зүй нь чи тэр хүний бодлыг энд үргэлжлүүлэх ёстой чи явахгүй, би чамайг явуулахгүй, чи өнөө орой тоглоно тоглохдоо чи юу ч болоогүй юм шиг тоглох ёстой”. Миний ээж бурхан болж байхад би орой нь ажлаа хийж л байсан, маргааш нь би оршуулчихаад сургуулилтаа хийж л байсан. Дараа нь би хань бүлээ эхийг нь нас барж байхад орой нь “Эмсүүд” жүжгээ орой нь тоглуулж л байсан. Яагаад гэвэл үзэгчдийн өмнө гараад аав маань ээж маань үхэж байна би өнөөдөр тоглож чадахгүй гэж яаж хэлж чадах юм бэ, юу ч болоогүй юм шиг тоглох ёстой. Үүгээрээ үзэгчдийн өмнө жүжигчдийн хариуцаж байгаа хариуцлага өөр, хэнд ч өөрийнхөө зовлонг нялзааж болохгүй. Би өвддөг жүжигчинд дургүй, өөрөө өвдөх бүр дургүй. Яагаад гэвэл би өөртөө уурладаг, ямар арчаагүй юм бэ, тийм учраас өвдсөн жүжигчин байх, миний өмнө шуугитнах, ханиад хүрлээ гээд ирэхгүй байх зэрэгт би үнэхээр харгис.
Тэгвэл бүр мөсөн гар зайл. Яагаад гэвэл үзэгчид тийм юм үзэхийг хүсэхгүй. Энэ мэтээс авхуулаад надад муу чанар их бий. Хэн ч энэ хорвоогооос явна. Надад энэ он жилүүдийн урсгал, ирсэн нь үнэн би буцах нь үнэн, гагцхүү гучин нэгэн гэж байгаад дараа нь нэгний өдөр болдог тухай асуудлыг би огт тоодоггүй. Ирсэн минь үнэн буцах минь үнэн гэхдээ энэ хоорондох тоон циклүүд надад хамаагүй. Надад өдөр болгон шинэ жил, өдөр болгон баяр байхыг хүсдэг. Ээжийнхээ захиасыг би сайн биелүүлж чадахгүй байна. Эдийн засаг байна, бодол санаа хол яваад байгаа хэрнээ зарим зүйлүүдийг үр ачдаа, найз нөхөддөө хэлж ярьж үлдээх хэрэгтэй болдог байх.
-Алдарт кино найруулагч Бергмэн “Насан туршдаа энэ хүний зүрх сэтгэлийн хаалгыг онгойлгох гээд чадсангүй. Тэр түлхүүрийг насаараа хайлаа” гэж Андрей Тарковскийн тухай хуучилсан байдаг. Таны түлхүүрийг олсон хүн байгаа юу? Та юу гэж боддог вэ?
-Би өөрөө өөрийгөө ч олдоггүй шүү дээ.
-Тэгэхээр хүн олохгүй гэсэн үг үү?
-Олохгүй. Яагаад гэвэл өдөртөө хүн мянган юм бодно, бодож байсан юмаа буруу гэж бодно. Сая бидний хийсэн “Хязгааргүй” гэж киноны зохиолыг анх хүлээж авахад миний хүүхдүүд багшаа авъя хийе гэсэн. Нээрээ уншихад болмоор юм шиг, Америк руу над руу утасдаад багшаа бид нар таныг хүлээж байна гэсэн. Ирээд уншихад эхний вариантаар эдний хүчинд байсан хойно болох байх гэж бодсон. Дараагаар нь ажиллаад яг энүүгээр кино хийнэ гэсэн чинь тэр зохиол гурван удаа өөрчлөгдсөн. Тэгэхээр би яаж өөрийгөө олох юм, эд нар намайг яаж ойлгох юм бэ. Дарханд очоод зураг авах боллоо. Эх зохиолоос гадна хамгийн сүүлийн дөрөвдөх вариантыг босгоод очоод зураг авах болсон чинь эхэлж болдоггүй. Би өөрөө шоконд байсан . Энэ кино яаж эхэлж, яаж дуусахыг сүүлдээ би мэдэхээ байсан. Ямар ч байсан миний хүүхдүүд эхлээд Америк киноны стилиэр мотоциклтэй эхлээд явъя эхний зураг гэсэн. Дараагаар нь навчин бороотой зураг авсан . Тэгээд ийм л нэг зураглал толгойд байсан. Яагаад гэвэл энэ хооронд би энэ киноны ерөнхий драм руу яаж орох вэ, орж болохгүй байв. Нуух юм байхгүй би хоёр хоног шавь нартаа загнуулан байж виски балгаж явлаа, жоохон халамцаж үзлээ. Тэгээд 3,4 дөх хоногоос жоохон жоохон орсон. Ер нь үүнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Одоо энэ кино тэр зохиолчоос үг байхгүй, зөвхөн сэдэвний 1/5 нь байна. Тэгэхээр найруулагч гэдэг бол өөрийгөө байтугай хүний юмыг хяддаг хамгийн харгис хүн. Одоо энэ зохиолч надад гомдоно. Ямар сайндаа Оюун багш намайг “Гаваад хамгийн аюултай юм байдаг. Би дараа нь зохиолоо таньдаггүй юм. Бүх зохиолч чамд дургүй. Яагаад гэвэл бүгд чинийх болдог” гэдэг байсан. Тэгэхээр би бас л муу хүн.
-Хүнийг таниснаас хойш адгуусанд хайртай болов оо гэж Гётегийн үг байдаг. Нэгэнт хөдөлсөн галт тэрэгний тасалбарыг худалдаж авдаггүй шүү дээ. Одоо энэ киноны ард шавь нартайгаа нийлээд тодорхой хэмжээгээр гарсны дараа нас нь залуу байна, цус нь шингэн байна гэдэг ойлголт танд байна уу. Өнөөдрийн цэг дээр хэр өссөн байна.
-Яахав. Нуулгүй хэлэхэд намайг Соёл урлагийн их сургууль юмуу ямар нэгэн газар багшлахыг хүмүүс их хорьж байсан, бүх нийтээрээ эсэргүүцдэг байсан. Хэрвээ Нямгаваа Соёл урлагийн их сургуульд багшлах юм бол сургалтын систем тэр чигээрээ өөрчлөгдөнө гээд 1990-ээд оны эхээр багш нар долоо хоног хичээлээ хаяж байсан үе бий. Энэ бол надад гомдолтой санагддаггүй. Би өөрөө сурганы хүн биш юм байна лээ. Хүмүүстэй ажиллах, хүнд үг хэлэх чадвар надад бас их дорой, хүнд учирлаж хэлэх, ойлгуулж хэлэх зэрэгт муу. Би энэ хэдэн хүүхдүүдийг аваад төгсөхөд нь нэг үг хэлсэн. “Та нар намайг энэ өдрөөс хойш багшаа гэж хэлэхгүй. 2002 он шиг санаж байна. Нямгаваагийн шавь гэвэл өнөөдөр ямар ч театр та нарыг авахгүй, ямар ч албан газар та нарыг авахгүй. Хамгийн үл бүтэх хүмүүс очсон гэж үзнэ. Намайг та нар март. Баяртай. Явцгаа ” гэсэн. Эд нар цуван цуван ирсэн, надаас л хол бай, надад ойртвол та нар сайн нэр хэзээ ч дуулахгүй. Ноднингоос эхлээд уулзсан, энэ жил бүр сайн уулзсан. Би бас эднийг их оройтож, өдийд хүн уран бүтээлийн сүм рүү цөм цохиод орсон байх хугацааг би оройтож тавьж өглөө. Миний үг суурь муутай үг байж дээ гэж бодож байна. Аливаа юм оройтоогүй. Ер нь уран бүтээлч хүмүүс хэт их алдаршиж ханах бас их сайхан юм биш. Одоо та нарт алдаршихаас гадна хийх юм их байна. Тэрийгээ л хийгээсээ гэж би “Хязгааргүй” гэдэг нэрийг өгч байгаа, “Хязгааргүй” сэтгэлтэй байгаа энэ хүүхдүүдэд хүсч байгаа юм. Одоогоор өөр юм хүсэхгүй байна.
-Өнөөдөр та өөр нийгэмд аж төрж байгаад ирлээ. Догшин нүүдэлтэй өнөөгийн нийгмийг сэтгэлийнхээ толинд яаж харж байна. Хуучин Нямгаваатай хэрхэн зөрчилдөж байна? Би бол зөрчилдөхгүй байгаа, хэв шинжит дүр хэвээрээ байгаа гэж бодож байна. Таны хувьд...
-Би бол юутай ч зөрчилддөггүй. Намайг хүмүүс ардчилал эхэлж байхад социалист нийгмийн үед энэ хүн их зовж байсан одоо сайхан болох байх гэж байсан. Би тийм сайхан болоогүй. Энэ ардчилал эхлэхэд би байдгаараа, хуучин байсан юм шиг яваад орсон. Надад өөрчлөгдөөд байх юм байхгүй байна, Америкт очсон ч миний бодол санаа хэвээрээ. “Хязгааргүй” гэдэг үгийн хувьд бид нар хүнд зүгээр нэг хайртай гэж хэлэх биш би чамд ханьдаа хязгааргүй хайртай гэж хэлэх, юманд зүгээр наад талын үгээр биш байгаасай гэж зохиолыг задалж байхдаа яриад “Хязгааргүй” гэдэг үгээр энэ киног нэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь хүний бодол санаа өөрөө хязгааргүй. Ханах боломж алга.
-Уран бүтээлч хүний ганцаардал том ертөнц гэж бодоод байдаг юм. Ганцаардаж байж уран бүтээлээ туурвин бүтээж үхлийг ялах ёстой гэж бодоод байна?
- Үхэл ялах тухай би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний том охин надад нэг удаа “Ааваа би ганцаардаж байна” гэж захидал бичсэн юм. Тэгэхээр нь би “Өөрөө өөртэйгөө байхдаа ганцаардана гэж юу гэсэн үг вэ, өөрөөсөө асуу, өөртэйгөө ярь, хамгийн гол нь чи өөрөө өөртэйгөө байх чинь сайхан, чамд өөр хэн ч тус болохгүй, ганцаардана гэдэг бол хамгийн дээд зэргийн таашаал. Ер нь хүн энэ хорвоод ганцаардаж байж, ганцаар бодож байж ертөнцийг эргэцүүлж байж асуудлыг өөрөө шийдэж явах хэрэгтэй” гэж хариу бичсэн. Ганцаардалд би дуртай. Ганцаараа байх дуртай. Гэхдээ долоо хоногт нэг удаа хамт олонтой байх хэрэгтэй. Ганцаардал бол сайхан. Юм бодох, сэтгэх чөлөөтэй ертөнцийг харах, өөрийгөө бодох хугацаа. Далай ламын хэлснээр, “Бясалгал гэдэг бол зүгээр бясалгал биш. Шинжихүйн бясалгал, шинжлэн бодож бясалгах гэдэг бол хүний амьдралын хамгийн гол юм” гэж айлдсан байдаг. Би өглөө гэртээ саунд ороод суухад болж өгвөл миний бясалгал байгаасай, миний уураг тархинаас гарах бясалгал байгаасай, намайг өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө битүү зодох, өөртөө зай өгөхгүй цаг хугацаа байгаасай гэж боддог. Надад бол ганцаардал сайхан.
-Ялахын төлөө ялагдах ёсон байна. Гэвч эцсийн тулаанд ялсан байх ёстой гэж би өөрийгөө зоригжуулдаг. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Ерөөсөө эцсийн тулаанд ялж чадаж байна уу үгүй юу гэдэг нь хүний эрхийн асуудал. Тэр үед эргээд харахад бодсон юмныхаа 20-30 хувийг хийжээ гээд бодох. Би хэсэг хүмүүстэй ярилцаж байхад “Та одоо юу хийх гэж байна” гэсэн. Хэрвээ би 150 насалбал миний хийх ажил барагдахгүй байна. Тэгэхээр дахиад амжиж хийх, амжиж бодох, харамсахгүйгээр дуусах, харамсахгүйгээр хүнийг хайрласан байх, харамсахгүйгээр хүмүүст хайр өгсөн байх, үг өгсөн байх, үлдээсэн байх тэгвэл юунд харамсах вэ баяртай сайн сууж байгаарай дараагийн зуунд эргээд уулзъя гээд явахаас...
-Баяр гунигийн нулимсаа хуваалцаж байсан олон уран бүтээлч тантай хамт байлаа. Тэд тэнгэрийн оронд очсон байхад одоо дэлгэцнээ дүрүүдийг нь харж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ? Миний хувьд энэ хүнтэй баяр гунигийн нулимсаа дусааж ууж идэж, уймарч туймарч явсан өдөр надад бас бий шүү дээ гэж бодохоор зүрхний угт нэг юм ёгт хийгээд дугараад явчихдаг л даа?
-Би аль болохоор хөнгөхөн бодохыг боддог. Өөрийгөө юүлээд өгөөд хамт байж байсан тэр үе өнгөрсөн. Одоо эргээд явсан найз нарыгаа би юу гэж харуусдаг вэ гэхээр даанч өөртөө хайртай байсангүй. Ерөөсөө бүхний төлөө зориулагдаж ирээд, билүүдэгдэж байж байгаад ямар ч амьдралыг эргэж харалгүйгээр, хүмүүс шиг амьдарч чадалгүйгээр буцсанд харуусдаг. Харуусах юм байна аа. Анд нөхдөө харуусаж бодохгүй бол ямар анд нөхөр байх вэ.
-В.Высоцкийн нэг шүлгийг би орчуулсан. “Мөн ч олон эрээ цээргүй хүмүүс сэтгэлийг минь онгичих юм даа. Мөнгөн нандин чавхдасыг минь тас татчих вий дээ” гэж. Уран бүтээлч хүн бүхэнд өөрийн дотоод сэтгэлийн нандин чавхдас байдаг. Тэр чавхдасыг татуулах хэцүү үе байсан байх даа?
-Надад хэцүү үе байх нь байсан. Гэхдээ дандаа хөглөгдөж байсан. Хүн хэцүү байх тусам дахин босохын төлөө оршдог болохоос сөхөрч унахын төлөө биш. Заавал цохилтонд хүн орно. Хэрвээ цохиулаад энэ алдаа онооноос гараад амьдрал гэдэг энэ ринген дээр хүн сайхан тоглож чадахгүй бол энд оршихын хэрэг байхгүй. Высоцкийн тухай хэлэхэд “Таны хоолой яагаад сөөчихсөн юм бэ гэхэд би үгээ хэлэх гэсээр байгаад миний хоолой сөөнгө болсон юм” гэдэг. Намайг нэг удаа миний охин “Ааваа та яагаад ийм намхан юм бэ” гэхээр нь би “Аавыг нь дээрээс балбасаар байгаад ийм намхан болчихсон юм” гэсэн. Түүн шиг Высоцкийн үг ч тийм, миний үг ч тийм.
-Таныг нүдний шилээ авчихаар таны уран бүтээлийн нөгөө ертөнцийг харъя гэвэл та юу гэх вэ?
-Надад нэг сурвалжлагч ийм асуулт тавьж байсан. Тэгэхээр нь би хүний алергитэй хүн гэсэн. Алерги олон янз. Зарим хүнд нүд харуулмааргүй байх, хүний нүд рүү харахгүй байх үе, энийг хармааргүй байх юмсан гэх, янз бүрийн энергийг өөр лүүгээ шингээхгүй юмсан гэж бодох үеүд байна. Хэрэв чи бүсгүй хүн байсан бол би шилээ авна.
-За баярлалаа тантай торгоны хээ нийлж байгаа юм шиг сайхан ярилцлага хийлээ. Ойрын хэдэн жил бид уулзаагүй. Намайг бас ууж идэж уймарч туймарч явахад та сэтгэлийн урмаар ташуурдаж байсан тэр алтан агшныг би хэзээ ч мартахгүй. Ямар ч цаг үе өнгөрсөн өөрөө өөрийнхөөрөө байж чадсан хүн ялалтад хүрдэг юм байна. Өөрөөсөө цацарсан гэрэл бүхнээрээ өрөөл бусдыг гийгүүлнэ гэж би боддог. Энэ үгийг танд бас зориулъя?
-Таныг дэмжиж явдгийн хувьд, таны яруу найраг орчуулгыг шимтэж уншдагийн хувьд, бас гэгээн хүмүүсийн нэг гэж бодож явдгийн хувьд дээхнэ үед таныг ВГИК-д кино урлагийн дээд сургуульд Москвад явуулах талаар дэмжин Санжийн Баярт хувийн захиа бичиж Элчин сайдад явуулж байсан үе бий. Та хэдийгээр Москва ороогүй ч гэсэн унаган орос хэл, таны орчуулагчийн мэдрэмж, монгол үгний баялаг, хүний сэтгэл рүү өнгийх чадвар чинь дандаа ариун тунгалаг байх болтугай гэж ерөөе дөө. Танд их баярлалаа. Бидний ярианд төгсгөл гэж үгүй...