З.Батбаяр: Энэ сонгууль улс төрийн гуравдагч хүчний байр суурийг бататгаж өглөө

2014-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Говь-Алтайн МАХН-ын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу  Орон нутгийн сонгуулийг дахин явуулсан. Намууд дахин сонгуулийн үр дүнг   дор бүрдээ өөр өөрөөр дүгнэж байх шиг. Үйл явдлыг эхнээс нь дуустал  “туучсан” хүний хувьд  ямар дүгнэлт, гаргалгаа хийж байна?

-Зарим хүний ойлгож байгаа шиг аймаг даяараа дахин сонгуульд оролцсон юм биш. Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо  2012 оны аравдугаар сард гаргасан шийдвэрээрээ манай намыг  Орон нутгийн сонгуульд бүртгэхээс  татгалзсан.

Хууль зөрчсөн энэ үйлдлийн  талаар  тухайн үед  Говь-Алтай аймаг дахь манай намын хороо шүүхэд хандаж  анхан шатны шүүхээс “МАХН болон түүний нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй нь хууль зөрчиж байна” гэсэн шийдвэр гаргасан. Гэвч  Сонгуулийн хороо “Бид давж заалдана” гэх мэт  янз бүрийн үндэслэл хэлж хойшлуулсаар  МАХН-ын нэрийг оруулалгүй  саналын хуудсыг зөвхөн МАН, АН гэсэн хоёр намын нэртэйгээр  явуулсан. Сонгуулийн дараа  аймгийн намын хорооноос  “Сонгуулийн хороо хууль зөрчсөн тул сонгуулийг дахин явуулах ёстой” гэж шүүхэд хандсан. Аймгийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, түүний давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэр тус тус гарч, зарим тойрогт дахин сонгууль явууллаа.

-Дээд шүүхэд гаргасан танай намын нэхэмжлэлд “Говь-Алтай аймгийн 35 тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэж үзэж байна” гэсэн байсан. Гэтэл  шүүх яагаад зарим тойрогт дахин сонгууль явуулахаар  шийдвэрлэсэн  юм бэ?

-Манай нам  нэхэмж­лэлдээ  “35 тойрогт  дахин сонгууль явуулах ёстой” гэсэн үндэслэлээр хандсан. Гэвч Дээд шүүхээс таван тойрогт нэр дэвшүүлж,12 тойрогт намын нэрээр, нийт 17 тойрогт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр Дээд шүүх асуудлыг дутуу шийдсэн боловч  манай нам шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, сонгуульд оролцлоо.

-Сонгуулийн үйл явцад танай нам ямар дүгнэлт  өгч байна вэ?

-Бид сонгуулийн үйл явцыг ярилцаж, гурван асуудлаар  дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт, энэ бол шударга ёсны ялалт юм. Улс төрийн нам болгон  шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэж  ярьдаг боловч, шударга ёсны төлөө тэмцэж буй цорын ганц нам нь МАХН. Одоогийн хэлэлцэж буй хуулиудад шударга ёсыг тогтоохын төлөө, сонгуулийг шударга явуулахын төлөө бид л  тэмцэж байгаа. Дахин сонгуулийг явуулснаар шударга ёс ялах боломжтой юм байна, шударга ёсыг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд шүүхээр тогтоож болох юм байна. Шүүх байгууллага гэдэг хэн нэгнийг хашраадаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр барьж хорьдог биш харин шударга ёсыг тогтоодог байгууллага байж болохыг харуулснаараа ололттой гэж үзэж байна. Хоёрдугаарт, 2012 оны сонгууль бүхэлдээ хууль бус, улс төрийн зорилготой будлианаар дүүрэн болж өнгөрсний нэг нотолгоо нь энэ юм. Одоогийн байдлаар зөвхөн Говь-Алтай аймагт  ч биш, Хөвсгөл аймгийн найман тойрог, Цэцэрлэг сум бүхэлдээ, Говь-Сүмбэр аймгийн дөрвөн тойрогт дахин сонгуулийн асуудал  яригдаж байгаа.  Үүний цаана бидний олон жил ярьсан сонгуулийн будлиан гээч зүйл  нэг тийш шийдэгдэж болох юм. Гэхдээ сүүлийн үед тогтсон жишиг шиг хэн сонгуульд ялсан бэ гэдгийг шийдэх бус, хууль бус болжээ гэдгийг нь тогтоогоод  иргэд, сонгогчдоор эцсийн шийдвэрийг гаргуулдаг зарчим руу шилжих шинэ үүд хаалгыг нээлээ гэж үзэж байна.  Гуравдугаарт, энэ сонгууль Монголын улс төрд гуравдагч хүчний байр суурийг тод томруун харуулж өглөө. Тухайлбал, гурван намын тогтолцоо байна гэдгийг дахин нотлон харууллаа. Сөрөг хүчин, эрх баригч, гуравдагч хүчин гарч ирэхэд ямар ч байсан МАНАН гэж бидний нэрлэсэн бүлэглэлийн эсрэг улс төрийн хүчин бодитой оршин байгаа юм байна гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрсөн баталгаа нь саяын сонгууль байлаа.

-Тэгвэл сонгууль ямар болсон гэсэн үг вэ?

-Сонгуулийн дүнгээс илүү сурталчилгааны арга хэлбэрүүдийг нь ярих хэрэгтэй байх. МАХН-ын зүгээс  энэ сонгуулийн үеэр явуулсан бодлогын баримт бичгүүдээрээ улс төрийг өөр шатанд аваачъя гэж зорьсон. Бид 2012 оны сонгуульд оролцохдоо шударга ёсны хувьсгал, эдийн засгийн хувьсгалыг ярьсан. Улс төрийн эцсийн үр дүн нь ард иргэд рүүгээ чиглэдэг байя. Аливаа сонгуулийн үр дүнд дарга, цэрэг нь солигдох чухал уу,  эсвэл ард иргэдийн амьдрал дээшлэх нь чухал уу гэдэг асуудлыг  манай нам  онцолсон. Тиймээс Говь-Алтай аймагт хамгийн тулгамдсан нэг асуудлыг гаргаж тавьж, түүнийгээ сонгуулийн сурталчилгааны үеэр ярья. Хэрэв  тэр асуудал  иргэдийн анхаарлыг татаж, дэмжих юм бол ирэх жилүүдэд түүн дээр нь тогтож ажиллая гэж зорьсон. Тэр үүднээсээ тус аймаг дахь  усны асуудлыг гаргаж тавьсан. Миний хувьд Говь-Алтайн өмнөд хэсгийн сумдаар явсан. Тэнд усны асуудал хүнд байна. Чандмань суманд л гэхэд худгийн ус литр нь хоёр  төгрөг, арван хэдэн километрийн цаанаас татаж авчраад өөрсдийнх нь  хэлснээр цэвэр гээд  байгаа ус литр нь 10 төгрөг байх жишээтэй. Тэгэхээр  хоёр төгрөг, арван төгрөгийн хооронд ямар ялгаа байх вэ. Энэ тухай манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч бас уриалж байсан. Харамсалтай нь өрсөлдөгч  хоёр нам маань  нөгөө л улиг болсон сурталчилгааны арга хэлбэрээ хэрэглэлээ. Тэр нь өрсөлдөгчөө муулах, хийсэн ажлыг нь үгүйсгэх, хийх ямар ч боломжгүй юм шиг болгож харуулах, сонгуультай холбоотой эсэх нь тогтоогдоогүй байхад огт өөр асуудал гаргаж ярих мэтээр бохир аргуудыг хэрэглэлээ. Тодруулбал, дархан цаазтай газрын талаар ярих ч юм уу, эсвэл өмнөд хөрштэй холбоотой болсон, болоогүй сурталчилгаа явуулах зэрэг ядсан аргууд байсан. Тэр байтугай сонгууль  дөхүүлж  байгаад МАХН руу дайрах, манай намын нэрийн өмнөөс “Санал өгөөрэй” гэсэн ухуулга хуудас тараах зэрэг аргуудыг хэрэглэж  байсан нь харамсалтай. Тэгэхээр энэ сонгууль улс төрийн намуудад иргэд, сонгогчдын зүгээс том дүгнэлтийг  өгүүлсэн болов уу. Сүртэй уриа лоозон хашгирдаг, сүржин том амлалтууд авдаг, ганцхан манай нам гэж цээжээ дэлддэг, ийм юмнаас  ард түмэн залхаж байна. Тэр байтугай УИХ-ын гишүүн хурал хийх гээд зарлаж байхад тавхан хүн цугласан тохиолдол байгаа. Усны асуудал ярих гэж байна гэхээр 50-60 хүн ирсэн нь бий. Тэгэхээр УИХ-ын гишүүн чухал уу, ус чухал уу гэдэгт ард түмэн сонголтоо хийгээд байхад тэрийг  мэдрэхгүй  байж болохгүй. Цаашид энэ байдал өөрчлөгдөх  байх.

-“АН үнэмлэхүй яллаа”  гэж сүртэй гэгч шуугисан. Гэтэл олонхи болоогүй учраас сонголт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Сонгуулийн дүнгээс үзэх юм бол нийт 17 суудалд санал хураалт явагдсанаас МАХН хоёр, МАН дөрөв, АН 11-ийг авсан. Говь-Алтай аймгийн ИТХ 35 суудалтай. Өмнө нь сонгогдсон төлөөлөгчдийн тоотой харьцуулбал АН 17, МАН 13, МАХН дөрвөн суудалтай, бие даагч нэг гэсэн харьцаатай байгаа.  Аль ч нам 50 хувийн санал авч чадаагүй. Тиймээс тус аймагт бидний ярьж заншсанаар эвслийн гэх юм уу, хоёр нам  хамтарч  ирэх сонгууль хүртэлх хугацаанд орон нутгийн  эрхийг барих дүр зураг харагдаж байна. Энд миний өмнө хэлсэн гуравдагч хүчний байр суурь илүү хүчтэй болж байгаа нь харагдаж байгаа. Яагаад гэвэл, сая нийт сонгогчдын 15 хувийн саналыг авсан. УИХ-ын сонгуулиар манай намаас нэр дэвшигч 11, Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн манай нэр дэвшигч 11 хувийн санал авч байсан бол 15 хувийн санал авч байгаа нь гуравдагч хүчнийх нь хувьд дэмжлэг нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Нөгөөтэйгүүр, сонгуулийн ирцийг авч үзэх юм бол дөнгөж 54 хувьтай байгаа. Энэ нь хэт намчирхал, талцал,сүржигнэж туйлширсан,  ганган машин  унаж  гоё юм ярьсан залуучуудаас ард түмэн залхаж байгааг харуулж байна. Ард түмэн худал ярьсан улстөрчдөөс үнэхээр залхаж байгаагийн нэг жишээ.  Монгол Улсын хэмжээнд орон нутагт болж буй сонгуулийн ирц хэзээ ч 50 гаруй хувьтай байгаагүй, дандаа 60-70 хувьтай байсан.

-МАХН-ын сонгуулийн сурталчилгааны багтай холбоотой цахим хуудсуудаар тарсан тэр бичлэг ямар учиртайг тайлбарлахгүй юу. Говь-Алтайд чухам юу болсон юм бэ?

-Яг болсон явдал гэвэл тэнд байгаагаас тэс өөр. Харин тэд  бичлэгээ их мундаг янзалж цацсан байна лээ. 2012 оны сонгуулийн дараа тухайн үед МАХН-ын гишүүн байсан  Г.Баярсайхан, М.Ганзориг нарт намаас  ажил алба өгсөн. Даанч тэр хүмүүс тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадалгүй халагдсан. Нэг нь бүр өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Түүнийхээ өс хонзонг МАХН-д гаргах гэж байгаа хэрэг. Дээр нь нам руу дайрсан дайралтаараа далимдуулж мөнгө болон бусад дэмжлэг олж авах гэсэн арга  нь тэр. Нэр бүхий гурван нөхөр МАХН-ын уулзалт дээр орж ирээд хүмүүсийн урдуур орж үг хэлж эхэлсэн. Гишүүд, дэмжигчид “Та нарын жижиг, сажиг яриаг сонсмооргүй байна, гар” гээд  тэднийг заалнаас гаргаж  явуулсан. Гэтэл хамгийн хачирхалтай нь тэр гурвыг дөнгөж гарангуут нөгөө уулзалт хийж байсан байрны гэрэл унтарчихсан. Зөвхөн тэр байшингийн  гэрэл унтарч, бусад нь зүгээр асч байсан. Энэ бол зохион байгуулалттай арга хэмжээ, МАХН руу дайрсан дайралт. Дараа нь тэр гурван нөхөр манай намаас баг ажилласан сумдад яг тэр дарааллаар араас нь явж “МАХН бол МАН-ыг дэмжиж байгаа” гэсэн төөрөгдүүлсэн  ухуулах хуудсууд тараасан. Тэр хуудсаа тараахдаа тодорхой цаг минутад гаргаж байсан. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу баасан гаригт тараасан. Тэд дэлгүүрүүдийн хаалган дээр нааж явсан. Үүний цаана ямар асуудал байна вэ гэхээр цалин хөлсгүй сууж байгаа хүн тусгай машинтай очоод, сумдаар тойрч, ухуулах хуудас тараана гэдэг боломжгүй. Тэгж явахад хэчнээн хэмжээний зардал мөнгө гаргана шүү дээ. Манай нам л гэхэд машинтай хоёроос гурван баг гаргаж ажиллуулсан. Зардал нь бидэнд ихээхэн хүнд тусч байсан. Гэтэл тэр хүмүүс тэнд ямар зорилгоор, хэнд үйлчилж явсан нь ойлгомжтой. Дээр нь тараасан ухуулах хуудас, ярьж байгаа зүйлээс нь харахад  ч аль намаас зохион байгуулсан нь тодорхой байгаа юм.

-Тэгэхээр та өрсөлдөгч намуудаа  шударга бус аргаар  сурталчилгаа хийлээ гэж үзэж байна уу? 

-Монголд улс төрийн хоёр том онол байгаа. Нэг нь либерал ардчиллыг өөрийн үзэл онолоо болгосон АН, үүнийг олон намын нэгдэл гэж ойлгож болно. Нөгөө талд зүүний буюу социал демократ үзлийг гол чиглэлээ болгосон намууд байгаа. Энэ дундаа авч үзвэл сонгогчдынх нь бааз нэг учраас нэгийнхээ саналыг өөртөө авах, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй увайгүй үйл ажиллагааг иймэрхүү бүдүүлэг аргаар хийж байна. Ингэхдээ өөрсдөө шууд ил хэлэхийн оронд нөгөө хүмүүсийнхээ, өрсөлдөгч  намынхаа нэрийг барьж будлиан хутгагч юм уу, улс төрийг мөнгө болгогч хүмүүсээр дамжуулж  хийж байгаа нь харамсалтай.

-МАХН-ыг татан буулгаж, тараах  ёстой гэж хэсэг хүн хэвлэлийн хурал хийлгэсэн нь ямар учиртай юм бэ. Танай нам дотроо зөрчилтэй байгаа юм биш үү?

-Би  танд  гурван нөхрийн тухай ярьсан. Говь-Алтай аймагт болсон явдлын талаар тэр гурван хүн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн байна лээ. Тэд “Бид МАХН-ын гишүүн байна, энэ намыг татан буулгах ёстой”  гэж ярьсан байна. МАХН бол шударга ёсны төлөө нам. Хүний эрхийг дээдэлдэг, ардчиллын төлөө нам. Тиймээс  тэдгээр нөхлийг хүний эрхээ эдэлж, эвлэлдэн нэгдэж,  өөр нам руу орж, үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүлээн зөвшөөрнө.  Харамсалтай нь тэр хүмүүс хууль зүйн ямар ч үндэслэлгүй зүйл ярьж байгаа нь аюултай. Өөрийгөө хуульч гэж нэрлээд байгаа  нэг нөхөр “Бид Дээд шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Хариуг нь тав хоногийн дараа өгнө” гэж байгаа юм. Үүнийг хуулийн сургуулийн нэгдүгээр курсын оюутан ч сонсоод шоолно. Улсын Дээд шүүх  улс төрийн намын бүртгэл  хариуцсан байгууллагын хувьд хэзээ ч тийм нэхэмжлэлд хариу гаргадаггүй. Тиймээс нэхэмжлэл гэсэн ойлголт байхгүй.

-Зөвхөн энэ ч биш, ер нь намуудыг татан буулгая гэсэн яриа, хөөрөө сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгэхээр намыг ямар тохиолдолд татан буулгаж  болох вэ?

-Улс төрийн намын тухай хуульд зааснаар бол төрийн эрхийг  хууль  бусаар авахыг оролдсон  тохиолдолд тухайн намын асуудлыг ярьж болно.  МАХН-ын зүгээс тийм үйл ажиллагаа явуулаагүй. Хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай аймгийн орон нутгийн дахин сонгуульд янз бүрийн юм ярьж явсан нөхөд өнөөдөр Улаанбаатарт ирээд нам таарах тухай ярьж суугаа нь ямар зорилготой нь тодорхой байна.

-УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Шаравдорж гуай МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Танай намд хандаж буй  өөр ямар хүмүүс байна?

-Ц.Шаравдорж гуай гэснээс үүдээд нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнийг та аваад үзээрэй. 30 гаруй гишүүнтэй АН дотор хуульч хэд байна. 20 гаруй гишүүнтэй МАН дотор хэдэн хуульч байна. 11 гишүүнтэй “Шударга ёс” эвсэлд хэдэн хуульч байна. Би яагаад гэнэт хуульчдын тухай ярив гэвэл, Ц.Шаравдорж гуай Монгол Улсын гавьяат хуульч, Монголын  урдаа барьдаг хуульчдын нэг. МАХН-д олон хуульч бий, жишээлбэл би хуульч. Тиймээс хуульчид МАХН дээр төвлөрч, манай хуульчдын хийсэн том том ажлын үр дүнд Говь-Алтай аймагт л гэхэд дахин сонгууль боллоо шүү дээ. Ц.Шаравдорж гуайн хувьд өөрөө шударга хүн учраас  МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байна. Төрийн алба хааж байхдаа  намаас түдгэлзсэн  байсан юм билээ. Төрийн албанаас буугаад миний ойлгож байгаагаар зургаан сараас нэг жил орчим харзнах шиг боллоо. Ийм хэмжээний тулхтай улстөрч бол шийдвэрээ гаргахад энэ хэмжээний хугацааг зарцуулахаас аргагүй.   МАХН бол  шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг гол зорилгоо болгодог социал демократ үзэл баримтлалтай нам. Тэгвэл  өөр үзэл баримтлалтай өрсөлдөгч намуудад маань  шударга ёсны тогтолцоо алдагдчихаад байна шүү дээ. Намын даргаа сонгохдоо хүртэл мөнгө төгрөг тараадаг гэхчлэн яриа гарч  байна шүү дээ. Энэ шударга ёс алдагдсаны хамгийн том жишээ. Хоёрдугаарт,  дарга дагасан нам учраас эрх чөлөө нь алдагдаж эхэлсэн. Гишүүд нь үг хэлэх эрх чөлөөгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй. Социал демократ  үзэл баримтлалын хамгийн гол гурван зорилт нь байхгүй учраас  үүнийгээ харьцангуй  хадгалж, хамгаалах гэж оролдож буй нам руу явах үзэгдэл улам их болох байх. Ер нь МАХН-ыг улс төрийн ачааг хэр даах нь вэ, сонгуульд хэрхэн оролцох нь вэ гэж харж байгаа хүн олон байгаа.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 43 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 35 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 48 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 53 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 58 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 33 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин