Х.ОЮУНБОЛД
Олон улсын хэвлэл мэдээлэл болон цахим хуудсаар ОХУ-ын Сибирийн ойд гарсан түймрийн талаар мэдээлсээр байна. Харин бусад оронд гарч байгаа том түймрийн талаар тоймлон хүргэе.
Сибирийн ой тайгад өнгөрсөн сарын сүүлээр хэт хуурайшилтын улмаас дүрэлзэж эхэлсэн түймрийг унтраахаар ОХУ бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа билээ. Тодруулбал, ОХУ-ын Ой хамгаалах албаны хэвлэлийн албанаас мэдээлснээр энэ сарын 6-ны өдрийн байдлаар гурван сая гаруй га газарт гарсан түймрийн 47-г нь 24 цагийн дотор унтраасан байна. Мөн гал сөнөөгчид 163.175 га газрыг хамарсан 180 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Красноярск, Эрхүү, Бүгд найрамдах Саха, Буриад улсад онцгой байдал зарлажээ. Харин өнгөрсөн сарын 31-нд ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Батлан хамгаалах яаманд тус улсын зүүн хэсэгт асч байгаа түймрийн голомтыг унтраах ажиллагааг эрчимжүүлэх даалгавар өгсөн юм. Үүний дагуу энэ яамнаас түймрийг унтраах ажиллагаанд туслахын тулд 10 Ми-8 нисдэг тэрэг, Ил-76 онгоц 10-ыг илгээсэн байна. Энэ онгоцнууд түймэр асч байгаа Красноярск, Эрхүү мужид түймэр унтраах үүргээ гүйцэтгэсэн гэж мэдэгдэлдээ дурджээ.Тодруулбал, энэ сарын 6-нд цэргийн онгоцнууд 150 мянган га газрыг хамарсан түймрийг унтраахын тулд 1.1157 тонн усыг 32 удаагийн нислэг үйлдэж цацсан байна. Энэ сар эхэлснээс хойш дээр дурдсан хоёр мужийн түймэрт өртсөн бүсэд 8.1 тонн ус зарцуулаад байна. Тайланд дурдсанаар энэ сарын эхнээс нисэх хүчнийг гал түймэр унтраах ажилд дайчилснаар Сибирийн ой тайгын 753 га газрыг авраад байгаа юм байна. 3300 хүн, 430 тоног төхөөрөмжөөр түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн гал сөнөөгчид 2.8 сая га газрыг байнгын хяналтдаа байлгаж байна.
Харин энэ сарын 5-нд “Спутник” цахим хуудаст бичснээр ОХУ-ын Эрхүү болон бусад мужийн эрх баригчид ой хээрийн түймрийн талаар худал мэдээлэл өгсөн гэж байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжүүлэлтийг шалгах хэлтсийн прокурор Роман Федосов ярьжээ. Тэрээр “Бид Эрхүү болон бусад мужид энэ талаар худал мэдээлэл өгснийг найдвартай хэлж чадна” гэж хэлсэн байна. Мөн гал түймрийг ноцтой гэж тооцож үзээгүй. Тиймээс эрх баригчид энэ гамшгийн талаар зохистой хариулт өгөх хугацаа байгаагүй гэжээ. Энэ нь бодит байдлыг нууж байгаа учраас судалгаа хийхийг шаардсан байна. Гал түймэр гарсан газар нь хэмжээгээрээ Пуэрто Рико улсаас гурав дахин их, Сальвадор, Израйль,Словак улсын газар нутагтай тэнцэх ажээ.
Гал түймэр гарсан гол шалтгаан нь хүний хайхрамжгүй зангаас болсон гэж ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд Игорь Кобзев мэдэгджээ. Тэрээр гал түймэр замын хажууд гарснаар эхэлсэн гэж парламентын хурлын үеэр хэлсэн байна. Онцгой байдлын яам хуурай шуурга болсон газрыг шинжилснээр энэ нь түймэр гол шалтгаан биш гэсэн дүгнэлтийг хийсэн гэж нэмж хэлжээ. Харин Ойн эдийн засгийн холбооны агентлагийн даргын үүргийг түр гүйцэтгэгч Михайл Климов хуурай шуурга нь ойн түймэр дэгдсэн бүсэд гал гарах гол шалтгаан болсон. Үүнийг унтраах албагүй ч орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр зохион байгуулж байгаа ажил гэж ярьсан байна. Харин гадаад орноос ОХУ-д түймэр унтраахад нь туслах саналыг Италийн Засгийн газар тавьсан гэж тус улсын ерөнхий сайд Жузеппе Конти мэдэгджээ. Кремлийн ордноос ерөнхийлөгч Доналд Трамп, ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа гал түймрийг унтраахад туслахыг хүсч байгаагаа илэрхийлсэн талаар мэдээлсэн байна. Үүнийг нь Владимир Путин хоёр орны хооронд ирээдүйд харилцаагаа тогтворжуулах алхам гэж үзснийг ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан онцолжээ.