О.Чулуунбат: Төр нь иргэн, аж ахуйн нэгж болгоноо шалгах нь буруу

2014-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөл иргэд, бизнесмэнүүдийн дунд төрийн дарамт, хяналтыг нэмсэн хэмээн шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.

-Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хуулийн төсөл дуулдаж байна. Энэ төсөлд хувь хүн болоод бизнесийн нууцад халдсан олон заалт байгааг хүмүүс шүүмжлэх боллоо. Чухам ямар хууль болж гарах гээд байна вэ?

-Мөнгө угаах, терроризмтай тэмцэх асуудал өнөөдөр бий болчихоогүй, олон жилийн түүхтэй.

Ялангуяа, 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш олон улсын хамтын ажиллагаа энэ салбарт нэлээд төвлөрч байна. Монгол Улс энэ салбарт Ази, Номхон далайн байгууллагын гишүүн орон болсон.

Терроризм нь хурц асуудал болчихсон, шашин, үндэсний хагарал ихтэй улс орон, мужуудад энэ асуудал бүр ч ширүүн байгаа. АНУ, ОХУ зэрэг улсад бүр илүүтэй тавигдаж байна. Харин Монгол Улс өөрөө дуртайдаа, терроризмд автагдсандаа энэ олон улсын байгууллагын гишүүн болсон биш. Манайх чинь тайван, олон улсын болоод дотооддоо зөрчил багатай орон. Ер нь ийм үзэгдэл бараг байхгүй гэж хэлж болно. Гэхдээ бид олон улсын байгууллагын гишүүн боллоо гээд дотоодын бизнесмэнүүддээ ийм хатуу шаардлага тавих шаардлагагүй.

Ер нь дэлхий даяараа 20-30 мянган ам.долларын гүйлгээг тайлагнана гэж байгаа. Тэртэй тэргүй банкаар дамжуулж гүйлгээ хийж байгаа иргэн, компани, аж ахуйн нэгж бүгд л юунд зориулсан, юуны төлбөр гэдгийг угаасаа тайлагнаж байгаа. Манай улс хуулиа гаргаад олон улстай хамтрах нь зүйтэй. Гэхдээ үүнийг далимдуулаад дотоодын бизнесмэнүүдийн гарыг мушгидаг төрийн дарамтаа ихэсгэж болохгүй. Би Монголбанкинд байхдаа ч яг л ийм байдлаар олон улсын байгууллагатай хамтарч байсан. Гэхдээ энэ нь дотооддоо ямар ч дарамт шахалт болох ёсгүй. Гэтэл одоо гаднаас орж ирж байгаа мөнгийг төрийн албан тушаалтнууд заавал шалгана, цаад эзэн нь хэн юм, ямар эх үүсвэртэй юм гэж хойшлуулаад байгаа сураг сонссон. Энэ бол хамгийн буруу. Гаднаас ирж байгаа мөнгө болгоныг бид алга ташаад л авах ёстой. Дараа нь үнэхээр хулгай, дээрмийн, хар тамхины мөнгө байна гэж гадаадын байгууллага гомдол тавьбал бид шалгалцахад нь туслах ёстой. Түүнээс биш хүн Монголд мөнгөө оруулж, цалин төлж байвал, Монголын эдийн засагт тус болж л байвал мөнгө буруутан биш шүү дээ. Тиймээс манай хууль тогтоогчид энэ тал дээр анхаарч байгаа болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгч бизнесмэнүүд хамгийн дарлагдсан ард гэж тодорхойлж, төрийн хүнд суртал, дарамтыг багасгах талаар ярьсан. Гэтэл одоо үүний эсрэг зүйл ярьж буйг хэрхэн ойлгох вэ?

-Сүүлийн үед бизнесмэнүүдийг төрийн зүгээс дарамтлах нь ихсээд байна. Энэ хууль үүний нэг хэрэгсэл нь болбол маш буруу бодлого болно. Арай ийм болохгүй болов уу гэж найдаж байна.

-Энэ хуулийн тавдугаар зүйлийг харахад л хуульд 20 хүртэлх сая төгрөгийн шилжүүлэг, гүйлгээ хийх бол шалгуулна, хянуулна, хэрэв тухайн хүнд эргэлзвэл гүйлгээг нь хийхээс татгалзахаар заасан байна?

-Энэ бол буруу. Манайх тийм юм хийгээд байх шаардлагагүй. Манайд хар тамхи, зэвсэг, хүний наймааны эх үүсвэр байхгүй, үндэсний бөгөөд шашны үзэн ядалт дээр үндэслэсэн хөдөлгөөн, тэмцэл байхгүй. Тийм байхад манайх иргэнээ тэгж нарийн шалгана гэдэг чинь төрийн дарамтыг ихэсгэнэ гэсэн үг. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес нь аль болохоор чөлөөтэй байх тусам хөгжиж байгаа улс орнуудын жишээ байна.

-“Сингапур хүн мөнгөтэй байж болно. Тиймээс мөнгөтэй байж болохгүй гэсэн заалтыг бид иргэддээ тавьж чадахгүй” гэж Сингапур улс манай улсынх шиг ийм бодлого санал болгохоос татгалзсан тухай хэвлэлд бичсэн байна?

-Үнэн шүү дээ. Манай улс ч бас тэгэх ёстой.

-20 сая төгрөг гэж шилжүүлгийн дүнг зааж өгч байгаа нь нэг талаараа Монголын эдийн засгийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхнээ дорд үзсэн, доромжилсэн үйлдэл гэж тайлбарлах хүмүүс байна. Энэ тооны учрыг та тайлбарлаж өгөөч?

-Тэр дүн ер нь хамаагүй. Гадаад улсуудын жишгээр 20-30 мянган ам.доллар гэж байдаг. Энэ бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн дүн. Гэхдээ үүнийг далимдуулж төр нь иргэнээ, аж ахуйн нэгж болгоноо шалгана гэвэл буруу.

-Энэ хуулийн төслийг гадаадын захиалгатай гэж хардах нэгэн ч байна. Монголын улстөрч, Монголын төлөө зүрх нь цохилдог хүмүүс ийм хууль бариад явахгүй гэх юм. Энэ хуулийг манайх гадныхны захиалгаар хийгээд байгаа гэдэг нь үнэн юм болов уу?

-Гаднаас тийм шаардлага тавьж байгаа. Бид олон улсын практик, дэг жаягийг нь дагасан хууль гаргая. Түүнээс биш бизнесийн эрх чөлөөнд халдсан, иргэний эрх чөлөө, бизнесийн нууц руу халдах тусам л манайд мөнгө тогтохгүй, бизнес хөгжихгүй шүү дээ.

-Тэгвэл энэ хуулийг бизнест хал балгүй баталъя гэвэл яах хэрэгтэй юм бол?

-Аль болохоор таатай байдлаар гаргах хэрэгтэй. Бизнесмэнүүд мөнгөө зугатаалгадаггүй, аль болохоор Монголдоо оруулж, Монголоосоо ашгаа аваад байдаг ийм л хууль эрх зүйн бөгөөд санхүү мөнгөний орчин байх хэрэгтэй. Дарамтлах тусам хүн бизнес хийх, хөрөнгө оруулах, мөнгөө Монголын банкинд хадгалах, бүр Монголдоо хадгалах сонирхолгүй болно.

-Бизнесмэнүүдээ боомилсон, хувийн өмчийн халдашгүй дархан байдлыг үгүйсгэсэн хууль нэг бус хэлэлцлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бизнесмэнүүдийг дааж давшгүй мөнгөөр торгох зэрэг хуулийн заалтыг нь хасуулсны төлөө УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг заамдсан хэрэг хүртэл гарсан. Ер нь сүүлийн үед ярьж буй Монголын хуулиуд бизнесийнхээ эсрэг чиглээд байна уу даа?

-Би тэр талаар мэдэхгүй юм. Гэхдээ С.Дэмбэрэл гишүүний байр суурь зөв. Би түүнийг их зөв байр суурь илэрхийлсэн гэж ойлгож байгаа.

-Банкаар дамжуулж буй мөнгөн гүйлгээг шалгах тухай энэ хуулийг Монголбанк хавиас санаачилсан гэж ярих боллоо. Санаачлагч нь чухам хэн юм бэ?

-Монголбанкнаас санаачилсан биш, харин санхүүгийн дэглэмийг нь тодорхойлох ёстой. Шалгах, гүйцэтгэх ажлын дэглэмийг өөр байгууллагууд санал болгох ёстой шүү дээ. Харин ч Монголбанк санхүү, мөнгөний аль болох тааламжтай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Монголд мөнгө тогтоосой, Монгол руу мөнгө татъя гэсэн бодлогыг Монголбанк баримтлах нь чухал.

-Энэ хуулийг санаачилсан хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна вэ. Таны хэлэх үгийг бизнесмэнүүд ч бас их сонирхох байх?

-Монголд аль болохоор таатай хууль эрх зүйн, мөнгө санхүүгийн орчин бүрдэх ёстой. Тэгж л байж бид их сайн хуримтлалтай, хөгжлийн эх үүсвэртэй болно. Дэлхийн бусад улсын түүх, туршлагыг харахад хамгийн таатай хууль эрх зүй, мөнгөний орчин бүрдүүлж чадсан нь хамгийн хурдан хөгжсөн түүх байна. Ялангуяа АНУ өнгөрсөн зуун жилд чив чимээгүй байлаа. Яагаад гэвэл бүх мөнгө АНУ руу зугатаж байсан. Хамгийн таатай орчин АНУ-д байсан. Одоо бол АНУ-ын удирдлагууд мөнгөний урсгалыг жаахан чангалъя гэсэн бодлого бариад эхэлсэн. Тэр бол Америктаа зөв. Мөнгө гаргахгүйн тулд ингэх нь зөв. Харин манайх өөрийнхөө хэмжээнд тохирсон, мөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх ёстой биз дээ.

-Ярилцлагын эхэнд дурдсан төр нь бизнесмэнүүдийн гарыг мушгиж байна гэсэн сэдэв рүү хандмаар байна. Өнгөрсөн онд бизнесмэнүүд татвараас болж олон арваараа эрүүгийн хэрэгт татагдлаа шүү дээ. Татвар нь бизнес эрхлэхэд томоохон саад хэвээр байна. Үүнийг хэрхэн цэгцлэх ёстой юм бол?

-Энэ бол бизнесийн орчин манай улсад сайжрахгүй, муудаж байгаагийн л шинж. Ялангуяа, татвар бол эрүүгийн гэмт хэрэг биш шүү дээ. Татвараас компаниуд бүгдээрээ л зугатахыг бодно. Тэр байтугай дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь хүртэл татвар төлөөгүй асуудал зөндөө л гардаг. Энэ бол нэр хүнд, захиргааны хэрэг болохоос биш шоронд хийгээд байх асуудал биш. Энэ бол төрийн гар мушгилт, дарамтын хамгийн тод илэрхийлэл. Тиймээс бид татвар авах аргачлалаа өөрчлөх хэрэгтэй байна. Татварын хэмжээний хувьд манай улс таатай. Гэтэл бид татвараа авах аргачлалаа хэтэрхий дээрэнгүй хийгээд байна. Үүнийгээ бид өөрчлөх ёстой. Төрийн нэрийн өмнөөс торгодог байцаагч нарын эрхийг багасгахгүй бол төрийн дарамт хэтэрхий ихэсч байна. Үйлчилгээний газар, ресторан, баарууд зөвхөн ширээ, эсвэл сандлын тоогоороо татвар төлдөг болох санал бид бэлдэж байна. Тэгэхээр татварын байцаагч очоод “Чи заавал тэдийг төлөх ёстой” гээд байхааргүй болж байгаа юм. Ширээ, сандлыг нь л тоолоод гүйцээ. Сар бүр тэр дүн нь өөрчлөгдөхгүй. Ингэвэл татварын байцаагчид дарамтлах нөхцөл өгөхгүй шүү дээ. Дэлгүүр, хоршоог ч гэсэн талбайгаас нь шалтгаалаад татвараа авдаг болъё. Орлого нь их байсан ч, бага байсан ч хамаагүй тогтсон дүнтэй татвараа л төлнө. Гэтэл өнөөдөр 50 сая төгрөгийн орлоготой дэлгүүр дээр байцаагч очоод “Танай орлого 200 сая байх ёстой. Танайх татвараа төлөх ёстой” гээд дарамтлаад байдаг. Хармаанд нь ганц, хоёр сая төгрөг хийвэл татварыг нь багасгаж өгч байна. Гэхдээ татвар, гаалийнхны дотор шударга олон хүн бий. Тэдэнд би энэ шүүмжлэлийг хэлэхгүй.  

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 27 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 19 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 32 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 37 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 42 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 29 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 29 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 17 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин