Д.Балдан-Очир: Үндсэн хуулиа өндөг шиг дараад бай гэж хэлэхгүй

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАНЦЭЦЭГ

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн “Ярилцах цаг”-ийн зочноор Үндсэн хууль баталсан эрхмүүдийн нэг, Улсын бага хурлын гишүүн асан Д.Балдан-Очирыг урилаа.

-Үндсэн хуулийг баталсан дурсамжийг олон жил ярьсан. Одоо энэ тухай асуумааргүй, яриулмааргүй байна. Харин та Үндсэн хуулийн  өнөөдрийн дүр зургийг юу гэж хардаг вэ. Шүүмжлэл ч нэлээд дагуулах юм. Өөгүй, урт настай хууль ч гэх нь бий?

-Бид Үндсэн хуулийнхаа өдрийг 22 дахь жилээ тэмдэглэж байна. Баярын өдөр гээд богинохон хугацаанд бужигнаад өнгөрдөг гэм биш зан болжээ. Нийгэмд сүүлийн 20 жилд Үндсэн хуулийн талаар өрөөсгөл ойлголттой байлаа гэж боддог.

Үндсэн хууль гэхээр том дарга нарын сөхөж уншдаг, мэддэг зүйл, жирийн бидэнд ямар хамаа байх билээ гэж боддог. Энэ бол сэтгэлгээний гажуудал. Үндсэн хуулийг бичиг үсэг тайлагдсан хүн бүр жилд нэгээс хоёр удаа уншдаг байгаасай. 70 зүйлээс бүрдсэн сурагчийн дэвтэр шиг нимгэхэн ном шүү дээ. Өнгөрсөн 22 жил 400 гаруй хууль батлагджээ. Энэ олон хуулийг бүх хүн мэдэх хэрэггүй. Өөрт хэрэгцээтэй хуулиа л судалдаг. Эдгээр хуулийн эх язгуур нь Үндсэн хуульд байдаг. Үндсэн хуулийн нэг өгүүлбэр л гэхэд 2-3 салбарын том хууль болдог.  Салбар бүрийнхэн өөрт хамаатай хуулиа судлахын зэрэгцээ Үндсэн хуулиа жилд, улиралд нэг удаа эргүүлээд харчихдаг, ойндоо тогттол уншчих­даг байх хэрэгтэй. Энэ нь сурагчид, оюут­нууд нийгмийн амьд­ралд хөл тавих үед Үнд­сэн хуулийн үзэл ба­римтлал төлөвшсөн байхад цаашид хуулийг дээдлэх, хэрэгжүүлэх, дагаж мөрдөх эрхзүйн боловсролын суурь бий болно. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амь­дарна” гэсэн үг бий шүү дээ. Өөрийн бол­гож унших нь асар том боломж, хүмүүжлийг олгодог.

-Хүний  эрх, эрх чөлөө, үүргийг тунхагласан л гэж олонх хүн ойлгодог. Та асар том боломж олгосон гэлээ. Тэгвэл бид Үндсэн хуулиар олгосон боломжоо бүрэн ашиглаж чадаж байна уу?

-Ард түмэнд олгосон боломжийн хэдэн хувийг ашиглаж байна вэ гэдгийг  машинаар бодож үзлээ. 10 тонн ачаа зөөдөг, 100 км замд 30 литр шатахуун иддэг машинаар 3-4 тонн ачаатай л яваад байна гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулиар олгосон нь зөвхөн эрх, эрх чөлөөний асуудал биш монгол хүнийг бүхий л талаар  хөгжүүлэх боломж байдаг. Үндсэн хуулиа ахин дахин уншаад байсан хүн тэр боломжийг олж хардаг.  Боломж гэдэг асар өргөн утгатай. Сэхээтэн, малчин, ажилчин гээд тус бүрт нь тохирсон боломжууд бий. Засаг төр хариуцлагагүй байна, сонгууль шударга бус боллоо, авлига хээл хахууль газар авлаа,  шударга ёс Монголд алга гэж ярьдаг. Энэ бүхнийг Үндсэн хуульд нялзаадаг. Үүнийг болиоч ээ гэж хэлмээр байна. Энэ өдөр Б.Чимид гуайг дурсахгүй байхын аргагүй. Тэр агуу том хүний нөмөр нөөлгөөс жаахан ч гэсэн хүмүүжил, мэдлэг боловсрол шингээж авах юмсан гэж боддог байв. Үндсэн хуулийг засна, өөрчилнө гэхээр Б.Чимид гуай хувьс хийгээд явчихдаг байлаа. Харин би огт хөдөлгөөнгүйгээр өндөг шиг дараад бай гэж хэлэхгүй. Амьдрал баян учир цөөхөн зүйл дээр гар хүрэх шаардлага байгаа.

-Үндсэн хууль 22 жил болоход хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2000 оны дордуулсан долоон заалтыг олон удаа ярь­сан учир нэгбүрчлэн асуу­­мааргүй байна. Харин Үндсэн хуульд гар хүрснээрээ үнэхээр дордуулсан уу. Одоо дээрдүүлэхийн тулд дахиад ч өөрчлөх хэрэгтэй юу?

-Дордуулсан гэж үздэг. Хэтрүүлж яривал Үндсэн хуулийн замаар төрийн эргэлт хийсэн. Олонх хүч түрээд нэг шөнийн дотор л Үндсэн хуулиа өөрчилчихсөн. Ард түмнээс ч асуугаагүй. Үндсэн хуулийн дархлаа ч сул байлаа. Тэгээд өмнөх парламент Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчилдөггүй байх хаалтыг хийж чадсан. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Журмын тухай хууль юм. Их хүнд сурталтай, өндөр босготой, хэр баргийн улс төрийн нам халдах боломжгүй болгосон.  2000 онд хийсэн өөрчлөл­түүд дотроос УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар гүйцэт­гэж болохоор заасан нь Үндсэн хууль болоод төрийн хүчийг сулруулсан. Энэ тухай одоо ч ярьсаар л байгаа.

-Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, сайд, гишүүний давхар дээлийг тайлах төсөл санаачилсныг парламент хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ингэж шийдэж болох уу?

-Уг нь 2000 онд Үнд­сэн хуульд оруулсан до­­лоон нэмэлт, өөрч­лөл­тийг Цэц дээд суудлын хуралдаанаараа  хүчингүй болгосон. Цэцийн шийд­вэр эцсийнх байдаг. Гэвч Цэц ч гаргасан шийд­вэрийнхээ араас санаа тавьдаггүй, хү­чин­гүй болгосоор бай­тал Засгийн газар, УИХ хэрэгжүүлсэнгүй өнөөд­рийг хүрлээ. УИХ өөрөө хуулиа сахиулахгүй байхад хэн санаа тавих юм бэ. Энэ талаар манай Үндсэн хууль тогтоогчдын холбооноос Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлсэн.

-Та Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа гэж үздэг юм байна. Гэхдээ маш цөөхөн зүйл заалт гэлээ. Түүнийгээ тодруулаач?

-Өөрчлөлт оруулах гэж нэг их ажил болохгүйгээр улс  төрийн намууд, улстөрчид зөвшилцөөд Цэцийн хүчин төгөлдөр шийдвэрээр зөвшилцвөл том амжилт. Эргээд тогтвортой болно. Заавал шинээр нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно, бусад сайд парламентын гаднаас байна гэсэн нэ­мэлт хийх бараг шаард­лагагүй болчихно. На­дад бол амьдарлаас харсан нэг, хоёр зэргийн баяжуулах зүйл бий. Ту­хайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн нэгжийн удирдлага гэсэн хэсэгт эргэж харах юм байна. Баг, сум, аймгийн Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгодог нь монгол төрийн хү­чийг их сулруулж байна. Тэгэхээр баг, сум, аймгийн Засаг даргаар хүчтэй, тогтвортой, зөв хүн сонгодог байх нь маш чухал. Багийн дарга тухайн багтаа хамгийн олон ах дүүтэй хүн болдог. Сумдаа хамгийн их нөлөөтэй хүн сумын Засаг дарга болдог сүүлийн 20 жилийн практик байна. Аймгийн дарга хотоос очоод л ИТХ-ын төлөөлөгчдийн олонхтой нь уулзаад дэмжлэг авчихдаг. Чадалтай, чадалгүй, боловсролтой, боловсролгүй хүн дарга болчихдог. Үүний цаана төрийн ажил, нийгмийн амьдрал хохироод байгаа.

-Тэгэхээр таны бодлоор яаж өөрчлөх вэ?

-2011 онд УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн Үндсэн хуульд ийм заалт оруулахаар төсөл өргөн барьсан. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болъё. Сумын даргыг сумын нийт ард түмнээс сонгодог байя гэсэн төсөл юм. Гэвч 2012 оны сонгууль болж парламентын бүрэн эрх дууссан. Энэ өөрчлөлтийг хурдан хийгээсэй гэж боддог.

-Үндсэн хууль гэсэн хоёр үгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч түүн дотор юу байгааг тэр бүр мэддэггүй. Олж аваад ун­ших боломжтой хүмүү­сээс гадна жирийн иргэд, хөдөөгийн малчид Үндсэн хуультай яаж танилцах ёстой вэ. Улсаас хэвлэж тараагаад иргэдийн хуулийн боловс­ролыг дэмжиж болохгүй гэж үү?

-2012 онд Үндсэн хуулийн өдрөөр би Завхан аймагт хэвлэж тараасан. Айл бүрт очсон. Монгол хүн төрт ёсоо их хүндэлдэг агуу чанартай. Тэр жилийнхээ гуравдугаар сард тойргоороо явахад айлууд Үндсэн хуулиа бурхан дээрээ хадгаар ороогоор тавьчихсан байна лээ. УИХ энэ оноос эхлээд хуулийн эмхэтгэл бэлтгээд үнэгүй тарааж эхэлж байгаа гэсэн. Энэ маш зөв алхам. Зургаа, долоон мянган хувь юм байна. УИХ-ын удирдлага оновчтой зүйл олж хар­жээ. Бусад улс оронд Үнд­сэн хуулиа маш чамин хавтас, чимэглэлээр гоёж, бэлэг сэлт маягтай тараадаг жишээ бий. Манай улс 750  мянган айл өрхтэй. Нэг айлд нэг Үндсэн хууль тараахад морь уралдуулснаас илүү үр өгөөж өгнө дөө. Цахим хуудаст хуулийн эмхэтгэл байдаг ч хүн бүр унших боломжгүй. Харин хэвлээд тараавал номтой нөхөрлөнө гэдэг шиг Үндсэн хуулиа ширээний ном болгож нөхөрлөх боломжтой болно.

-Танаас зориуд нэг зүйлийг онцолж асуумаар байна. Үндсэн хуульд хүн амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэвч агаарын бохирдолтой Улаанбаатарт амьдарч, өглөө ажилдаа гараад төмрөнд цохиулаад үхчих юм. Гэтэл мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан нь зохимжгүй гэж их барьцдаг. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?

-Би энэ тухай зөндөө сонссон, маш дургүй. Хүнээсээ илүү малаа жил бүр тоолдог гэж ч ярьдаг. Хүнээ ч сайн тоолдог л байх ёстой шүү дээ. Яагаад монгол хүн малдаа ойр байдаг вэ гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ газар нутаг дээр анх хүн бий болж, мал гэдэг амьтныг гаршуулснаас хойш монгол үндэстний амьжиргааны  гол хэрэг­сэл энэ болсон. Мон­голчууд 3000 жилийн тэр­тээгээс малыг гаршуулж хотондоо оруулсан гэж ярьдаг. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэ­дэг заалтыг Улсын ба­га хурлын гишүүд хэ­лэлцэж байхдаа ч нэлээд маргасан. Нэг хонь гар­­гах, хүнд өгөхдөө багийн даргаасаа гуйх уу, зөвшөөрөл авах ёс­той юу гэх зэргээр бид ярьдаг байсан. Монгол үндэстний нүүдлийн агуу том соёл, иргэншлийг өөртөө тээж яваа өв гэдэг үүднээс илүү хардаг.

-УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дээр нэлээд очих юм. Голдуу парламент ялагддаг ч сүүлийн үед улс төрийн нам, улстөрчдөөс хараат шийдвэр гаргадаг болсон гэж Цэц шүүмжлэлийн бай болоод байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Манай Улсын бага хурлын гишүүн Ламжав гуай Үндсэн хуулиа сайн манадаг хүн. Олон удаа Цэцэд гомдол мэдүүлсэн. Мөн сүүлийн үед залуучуудад ч гэсэн иргэний ухамсар, хуулийн боловсрол бий болжээ. УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх ту­хай маргаан практикт зүгширчээ. Харин 22 жил огт хэрэгжээгүй нэг зүйл бий. Шүүхийн тогтолцоонд Үндсэн хууль зөрчсөн зүйл яваад л байна. Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту­хай хууль гэх мэт эрүү­гийн, захиргааны шүүхэд маргаан явж байх яв­цад маргааныг шүүх ажил­лагаанд Үндсэн хууль зөрчих тохиолдол их байна. Өмчийн маргаан байлаа гэхэд шүүгч Үндсэн хуулийн агуулгаар яаж шийдэх ёстой вэ гэхээр,  Үндсэн хуулийн үзэл баримтлалтыг сайн мэддэг, тэр нь салбар хуулиудтайгаа нийлж явдаг гэж ойлгож мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдмэгц шүүн таслах ажиллагаагаа зогсоогоод Улсын Дээд шүүхээр дамжуулаад Үндсэн хуулийн цэцэд өгөх хэрэгтэй. Зөрчлөө арилгуулсны дараа маргааныг шийдэх ёстой. Ийм тохиолдол болсныг би сонсоогүй. Шүүх засаглалыг одоо л шинэчилж, бэхжүүлж, сайжруулах гэж ид ярьж байгаа үед хуулийг хэрэгжүүлмээр байна.

Мөн Компанийн тухай хууль бий. Түүний хэд хэдэн заалт Үндсэн хууль зөрчсөн байдлаар явж байгаа. Үндсэн хуулиар бол өмч халдашгүй дархан байна, нийгмийн, нийтийн эрх ашгийн үүднээс хувь хүний өмчид халдаж болно, тэгвэл төр нөхөн олговор олгох ёстой гэж л бий. Гэвч Компанийн тухай хуулиар тухайн компанийн 10-хан хувийн хувьцаа эзэмшигч нь  бүх гишүүний эрхийг эдлээд дангаар удирдлагаа байгуулаад бүх өмчийг захиран зарцуулах эрх эдлэх зөрчил байсаар байхад шүүгч нүдээ аниад шийдчихдэг. Луйврын 57 гэж ярьдаг заалт бий. Шүүхийн системийнхэн, шүүгчид, хуульчид үүнд онцгой анхаараачээ гэж хэлмээр байна.

-Үүнийг парламент өөрөө өөрчилж болдоггүй юм уу?

-Өнгөрсөн оны тав­дугаар сард Компанийн тухай хуулийн энэ заалтыг өөрчлөхөөр төсөл өргөн барьж хэлэлцүүлж байгаа боловч эцэслээгүй бай­гаа юм. Ийм үед шүүг­чид асуудалд итгэл үнэм­шилтэй хандмаар байгаа юм.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 40 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 53 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 58 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 3 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин