Н.Даш-Өлзий: Төрийн буруугаас учирсан хохирлыг төр л хариуцах ёстой

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Зууны мэдээ” сонин лхагва гариг бүрийн “Ярилцах цаг”-таа бизнесменүүдийг урихаар боллоо. Уншигч та бүхэн Монголд бизнес эрхэлж буй хүмүүсийн жаргал, зовлонгийн талаар илэн далангүй сонирхолтой ярилцлагуудыг эндээс уншаарай. Бид эхнийхээ зочноорҮйлдвэр, худалдааны “Өлзийт төв” компанийн захирал Н.Даш-Өлзийг урилаа. Тэрээр хөдөө аж ахуй, газар тариалан, түлш, нийтийн хоол зэрэг бизнесийг 1990 оноос хойш удирдаж буй нэгэн юм.  

-Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн он бизнес, санхүүгийн ертөнцөд ямар өнгө авчрав. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Нэг талаас бизнесийн ертөнцөд муугүй жил байлаа. Хүрээ нэлээд тэллээ. Үйлдвэр, үйлчилгээ, худалдан авах ажиллагаа ч өргөжсөн.

Манай компанийн хувьд өөдрөг он бай­лаа. Ялангуяа, ху­дал­­дан авах үйл ажиллагааны тендерийн шалгаруулалтад өөрчлөлт орж тендер шалгаруулалт шударга болсон. Тиймээс ч манай компани олон тендерт оролцлоо.

Нөгөө талаас биз­несийн хүрээнийхэнд онцгой чухал ач хол­богдолтой валютын ханш маш их хүнд­рэл учруулсан. Биз­несийнхэнд давагдашгүй хүчин зүйл бий болсон. Валютын ханш богино хугацаанд 200-300 төгрөгөөр өслөө. Долдугаар сард 1400 орчим төгрөг байсан ханшаар тооцоод үйл ажиллагаагаа төлөв­лөсөн, эсвэл төрөөс ч валютын ханшийг бас  1400 гэж тооцсон байх. Түүгээр нь тооцоолсон, төлөвлөсөн ажлууд бүгд нурсан. Тендер, эсвэл барилгын худалдан авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс валютын дундаж ханшаар хамаг ажлаа тооцчихсон байсан. Гэтэл оны эцэст ханш 1750 болж хувирлаа. Тэр үед төлбөр тооцоо голдуу хийгддэг болохоор бизнес хүндрэлтэй, алдагдалтай болж хувирсан. Энэ талаас үзвэл өнгөрсөн жил бизнесийнхэнд гамшгийн жил боллоо.

-Бизнесийнхний валютын ханшаас үүдэлтэй алдагдлыг тооцвол барагцаагаар ямар дүн гарах бол. Тооцоо судалгаа бий юу?

-Тендер, эсвэл худалдан авах үйл ажиллагааг авч үзвэл 600 мянган ам.долларын үнэтэй байна гэж ойлгож болно. 1400-1450 орчим төгрөгөөр ханшаа тооцоод үйл ажиллагаанд оролцсон компани гадагшаа тоног төхөөрөмжийнхөө төлбөрийг хийхээр валют худалдан авахад 300 төгрөгийн зөрүү гарна. 600 мянган ам.долларыг 300-гаар үржүүлэхээр 180 сая төгрөгийн алдагдалд орж байгаа хэрэг. Гэтэл ашиг нь маш бага 4-5 хувиар тооцогдож байна. Бизнес эрхлэхэд хүндрэлтэй жил боллоо. Энэ бол бизнес эрхэлж байгаа бүх хүнд хамаатай. Импортоос хамааралгүй салбар Монголд байхгүй. Үйлдвэрлэлээ авч үзье гэсэн ч аль нь ч ямар нэг хэмжээгээр түүхий эд, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөө гадаадаас авдаг. Энэ бүгдийн үнэ өсч байна гэсэн үг. Эцсийн дүндээ бүх юмны үнэ өсч ард иргэдийн нуруун дээр ачаа нь очиж байна.

-Өнгөрсөн жил төр, засгаас валютын ханшийг бууруулахад ямар арга хэмжээ авав. Үр дүн нь хөрсөн дээрээ бууж байна уу?

-Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр мах, гурил, үр тариа, шатахуун зэрэг цөөхөн бараанд  үйлчилж байгаа. Төр, засгаас валютын ханшийг тогтвортой байлгах үүрэг­тэй ч тавиад туучихлаа.

-Та дээхнэ нэг ярилцлагадаа валютын ханшаас үүдэлтэй алдагдлаа компаниуд төрөөр төлүүлнэ гэсэн. Энэ юу болж байгаа вэ?

-Төрийн буруугаас бидэнд учирч байгаа алдагдлыг төр л хариуцах ёстой. Валютын зээл авсан, төгрөгөөр орлого олдог байгууллага зөндөө байна. Валютын зээл авч байх үед ханш 1300-1400 байсан бол зээлээ төлөх гэхээр 1750 болчихсон. Энэ зөрүүг хэн хариуцах вэ. Энэ бол гамшгийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа. Зээлээ төлөхөд нь зээл авч байх үеийн ханшаар валют зарах арга  хэмжээг төр авч өгөх болов уу. Энэ саналаа ч удаа дараа тавьсан. Цаашдаа ч тавих болно. Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр энэ талаар удаа дараа ярьсан. Тэгэхгүй бол маш олон компани сөхөрнө.

-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт царцсанаас валютын ханш өссөн гэж эдийн засагчид ярьдаг. Харин зарим нь төрийн бодлого буруу байснаас энэ бүхэн боллоо гэж дүгнэж байна. Зарим нь дэлхийн эдийн засаг хүнд байхад бид харин ч хямралыг хохирол багатай тууллаа гэх юм?

-Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Гэхдээ барилгын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байх. Тэр мөнгө нь барилгын материал болж хувирсан. Мэдээж, материалаа гадаадаас авч байгаа. Энэ нь валютын ханшийг өсгөх гол үндэслэл болсон. Хөрөнгө оруулалт маш бага байсан 5-6 жилийн өмнөх үед валютын ханш тогтвортой байсан. Иймд хөрөнгө оруулалт буурснаас валютын ханш өссөн гэдэг яриа батлагдахгүй байна. Харин асар их хэмжээний бэлэн мөнгийг гаргаснаас болж ханш өссөн. Цаашдаа барилгын салбарт гаргах хөрөнгө өсөөд байвал валютын ханш гүйцэгдэхгүй. Тиймээс тооцоотой эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Валютын нөөц нь ямар байна, энэ жилийн бүтээн байгуулалтыг хийхэд хэчнээн валют хэрэгтэй юм, тэр нь байна уу, үгүй юу, тэр валютыг худалдан авснаар ханшид хэрхэн нөлөөлөх вэ зэргээр эдийн засгийн тэнцвэртэй бодлого явуулах хэрэгтэй байна.

-Чингис бонд гаргалаа. Томоохон бүтээн байгуулалт өрнөлөө. Засгийн газар валютын ханш гэхээсээ илүү бүтээн байгуулалтдаа гол анхаарал тавиад байна уу?

-Чингис бонд валютын ханшийн өсөлтийг жаахан ч гэсэн зогсоосон нь үнэн. Би Чингис бондыг дэмждэг. Үйлдвэр, үйлчилгээг дэм­жихэд хэрэгтэй зүйл болж байна. Гагцхүү өгч байгаа газар нь зөв үү, үгүй юу. Голдуу үйлдвэрлэл рүү чиглүүлж өгвөл сайхан байна. Үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг тэнцвэртэй хөгжиж чадахгүй. Үйлдвэр цоо шинэ мөнгө бий болгодог. Тэр мөнгө нь ард түмний, улсын эдийн засагт өгөөжөө өгч байдаг. Иймд энэ жил үйлдвэрлэлийн бодлогыг дэмжинэ гэж байгааг нь зөв бодлого гэж үзэж байгаа. Чингис бондыг төлөх хугацаа болно. Тэр хүртэл өгөөжөө өгдөг салбар руу мөнгөө хийхгүй бол Чингис бондын төлбөрийг төсвөөс өгөх байдалд хүрнэ.

-Дотоодын үйлдвэр­лэлээ дэмжинэ л гэж байна. Зөвхөн дэмжээд л асуудал шийдэгдчихгүй байх. Бид юунд анхаарч, өнгөрснөөс туршлагажих хэрэгтэй юм бол?

-Яагаад манай дотоодын үйлдвэрүүд, арьс шир, оёдол, ноос ноолуурын компаниудад хүмүүс хөрөнгө оруулалтаа хийхгүй байна вэ. Шалтгааныг нь эргэж харах ёстой. Бидэнд түүхий эд байна уу, байна. Түүнийгээ боловсруулах ёстой юу, ёстой. Дараа нь зах зээлээ олох ёстой. Гадаад зах зээлийг бий болгоход төр анхаарч үндэснийхээ үйлдвэрлэлд туслах ёстой юм. Хөрш орнуудтайгаа тарифын хэлэлцээр хийж, манай бүтээгдэхүүнийг бага тарифаар оруулдаг орны тоог нэмэх ёстой. Болж өгвөл чөлөөт худалдааг бий болгож, Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргадаг системийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, ОХУ Монголын хөнгөн болоод хүнсний аж үйлдвэрийн салбарт маш өндөр татвартай. Үүнээс болж хойд хөрш рүү олон барааг албан экспортоор гаргаж чадахгүй байна. Европтой манай улс нэг хэлэлцээр хийсэн байдаг. Тэр хэлэлцээрийн хөнгөлөлт нь Хятадын нутгаар дамжуулаад тээвэрлэх хөлстэй тэнцүү шахуу. Ингэхээр манай улс Хятадаас хөнгө­лөлттэйгөөр бараагаа гаргаж чаддаггүй.

1980-аад оны сүүлч 1990-ээд оноос 2005 он хүртэл Монголд оёдлын 100 гаруй үйлдвэр, 20 гаруй мянган ажилчин байлаа. Жилдээ 30 сая бүтээгдэхүүн АНУ-д гаргаж байсан. Энэ бол гадаад зах зээлийн нөхцөл нь бүрдсэн байсных шүү дээ. Тэр үед Хятадын оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д гаргахад тооны хязгаартай байсан бол Монголоос тооны хязгааргүй байсан нь бидний давуу тал байсан юм. Ингэж бид маш их валют олж ирдэг байлаа. Улмаар Монголд маш олон хөрөнгө оруулагч орж ирж хамтарсан үйлдвэр байгуулж байсан. Ийм нөхцөл бий болгочихвол Монголд маш олон хөрөнгө оруулагч нэмэгдэнэ, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, түүхий эд, арьс шир боловсруулалт ч өснө.

-Гэвч гадаад зах зээлийг бий болгоход төр, засгаас дорвитой анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл хуучраагүй байна. Ахиц дэвшил гарч, валют олдог салбар Монголд уул уурхайгаар хязгаарлагдсан хэвээрээ байна. Одоо яах ёстой юм бэ?

-Уул уурхайг дагана гэдэг аюултай гэдгийг мэдэрлээ шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг голдуу Хятад л авдаг болохоор зах зээл нь хумигдмал. Орос авахгүй. Ашигт малтмалаа Хятадыг дамнаад бусад улсад гаргах бололцоо хүнд. Тиймээс ялангуяа хөнгөн үйлдвэрүүд, түүхий эдийн гүн боловсруулалт хийдэг салбаруудаа сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд улсаас үйлдвэрийн паркууд байгуулъя. Байшин барилгыг нь бариад, дэд бүтцийг нь шийдээд өгмөөр байна. Гэвч үүнд тууштай, дорвитой бодлого одоохондоо алга. Жишээ нь, Чили улс гэхэд зэс, уул уурхайн орон. Гэвч уул уурхай эрсдэлтэйг мэдрээд виноны том үйлдвэрийг хөгжүүлж байна. Чилийн вино дэлхийн бүх оронд, Монголд ч байна. Энэ нь Чилид эдийн засгийн хувьд асар их үр ашгаа өгсөн салбар болж хувирсан байна. Чилид жимс ногоо нь ургадаг юм байна, харин манайд арьс шир, түүхий эд нь жил бүр бий болж байна шүү дээ. Гэтэл манайд арьс ширний үйлдвэрээ хаана барихаа одоо хүртэл шийдээгүй. Төр, засаг одоо л энэ асуудалд анхаарлаа хандуулж дорвитой алхам хийх үе нь ирээд байна.

-Сэдвээ жаахан өөрчилье. Энэ онд бизнесмэнүүдийг эдийн засаг, нийгмийн ямар ирээдүй угтаж байна вэ?

-Өнгөрсөн онд хийсэн ажлынхаа мөнгийг олон арван компани авч чадаагүй. Үүний цаана зээл, зээлийн хүү, гадаад, дотоодын төлбөр бий. Дараачийн санхүүжилт эхлэх ёстой. Энэ бүгд зогссон. Маш олон компани төрөөс авлагатай. Миний бодоход 200-гаад тэрбум төгрөгийн авлагатай байгаа болов уу.

Энэ оны бизнесийн эхлэл маш муу байна. Компаниуд мөнгөгүй. Нэгдүгээр сард хурлаар ороод хоёрдугаар сард мөнгө орж ирэх юм уу, үгүй юу. Бизнесийнхнийг дампууруулах ирмэгт тулгаж байна. Энэ оны эдийн засагт нөлөөлөх гол зүйл бол валютын ханш. Монголын эдийн засгийн үзүүлэлтийг валютын ханш жолоодож байна. Тиймээс ханшийг тогтворжуулах нь төр засгийн эхний хийх ажил байх ёстой. Гэтэл ямар хариу өгч байна гэхээр “Валютын ханш дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай зүйл болж байна” гэж байна. Энэ худлаа. Талх, гурил, чихэр, сүү, ундааны үйлдвэр бүгд л түүхий эд, сэлбэг хэрэгслээ гадаадаас авдаг. Бүгд л өндөр үнээр орж ирэх учраас эргээд бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Тиймээс валютын ханшийн гамшиг эдийн засагт давагдашгүй байдал үүсгэж байна. Үүнтэй төр засаг тэмцэх байх. Ханшийг тогтворжуулчихсан байхад бондоо гаргаад дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд явахад асуудал алга. Тэнцвэртэй эдийн засагтай байхад бизнес сайхан хөгжинө. Тэнцвэр нь алдагдчихвал бизнесийн ертөнц дагаад л далбилзаж байна шүү дээ.

-Энэ онд валютын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн Засгийн газрын зорилтыг олон хүн үгүйсгэж байгаа. Харин та хэрхэн төсөөлж байна вэ?

-Тийм боломж байхгүй. Одоо валютын ханшийг барихад маш хэцүү. Ханшаа барихын тулд бэлэн мөнгө гаргадгаа багасгах ёстой. Гадаадаас валют оруулж ирэх нь бас их чухал. Монголын эдийн засагт Оюутолгой, Тавантолгой нь өгөөжөө өгөөд, гадаад эдийн засагт зах зээлээ бий болгож хөнгөлөлттэй нөхцлүүдээ аваад эхэлбэл манай эдийн засаг сайхан явна. Тийм бололцоо байгаа шүү. Тийм суурь нь ч хэзээний бүрдчихсэн. 

-Одоо цалин нэмнэ гэж байна. Үүнийг амдаад үнэ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Бас валютын ханш даарин дээр давс болоод байна?

-Цалин нэмэх талаар хөдөлмөр нийгмийн гурван талт зөвшлөөр ярилцаад тохирчихсон. Энэ хэлэлцээрт би Ажил олгогч эздийг төлөөлж оролцдог. Ер нь цалинг байнга их хэмжээгээр өсгөх нь тийм сайн зүйл биш. Үүний цаана үйлдвэр, үйлчилгээ явж байдаг. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр хувийн хэвшлийнхний цалингаа нэмэх этолон болж байдаг. Төр ч яахав мөнгөө гаргаад нэмчихэж болно. Жижиг, дунд үйлдвэрүүд үүнийг даахгүй. Манай эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа компаниудын 80 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд. Энэ улс чинь үүнийг даадаггүй юм. Цалингаа өсгөх болохоор нэг хэсэг аж ахуйн нэгжүүд нь нураад уначихдаг юм. Яагаад гэвэл ажилчдадаа тэр хэмжээний цалин өгч чаддаггүй. Харин юмны үнийг тогтвортой байлгах асуудал бол ард түмний амьдралд маш чухал. Цалин нэмээд л юмны үнэ нэмэгдээд байвал нэг төгрөгийн худалдан авах чадвар байнга буурна. Хамгийн гол нь валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал юм.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 3 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 53 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин