Ч.ЗОТОЛ
Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болно.Жилийн жилд наадамчин олныхоо гоёлыг зэхэж, магнайг нь тэнийлгэж баярлуулж байдаг үндэсний хувцас үйлдвэрлэгч “Ур ундрах” компани энэ өдрүүдэд хөл гишгэх зайгүй, үйлчин бүсгүйчүүд үйл урлаад завгүй байна. Өргөн олондоо 15 жил үйлчилж ирсэн тус компани ард олондоо захиалгаар үйлчлэхийн дээр, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйлдвэрлэл явуулдаг. Мөн олон нийтэд хандсан, өргөн хэрэглээнд зориулсан үндэсний хувцсыг размерийн сонголттой, үнийн уян хатан нөхцөлтэйгээр худалдан боруулдаг. Тиймээс захиалга өгч хараахан амжаагүй, өөрөөр хэлбэл, наадмын гоёлоо зэхэж чадаагүй хэн ч очсон өөрт таарах үндэсний хувцас, дээл, цамц, хослол, малгай, бүс тэргүүтэн өргөн сонголттой бас цогцоороо байдаг нь онцлог юм. Энэ жилийн наадмын өнгө, хувцасны загвар, хүмүүсийн сонирхол хандлага ямар байгаа талаар захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяатай ярилцлаа.
-Наадам ойртож байна. Монголчуудынхаа баярын гоёлыг өргөн хүрээнд бэлддэг “Ур Ундрах”компани энэ жил ямар өнгө загвараар бүтээгдэхүүн түлхүү урласан бол?
.Монгол түмний эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн төрийн их баяр наадам бол жил жилд өргөн дэлгэр сайхан болдог. Бас үндэсний уламжлал, соёл ахуй, оюун санаа, тусгаар тогтнолын дархлааг сэргээж бэхжүүлж байдаг гэж би боддог. Баяр наадмаас булт олноороо авдаг эрч хүч, эв нэгдэл, омогшил бахархал бүтэн жил монголчуудыг хөглөж, ирлэж өгдөг. Тэгэхээр мөн ч сайхан баяр шүү. Дэлхийд ганцхан монголчууд л эрийн гурван наадмаа ингэж өргөн дэлгэр хийж, найман настай балчраас наян настай буурал хүртэл хотол олноороо хэдэн өдрөөр наадаж цэнгэж чадна. Энэ сайхан баяртаа зориулж, манай “Ур Ундрах” компани өргөн олондоо захиалгаар үндэсний хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ, ямар ч насны хүн ирээд сонголтоо хийгээд авах боломжийг олгож, өргөн хэрэглээнд зориулсан дээл, монгол цамц, хослолыг бэлтгэсэн. Мөн хүүхдүүдэд зориулсан үндэсний хувцсыг үйлдвэрлэж гаргаад байна. Хэдийгээр наадам ойртож байгаа ч өдөр бүр захиалга ирж байна. Манай байгууллага зөвхөн наадам гэлтгүй жилийн дөрвөн улиралд захиалга ихтэй байдаг. Тэр дотор Цагаан сар, үндэсний их баяр наадам, оюутан заоуусын төгсөлтийн баярын үеэр ачаалал ихтэй байдаг.
Ямар ч хүн өөрийн сонирхолд тааруулж, дуртай өнгөөрөө дээл, хувцсаа хийлгээд өмсөх боломжтой. Энэ жилийн наадмын гоёлд тод өнгө зонхилж байна. Мөн хэзээ ч моодноос гардаггүй тод шар, хар өнгө ч эрэлттэй байгаа. Загварын хувьд төв аятайхан харагддаг энгийн загвартай монгол дээл, охид бүсгүйчүүд загварын дээл, хослол түлхүү сонирхож байна.
-Танай урлангаас ямар загварыг санал болгож байна. Материалаа хаанаас оруулж ирэв?
- Манай төв хоёр загвар зохион бүтээгчтэй. Тэдний бүтээсэн зургаар хийж байна. Бид эрэгтэй, эмэгтэй загварыг янз бүрээр гаргасан. Дээр нь тухайн хүн өөрийн биеийн онцлог, өөрийн сонирхол, тухайн жилийн мэнгэний үр, өнгөний зохицлоо хараад манай загвар зохион бүтээгчээс зөвлөгөө авч захиалдаг. Материалын хувьд манай компани солонгос даавуу, хятадын өндөр чанарын торго, энэтхэг сари оруулж ирдэг. Дэлхийн торгоны хаан бол Хятад улс гэдгийг монголчууд сайн мэддэг. Хүр хорхой Хятадаас өөр газар үрждэггүй. Тиймээс бид сүүлийн хэдэн жил хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд зэргийн торгыг оруулж ирж үйлчлүүлэгчдээ бэлэг барьж байна.
-Танайх үндэсний хувцсаа цогцоор нь урлахыг зорьж байгаа гэсэн. Дэлтэйгээ хослуулаад малгай хийлгэж авч болох уу?
-Манай төв дотроо малгайны үйлдвэртэй. Жонон малгай үйлдвэрлэж байсныг хүмүүс Жавхлан малгай гээд нэрлэж байсан даа. Болохгүй нь ч юу байхав. Энэ цаг үед тэр малгайг дуучин С.Жавхлан өмсч, монгол үндэсний хувцсыг дэлгэрүүлэх, сурталчлахад хүндтэй гавьяа байгуулж байгаа. Түүгээр зогсохгүй үндэсний хувцсыг үзэх хүмүүсийн сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт оруулсан. Манайх үндэсний хэв загвартай малгай, торгоор эрэгтэй, эмэгтэй шляп малгайг захиалгаар хийдэг. Монгол гутал ч хийнэ, хагрин улирлын чанартай болохоор эргэлт удаан байдаг. Харин Цагаан сар, наадмаар эрэлттэй байдаг юм. Ер нь бид болж өгвөл үндэсний хувцсыг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт иж бүрнээр нь үйлдвэрлэх зорилго тавьж ажилладаг.
-Танай хувцас зохион бүтээгчдийн хийсэн ажил хэрэгч торгон хослол тун чамин юм, эрэлт ихтэй байдаг уу?
-Манайх торгоор янз бүрийн хослол хийдэг. Хүмүүс захиалвал хийсэн бэлэн бүтээгдэхүүнүүд ч бий. Ер нь юугаар л бол юугаар юм хийж болно. Хамгийн гол нь бидэнд зах зээл хэрэгтэй. Дотоодынхоо зах зээлийг анхаарах хэрэгтэй байна. Хятадад гэхэд л хятад хүний үйлдвэрлэсэн машиныг хятад хүн л авч унах ёстой гэдэг юм билээ. Гуравдагч орны машин авч унавал татвар нь өндөр байдаг. Манайх хийж чаддаг зүйлдээ татварыг нь багасгаад дотоодын үйлдвэрлэлээ, тэр дотроо хамт олноороо юм хийж бүтээж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Хүмүүс хамтарч байж амжилтад хүрнэ.
-Манайхан брэнд гэж туйлширдаг. Энэ тухайд та ямар бодолтой байна?
- Брэндийн хувцас гээд том дэлгүүрүүдээр дүүргэж авчирч хаячихаад байж болохгүй. Бид өөрсдийнхөө хийсэн хувцсыг өмсөх цаг болжээ. Гурван сая хүрэхгүй ард түмэн юуг брэндэд тооцох вэ, ямар брэнд үйлдвэрлэх ёстой вэ. Тэгэхээр би хүний сэтгэлд хүрсэн юмыг брэнд гэдэг юм байна гэж ойлгодог. Японы авто машины ертөнцөд тоёото машин брэнд бол бид сайхан монгол дээл үйлдвэрлэвэл тэр брэнд болж чадна. Засгийн газраас хөтөлбөр зохион байгуулвал бид хойшоо Халимаг, Тува, Өвөрмонгол руу үндэсний хувцсаа гаргах бүрэн боломжтой. Хил гаалын татвар, визний асуудлыг шийдчих юм бол Улаан-Үд, Хөх хот руу гаргах боломж бий.
-Үндэсний хувцаснаас эхлээд үндэсний үзлийг дээдэлдэг монголчууддаа хандаж та наадмын өмнө юу хэлэх бол?
-Монголчууд харийн юмаар гоёх биш үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж үндэсний үзлээ дээдэлж яваасай. Дотроо ч гаднаа ч монгол байж, монголоо дархалж, оюун санаагаа, өв соёлоо, тусгаар тогтнолоо бэхжүүлж, батжуулж бүгдээрээ сайхан наадаарай.
Эх сурвалж: www.polit.mn
Бүх насныханд зориулсан наадмын гоёл “Ур Ундрах”-д байна
2019-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин