А.Тлейхан: Их хурал дотор бас нэг их хурал бүрджээ

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монголбанк, Санхүүгийн зохи­цуулах хороо, Үндэсний статистикийн хороонд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдааныг хойшлууллаа. Их хурал, байнгын хорооны ажилд эрх баригчид хойрго хандаж буйг УИХ-ын гишүүн А.Тлейхан шүүмжлэв.

-Танай намын бүлгийнхэн нэгээс илүү байнгын хороонд орж чадаагүй. Гэхдээ гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь  эрх баригчдаас гадна сөрөг хүчинтэй холбоотой юу?

-Манай бүлгийн гишүүдийн зарим нь нэг, зарим нь хоёр байнгын хороонд орсон. Ардчилсан намынхан бүгд тус бүр гурван байнгын хороонд харъяалагддаг.

Аль намын гишүүн гэдгээс үл хамааран бүгд тэгш эрхтэй ажиллах учиртай. Биднийг хүссэн байнгын хороонд оруулахгүй байна. Хамгийн хачирхалтай нь тэд гурван байнгын хороонд орчихсон хэрнээ хуралд ирдэггүй. Эдийн засгийн байнгын хорооны хуралд Ардчилсан намынхны дийлэнх нь ирээгүй учир хойшиллоо шүү дээ. Хуралд суухгүй юм бол яах гэж байнгын хороонд олноороо оров гэдгийг гайхаад л сууж байна.  Өнөөдөр л гэхэд /өчигдөр/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонсох байсан ч ирц бүрдсэнгүй. Түүнийг хэлэлцвэл ярих юм нэлээд гарах байсан болов уу.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд 26 гишүүн байсан тул хойшлуулж байсан шүү дээ. Уг нь Их хурал 76 гишүүнтэй?

-Олонх бүх зүйлээ авч явдаг. Тэд ирцээ бүрдүүлж, бодлогоо дэмжүүлэхийн төлөө ажиллах учиртай. Бид шүүмжлээд суудаг сөрөг хүчин биш бүтээлчээр ажиллана. Асуудлыг шийдэх гарцыг нь ч хэлж өгнө. Энэ утгаараа хуралдаа идэвхтэй оролцдог. Зарим өдөр манай бүлгийнхэн танхимд ирсэн хэрнээ картаа хийж ирцэд ордоггүй хараад суудаг. Олонхийг ирцээ бүрдүүлэхийг шаардаж буй хэлбэр юм. Төсөв баталснаас хойш олонх ажил хийхээ больсон. Хуралдаа ч ирдэггүйг бодоход нэг тийш явчихдаг байх.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороогоор чухал асуудал хэлэлцэх байж дээ?

-Эдийн засгийн байнгын хорооноос хоёр ажлын хэсэг гарсан. Нэг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг. Нөгөөх нь мөн Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг зургаан яамны ажилтай танилцах хэсэг юм. Энэ ажлын хэсэгт би орсон. Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яаман дээр УИХ-аас гаргасан хуулийн хэрэгжилт ямар байгаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна, энэ оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил ямар байна, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт зөв явж байгаа эсэхтэй танилцсан. Мөн аудитын байгууллагыг татан оролцуулж дүгнэлт гаргуулсан. Урьчдилсан байдлаар дүгнэлтээ гаргаад явж байна. 

-УИХ болон Засгийн газар эдийн засгийн байдлын талаар хэзээ дүгнэлт гаргах бол. Эсвэл судалгаа хийлгэж болохгүй юу?

-Манай улс мөнгөтэй байж л хөгжинө. Гэсэн ч Ерөнхий сайд “Сайхан байна, хүндрээгүй” гээд л ярих юм. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ тухай ярьцгаая гэсэн ч хүлээж аваагүй. Наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгье гэсэн ч одоог хүртэл дүгнэлт хийж чадаагүй байна. Байдал улам хүндэрсээр л. Валютын ханш өссөн, бүх төрлийн барааны үнэ өсчихсөн байгаа. Нийгэмд бодитоор болсоор байтал болоогүй гэж ярьж, хүний үг сонсдоггүй, хуралдаа ч ирдэггүй хүмүүс хаашаа яваад байгааг би үнэндээ ойлгохгүй юм. Байдал улам хүндэрсээр байхад эрх баригчид өөр л зүйл бодоод байгаа бололтой. Сангийн сайд саяхан нэг ярилцлагадаа тодорхой хэлсэн байна. Тэрээр “2014 оны төсөв бол далавчгүй шувуутай адил болсон” гэж дүгнэжээ. Энэ нь тарган тахиа гэсэн үг. Гүйгээд л байдаг, нисч чаддаггүй. Маш мундаг дүгнэлт шүү. Эдийн засгийн байдал хүндэрсээр, мөнгө хомсхон байгаа үед Ерөнхий сайд зам дээр тууз хайчлаад л явах юм. Ингэлээ гээд валютын хэмжээ нэмэгдэж, мөнгөтэй болж, байдал сайжрахгүй. Бизнесийн орчныг сайжруулснаар эдийн засаг хөгжинө гэж би хувьдаа боддог. Ерөнхийлөгч саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвшилцөх  уулзалт дээр бидний энэ байдлыг маш тодорхой хэлж, чиглэл өгсөн шүү дээ.

-Их хурлын ажил ийм урагшгүй байгаа нь олон гишүүн Засгийн газарт давхар ажилладагтай холбоотой юм биш үү. Тухайлбал, байнгын хороо, чуулгантай өдөр сайд нар яаман дээрээ ажилтай байдаг?

-19 сайдын 17 нь УИХ-д сууж байна. Их хурал дотор бас нэг Их хурал бүрджээ. Энэ маш том алдаа. Тэд Засгийн газар дээр ярьсан зүйлээ Их хурал дээр тулгаж батлуулдаг. Тэгэхээр Их хурлын гишүүн сайдын ажил давхар хийх хортой гэдэг нь харагдаж байна. Их хурлын гишүүний давхар дээлийг тайлах ёстой. Үндсэн хуулиар бол төрийн эрх барих дээд байгууллага нь Их хурал. Гэтэл Засгийн газар нь УИХ-ынхаа дээр нь гарчихаад, захирагдахаа больжээ. Үүнийг зохицуулах төслийг гишүүд өмнө нь өргөн барьсан. Сүүлд Ерөнхийлөгч сонгуулийн өмнө Ерөнхий сайд нь УИХ-аас байж болно, бусад нь гаднаас байна гэсэн төсөл өргөн барьсан. Гэвч хэрэгжих хугацааг 2016 он гэсэн байна лээ. Түүнийг 2014 оноос хэрэгжүүлж эхлэх учиртай. Тэгэхгүй бол хяналт, шалгалт гэж байхгүй, УИХ зөв гольдролд орохгүй явсаар байна.  Гишүүд нь нэг байнгын хороонд суудаг, зарим нь гурван байнгын хороонд ажилладаг, хуралд орж болдог, орохгүй ч байж болдог. Үнэндээ ийм л байна. Уг нь төрийн ажил зөвшилцлөөр явах учиртай юм.  Эрх баригчид нь дураараа, сөрөг хүчин гэхээр сөрж, шүүмжлэхгүйгээр улс төрийн хувьд нэг мөр ойлголттой болох хэрэгтэй байна.

-Та сүүлийн үед ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна?

-Энэ чуулганы хугацаанд хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх намынхаа бүлгийн ажлын хэсгийг ахалсан. Мөн байнгын хорооны том ажлын хэсэгт ажилласан. Монголын эдийн засаг, нийгмийн тулгамдсан байдлаас гарахад чухал хууль учраас нэлээд хүч хаяж ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж чадсан. Одоо Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол судлалыг хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуулийн төсөл зэрэг дээр ажиллаж байна.

-Танай намынхан Их хурлаас гаргасан бодлого шийдвэрийнхээ талаар орон нутгийн иргэд сонгогчдод танилцуулж байгаа. Баруун бүсэд хэзээ болох вэ. Та ажиллах уу?

-Намын Их хурлаар бид өөрсдөдөө дүгнэлт өгсөн. Гурван удаагийн сонгуульд ялагдсан шалтгаанаа тоочсон. Эв нэгдэлгүй болж, хоёр нам болж хуваагдсан, хүний нөөцөд алдаа гаргасан, тохиолдлын хүмүүсийг ажилд томилсноос намын нэр хүнд унасан, намынхаа гишүүд дэмжигчдээс холдсон зэрэг олон шалтгааныг тоочсон. Тэгээд намынхаа дүрэм, бодлогоо өөрчилсөн, энэ чиглэлээрээ орон нутагт ажиллаж байгаа. Бүх аймаг, дүүрэгт ажиллаж байна. Их хурлаас гаргасан шийдвэр болон улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулж байгаа. Би маргааш /өнөөдөр/ баруун таван аймагт ажиллахаар явна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон баруун аймгуудаас сонгогдсон манай гишүүд нийлсэн том баг ажиллана.

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 1 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 6 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 53 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 53 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 41 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин