Д.Гарам-Очир: Үндсэн хууль, тусгаар тогтнол хоёр салшгүй юм

2013-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат холбоочин, “Чингис хаан судлалын холбоо”-ны тэргүүн, доктор, профессор  Д.Гарам-Очирыг урив. 

-Манай улс Үндсэн хуулийн  өдрөө жил бүрийн арваннэгдүгээр сарын  26-нд  нийтээр тэмдэглэдэг байснаа өнгөрсөн оноос больсон. Уг нь 1924 оны тэр өдөр Үндсэн хуулийг батлахдаа өдөр, судар харж нэлээн юм болсон гэдэг. Монголчууд яагаад намрын сард багтаан төрийн хэргийг хэлэлцэж, хууль цаазаа баталдаг байсан юм бол? 

-Их Монгол Улс анх байгуулагдаж Их засаг хуулиа баталж,  Чингис хааныг өргөмжлөхдөө намрын сүүл сарыг сонгосон байдаг.

Нүүдэлчин монголчуудад цаг, улирал их чухал, ахуйд нь их нөлөөлдөг байж. Намрын сард мал сүрэг таргалж өвөлжөөндөө бэлдчихсэн байдаг үе. Хурал  хийж янз бүрийн ажил зохион байгуулахад боломжтой цаг учраас их төлөв намрын сүүл сард хийж байсан болов уу. 1924 онд хуралдсан Монгол Улсын Анхдугаар их хурал  яагаад арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулиа баталсан нь  тохиолдлынх  байж болох юм. Хуралдаа бэлдэж байгаад үндсэндээ найман өдөр хуралдаж хуулиа баталсан. Хуулийн төслийг Ерөнхий  сайд Б.Цэрэндорж гуай уншиж танилцуулсан  байдаг. Харин   Үндсэн хуулийн өдрийг нийтээр тэмдэглэж ирснийг өнгөрсөн жилээс яагаад болиулав гэдэг нь  улс төрийн шийдэл юм. Энд нэг сонирхолтой юм байдаг. XVII-XX зуун  дэлхийд колонийн систем тогтсон, дэлхийн хүчирхэг гүрнүүд олон газар орныг эзэмшиж эзлэн аваад өөрийн колони болгочихсон байсан үе. 1911 оны хувьсгалыг нарийн авч үзвэл  дэлхийд колониос чөлөөлөгдсөн  хоёр дахь том хувьсгал юм. Анхных нь 1775 онд АНУ  Английн колониос чөлөөлөгдсөн хувьсгал. Мөн   1921 оны Ардын хувьсгалыг Октъябрийн хувьсгалын хоёр дахь  хувьсгал ч гэж ярьдаг. Америкчууд 1975 онд Английн колонийн эсрэг дайнаа эхлүүлж, 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр Үндсэн хуулиа баталсан. Энэ өдөр  АНУ-ыг  байгуулагдсан  гэж үзэж жил бүр тэмдэглэдэг.  Гэхдээ  АНУ жинхэнэ  тусгаар тогтнолыг  Европыг хамарсан дайн дуусч 1783 онд Версалийн гэрээгээр улс орнууд өөрсдийн хил хязгаараа тогтоох үеэр олж авсан. Энэ гэрээгээр Англи улс АНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр  тусгаар тогтнол, Үндсэн хууль гэдэг хоёр асуудал их  чухал хоорондоо холбоотой юм. Аливаа улс орон  тусгаар тогтносноо бусад улс оронд нотлохын тулд  Үнсэн хуультай байх ёстой. Тухайн улс ямархуу журамтай оршин тогтнох вэ гэдгээ Үндсэн хуулиараа тогтоож, засаг төрийнхөө бүтцийг тодорхойлсон байдаг. Ингэж 1924 оны манай Үндсэн хууль хийгдсэн. Хэдийгээр бид 1911 онд Манжийн эрхшээлээс чөлөөлөгдсөн ч гэлээ хуульчилж баталсан нь 1924 оны Үндсэн хууль юм.

-Ингэхэд бид 1921 оны үйл явдлыг Ардын хувьсгал гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг бол 1911 оны тухайд санал хуваагдаж, түүхч, судлаачдын  зарим  нь хөдөлгөөн гэж үздэг. Та аль талд нь  байна?

-Социализмын үед 1911 оны хувьсгалыг хувьсгал биш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж улстөржүүлэн нэрлэж байсан. Тэгэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Манж Чин гүрэн феодлын гүрэн байсан. Монголчууд Манжаас тусгаарлаад бас феодалын засаглал тогтоосон учир энэ үйл явдлыг хөдөлгөөн гэж нэрлэж байсан юм. Харин их гүрний эрхшээлээс гарч тусгаар улс болсны хувьд хувьсгал гэж нэрлэх нь зөв гэж үздэг.  Би түрүүнд хэлсэн АНУ тусгаар тогтнолоо 1875 онд зарласан байхад түүнийг нь 1783 онд хүлээн зөвшөөрсөн бол манай улс 1911 онд хувьсгал хийж, түүнийг  нь 1921 оны Ардын хувьсгалаар баталгаажуулж бүрэн хүлээн зөвшөөрсөн нь 1945 он байдаг. Тэгэхээр ийм урт хугацааны тэмцлийг маань гол тодорхойлж өгсөн баримт бичиг маань 1924 оны Үндсэн хууль юм. XX зууны Монголын түүхэнд 1924 оны, 1940 оны, 1960 оны, 1992 оны гээд дөрвөн Үндсэн хууль байхад  тэр дотроос онцгой ач холбогдолтой нь 1924 оны хууль юм. Аливаа түүхэн  үйл явдал үүсэх, өрнөх, тогтох өөрийн шалтгаантай байдаг. Тэгвэл 1924 оны Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн өрнөлтийн эхлэл байсан юм. Ийм түүхэн үйл явдлыг үгүйсгэж болохгүй.

-Тухайлбал,  Үндсэн хуулийг батлахад ко­минтернийн шахалт байсан, эсвэл Ардын намын нөлөө орсон гэж зарим хүний  ярьж хэлж байгааг  та тэгж үзэж байна уу?

-Ардчилсан хувьс­галаас хойш тогтолцоонд өөрчлөлт орж, социа­лизмаас иргэний засаглалд шилжсэн. Иймээс 1992 оны Үндсэн хуулиа том зүйл  хийсэн гэж үзэж байгаа бол аливааг түүхэн ач холбогдлынх нь талаас харах биш улс төрийн талаас,  нөгөөтэйгүүр өөрсдийнхөө үйл ажиллагааг товойлгож өнгөрсөн түүхэн үйл явдлын гавьяаг бууруулах гэсэн хандлага байгаа юм биш биз. Ингэж бодож би  дотроо сэтгэл дундуур байдаг. 1924 оны Үндсэн хуулийн илтгэлийг  Ерөнхий сайд Б.Цэрэндорж тавьсан. Хуулиа боловсруулахдаа хэд хэдэн орны хууль судалсан байдаг.  1924 онд гэхэд нэлээн олон орны Үндсэн хууль судлаад тэр дотроос  баримжаалсан зүйл  нь Швейцарь улсын Үндсэн хуулиас  гол  үзэл санааг нь  авсан болов уу. Учир нь ямар үзэл санаатай байх вэ гэдгийг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн биш парламентын засаглалтай орон болъё гэсэн санал түлхүү  дэвшүүлсэн  байдаг. Түүний үндсэнд манай улс парламентын засаглалтай болсон. 1992 онд үүнийгээ дахин баталгаажуулсан. Гэхдээ нэг сонин юм нь  парламентын засаглалтай байна гээд парламент нь улс орны бүхий л асуудлыг шийдэж байна гэсэн зүйл биш. Парламент бол хууль тогтоох байгууллага. Тухайн улсын оршин тогтнож, нийгмийнхээ харилцааг зохицуулж байх ёстой хуулийг л тогтоож өгөх үүрэгтэй. Гэтэл манайд парламентын гишүүд бүгдээрээ Засгийн газрын гишүүн байх жишээтэй. Засгийн газар нь УИХ-аа удирдаад байна уу, Их хурлаас Засгийн газарт тавих хяналт алга. Харин энд нэг зүйлийг хэлэхэд 1924 оны Үндсэн хуулийг батлахад коминтернийн төлөөлөгч үг хэлсэн байдаг ч шууд нөлөө байгаагүй. Танай улс  парламентын засаглалтай бол  гэж  ч шахаагүй. Харин ч санасныг бодоход Анхдугаар их хуралд оролцсон 77 хүн, хөдөө орон нутгаас ирсэн малчид чухал асуудлыг шийдвэрлэж Үндсэн хуулиа баталсан. 1992 оны Үндсэн хуулийг батлахад Ардын их хуралд бараг 400-гаад төлөөлөл оролцсон. Тэр үеийг 1924 онтой харьцуулахад гишүүдийн  мэдлэг, боловсрол, үзсэн харсныг харьцуулшгүй. Тэгэхээр  үнэхээр түүхэн үйл хэрэг, хүндэлж дурсч байгууштай үйл явдал юм.  Харамсалтай нь өнгөрсөн жилээс  Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэхийг болиулсан. Сэтгэл үнэхээр дундуур байна.

-Үндсэн хууль маань тусгаар тогтнолоо баталгаажуулсан баримт бичиг. Нэг ёсондоо арваннэгдүгээр сарын-26 монголчуудын тусгаар тогтнолын баяр байтал тэмдэглэхээ больж түүхийг арчиж, мартуулж байгааг юу ч  гэмээр юм бэ дээ?

-Хатуухан хэлчихэд түүхэн ололтоо үгүйсгэсэн улс төрийн шийдэл. Төр, засаг тодорхой хэмжээгээр эргэж харах ёстой  гэж бодож байна.

-Та түрүүнд шинэ, хуучин  дөрвөн Үндсэн хуулиас 1924 оны хуулийн түүхэн онцлогийг дурьдсан. Ер нь Үндсэн хуулиуд хэрхэн уламжлагдаж ирсэн байдаг вэ?

-Үндсэн хуулиудын уламжлал өмнөхийгөө тодорхой хэмжээгээр өвлөж ирсэн. 1940 оны Үндсэн хууль 1924 оны хуулийг өвлөсөн, гэхдээ тодорхой хэмжээгээр дэвшилтэт агуулга оруулсан байдаг. Яагаад 1924 оны Үндсэн хуулийг 1940 оныхоор солих болов гэвэл, тэр үед феодализмаас салсан, ингээд юуны өмнө Ардын засгийг хэрхэн тогтоох вэ гэдэг гол асуудал байсан. Тэр зорилгоор Үндсэн хууль хийгдсэн. 1940 он болохоор нийгмийн хөгжлийн хувьд хөрөнгөтний бус хөгжлийн замаар явах замыг сонгож, энд харин Коминтерн болон ЗХУ-ын большвекуудын нөлөө  илүү орсон.  Ийм учраас тодорхой хэмжээгээр өөрчилсөн боловч төрийн тогтолцоонд 1924 оныхыг агуулсан. Төрийн эрх барих дээд байгууллага Их хурал, түүнээс сонгогдсон Бага хурал гэсэн зохион байгуулалтаар явж байгаад 1949 онд улсын IX их хурлаар томоохон өөрчлөлт оруулсан. Сонгуулийг шууд нууц санал хураалтаар явуулах өнөөдрийн бидний да­гаж мөрдөж байгаа тогтолцоонд оруулсан. Ю.Цэдэнбал намын дарга болонгуутаа өөрөө илтгэл боловсруулан тавьж, сонгуулийн шинэ системд оруулснаар 1951 онд анхны УИХ-ын сонгууль явагдсан түүхтэй. Үүнтэй холбогдуулж би нэг юм бичих санаатай сууж байгаа.

-Тэр нь юу билээ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн тоглоомыг  сүрхий сэдэж гаргаж ирэх юм. Жишээ нь, сая “Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэлцүүлэг хийгээд өнгөрлөө. Нэг ёсондоо өөрийгөө сурталчилсан шоу боллоо. Том төр гэж юугаа ч хэлээд байгаа юм, ухаалаг төр ч гэж юу яриад байгаа юм. Тиймээс цаашид төрийн тогтолцоо яавал зүйтэй вэ гэдэг талаар юм бичих гэж байгаа. Гэхдээ би шинэ юм зохиох гэж байгаа юм биш. Манай эхний хоёр Үндсэн хуулиар Монголын тө­рийн тогтолцоог жин­хэнэ монголд тохирсон тогтолцоог сонгож авсан байдаг юм. Ардчилсан засаглалын нэг гол юм сонголт, тэр нь байж сая ардчилал байна. Шууд, нууц гэдэг бол өрнөдийн загвар. Өрнөдийн орнуудад хэрэглэж байсныг яагаад Ю.Цэдэнбал дарга оруулж ирэв гэвэл тэр үед өрнөдтэй харилцаж байсан биш, Зөвлөлтөөс санаа авч л Намын Төв Хорооны нэгдүгээр дарга болмогцоо  санал оруулсан байх. Сонирхолтой нь манай шинэ Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан энэ өөрчлөлтийг нь зөв, дорвитой өөрчлөлт болсон гэж дүгнэсэн байдаг.  Тэгэхээр 1924, 1940 оны хуулиудад сонгуулийн систем нэгдүгээрт ил, хоёрдугаарт шаталсан байсан. Өөрөөр хэлбэл, арван гэр хуралдаад тэргүүлэгчээ сонгоно. Тэр хурлаас мөн дараагийн хуралд төлөөлөгчөө сонгоно. Багийн хурлаас багийн хурлын тэргүүлэгчээ сонгохоос гадна, мөн багийн хурлын дарга, сумын хурлын төлөөлөгчөө сонгоно. Сумын хурлаас ч шаталсан тогтолцоогоор сонгууль явагдаж байсан. Энэ хамгийн ардчилсан, хамгийн шударга сонгууль байсан байгаа юм. Гэтэл одоо шууд, нууцаар сонгоно гэдэг маань хэн мөнгөтэй, зальтай, буруу арга хэрэглэсэн нь гарч байна шүү дээ.

-Тэгэхээр таны “Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэлцүүлгээс олж харсан, одоо дэвшүүлэх гэж байгаа санаа чухам юу юм бэ?

-1940 оныхоо Үндсэн хууль дахь төрийн тог­­толцооноос авч жин­хэнэ ардчиллын зарчим болгож, түүндээ суурилсан байдлаар өөрчлөлт хийе гэж  байгаа юм. Үүнтэй холбогдуулж, нэг зүйлийг хэлэхэд 1990 онд Монгол Улсын сүүлчийн Их хурлын сонгуулийн хуралдаанаар Үндсэн хуульд нэг том өөрчлөлт оруулсан. Түүнд Монголын төрийн тогтолцоонд маш зөв өөрч­­лөлт оруулсан. Ерөнхийлөгчийн засаглалтай, Их хурал, Бага хуралтай байхаар тусгасан. Тэр бол тогтолцооны  хамгийн шилдэг загвар байсан. Сүүлд нь УИХ яагаад түүнийгээ өөрчилчихсөн нь тодорхойгүй. Үнэнийг хэлэхэд 1992 оны шинэ Үндсэн хууль бол 1990 онд Үндсэн  хуульд оруулсан   нэмэлтээс чанар, агуулгын хувьд  дордчихсон. 1924, 1940 оны Үндсэн хуулийн гол санаа болон, 1990 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн тухай хуулийн  үндсэн санааг загвар болгож өөрчлөлт хийхгүй бол Монголын төр өөдлөхгүй. “Том төрөөс ухаалаг төр лүү” биш “Засагладаг төрөөс  хяналттай төр лүү” шилжих хэрэгтэй байна. Төрийг шатчилан  байгуулах, илээр сонгодог болохын учир үүнд оршино. Төрийн дээд төвшний үйл ажиллагаанд дороос нь сонгосон шат нь хяналт тавина. Хэрэв дээд шат нь үүргээ муу биелүүлж байна гэж үзвэл сонгосон доод шат нь тарааж бол­но. Ц.Элбэгдорж Бирм улсад зочлоход тө­рийн тогтолцоог танилцуулж байв. Энэ улс Ерөнхийлөгчөө манайх шиг бүх ард түмэн биш парламент нь сонгодог юм байна.Энэ бол хамгийн зөв тогтолцоо. Ерөнхийлөгчөө хуулиар ногдуулсан үүргээ муу биелүүлж байна гэж үзвэл парламент огцруулах эрх­тэй байна. Бүх ард түмнээс сонгосон Ерөнхийлөгчийг яаж огцруулах вэ.

-Ингэхэд арван­нэгдүгээр сард тэмдэглэдэг байсан Үндсэн хуулийн өдрийг болиулаад  бас нэг баярыг бий болгосон нь Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Их хааны төрсөн өдрийг судлаач Н.Нагаан­буу маш тодорхой тогтоочихсон шүү дээ, өвлийн эхэн сарын шинийн 1-нд төржээ гээд. Энэ нь  Монголын тооллоор хэзээ тохиодог вэ гэвэл, арванхоёрдугаар сарын 22-ны өдөр. Яг ес эхэлдэг тэр өдөр өвөл эхэлж байна. Тэр өдөр Чингис хаан мэндэлсэн гэдгийг тэр хүн тодорхой судалгааны үндсэнд тогтоочихсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн хувьд  хуучны уламж­лалыг жаахан ч болтугай өвлүүлэх санаагаар  их хааны төрсөн өдрийг тогтоох тухай сэдсэн хэдий ч дор нь ажиллаж байгаа албатууд өөрсдөө юм мэдэхгүй, хоёр янзын цаг тооны бичиг төгс буянтын зурхай, хятадын шар зурхай аваад үзтэл түүн дээр нь өвлийн эхэн сарын шинийн -1 нь  арваннэгдүгээр сарын 14-нд таарсан учраас УИХ-д оруулаад тогтоолгочихсон. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд гэдэг түшмэл судлаачдын үгийг эс тоож ийм шийдвэр гаргуулсан. Төр алдаатай шийдвэр гаргаж болохгүй, тийм эрх байхгүй. Энэ шийдвэр гарах үед нэг сонирхолтой тохиолдол болсон. Тухайн үед МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан. Л.Пүрэвдоржид энэ тухай телевизийн ярилцах цагт оруулж өгөөч гэсэн хүсэлт тавихад зөвшөөрөөгүй. Иргэний чөлөөтэй ярих, хэвлэн нийтлэх эрх чөлөөг  мөн хангав аа. Энэ тохиолдол том албанд очихтойгоо зэрэгцэн хүн хар амиа аргацаадгийн тод жишээ. Манайхан түүхээ, ёс уламжлалаа мэдэхгүй байгаагийн нэг илрэл энэ.

Юманд ухаалаг хандах чадвар байхгүй өрөөсгөл явдал нь юунд хүргэж байна гэвэл  төрийг буруу шийдвэр гаргахад нөлөөлөөд байна.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 27 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин