Д.Дэмбэрэл: Алтанд шунаснаар ард түмэн баяждаггүй, харин ч хоосордог

2013-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Алт” хөтөлбөрт ямар дүн өгч буйгаа ийн ярив.

-Маргаашийн /өнөө­дөр/ нэгдсэн чуул­ганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Төсөл санаачлагчид “Алт олборлолт ил болсноор улсад төлөх татвар нэмэгдэнэ. Монголбанкинд төвлөрөх алт өснө” гэж онцлох юм?

-Өнөөдөр алтны ханш өндөр байна. Жил ирэх тусам ханш нь өслөө. Энэ л хүрээнд бид алтны тухай ойлголт, мэдлэг эргэлддэг. Гэхдээ манай алтны нөөцийг хаана байршуулдаг, юуны барьцаанд байдаг, хэрхэн зарцуулдаг, түүний төлбөр тооцооны талаар бодлого боловсруулагч улстөрчид тэр дундаа Засгийн газар хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй бол. Зөвхөн алтны талаарх бодлого олборлогч компаниудын аманд багтдаг уу. Үүнд дүгнэлт хийх цаг болсон.

Засгийн газраас Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх болон алтны олборлолтод аюул учруулсан урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. Ялангуяа, УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд алтыг яаран сандран оруулснаар нийтийн анхааралд оруулах шиг боллоо. Манай нутагт “Алт газрын гагнаас. Манай нутагт “Алт газрын гагнаас. Ухаж авч үл болно. Шунаж их авбал тогтцод нөлөөлөх, газар хөдлөх, элдэв аюул ихтэй” гэж бидний бага байхад ярьдаг байсансан.  Энэ бол манай ард түмний дунд тархсан түгээмэл яриа байх. Монголчууд алтанд хандах болгоомж цээрийг “хүндэднэ” гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Хүндэднэ гэдэг нь алт хүнд жинтэй химийн элементийн төдий зүйл бус харин, хүний эдэлж зүүх, гоёл чимэглэлд хэрэглэх хязгаар, байгаль ба нийгмийн үр дагаврын тухай өргөн утгыг агуулна. Тиймээс манай иргэд мөнгөн эдлэл, чимэглэлийг голлон хэрэглэж, зүүдэг. Монгол дархчууд алтанд ур хийцээ уралдуулсан нь бага. Дарьгангын гайхалтай мөнгөн хийц, эртний ган хийцийн урлал зонхилж байдаг. Энэ нь монголчууд газраа алттайг мэддэггүй, олборлож чаддаггүйдээ биш.  Алт сайн давтагддаг, сийлбэрлэх чанартай, бусдаасаа илүү их үнэ цэнэтэйг мэддэг ч алтанд хандаж ирсэн зан заншил нь тэр.

-Тэгэхээр “Алт” хөтөлбөрийг хэсэг бүлэг хүн шахалтаар хэрэгжүүлсэн гэсэн үг үү?

-1990-ээд оны эхэн үед улсын нөөцөнд байсан 100 кг алтаа хэсэг нөхөр диллер тоглоод алдчихсан шүү дээ. Алттай  зүй бусаар харилцаж, хожоо гаргах шуналын хариу нь эсрэгээрээ ингэж эргэсэн гэх үү дээ.  Эцэст нь, “Алт диллер”-ийн хэрэг үлдэж, хохирлыг нь улс төлсөн. Улсын төсвийн орлого бага, сан хөрөнгө хоосорсноор түрий барьж “Алтнаас орлого олох хэрэгтэй. Бид алтан дээр суусан гуйлгачингууд байх ёстой юу” гэсэн яриа тархааж байлаа. Энэ үед  эдийн засаг санхүү хүнд  байсан уу гэвэл байсан. Тэгээд л  бид “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүрсэн. Эцэстээ лобби хийгчид өөрсдөө хөлжсөнөөс Монгол Улс баян чинээлэг болсонгүй.  Харин ч 2000 он гэхэд нийт хүн амын бараг гуравны нэг нь ядуурсан. Алтанд шунаснаар ард түмэн баяждаггүй харин ч хоосордог юм.

-Энэ хөтөлбөрийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат үр өгөөжтэй талаас нь ойлгуулсан. Монголчууд тэгж хүлээж авсан байх?

-”Алт” хөтөлбөр П.Очирбат Ерөнхийлөгч, Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед төрсөн. Тэр үеийн УИХ алтанд татварын жинтэй хөнгөлөлт үзүүлж буулт хийж байсан. Нэг сурвалжлагч надаас “Та хууль тогтоож, бодлого боловсруулахад оролцохдоо харамсах сэтгэл төрөх хууль, шийдвэрийн төсөл баталсан уу, нэрлэхгүй юу” гэлээ. Тэгэхээр нь  “Алт” хөтөлбөрийг дагалдсан татварын хөнгөлөлтүүдийн хуулийг батлалцсанаар хамгийн муу үйл үйлдэхэд оролцсон” гэж шууд хариулсан юмдаг. Алтыг татвараас эхний таван жилд чөлөөлж, дараачийн таван жилд 50 хувь хөнгөлөх саналыг улайран хөөцөлдөж байж УИХ-аар шийдвэр гаргуулсан хүмүүсийн нэр, ус архивт бий байх.  Тэд “Гадаад хөрөнгө оруулагчдыг даллана, дуудна. Хөнгөлөлттэй нөхцөл олгоно, татвараас чөлөөлнө, тэднийг үргээж болохгүй.  Монгол орон хөрөнгө оруулалтгүй бол хөгжихгүй” гэж бусдыгаа сэнхрүүлэн байж батлуулсан хүмүүс.

-Монголчууд алтаа хязгааргүй ухах болсон нь 1997 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, шалгуургүйгээр зөвшөөрөл өгдөг болсонтой холбоотой гэж хэлэх хүн байна?

-Ардчилсан нам Засгийн эрхэнд гарч, М.Энхсайханы Засгийн газар 1997 онд Ашигт малтмалын хуулийг өөрчилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн эхэлж өргөдөл гаргасанд нь ямар ч шаардлага, шалгуургүйгээр олгосон шүү дээ.  Ийм болчимгүй бодлого, хийрхлийн уршгаар  ашигт малтмалын зөвшөөрлийг тарааж, нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд хайгуул, олборлолтоор байгалийг хайр найргүй сүйтгэсэн юмдаг.  Мэдээж алт олборлолт дийлэнх хувийг нь эзэлсэн. Үүнийг дагаад нийгэмд олборлосон алтны үнэ цэнээс илүү эдийн засгийн хохирол учруулдаг өнөөх авлига гээч нь цэцэглэсэн. Яахаас ч буцахгүй ёс суртахууны ялзрал хамтдаа явагджээ. 20 жилийн энэ гашуун сургамжаас бид дүгнэлт хийсэн. 2008-2012 оны УИХ энэ талаар зарим шийдэмгий арга хэмжээ авсан нь үнэн. Үүнээс өмнө УИХ 2006 онд 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг зарим бүтээгдэхүүнд тавьсан. Зарим гээд нэрлэсэн болохоос үндсэндээ алт, зэс шүү дээ. Үнэндээ энэ бол үлэмж ашгаас нь төр хуваалцаж чадахгүй үлдсэн гоморхол. Гомдлоо барагдуулахын мөр, анхны оролдлого доо. Яах вэ, дөрвөн жилд улс 87.5 тэрбум төгрөг олсон. Харин олборлогчид алтаа нууцлан борлуулах замаар засгийг боомилсон. Ингэснээр төр дахиад  алтны өмнө хүчгүйдэн хөөрхийлөлтэй үлдсэн. Бас зэс, алтны гадаад талын оролцогчдын зүгээс ялгаварлан үзсэн, шударга бус шийдвэр болохыг шүүмжилж байсан юм. Тухайлбал, оросууд “Эрдэнэт” үйлдвэрийн  зэсийн олборлолтодоо ч гэсэн адилхан хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байлаа. Намайг 2009 оны сүүлээр ОХУ-д айлчлахад Думын дарга Б.В.Грызлов энэ асуудлыг сөхөж, өөрийнхөө компаниудад адил нөхцөлөөр хандахыг хүснэ лээ.

-Орлогын 68 хувийн татвар авах хууль үйлчилж байх үед Оюутолгойн гэрээ байгуулсан байх аа?

-Энэ хуулийн дагуу Засгийн газар Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагчтай хийсэн. Хоёр тал гэрээг тухайн үед мөрдөгдөж байсан татварын хуулийн хүрээнд хийх зарчмаар ажилласан.  Гэрээ хийгч талууд энэ татварыг гэрээнд тусгах аргагүй, үүнийг зохистой өөр татвараар орлуулбал харин түүнийг чинь гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар авч болохыг ажлын хэсгийнхэн санал болгож байсан.  Энэ бол олон нийтэд ил тод болсон зүйл. Оюутолгойн хэдэн мянган тонноор хэмжигдэх алтнаас улс бас л хоосон хоцрох уу. Ийм асуудал тавигдаж л байсан. УИХ зарим бараанд ногдох 68 хувийн орлогын татварыг зогсоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын жишгийг харгалзан тогтоосон юм. Хуулийн заалтыг УИХ-аар батлах үед Оюутолгойн гэрээнд гэнэтийн татварыг орлох роялтийн татварыг тусгах нь зүйтэй гэж би алх цохисон. Энэ бас тухайн үедээ нийтэд ил зарлагдсан. Үүнийг “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн нөхдүүд ч сайн мэдэж байгаа. Оюутолгойн гэрээнд байгалийн нөөц ашигласны төлбөр тухайн үед яригдсанаараа тусгагдах ёстой юм. 2009 онд УИХ-ын Судалгаа, шинжилгээний төвөөс “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтээс үүссэн сөрөг үр дагаврыг судалсан байдаг. Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Архангай аймгуудын нутагт хэдэн зуун гектар газар, газрын хэвлий эвдэгдсэн гэж. Зөвхөн 1990-1998 онд шороон ордын алтыг олборлосноос 100-120 сая шоо метр, 1999 оноос хойш 276 сая шоо метр газрын хэвлийг эвдсэн. Ихэнх шороон орд голын хөндийд байрладаг тул голын гольдролыг өөрчилдөг, гол горхи ширгэх болсон. Өнөөх нөхөн сэргээлт гэгч нь нүд хуурсан, үр ашиггүй ажиллагаа болохыг тэр судалгаа бодитой харуулсан байдаг юм.

-Та тэгвэл урт нэртэй хуулийн талаар ямар саналтай явдаг вэ. Ашигт малтмалын олборлолтыг хязгаарлах гэж гаргасан шүү дээ. Ялангуяа, танай намынхан олонх байхдаа гаргасан?

-Яг үнэндээ алтны олборлолт Монголд үр дүн багатай байсан учраас урт нэртэй хууль төрсөн юм. Бодит байдал, шаардлагаас урган гарсан энэ хуулиар усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох, ашиглахыг хориглосон. Хуулийн үндсэн шаардлага энэ. Хатуудсан мэт боловч экологийн доройтлын дэргэд энэ хориглолт өчүүхэн зүйл. Хуулийн энэ шаардлагаас монголчууд ухрах газаргүй. Бидний ард ухсан нүх, ангал үлдсэн, түүндээ унах гээгүй юм бол. Алт олборлогчдын лоббинд орсон Засгийн газар хууль гарахаас эхлэн тун хүнд байдалд орсныг бид мэднэ. Эрс эсэргүүцэлтэй тулсан дөрвөн жил ард үлджээ. Хуулийн дагуу усны сав, ойн сангийн талбайг Засгийн газар тогтоох ёстой ч энэ ажил түмэн гачаал, мянган зовлонтой тулж. Өнөөдөр компаниудын зүгээс “Хөрөнгө оруулсан байсан. Бид хохирол амслаа. Төр үүнийг төлөх ёстой” гэдгээр далайлгаж байна. Зөвхөн компаниуд төдийгүй зарим улстөрчийн ашиг сонирхолтой энэ хууль угаасаа л зөрчилдсөн. Одоо тэд асуудлаа оруулж ирлээ.   Урт нэртэй хууль шинэчлэлийн Засгийн газрын өнгийг дагаж өнгөө бүр ч алдах шиг байна.  Энэ хуульд арай л төгсгөл ирэхгүй болов уу. Нэр нь уртын адил нас нь урт байх гэж найдаж байна. Ингэхэд хүрвэл газар шороо, мод, гол ус дахин зовлонгоо эдэлж, цөөн хүний нүүрэнд нь гэрэл тодорно. Өөр үр дүн ирэхгүй. Алтны асуудалд төр нухацтай хандаж, харьцахыг би сануулаад байгаа юм биш ээ. Монгол улсын сүүлийн 20 жилийн алтны алт шиг сургамжтай болсон үйл явдал, амьдралд тохиолдсон зүйлээ л сануулж байна. Сөрөг нөлөөтэй бодлого, үйлдлийг төр давтахаас сэргийлэх үүднээс хэлж байна. “Алт” хөтөлбөрөөс татгалзан, алт олборлолтыг хязгаарлах амин шаардлага тулгарсан шүү дээ. Ард түмэн ингэж шаардсан. Энэ нь төрийн бодлого болсон юм. Эдийн засгийн доройтол, хөрөнгө оруулалт хомсдсоноор шалтаг тайлбар тавиад нэмэргүй. Эдийн засгийг авч явах өөр боломж байна.

-Тэр нь юу билээ?

-Алтыг орлох, валют олох нөөцийг бид эргэлтэд оруулсан шүү дээ. Нүүрс, зэс, цайр, төмөр гээд өнөө үеийнхэнд хангалттай бус уу. Жилд 30 сая тонн нүүрс олборлох Тавантолгой ашиглалтад орж байна. Аливаа улс байгалийн баялгаа нөөж, бас хойч үеийнхэндээ үлдээдэг. Өнөөдөр алт, ашигт малтмал руу хэтэрхий шунаж, 20 жилийн өмнөхтэй адил ханцуй шамласан бодлогоо азнах боломжтой. Оюутолгойн зэсийн ил уурхай ашиглалтад орсон. Эдийн засгийн бусад салбарт нөхөх чадавхи үлэмж нэмэгдсэн. Ноолуур бол алт, бид дэмжсэн. Төрийн дэмжлэгийн үр дүнд үр тариа гадаадад гаргахыг тариаланчид хүсдэг боллоо. Бас л валют олъё гэж байна. Мах, сүү боловсруулж гаргавал алт, валютын л үнэтэй. Эдгээрийг хийх хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хавьгүй ирээдүйтэй. Газар шороогоо төнхөн дахин хэзээ ч нөхөгдөхгүй алтыг ухаж хялбархан амьдрах уу.  Өнөөгийн Засгийн газар амар хялбар амьдралын энэ замыг сонгож байх шив. Нэг Засгийн газар дөрвөн жилээ бялхалзан, сайхан нэртэй өнгөрөөж болно. Улс төрчид орд газар дээр нь оролцож юм унагаж болно. Өөрсдөө лиценз, зөвшөөрлийг нь авчихаад хөөцөлдөөд буй хүмүүс байгааг бид харж л байна. Гэхдээ улс ийм сонирхолд хөтлөгдөж болохгүй. Хожмоо ирээдүйгээ бодсон ч, баялгийг хямгатай, хязгаартай зарах, байгалиа хамгаалах, дан эрдсийн баялгийн хамааралтай өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засах чамбай бодлогоосоо төр ухрах ёсгүй. Харин тодотгож болно. 1990 оны алтнаас эхэлсэн байгалиа цөлмөсөн явуургүй бодлогыг 20 жилийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр амилуулах гэж байна. Хэсэг компани, хэсэг хүн хөлжиж, байгаль хохирох явц үргэлжилнэ. Өөр юу байгаа юм.

-Тэгэхээр та хувьдаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийг батлахын эсрэг байх нь?

- Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хууль нь урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл төрөөс хөнгөлөлт авах гэсэн санаагаараа утга нэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт ч үүнтэй амьсгаа нь адилхан. Манай хэвлэлийнхэн урьд урт нэртэй хууль, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргаж байхад яаж дэмжиж “байгаль сүйрэв”, “баялаг цөлмөгдөв”, “үндэсний компаниа дэмжье” гэж байлаа. Одоо Засгийн газрын оруулж буй бодлого шиг гайхалтай юм алга гээд шагшиж байна. Алтныхан рекламын зардлыг нь ахиухан өгждөө гэж харж байна. Засгийн газар хууль зөрчсөн компаниудын үйлдлийг үл харгалзан урт нэртэй хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахад 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222.5 тэрбум төгрөгийг төсвөөс төлөх учиртай гэсэн тайлбарыг хийж байна лээ. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчийн үлгэрээр алт ашиглуулсны хариуд ард түмэн өр төлбөрт унаж байна. Гэтэл уул уурхайн компаниудын байгаль экологид учруулсан хохирлыг 1.8 их наяд гэж яам тогтоосон байтал  энэ талаар хэн ч ам ангайхгүй байгаа юм бэ.  Алт бүхний амыг барьж чаддагийн илрэл нь энэ шүү дээ.

-Монголбанкинд алт төвлөрөхөө больсон учраас энэ хуулийг батлах шаардлага байгаа юм биш үү?

-Алт хамгийн бага олборлож, банкинд бага тушаасан гэх 2008-2012 онд гадаад валютын нөөцийг гурван тэрбум долларт хүргэсэн юм шүү. Хямралын жилүүдэд шүү. Тэр үнэт металлыг тэгтлээ хөөцөлдөөгүй, ийм үр дүнд хүрсэн бодлого, туршлагаа судалж хараарай. Мэдээж хуулиар төрөөс алтанд хяналт тавих, худалдаалахыг ил тод болгох гэсэн Засгийн газрын эрмэлзлийг дэмжих нь зүйтэй. Монголбанкаар дамжуулан худалдан авах нь зөв. Монгол банкинд алт тушаасныг урамшуулахыг буруу гэж бас үзэхгүй. Харин алт олборлохыг төрөөс “дэмжинэ”, “тусална” гэх зэргээр өнөөгийн Засгийн газрын хөхиүлээд байгаа нь өмнөх бодлогыг үгүйсгэж байгаа хэрэг. Алтанд ашигт малтмал ашигласны төлбөр таван хувийг багасгаж, 2.5 хувь болгох, өсгөн нэмэгдүүлэх төлбөрийг 0 болгоно гэж улайм цайм оруулан ирж буйг хар. Хувааж идэх боломжоо гаргаж авах нь ээ. Алтны худалдааг ил тод болгох нь зөв мөртлөө далим болгон сиймхийгээр татваруудаа хөнгөлж чөлөөлж авахаар оролдож буй нь хэтэрсэн хэрэг. Дээр дурдсан Оюутолгойгоос олборлох алтнаас авах татвар энэ цоорхойгоор гоожно. Монгол Улсын алт олборлолт буурах биш өснө. Оюутолгой ашиглалтад орсноор улс жилдээ 30 орчим тонн алт олборлох боломжтой. Нэг тонн алтны борлуулалтын үнэ ойролцоогоор 55 тэрбум. 30 тонноос нэг их наяд 655 тэрбум төгрөгийн орлого оллоо гэхэд таван хувийн татвар 82.5 тэрбум. Шинэчлэлийн Засгийн газрын оруулж ирж байгаагаар нэг жилд 41 тэрбумыг эндээс алдана. Хэнд, юуны төлөө ингэж найр тавих ёстой болж байна. Ийм бодлого хол явахгүй шүү. Бид урьдын гашуун сургамжаа давтах ёсгүй.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 1 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 14 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 20 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 24 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 11 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 11 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин