
Ч.ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг урилаа.
-МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлч захирлаа огцруулахаар шаардлага өгчээ. Үүнийг зарим нь телевизийг шинэчлэх явцад гарч байгаа бэрхшээл гэлцэж байна. Тиймээс телевизийн захирлаар томилогдсоноос өнөө хүртэл ямар шинэчлэл хийж байгааг тань сонирхмоор байна?
-Би МҮОНТ-д ирээд жил гаруй болж байна. Надтай хамт телевизийн захирлын сонгон шалгаруулалтад 4-5 хүн орсон. Сонгон шалгаруулалтад тэнцэж, Үндэсний зөвлөлд танилцуулсны дагуу ерөнхий захирлын тушаалаар МҮОНТ-ийн захирлын албыг хашиж байна. Энэ хугацаанд телевизийн бодлогын хэмжээний ажлуудыг хийлээ. Манай телевизэд техникийн шинэчлэл хийгдэж байгаа. Намайг ирэхээс өмнө стратеги төлөвлөгөөний дагуу явагдаж байсан. Одоо тоон технологид шилжихэд бэлэн болсон.
Дөнгөж саяхан удирдлагын төв аппаратыг ашиглалтад орууллаа. Ингэснээр хоёр тусдаа эфир явдаг байсныг нэг болгож, дөрвөн суваг зэрэг явах хэмжээний техникийн шинэчлэл боллоо. Энэ намайг ирэхээс өмнө стратеги төлөвлөгөөний дагуу хийгдэж байсан ажил.
Одоо миний энд хийх гэж байгаа хамгийн том ажил бол HD формат руу шилжүүлэх юм. Би өмнө нь ETV-ийн захирлаар ажиллаж байхдаа тус телевизийг HD программд шилжүүлсэн. Тэр туршлагаараа өнөөдөр МҮОНТ гэдэг том айлыг HD формат руу шилжүүлэхээр ажиллаж байгаа. Ингэснээр дуу дүрсний гаралт илүү сайжрах юм. Ирэх оноос энэ ажил эрчимжиж эхэлнэ. Нөгөөтэйгүүр ажил хүлээж аваад миний бодсон нэг зүйл бол 46 жилийн түүхтэй энэ байгууллагын уран бүтээлч хамт олны олон жилийн хөлс хөдөлмөрөөр бүтсэн сайхан бүтээлүүдээс 100 гаруйг нь оюуны өмчийн хамгаалалтад авсан. Ингэснээр ижил төрлийн үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд манай бүтээлүүдийг ашиглах боломжгүй. Давуу тал нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Брэнд нэвтрүүлгүүдээ боловсронгуй болгож цаг үетэй нь уялдуулан өөрчлөөд явахад нээлттэй. Үүний зэрэгцээ биет бус хөрөнгийг үнэлүүлэх ажил эхлүүллээ. Телевизийн алтан сан хөмрөгт байгаа олон ховор баримт, соёлын өвийг үнэлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын чанартай ажил явж байна.
-Уран бүтээлийн чанарыг дээшлүүлэхэд ямар шинэчлэл хийх вэ. Бидний олж авсан мэдээллээр уран бүтээлийн чанарт тавих шаардлагыг өндөржүүлснээр зарим хүний дургүйцлийг төрүүлсэн гэсэн?
-Нэвтрүүлгийн бодлогыг шинэчлэхээр захирлын дэргэд ажлын хэсэг байгуулсан. Эхний ээлжийн ажлын хэсэг сая 21 хоног ажиллаад урьдчилсан судалгаагаа удирдах шатны бүх хүмүүстээ танилцуулж, захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжигдсэн. Манай ажлын хэсгийг сайн ажиллажээ, цаашид энэ ажлаа хий гэсэн үүрэг өгсөн. Ажлын хэсэг дөнгөж ажлаа эхэлж байна. Ийм үед зарим уран бүтээлчийн зүгээс захирлаа огцруулах шаардлага гаргасан нь давхцаж таарлаа. Цаанаа ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. Манай хамт олон намайг хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байсан бол анх томилогдож ирэхэд л энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй, хувьдаа олон байгууллагатай, түүнийг нь Улсын бүртгэлийн газрын ийм нотлох баримтууд баталж байна гэх байсан байх. Ийм боломж тэр үед байсан. Яагаад жил гаруй хамтарч ажиллачихаад гэнэт бүтцийн шинэчлэл рүү, нэвтрүүлгийн бодлогын шинэчлэл рүү, техникийн том дэвшил рүү орохын өмнөхөн ийм асуудал босгож ирэв гэдэг олон асуулт дагуулж байна. Нэгдүгээрт, үүнийг манай уран бүтээлчид бүгдээрээ эсэргүүцэж байгаа юм биш. Тодорхой хэдэн хүн, дунд шатны 4-5 хурган дарга энэ үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа. Шаардлагыг нь би өөрийн биеэр гардаж авсан, ерөнхий захиралд нэг хувийг нь өгсөн, мөн Үндэсний зөвлөлд нэг хувийг нь өгсөн байгаа.
-Та шаардлагатай танилцсан байх. Юу гэж дүгнэж байна?
-Шаардлагыг авч үзлээ. Намайг хувийнхаа машиныг албандаа хэрэглэдэг гэсэн байна. Би хувийнхаа машинаар улсын ажлыг амжуулахын төлөө ажилласан нь үнэн. Ажлын цагаар албаны машинаа, бусад үед нь хувийн машинаа унах нь миний хувийн асуудал. Дарга боллоо гээд улсын өмч хөрөнгийг эрх мэдлийнхээ хүрээнд замбараагүй захиран зарцуулах ёс зүй надад алга. Тиймээс албаны машиныг албандаа, бусад үед хувийнхаа машиныг унадаг. Хөдөө явахдаа хувийн машинаа хэрэглэдэг. Яагаад гэвэл, одоо миний хэрэглэж байгаа машин Сангийн яамнаас гаргасан тушаалаар зургаан жил хэрэглэх ёстой норматив нь дууссан, 240 мянган км явсан юм билээ. Ийм машинтай хөдөө орон нутагт явах болбол хамгийн түрүүнд аюулгүй байдлаа бодно шүү дээ. Тиймээс хувийнхаа машинаар хөдөө явдаг. Хувийн унаа маань улсаас бодож өгдөг шатахууны зардлаас мэдээж хамаагүй ихийг зарцуулдаг. Түүнийгээ өөрөөсөө гаргадаг.
-Та шаардлага өгсөн хүмүүсийг хамтдаа шалгуулъя гэсэн юм уу?
-Сая “Том төрөөс ухаалаг төр лүү” гэж Ерөнхийлөгч ажил хэрэгч чуулган санаачиллаа. Данхар том бүтцээс ухаалаг бүтэц рүү шилжихээр уриалж байна. Манай хамт олон, удирдлагын баг, ер нь бүх хүмүүс үүнийг хийхийг хичээж ажиллаж байгаа. Харин тодорхой тооны дунд шатны дарга нар, ашиг сонирхол нь зөрчигдөх гээд байгаа, янз бүрийн аргаар олдог хувийн бизнес нь хаагдах гээд байгаа цөөн хүн янз бүрийн юм ярьж яваа. Миний хувьд өөрийн ашиг сонирхлоор хандсан, өмч хөрөнгийг ямар нэгэн байдлаар ашигласан юм байгаа бол хэзээ ч шалгуулахад бэлэн байна. Харин ингэж шалгуулахдаа дунд шатны нэгдэл, албадын дарга нарыг хамтдаа шалгуулаад нэр төрөө цэвэрлэж авъя гэж уриалж байгаа. Албад, нэгдлийн дарга нар ч гэсэн хардлага, сэрдлэгэнд явж байхаар надтай хамт шалгуулаад нэр цэвэр гэдгээ олон нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон нийтийн энэ байгууллага өөрсдөө дотроо бохирдолтой байж болохгүй. МҮОНТ гэдэг том айл өөрөө олон нийтийн өмнө том хариуцлага хүлээдэг, татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвөөс болон иргэдийн хураамжаар санхүүждэг учраас нээлттэй байх учиртай. Нуулгүй хэлэхэд уран бүтээлч хамт олны бараг тал нь дарга байна. Гурван даргад нэг уран бүтээлч ажилтан ногдохоор юу болох вэ. Аль болох аж ахуй, эдийн засгийн тооцоонд оруулж данхар бүтцээр биш ухаалаг, чадварлаг бүтцээр илүү үр дүнтэй, ашигтай шинэлэг менежмэнтээр ажиллая, салбартаа үлгэр дууриал болъё, өөрсдөөсөө эхэлье гэж байгаа. Олон хүн үүний төлөө байдаг. Хамт олноо энэ чиглэлд бүгдийг нь аваад явна, МҮОНТ-ийн хамт олон ч хичээе, зүтгэе гэж байгаа.
-Ингэхэд таныг хувийн машинаараа албаны ажил хийлээ гэж буруутгах ямар шалтгаан байгаа юм бол?
-Би ч бас гайхаж байна. Одоо харин ойлголоо, цаашид тэгэх дэмий юм байна. Уг нь жаахан ч гэсэн сэтгэл гаргасан юм. Ер нь бол хаана ч хүнийг ажилд авахдаа эхлээд мэргэжил, мэдлэг, боловсрол, багаар ажиллах чадварыг нь хардаг. Дараа нь ярилцлагад ороход хувьдаа машинтай юу, гар утас ямарыг хэрэглэдэг вэ, аль операторынх вэ гэж асуудаг. Өнөөдөр гар утас, машин хүний ердийн хэрэглээ. Монголчуудын ихэнх нь машин унаж, хүүхдээс хөгшид хүртэл бараг 100 хувь гар утас хэрэглэж байна. Тиймээс бид тэр хүнийг ажилд авсан бол гар утасны төлбөрийг шийдэх ёстой, хоёрдугаарт унааг нь шийдэх ёстой. Унаатай, гар утастай хүн ороод ирвэл, азны юм аваад төлбөрийг нь шийдээд өгчихнө, гарах зардлыг жилээр нь хийгээд өгнө. Олон жил ажилласан байгууллага зардлаа мэднэ шүү дээ. Тиймээс шатахууны зардал, сэлбэг хэрэгслийг тооцоод өгнө. Унаа, машин гэж санаа зовохгүй. Нэг даргын унаж байгаа машиныг өөр уран бүтээлч унаад ажлаа хийгээд явж байвал тэдэнд л хэрэгтэй. Өнөөдөр уран бүтээлчид ямар хэцүү байдаг билээ. Ажлаа хийхийн тулд боломжит юмнуудаа бүгдийг л ашигладаг шүү дээ. Тиймээс миний унаж байгаа машиныг нэг уран бүтээлч нь орон нутгийн томилолтдоо аваад явбал май гээд л өгдөг.
-Таныг “ETV-ийн хүн” гэж байгаад ямар тайлбар хэлэх вэ?
-Би тэнд ажиллаж байсан, тэр миний давуу тал. Тэр телевизийг хөл дээрээ бостол менежрээр нь ажиллаж, HD систем рүү шилжүүлсэн. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн салбарт тэр телевизийг мэдэхгүй хүн байхгүй. Одоо бол тэнд өөр менежментийг баг ажиллаж байгаа. Надад ямар ч хамаагүй. Мөн ямар ч хувийн аж ахуй нэгж, ашиг сонирхлын зөрчил надад байхгүй. Харин өөрийн мэдлэг туршлага, давуу талаа ашиглан өнөөдөр МҮОНТ-ээ техник, технологийн шинэчлэл рүү оруулах гэж байна. Түүний тулд хувиасаа хүртэл зардал гаргаж байгаа.
-Тэгвэл та хувийн камераа түрээслүүлсэн юм уу?
-Хувийнхаа хоёр камерийг “Өглөө” хөтөлбөр, “Спорт” нэвтрүүлэгт ямар ч үнэ төлбөргүй ашиглуулсан. Уран бүтээлчид маань улсын баяр наадмыг гурав хоног шууд дамжуулахад 170 гаруй хүн гурван газарт тарж ажилласан. Тэгж ажиллахад нь байгууллагаас хоол, унааны мөнгийг гаргаж өгсөн ч тэр нь нуулгүй хэлэхэд, хаанаа ч хүрэхгүй байсан. Энэ зовлонг сэтгүүлч та бүхэн мэдэх байх. Тиймээс би 170 гаруй уран бүтээлчдээ пицца, шарсан тахиа аваад өгчихсөн юм, хувиасаа. Тэглээ гэд би тэднээс мөнгө аваагүй. Байгууллагаас энэ талаар аль нэг газар руу мөнгө шилжүүлсэн юм байхгүй. Гэтэл намайг хувийн машинаараа улсын ажил хийлээ, уран бүтээлчдэд хоол авч өглөө, гадаадын том хамтлаг дуучид ирэхэд хүүхдүүдэд нь тоглолтын тасалбар аваад өгчихлөө гэж буруутгаж байгааг би гайхаж байна. Мөн Цагаан сараар тараг тараалаа гэж байна. Үүнийг би Ерөнхий захирлаасаа зөвшөөрөл авч, хийх ёстой гэрээг нь телевизтэй хийлгэж байгууллагын дансанд оруулаад, тодорхой хувийг бартер болгож ажилтнууддаа тараасан. Архи сурталчилсан юм биш, ажилтнууддаа тараг, сүү аваад өгчихсөн шүү дээ. Тэгээд яагаад буруутгаад байгааг нь гайхаж байна. Би ажлаа явуулахын тулд, хамт олноо сайхан авч явахын тулд хувиасаа ч гэсэн тодорхой хэмжээний зардал гаргаж эрсдэл үүрч телевизээ хөгжүүлэхийн төлөө л явж байна шүү дээ.