
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор “Улаанбаатар төмөр зам”-ийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Р.Раш уригдлаа.
-МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны залуусаас өмнө нам шинэчлэгдэх ёстой гэж зарим гишүүн мэдэгдэж байсны нэг нь та. Сая болж өнгөрсөн намынхаа их хуралд ямар байр сууриас оролцов?
-Намын 27 дугаар их хурлын дүнд сэтгэл хангалуун талдаа байна. Юуны өмнө хурлаар намын бодлогын баримт бичгүүд нэлээд зэгсэн болсон гэж үзэж байгаа. Дүрэм, мөрийн хөтөлбөрөөс гадна “Хөгжлийн хөтөлбөр” баримт бичгийг боловсруулж гаргасан.
Үүгээр Монголын улс төрийн ууган хүчний хувьд зөвхөн намынхаа дотоод асуудлыг ярихаас гадна улс орны хөгжил, ирээдүйд анхаарч байдгаа ард түмэндээ хэлж байх нь зүйтэй гэж үзсэн. Шинэчлэл гайгүй боллоо гэж буйн нэг үндэслэл бол манай нам гишүүд, дэмжигчид, ард олныхоо дуу хоолойг илүү сонсч байя гэдэгт нэгдсэн. Өмнө нь бид хэтэрхий дээгүүр яриад байсан хэрэг. Бодит амьдралд ард түмэн маань арай өөр зүйл ярьж, хэлж байсан. Тэрийг ганц би ч биш олон хүн ил, далд ярьж байсан. Харамсалтай нь тэр шүүмжлэлийг манайхан тусгаж авалгүй сонгуультай тулж, хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Намын их хурал нөхцөл байдалд дүгнэлт хийж, бугшиж байсан бүхий л асуудалд хариулт өгч чадлаа.
-Та намын их хурал үр дүнтэй болсон гэлээ. Гэтэл олонхи нь намаа шинэчлэгдсэнгүй, удирдлагад нь дандаа хуучин хүмүүс гарч ирснээр урагшлах бус ухралт болоо гэцгээж байгааг юу гэх вэ?
-Хэн ч танихгүй шинэ хүн гарч ирэхээр бүх зүйл шинэчлэгддэг юм шиг яриа, тийм ойлголт сүүлийн үед газар авчээ. Би намын даргаар сонгогдсон М.Энхболдыг хүнийх нь хувьд ч, улс төрд хуримтлуулсан туршлагынх нь хувьд ч мэднэ. Залуу хүн, гэхдээ улс төрийн, намын ажлын дадлага туршлага хуримтлуулсан. Ерөнхий сайд, Шадар сайд, намын даргын албыг хашиж явсан. Хотын дарга байсан. Түүнд алдаж оносон юм бий л биз. Бусдыг сайн сонсдог. Нөгөөтэйгүүр, түүний тухайд хүний мөс сайтай гэж намын журмын нөхөд ярьдаг. Хүний мөс чанар муудаж, энэ талаар цангах тал руугаа явж буй ийм үед намын даргын албан тушаалд олны дэмжлэгийг авсан, нэр хүндтэй, хүний мөстэй нэгэн сонгогдон гарч ирсэн нь зөв алхам юм.
-Хотын газар, авлигын асуудалд нэр холбогддог хүн дарга болсноор намынх нь рейтинг ч түүнийг дагаад доошиллоо гэж танай намын гишүүдийн зарим бухимдаж байгаа гэсэн?
-Хэнд ч алдаа, оноо байдаг. Шүүмжлэл ч зөндөө байна. Дээгүүр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг хараад байхад нэр нь сэвтсэн” “толботой” нөхдүүд зөндөө цохиж явах юм байна шүү дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гардаг. Зарим нь хардлага, сэрдлэг байдаг байх. Тэгэхээр гайгүй болоод л М.Энхболдод олны үнэлгээ өндөр гарсан болов уу. Ер нь бид нэгнийгээ их хэмлэдгээ одоо багасгамаар байгаа юм.
-Та түрүүнд намаас гаргасан “Хөгжлийн хөтөлбөр” улс оны ирээдүйг харсан том төсөл, хөтөлбөр болсон гэлээ. Үр дүнг нь яаж тооцоолсон юм бэ?
-Манай нам сөрөг хүчний байр сууриас зөвхөн шүүмжилдэг байж таарахгүй гэдгийг тал талаас нь их ярилаа, намын их хурлаар. Манай Даш-Ёндон гуай намын хувьд төдийгүй улс орны хэмжээний том философич. Тэр хүн юу гэж үзэж байна гэвэл, сөрөг хүчин гэхийн оронд опозиц гэж нэрлэвэл яасан юм бэ гэж байсан. Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад бүтээлч сөрөг хүчин гэсэн томъёоллоор баримт бичигт оруулсан. Хийж бүтээж байгаа эрх баригч хүчний зүгээс улс орны ирээдүй, нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг байнга нөгөө талаас харах нь зохимжгүй. Болж бүтэж байгааг нь түүгээр нь ярих учиртай. Харин үнэхээр болохгүй, бүтэхгүй байгааг нь шүүмжлэлгүй яахав.
-Та бас санал гаргаж байсан санагдана, энэ талаар?
-Миний хувьд өмнө нь хэлж, ярьж байсан зүйлүүд бий. Ер нь бол “Хөгжлийн хөтөлбөр” баримт бичгийг нэлээд сайн боловсруулж гаргахад цаашид УИХ дахь намын бүлэг дахин авч үзэж, Их хурлаар оруулж улс орны хэмжээний хөгжлийн баримт бичиг болгох нь зүйтэй байгаа юм. 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадад айчилж, удирдлагуудтай нь уулзалт хэлэлцээр хийж байхад хятадууд өөрсдийн ирээдүйг 15-20 жилийн дараа ийм болно гэсэн том төлөвлөгөө г ярьсан. Бараг уулзсан хүн болгон түүнийгээ нэг амаар хэлж ярьж байгааг бодууштай, анхаарууштай байсан. Тэд Хятадын том хотууд Европ шиг, хөдөө тосгон нь Африк шиг байна гэж байсан. Би бодохдоо мань хүн тэр ярианаас юм бодож “Мянганы хөгжилд суурилсан улсын хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичгийг Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан болов уу гэж санадаг. Тэр бичгийг УИХ баталж гаргасан шүү дээ. Улс орны хөгжилд чиглэсэн тэр том баримт бичиг Н.Энхбаяртайгаа хамт өнөөдөр чимээгүй болчихож байх шиг. Цаг хугацаа нэлээд өнгөрсөн тиймээс эргэж харах, өөрчлөх асуудлууд байгаа. Тэр баримт бичгийг улам төгөлдөржүүлэх замаар улсын хөгжлийн нэгдмэл баримт бичигтэй болох нь чухал санагддаг. Ямар ч улс төрийн хүчин эрх баригч боллоо гэсэн ерөнхийдөө тэр жанжин шугамаа барьж байдаг болчихвол улс илүү хөгжинө, ард түмний амьдрал дээшилнэ. Нам, эвсэл, хувь улс төрч хэн ч байсан зөв зохистой зүйл ярьж хэлж, санаачилж, боловсруулж байгаа бол аль ч төвшиндөө анхаарлаа хандуулаад, цааш нь улам төгс төгөлдөр болгож төрийн баримт бичиг болгоод явахад болохгүй гэх газаргүй. Энэ тухай би өмнө нь ярьж байсан, ийм байр сууриас хандвал сайнсан.
-Одоо асуултаа жаахан өөрчилж, төмөр замын сэдвээр ярья. Хаана ч явсан таныг төмөр замаар овоглож ярьж, бичдэг. Та ч бас энэ салбараас холдох дургүй юм уу даа, зөвлөхөөр ажиллах болсон байна?
-Салбартаа зөвлөхөөр ажиллах болсондоо талархалтай байгаа. Энэ нэг юм юу л болвол болог гээд орхичихсонгүй инээв. Ер нь бол энэ чинь олон улсын практикт байдаг зүйл шүү дээ. Яам, тамгын газар, парламентын төвшинд салбарын асуудлаа ярих, компанийнхаа харилцаа, холбоог тогтоох чиглэлд туршлагаа ашиглах нь нийтлэг зүйл. Тэр жишгээр хандаж байна гэж ойлгож байгаа. Би улсын буянаар, түмэн олныхоо итгэлээр төрийн эрх барих дээд байгууллагад цөөнгүй жил ажилласан. Аль ч төвшний хүмүүстэй ярихад миний ярьсан зүйл бүгд биелж хэрэгжихгүй ч гэлээ өөрийгөө чамлахгүй, мөн зөвхөн хожих байр сууриас хандахгүйгээр ажиллана гэсэн бодолтой явна.
-Төмөр замын салбарт “Шинэ төмөр зам” төслөөр Ухаа худаг, Нарийн сухайтын замыг барьж ашиглалтад оруулах тухай их ярьж байна. Салбарын дотоод ажил гэхээс илүү том бодлогын төвшиндөө ямар ажил хийж байгааг сонирхож болох уу?
-Би Их хуралд ажиллаж байхдаа төмөр замын тээврийн тухай хуулийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлж батлуулсан. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод Засгийн газраас оруулж ирсэн төслийг дахин боловсруулах, ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, хэлэлцүүлж батлуулсан. Урд чиглэлд тавих төмөр зам, царигийг тогтоох гээд маргаантай олон асуудалд ажиллаж, төрийн баримт бичиг болгосон. Өнөөдөр тэр чиглэлээр салбарын ажил явж байна. Тавантолгойгоос цааш тавих төмөр замын газар шорооны ажил овоо байх шиг. Цаашид санхүүжилтийн асуудал жигдэрвэл ямар ч байсан урд хөрштэйгээ хоёр дахь чиглэлээр төмөр замаар удахгүй холбогдох боломжтой. Энэ маш чухал. Хятадын талаас төмөр зам урд хил дээр хоёр ч гарцаар хүрээд ирчихсэн, түүнтэй төмөр замаар холбогдохоор ажил явж байгаа шүү дээ. Тэр их ачааг машинаар шоргоолж шиг зөөхөд байгаль орчны асуудлаас эхлээд хэцүү байгаа. Дэлхийн эдийн засаг өнөөдөр өгсч уруудахдаа уруудаж янз бүр байна. Манай хоёр хөрш эдийн засгийн хувьд агуу гүрнүүд. Тэднээс дэлхийн эдийн засаг хамаарна. Ийм байхад төмөр замын асуудал чухал байгаа юм. Улаанбаатар төмөр замын хувьд өнгөрсөн зун Оросын төмөр замын ерөнхийлөгч В.Якунин манай улсад айлчлаад буцсан. Тэр бол хоёр том гүрний дээд төвшний уулзалтын дараа болсон үйл явдал. Эдийн засгийн асуудал тэр үеэр яригдсан. Хоёр орны хоорондын бараа эргэлт асар их нэмэгдэнэ. Түүнтэй холбогдуулж дэд бүтэц өргөжинө гэж үзсэн. В.Якунин гуай хэлэхдээ бид одоогийн хамтарч ажиллаж буй Улаанбаатар төмөр замаа өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэсэн. Тэр нь бидний зүгээс тавьж буй гол зам дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэсэн төрийн бодлоготой маань дүйцэж байгаа. Манай төмөр замаар ядаж 15 сая тонн ачаа транзитаар явчихвал зүгээрсэн дээ.
-Сая хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн ерөнхий хорооны хурал болсон. Хурлаас төмөр замын хөгжилд ахиц дэвшил болох ямар шийдвэр гаргасан бол?
-Хурлыг ерөнхий хорооны дарга нь РЖД-ийн тэргүүн дэд ерөнхийдөгч В.Н.Морозов удирдсан. Дараагаар нь манай Ерөнхий сайдтай уулзсан дуулдсан. Төмөр замын хоёр талын хамтын ажиллагаа, Улаанбаатар төмөр замын цаашдын өргөтөтгөл, шинэтгэлийн ажлыг идэвхжүүлэх талаар ярилцсан байх. Дээд төвшинд бодлогын маш том яриа хэлэлцээрүүд болж байна. УИХ-ын даргын захирамж бас гарсан. Улсынхаа транзит хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын маш чухал бичиг, баримт гаргасан. Ганц төмөр зам гэлтгүй агаарын зам, хийн хоолойн талаар хамтын ажиллагааг том төвшинд хүчтэй явуулахад анхаарах юм байна. Сая болж өнгөрсөн ерөнхий хорооны хурлын хувьд ажил хэрэгч төвшинд болсон. Бэлтгэлийг ч хоёр талаас сайн хангасан. Тэр хурлаар төмөр замын даргыг ирэх хоёрдугаар сарын 5-ныг хүртэл ажилуулахаар эрхийг нь сунгасан. Ц.Сэрээнэндорж дарга үүрэг гүйцэтгэгчээр багагүй хугацаанд ажиллаж ирлээ. Тиймээс Оросын талаас төмөр замын даргыг жинхлэх асуудлаар саналаа хэлээч гэсэн хүсэлтийг албан ёсоор тавьсан байгаа. Хариуцлагыг үүрүүлвэл үүрүүлсэн шиг үүрүүлэх хэрэгтэй байх. Москвад болох хуралд манайх саналаа хэлэх үүрэг хүлээсэн, асуудлыг нэг мөр болгож шийдэх нь зүйтэй юм. Мөн хурлаар Төмөр замын стратеги, хөгжлийн бодлогын чиглэлд орлогч даргаар С.Алтанбек гэдэг залууг томилсон. Аав нь Сарай гэж ихээхэн туршлагатай удирдагч байсан. Стратеги, хөгжлийн асуудал бие даасан эзэнтэй болсноор эдийн засаг, хөгжлийн чиглэлд ахиц гарна. Төмөр замын ажлын хувьд ачаа барааны эргэлт багасч, зардал өссөн нь энэ чиглэлд гол ачааг үүрч ирсэн төмөр замын хувьд хүнд тусч байна. Энэ талаар болон алдагдалтай тарифууд олон байна гэдэг асуудлаар Оросын талаас ярьж байгаа. Тэр шаардлагыг бид хүлээж авахаас аргагүй. Үнэхээр бодит байдалд эргэж харах, өөрчлөх зүйлүүд байна.
-Төмөр замд вагон дутмагаас алдагдалтай байна гэж ярьдаг. Энэ бэрхшээл өнөөдөр ч байгаа байх?
-Энэ чиглэлд Дэлхийн банк, Японы зээл, тусламжаар ажил хэрэгжүүлж байсан. Сүүлийн үед вагон дутмагаас арга буюу бусдаас түрээслэх болсон. Аль ч улсын төмөр замд өөрийн вагоноор бусад замд тээвэр хийж орлого олох сонирхол байдаг. Илүү вагон байх л юм бол түүнийгээ гадагш нь гаргаж бизнес хийхэд анхаардаг. Түрээсээр авах нь тээврээ саадгүй хийх бидэнд ашигтай бас хохиролтой. Иймд энэ асуудлаа зохих төвшинд ярьж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй. Энэ чиглэлээр Оросын талаас ярьж буй асуудал нь Монголын талд ашигтай, зайлшгүй хүлээж авах саналууд байгаа. Үнэ,тарифаа нэмэх багаар ч болов нэмэх хэрэгтэй байна. За хүнс тээврээ болий гэхэд барилгын материал, нефть шатахуун, нүүрс зэрэг олон ачаа алдагдалтай явж байна шүү дээ. Нүүрсний уурхайнууд өнгөрсөн намар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихлээ. Эричм хүч, дулааны систем дулаан зах зээлийн горимд үндсэндээ шилжчихлээ. Хэрэг дээрээ уурхай, төмөр зам, ТЭЦ гурав чинь тулгын гурван чулуу шүү дээ. Төмөр замын өнөөдрийн энэ нөхцөл байдлыг хаа хаанаа ойлгох нь чухал байна.
Энэ жил төмөр замд олон ажил хийсэн. 60 гаруй км замд засварын ажил хийсэн. Зам сайн бол аюулгүй байдал хангагдана. Мөн төмөр замын 35 дугаар зөрлөгийг алсын удирдлагатай болгох ажил дуусах шатандаа явж байна. Энэ мэтээр төмөр замчид маань халуунд халж, хүйтэнд хөрч зүтгэж байна. Муу замтай бол бид Ерөөгийн төмрийн хүдрээ яаж гаргах вэ, Эрдэнэтийн зэсийн баяжмалаа яах вэ гээд асуулт гарна шүү дээ. Тэгэхээр байгаагаа сайн тордох хэрэгтэй. Гурван жилийн өмнө хоёр талын хувь нийлүүлэгчид ярьж байгаад “Улаанбаатар төмөр зам”-д оруулах хөрөнгийг тус бүр 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр тохирсон. ОХУ үүндээ нийт 37 зүтгүүр нийлүүлсэн. Одоо зүтгүүрийн аж ахуйн талаар төмөр зам толгой өвдөхгүй, нэг хэсэгтээ. Харин манайх эцсийн байдлаар юмаа хийж чадаагүй. Ирэх хавраас ажил цэгцрэх байх гэж харж байна.
-Ойрын хугацаанд, тухайлбал 2-3 жилийн дараа төмөр зам ийм болно гэсэн хөгжлийн зураглал, төлөвлөгөө юу байна?
-Төмөр зам олон ажил хийж байгааг би түрүүнд хэлсэн. Манай талаас оруулах 125 сая ам.доллар бага мөнгө биш. Тэр жил 71 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Замын-Үүдийн 22 сая ам.доллар, түүн дээр Дэлхийн банкнаас авсан 12 саяыг нэмээд 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар олон ажлыг шийдэж чадсан. Ингээд бодоход бид 125 сая ам.доллараар багагүй ажил амжуулна. Наад зах нь Москва чиглэлд аялдаг 30 вагоныг шинэчлэлж одоо явж буй хуучин вагонуудаа орон нутгийн чиглэлд татах зэргээр зохицуулалтууд хийж болох жишээтэй. Төмөр замын өнөөгийн байдал өөр болно. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр манай төмөр замчид юмаар юм хийж сурсан улс байдаг.