
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргадыг урилаа.
-Хан Хэнтийн дархан цаазат газарт оршдог төрийн тахилгат, дархан цаазат Бурхан Халдун уул Монгол түмний үндэсний бахархалт хайрханаар өргөмжлөгдлөө. Гэхдээ монголчууд төдийгүй, дэлхий нийт яагаад ганц Бурхан Халдуныг онцлов хэмээн сонирхон асууж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Бурхан Халдун эрт дээр үеэс монголчудын Сүлд уул гэж нэрлэгдэж байсан. Хиад Боржигоны Бодончарын үеэс тахигдаж ирсэн тухай бүхий л түүхэн эх сурвалж, баримт бичигт бий. Үүний хамгийн том эх сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд 13 удаа нэрээрээ дурьдагддаг.
Бурхан Халдун уулыг эртнээс тахиж ирсэн ч тахилгын үйл хэрэг хэсэг хугацаанд тасарсан түүх бас бий. Монгол Улс Манжийн эрхшээлд орсноос хойш Бурхан Халдун уулын тахилгыг хориглосон. Тухайн үеийн арван засаг ноён нийлж Манжийн хаанд өргөх бичиг барьснаар 1818 оноос Хэнтий хан уулын тахилгыг албан ёсоор сэргээсэн нь 1924 он хүртэл үргэлжилсэн. Ардын хувьсгал ялсны дараа нийгэм өөрчлөгдөж, шашингүйн үзэл зэрэг янз бүрийн нөлөөллөөс уул овоог тахиж шүтэх явдал үндсэндээ хязгаарлагдаж, далд хэлбэрт шилжсэн. 1990-ээд оноос хойш цаг үе өөр болж, уул овоогоо тахих зан заншил сэргэсэн. Хамгийн тод жишээ нь Бурхан Халдун уулаа тахих санаачилга иргэдээс гарсны үндсэнд 1995 онд Ерөнхийлөгчийн 110 дугаар зарлиг гарч Хэнтий хан ууланд тусгайлан Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлж байхаар тусгасан. Одоогийн байдлаар төрийн тахилгатай уул нийт 10 байна. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахиж байхаар Ерөнхийлөгч зарлиг гаргасан нь ганц Бурхан Халдун юм. Мөн энэ уултай холбоотой төрийн тэргүүний зарлиг дөрвөн удаа гарсан байдаг юм. Ийм учраас Монгол түмний үндэсний бахархалт хайрхан гэсэн хүндтэй нэр, цолыг Засгийн газрын тогтоолоор бий болгосон болов уу.
-Монгол түмний үндэсний бахархалт хайрхан болсноор дархан цаазат газрын харуул хамгаалалт, нийтээр дагаж мөрдөх журамд өөрчлөлт орох уу?
-Монгол түмний бахархалт хайрхан маань өөрөө Хан Хэнтийн дархан цаазат газарт оршдог. Тэгэхээр дархан цаазат газрын горим журмыг сахиулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, монгол түмэн бахархалт хайрхнаараа бахархах, очиж харах, үзэх боломжийг тусгайлсан зам маршрут, журмын хүрээнд зохион байгуулах асуудал шинээр тавигдаж байна. 2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 151 дүгээр тушаалаар Бурхан Халдун уулыг алсаас харах, аялал жуулчлалын болон мөргөлийн маршрутыг баталсан. Очих цэгүүдийг ч тодорхой болгосон. Маршрут тогтоосон нь ач холбогдолтой. Нэгдүгээрт бид 800 гаруй жилийн түүхтэй төрийн тахилгат уул, онгон дагшин байгалиа бохирлохгүй байх ёстой. Олны хөлөөр талхалж байгалийн унаган тогтоцыг алдагдуулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, аяллын нөхцөл хүнд, зам харгуй бартаатай учраас маршрут батлагдсанаар хүмүүсийн аюулгүй байдалд хэрэгтэй. Мөн хайрхан уулаа алсаас харах болон мөргөлийн бүхий л үйл хэргүүд нэгдсэн журмаар бүртгэлжинэ.
-1990-ээд оноос өнөө хүртэл Бурхан Халдун уулыг хэдэн удаа тахисан бэ. Тахилгын үеэр анхаарах ямар асуудлууд байдаг вэ?
-1995 оноос хойш таван удаагийн тахилга болсон. Ирэх жил зургаа дахь удаагийн тахилга болох ёстой. Тахилгын үеэр олон хүн очдог, онгон дагшин уулаа буртаглах, хог хаягдал хаях, мод бутыг нь түүж гал түлэх зэргээр тэр орчимд хэдэн өдрийн асуудал өрнөдөг. Олны хөлөөр ан амьтныг нь дайжуулахаас эхлээд хор нөлөөтэй. Иймд хамгаалалтын захиргаанаас дэвшүүлж буй санал бий. Тухайлбал, Бурхан Халдун уулын аяллын маршрут батлагдсанаар 800 гаруй жилийн турш мөрдөгдсөн бараг хууль болчихсон ёс заншил, дэглэм, горим журмыг хэвээр нь хадгалахад анхаарч байна. Босго тэнгэрийн даваанаас цааш эмэгтэй хүн гардаггүй, улаан мах нэвтрүүлдэггүй гэхчлэн хорио цээрүүд бий. Тэдгээрийг уламжлалт ёс заншлын дагуу мөрдөх учиртай. Бурхан Халдуны ирэх жилийн тахилгатай холбоотой зүйлүүд бас бий. Тухайлбал, тахилга, тайлга гэдэг хоёр өөр зүйлийг манайхан нийлүүлж ойлгоод байдаг. Энэ маш буруу.
-Тухайлбал?
-Төрийн тахилгатай уул гэдэг маань төр тэр уул хайрханд хүндэтгэл үзүүлж буй хэлбэр. Тэр нь тахилгын зан үйл. Ерөнхийлөгчийн 32 дугаар зарлигт төрийн тахилга ямар байх вэ, ямар дэс дараалалтай байх вэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцох дэг ёсыг тус тусад нь зааж өгсөн. Мөн аймгуудын оролцоо ямар байхыг тодорхой тусгасан. Тайлга гэдэг нь тахилга хийсний дараа буюу уул усаа баярлуулсныхаа дараа нутгийн зон олныг баясуулж цэнгүүлэх, морь уралдуулж, бөх барилдуулж, нум сум харвуулж наадам цэнгээн хийхийг хэлж буй юм. Тайлгаа арван засгийн наадам гэж нэрлэж байсан түүхтэй. Сүүлийн үед тайлгын дэглэм, горим зөрчигдөж байгаа. Яагаад гэвэл, тахилгыг зохион байгуулах ажил аймгуудад оногдсон байдаг. Аймгийн дарга нар нь Ерөнхийлөгч болн Засгийн газар, УИХ-ын гишүүддээ мундагаа харуулахын тулд өөрийнхөө дэгийг оруулж эхэлдэг. Бурхан Халдуны сүүлийн тахилгаар гэхэд л орой дээр нь хивс дэвсч, чанга яригч зоогоод дуучид дуулж байх жишээтэй. Тахилгыг тэгж хийдэггүй. Тэнд хийж буй тахилга уул усандаа үзүүлж буй хүндэтгэл болохоос дарга цэргүүдэд мундагаа харуулах, нэг ёсондоо зохион байгуулалт сайн хийсэн гэдгээ үзүүлэх уралдааны хэлбэр биш. Уламжлал нь ямар байсан, тэр л дэглэм горим журмаараа явах ёстой. Тэгвэл уул, ус маань хүлээж авч баясч цэнгэдэг, түүнээс биш чанга яригчаар хэчнээн дуулаад уул, ус хүлээж авахгүй. Тиймээс төрийн зүгээс Бурхан Халдун хайрхан болон төрийн тахилгат бусад уул овооддоо тахилга тайлгын асуудлыг тусад нь салгах ёстой.
-Энэ талаар танай захиргаанаас ямар санал, санаачилж гаргав?
-Бурхан Халдун уулын тахилгаар цөөхөн хүн очиж ууландаа хүндэтгэл үзүүлэх, тайлгын ёслолыг хуучин уламжлалаар нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэнгийн гүүрний орчим хийх, нөгөөтэйгүүр олон хүн очиж байгаль дэлхийг сүйтгээд байхааргүй аль аль талаа бодолцож хийхээр санаачилга гаргаж саналаа хүргүүлсэн. Энэ тухай дүрмэндээ ч бас тодорхой тусгасан байгаа. Тэгж чадвал байгаль орчныг хамгаалах талаас ч, түүх, соёл уламжлалт зан заншлын талаас ч ихээхэн хэрэгтэй юм.
-Уул усанд хандах хандлагаас гадна Чингис үзэл гэх юм уу, их хаантай холбоотой түүхэнд хандах хандлагыг та юу гэж үзэж байна?
-Бид Чингис хаан гэж цээжээ дэлдээд, хэт дэврүүнээр ханддаг. Гэтэл тэр хүний төрт улсаа үүсгэн байгуулсан гавьяа үнэлж баршгүй юм. Анхны зохион байгуулалт Их хуралдайг хийж, төрийн зохион байгуулалт аравт, зуут, мянгат, түмтийг байгуулсан нь төрийн эх суурийг тавьсан ач буянтай. Нөгөөтэйгүүр, тэр хүний байгуулсан төр улс өнөөдөр хэдий жижгэрсэн ч бидний оршин амьдарч буй энэ сайхан бахархалтай хайрханыг тойрсон говь хангай, тал хээр хосолсон өргөн уудам нутаг байна шүү дээ. Энэ сайхан газар нутагт бидний амьдарч буйн бас нэг хувь заяа нь тэр их хүнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр бид аливааг шүтэхдээ Чингис хаан гэж хий хоосон орилж хашгирахаасаа илүүтэй ямар учраас тэр хүнийг хүндэтгэж буй билээ, ямар учраас зайлшгүй ач холбогдол, нөлөөллийг авах ёстой вэ гэдэгт анхаарах учиртай. Тэгвэл бидний зорилго, тэмүүлэл илүү учир утгатай болно. Тухайлбал, хайрхан уулаа монгол түмний үндэсний бахархал гэж нэрлэнэ гэдэг төр төвшин байх, жалга довны үзэл гаргахгүй нэг цул байх, гадаадад амьдарч байгаа монголчууд маань “Сэтгэл байвал газар холдохгүй” гэгчээр шүтлэг залбирал дотроо уул усаа багтааж явахад дөхөмтэй юм.
-Манайхан байгаль дэлхийгээ шүтэж байна гээд ургаж байгаа модонд хадаг зүүж хатангиршуулах, хад чулууг будаг, шохойгоор эрээчих нь түгээмэл. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тахилга, шүтлэг хийх хэлбэрийг сайн бодох хэрэгтэй. Аяллын маршрутыг бид бодож байгаа. Аливаа зүйлийг тахиж шүтэж болно. Заавал газар дээр нь очиж сүйтгэж, нөлөөлөл дарамт учруулж байж тахивал тахисан болдог, бусад үед тахисан болдоггүй гэсэн аминч үзэл гаргаж болохгүй. Уул, усаа алсаас барааг нь хараад өргөлөө өргөөд тахиж шүтэх, дэргэд нь очиж тахих адилхан. Уул ус бүгдийг нь хүлээж авна шүү дээ. Заавал дээр нь очиж дэвхцэж, мод болгоных нь ёроолыг 00-ын цаасаар буртаглаж байж тахисан болдог, холоос барааг нь хараад тахихаар тахисан болдоггүй гэж үзэхгүй байна.
-Бурхан Халдунд аялах маршрут хаанаас хаана хүртэл байх вэ?
-Үндсэн маршрутыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Тэрэлжийн голын гүүрийг дамжин Хэрлэнгийн дээд гүүр буюу хүмүүсийн нэрлэдэгээр Таван салааны гүүрээр явж очихоор ярьж байна. Энэ бол Бурхан Халдун ууланд хамгийн ойр очиж болох дөт зам юм. Түүнээс цааш Хориотын постод очно, харин цаашаа явах маршрут явганаар болон ердийн хөсгөөр /мориор/ явахаар байгаа. Маршрут нийтдээ 20 гаруй км, өглөө гараад явахад оройдоо буцаад ирнэ. Отог дээр амарч, хоноод явж бас болно. Босго тэнгэрийн даваа хүрэлгүйгээр Сайханы голыг өгсч Тарвагатайн Тэгсгэр гэдэг уулын орой дээр бид харууц өндөрлөг хийх гэж байгаа. Тэндээс Богдын голын даваа, Бурхан Халдун уул бүтнээрээ маш гоё харагддаг. Тэр цэгийг бид өөрсдөө явж олж тогтоосон. Нэгдүгээрт, их хааны зарлигийг зөрчихгүй, хоёрдугаарт үзэгдэх орчны хувьд уулаа бүтнээр нь харах боломжтой.
-Босго тэнгэрийн даваанаас цаашхи зам аялал жуулчлалынх уу, эсвэл?
-Босго тэнгэрийн даваагаар давж Бурхан Халдун хүртэлх замыг бид аялал жуулчлалынх гэж үзэхгүй байгаа. Тэр бол мөргөлийн зам байна. Тахилгын үеэр цөөн хүн очих тухайлбал, өвлийн нөлөөлөл багатай үед тодорхой тооны хүн зөвшөөрлөө аваад бэлийн овоонд очиж мөргөл, тахилга, шүтлэгээ үйлддэг байхаар төлөвлөсөн. Олон нийт болон гадаадын жуулчдад хамаарахгүй.
-Бурхан Халдун орчим түүх, соёлын судалгаа, шинжилгээний ажил хэрхэн явагдах бол?
-Судалгаа, шинжилгээний ажилд хоёр үндсэн заалтыг мөрдөх ёстой. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн зарлигт орсон үндэсний эрдэмтдээр баг бүрдүүлж, шинжлэх ухааны байгууллагаар зөвхөн ажиглах хэлбэрээр Бурхан Халдун уулын Их хориг дотор судалгаа, шинжилгээний ажил хийнэ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээ хийх журам гэж бий.Тэр журмаар судалгаа, шинжилгээ явуулах эрх бүхий байгууллага, хүрээлэнгээс батлагдсан төлөвлөгөөний дагуу БОНХЯ-нд саналаа тавьдаг, салбарын яам судалгааг шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж ажиллах чиглэл өгдөг. Тэр дагуу ажлаа явуулдаг. Бид энэ журам, дүрмийг мөрдөн ажиллаж байна.