З.Батбаяр: Шүүхийн шийдвэр ёсоор Говь-Алтайн удирдлагууд хууль бус

2013-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулийг дахин явуулахаар болсон билээ. Шалтгаан нь МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж сонгуульд нэр дэвшүүлээгүй нь хууль зөрчсөн гэж шүүхийн шийдвэр гарсан учраас тэр. Энэ тухай МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяртай ярилцлаа.

 

-Говь-Алтайд дахин сонгууль болох тухай яриа гараад удлаа. Танай намын нэр дэвшигчдийг сонгуульд нэр дэвшүүлээгүй нь хууль зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан гэсэн үү?

 -Орон нутгийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчид болон намыг хэд, хэдэн аймаг, нийслэлийн дүүрэгт бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд МАХН-ыг улс төрийн намынх нь хувьд оролцох эрхийг нь хааж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан үйл ажиллагаа болсон.

Энэ хууль бус шийдвэрийг эсэргүүцэж хэд, хэдэн газарт өлсгөлөн хүртэл зарлаж байлаа. Тэр дундаа Говь-Алтай, Хөвсгөл, нийслэлийн Налайх, Сүхбаатар дүүрэгт өлсгөлөн зарлаж байсан. Бидний зүгээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шүүхэд хандсан. Тодруулбал,  “Нэр дэвшигчдийг маань бүртгэхгүй байгаа нь хууль бус. Бүртгэх ёстой” гэсэн шаардлага тавьсан юм. Ер нь тухайн үед сонгуулийн хэсэг, хороодын бүрэлдэхүүнийг төрийн албан хаагч гэх нэрээр МАН болон АН гэсэн хоёр намын төлөөлөл бүрдүүлж байсан. Тэдний гаргасан шийдвэр бүхэн улс төрийн шинжтэй.  Энэ ч утгаараа Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2012 оны аравдугаар сарын 16-ны өдөр МАХН-ыг бүртгэх шийдвэр гарч байсан. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцуулах тухай шийдвэр гарсан юм. Гэтэл шүүхийн шийдвэр гарсаар байтал аймгийн сонгуулийн хороо “Бид давж заалдах гэж байна” гэдэг үндэслэлээр МАХН-ыг бүртгээгүй. Үүнтэй адилхан тохиолдол Хөвсгөл аймагт ч гэсэн гарсан байгаа. Иймээс аймгийн мянгатын зүгээс “Шүүхийн шийдвэр гарсаар байтал МАХН-ыг бүртгэсэнгүй.  Говь-Алтай аймагт явагдсан орон нутгийн сонгууль бүхэлдээ хүчингүй” гэсэн гомдол шүүхэд дахин гаргасан. Гомдлын дагуу Алтай хотын захиргааны хэргийн шүүхийн 06 тоот шийдвэр гарсан. Давж заалдах, дээд шүүх ч гэсэн анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг зөв байна гэж гарсан юм. Гурван шатны шүүхээр юу гэж гарсан гэхээр Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга гэсэн дөрвөн суманд сонгуулийг дахин зохион байгуулна. Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгуулийг зохион байгуулна гэсэн шүүхийн шийдвэр гарсан юм. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймагт намын жагсаалтын 12, тойргоор таван газарт дахин сонгууль болох шийдвэр гарсан гэсэн үг. Нийтдээ 17 тойрог дээр дахин санал хураалт явагдана.

-Тэгэхээр сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн ИТХ хууль бус гэсэн үг үү?

-Шүүхийн шийдвэрийн дагуу бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн ИТХ-ын тогтоол хүчингүй болж байгаа юм. Энэ нь аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол байсан. Тогтоолыг хүчингүй болгосны үр дагавар юу гэхээр өнөөдөр Говь-Алтайн ИТХ нь эрх зүйн чадамжгүй болно.  Үүнийг дагаад ИТХ-ын даргыг сонгосон тогтоол хүртэл хүчингүй болж байгаа юм. Цаашилбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ний өдрийн тогтоол хүчингүй болно.  Энэ нь тухай үедээ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол юм. Энэ мэтчилэн ИТХ-ын гаргасан тогтоол бүхэн эрх зүйн маргаан дагуулж таарч байна.

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргыг нэр дэвшүүлсэн тогтоол бүгд хууль бус гэж үү?

-Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол болон Засаг даргыг нэр дэвшүүлсэн тогтоолыг тус, тусад нь хүчингүй болгожээ гэж үзэх хэрэгтэй. Нөгөө талаас шүүхийн шийдвэр гарснаар Говь-Алтай аймгийн өнөөгийн удирдлагууд эрх зүйн бүрэн чадамжгүй гэж үзэж болно. Одоо харин эрх зүйн чадамжгүйг нь засахын тулд нөхөн сонгууль яаралтай явуулах ёстой.

-Говь-Алтай аймгийн ИТХ нийт хэдэн суудалтай билээ?

-35 суудалтай. Шүүхийн шийдвэрийн дагуу үүнийх нь талд дахин сонгууль явуулах болж таарч байгаа юм. Хууль бус сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-д хууль ёсны бүрэн эрх үүсэхгүй. Энэ ч утгаараа ИТХ-ын болон  Засаг даргын шийдвэр хууль бус болж байгаа учраас бүхэл бүтэн аймгийн сонгогчид төлөөлөлгүй болж байгаа юм.

-Таны хэлж байгаа­чилан эрх зүйн чадамжгүй ИТХ өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс гарах шийдвэр нь бас хууль бус болж таарах уу?

-Эрх зүйн чадамжгүй үйл ажиллагаа явуулна гэдэг нь ИТХ-ын бүрэн эрх дуусгавар болсон, эсвэл Засаг дарга нь огцорсон тохиолдолтой адилхан. Шүүхийн шийдвэр ингэж гарсан нь МАХН-ын зүгээс ярьж байсан асуудлууд үнэн байжээ гэдэг нь нотлогдож байгаа юм. Тодруулбал, АН, МАН-ын бие төлөөлөгч гэж хэлж болох нөхдөөс бүрдсэн аймгийн Сонгуулийн хороо хууль бус үйл ажиллагаа явуулжээ гэдгийг нотлон харууллаа. Хоёрдугаарт, нэгэнт шүүхээс энэ хурал бүрэн ёсны эрх үүсээгүй гэдгийг тогтоосон учраас хурлаа яаралтай байгуулж, алтайчуудын Үндсэн хуулиар заасан эрхийг баталгаажуулж өгөх шаардлага байна. Гуравдугаарт, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан даа.  Сонгуулийг санаатай буюу санамсаргүй байдлаар будлиантуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж.  Тэгвэл Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн хорооны ажилтнуудын буруутай үйлдлээс болж дахин сонгууль болно гэсэн шүүхийн шийвэр гарсан учраас зарим хүмүүст хариуцлагын асуудал яригдах ёстой.

-МАХН-аас хэдэн хүн дахин сонгуулиар нэр дэвших юм?

-Жагсаалтын 12, тойргийн таван хүн гээд нийт 17 суудалд дахин сонгууль зарлагдана. Нэр дэвшилт бас сурталчилгаа гээд сонгууль яаж болдог билээ. Түүн шиг болох учиртай.

-Нөхөн сонгуулийг хэзээ гэж товлох юм. Хуульд энэ тухай заасан уу?

-Хуульд тодорхой заалт байхгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн агуулга ёсоор бол шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болох ёстой. Шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой. Үүнтэй адилхан тохиолдол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ч гэсэн гарсан. МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй нь хууль бус юм гэж.  Ер нь аймгийн дахин сонгууль яригдаж байгаа өнөө үед  Сонгуулийн Ерөнхий хороо хариуцлагатай хандах ёстой. Ойрын хугацаанд дахин сонгуулийн товыг зарлах ёстой. Ялангуяа, ирэх оны төсөв, төсвийн тодотгол ярьж буй энэ үед дахин сонгуулийг заавал тусгах шаардлага байна. Яагаад гэвэл зарим аймгийн иргэд хууль ёсны удирдлагагүй байна шүү дээ.

-Энэ шийдвэрийг Говь-Алтайн удирдлагууд хүлээн зөвшөөрөх юм уу?

-Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн ойлголт байж болохгүй. Шүүхийн шийдвэрийг Монголын иргэн бүр биелүүлэх ёстой. Ойрын хугацаанд дахин сонгуулийг зарлахгүй бол манай намын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, төрийн албадлагаар биелүүлэх болно. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ч гэсэн зохих байгууллагад тавина.

- Нөхөн сонгуулиар ирц хүрдэггүй тал бий?

-Ирц асуудал дагуулдаг нь үнэн. Гэхдээ бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллага нь бас сайн ажиллах ёстой. Нөхөн сонгууль болж байгаагийн цаад шалтгаан нь зарим буруутай этгээдийн хариуцлага учраас санхүүгийн зардлыг тэднээс гаргах нь зүйн хэрэг юм.

-Говь-Алтайгаас өөр нөхөн сонгууль болох аймаг бий юү?

-Одоогийн байдлаар Хөвсгөл, Говьсүмбэр, Дорнод, Булган аймгийн хоёр сум, нийслэлийн Сүхбаатар дүүргийн асуудлууд шүүхийн шатанд явж байна. Эцсийн шийдвэр гараагүй учраас тийм, ийм гэж хэлэхэд хэцүү. Нийт сонгогчдын 40 гаруй хувийг нь хамарч байгаа нутаг дэвсгэр дээр орон нутгийн сонгуультай холбоотой маргаан шүүхэд явж байна. Энэ нь 2012 оны орон нутгийн сонгууль будлиантай болсныг гэрчилж байгаа юм.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын бие гайгүй юу. Холбоотой байгаа биз?

-Одоогоор эмчилгээ хийлгэж байна. Эрүүл мэнд нь бидний хүсч хүлээж байгаа шиг хурдан хугацаанд сайжрахгүй байна. Ер нь эмчилгээ жаахан удаашрах шинжтэй байгаа юм билээ. Хамаг эд эсээ алдсан хүн түүнийгээ нөхөж авна гэдэг урт удаан хугацааны ажил шүү дээ.

-Монголдоо хэзээ ирэх юм?

-Эмчилгээ дуусаагүй байгаа учраас төдийд ирнэ гэж хэлэхэд эрт байна. Алдсан эрүүл мэндээ олж авахын тулд удаан хугацаанд эмчилгээ хийлгэж таарна.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 58 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 55 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 55 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин