
Д.БОЛОР
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрээр салбартаа өрнөж буй бүтээн байгуулалт болон хууль, эрх зүйн ямар өөрчлөлт орж байгаа талаар ийн ярьсан юм.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш салбар бүрт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тухайд ямар шинэчлэл хийв?
-Засгийн газар Шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд нэлээд шамдуу ажиллаж байна. Үр дүнг нь өнөөдөр шууд мэдрэх гэхээс илүүтэй тогтолцооны гажуудлыг засах, бүтээн байгуулалтыг цар хүрээтэй хийх бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Олон түмэн хүлээлт ихтэй байгаа нь үнэн гэж бодож байна.
Манай салбарын хувьд гэхэд л улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, нөөц баялгаа зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулах зорилго тавьсан. Энэ зорилго бүх яамны бодлого, бүтээн байгуулалттай нягт уялдана. Нэг ёсондоо тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль орчинтой зөв харьцахад оршино гэсэн үг. Тодруулбал, байгаль экологийн тэнцвэрийг хадгалсан, хүний аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангасан ногоон хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс “Ногоон хөгжил” үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бид боловсруулан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг үзэл баримтлалыг УИХ-д оруулж батлуулах юм. Үүнд зөвхөн шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаа бус ирэх 20 жилийн ногоон хөгжлийн бодлогыг төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар баталсан Байгаль орчны багц хууль байгууллага, хувь хүн, иргэний нийгэм, аж ахуйн нэгжийн байгаль орчинтой харьцах харилцааг зохицуулсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэлийн чанартай хэд хэдэн журам зохицуулалтыг ой, ус, ан амьтан гээд чиглэл, чиглэлээр нь хийж байна.
-Тэгвэл ойжуулах, ногоон байгууламжийг бий болгох талаар ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
-“Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авах, Монгол орны Говийн бүсэд 3000 шахам км ойн зурвас байгуулах зэрэг томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 2009 онд УИХ-аас Ойн сан бүхий газрыг уул уурхайн үйлдвэрлэлээс чөлөөлөх тухай хуулийг баталсан. Энэ нь ойн экосистемийг хамгаалах, нутгийн иргэдийн өргөн оролцоотой ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд чиглэсэн зөв зохицуулалт болсон юм. Харин 2012 онд Ойн хуулийг шинэчилсэн. Хуулийг хэрэгжүүлэх хэд хэдэн журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. Мод тарих, ойжуулах, ойн сангаа арвижуулах үйл ажиллагааг эдийн засгийн хувьд нь хөхиүлэн дэмжих бодлого их чухал. Иймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал гарч “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг баталсан.Энэхүү журмын гол зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэх. Мөн иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж, ургуулсан таримал ой, модыг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх, ойн санд шилжүүлэх харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгийг ойжуулалтын ажилд зарцуулах хэд хэдэн хөшүүргийг шинээр бий болгосон. Тухайн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийвэл төр худалдаж авах юм. Гэхдээ тодорхой газруудад тарьж ургуулсан мод, бий болсон ой, төгөл, зурвасыг худалдан авна. Тухайлбал, мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртсөн талбайд тарьж ургуулсан ой, мод, усны ундарга, гол мөрний эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод зэргийг үнэлж, худалдан авна.
-Төр ямар хэмжээний таримал ой, модыг худалдаж авна гэсэн үг вэ?
-Төрд худалдах таримал ойн хэмжээ 0.5 га- гаас багагүй, ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас багагүй байна. Түүнчлэн цаашид ургаж амьдрах чадвар бүхий таримал модтой байх ёстой. Хэрэв ойжуулсан талбай 0.5 га-д хүрээгүй эсвэл 0.5 га-д байгаа модны тоо заасан хэмжээнээс цөөн байвал таримал модыг тоолж үнэлнэ. Гэхдээ худалдаж авах модны тоо хамгийн багадаа ойт хээрийн бүсэд 450, тал хээрийн бүсэд 250, говь цөлийн бүсэд 150 ширхэгээс цөөнгүй байх шаардлагатай. Энэ нь нөгөө талаар ногоон ажлын байрыг бий болгоход ч үр өгөөжөө өгнө гэж бодож байгаа. Журамд орсон бас нэг чухал заалт бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр өөрийн өмчлөлийн болон эзэмшил газартаа тарьж ургуулсан таримал ой, модыг өмчлүүлэхээр тусгасан. Үүнд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2003 оноос хойш тарьж ургуулж байгаа ой, төгөл, модыг хамруулна. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлийн болон эзэмшил газарт тарьж, тордож, ургуулсан бяцхан төгөл, модондоо таримал ойг өмчлүүлсэн тухай гэрчилгээ авснаар иргэн хүний үл хөдлөх хөрөнгө нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.
-Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Туул голын сав дагуу хайрга олборлож байгаа компаниудыг лицензийг цуцалсан гэсэн үү?
-1994 оноос хойш 84 компани хайрга олборлох тусгай зөвшөөрөлтэй байдаг. 1994 онд батлагдсан Байгаль хамгаалах тухай хуулиар сав газар үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглосон байдаг. Гэтэл энэ компаниуд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн хавраас эхлээд цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран эдгээр компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоохоор ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхтэй ажиллаж байсан 34 компанийн үйл ажиллагааг зогсоож чадсан. Одоо харин идэвхгүй, үйл ажиллагаа төдийлөн явуулаад байдаггүй 50 гаруй лиценз бий. Энэ лицензийг цуцлуулахаар манай яамнаас Ашигт малтмалын газарт хоёр удаа хандаад байна. Ямар ч байсан энэ лицензийг цуцлах ёстой.
-Урт нэртэй хуулийг дагалдах журмыг өөрчлөх тухай асуудал УИХ-ын төвшинд яригдаж байна. Энэ хууль батлагдснаар уул уурхайн хэд, хэдэн компанийн үйл ажиллагаа сэргэнэ гэж байгаа. Нөхөн сэргээлтээ хийгээгүй компани үйл ажиллагаагаа явуулахгүй гэх баталгааг өгч чадах уу?
-Энэ дагалдах журмыг судлах ажлыг хэсгийг Д.Арвин гишүүн ахалж байгаа. Удахгүй шийдвэр, дүгнэлтээ гаргах байх. Ер нь бол нөхөн сэргээлтээ хийгээгүй, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан компаниудын хар жагсаалтыг манай яамныхан гаргаж байна. Энэ жагсаалтад орсон л бол хуулиараа ажиллах боломжтой байсан ч бид зөвшөөрөл өгөхгүй.
-Байгаль хамгаалагчдын чуулган болно гэсэн. Тодруулахгүй юу?
-Манай яамны харъяа 350 байгаль хамгаалагч бий. Тэд ирэх сарын 1-нд Төрийн ордонд байгаль хамгаалахад учрах саад бэрхшээл, хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй байгаагаа ярих учиртай.
-Мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх тухай яриад байгаа. Ингэснээр дотоодод хууль бусаар мод бэлтгэж байгааг зогсоож чадах уу?
-Манай яам УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг оруулсан. Ойг зөвхөн мод, модон материалын түүхий эдийн нөөц гэж харж болохгүй. Гэтэл манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь багасаж тэр чинээгээрээ ойн сан доройтолд орж байна. Ганц нэг тоо хэлэхэд ойн түймэрт нэрвэгдэж дахин ургах чадваргүй болсон ой 1196.8 мянган га, хөнөөлт шавжид идэгдэж хатаж хуурайшсан ой 95.7 мянган га, мод бэлтгэсэн талбай 114.1 мянган га, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 3.7 мянган га ой байна. Ойгоор бүрхэгдсэн талбай 10 жилийн дотор 289757 га талбайгаар хорогдсон. Иймээс манай яам бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, модон бэлдэцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн төслийг Засийн газар, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Импортоор орж ирж буй зүсмэл модон материалын чанар дотоодынхоос илүү, стандартад нийцдэг. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэлийн техник, технологи дэлхийн төвшинд хүрч байгаа учраас чанартай түүхий эд шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид ярьдаг. Энэ утгаараа ойн санг хамгаалах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нэг арга нь татвараас чөлөөлөх юм. Ингэж эрэлт нийлүүлэлтийг зохицуулж чадвал хууль бусаар мод бэлтгэх асуудлыг ч зогсоож чадах болов уу. Түүнчлэн үүний цаана ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг бүрэн хориглох бодлого бий.
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэхээр ажиллаж байгаа вэ?
-Дэлхийн дундажаас бараг гурав дахин хурдацтай явж буй Монгол орны дулаарал нь цөлжилт, бэлчээрийн доройтолд хүргэх сөрөг үр дагавартай байгаа. Ийм нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулах хэрэгтэй. Ингэхдээ Монголд болон дэлхийд үр дасан зохицох технологи нэвтрүүлэх шаардлагатай. Олон улсын санхүүгийн дэмжлэгийг ч олох боломжтой гэж яамны зүгээс үзэж байгаа юм. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээх ногоон технологийг манай яам Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил. Өнгөрсөн онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталсан. Мөн Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Дундговь, Өвөрхангай аймагт “Шар шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх” төслийг хэрэгжүүлсэн. Иргэдэд бэлчээрийг зүй зохистой, хуваарьтай ашиглах, хаших, малчдын түлшний асуудлыг шийдвэрлэх талаар сургалт явуулж үр дүнтэй болсон.