М.Батчимэг: 2014 оны төсөв авлигажсан харагдаж байна

2013-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

 

Өдгөө УИХ-аар төсөв, мөнгөний бодлогын тухай ярилцаж байна. Маргаан мэтгэлцээн дагуулж буй энэ хуулийн төсөлд УИХ-ын гишүүн М.Батчимэг ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 

-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа сэдэв бол “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”.  Энэ хөтөлбөр үр дүнгээ өгөв үү. МАН-ынхан бол үнэ тогтворжуулах биш харин өсгөлөө гэдгийг баримтаар нь ярина лээ?

-Энэ онд манай улсын эдийн засгийн байдал нэлээд хүндэрлээ. Хүндэрсэн нөхцөл байдал энэ жил бий болчихсон юм биш. Холбогдох байгууллагын гаргаж өгсөн судалгаанаас харахад 2011 оны дунд үеэс эхлээд Монгол Улсын орлого буурч ирсэн байдаг. Энэ нь  эдийн засгийн хүндрэл эрт эхэлснийг хэлнэ.

Эрт эхэлсэн учраас 2013 он гэхэд үндсэндээ банкуудын зээл тасрах, иргэдийн бизнес эрхлэх нь багассан аюул нүүрлэсэн. Нөгөө талдаа өнгөрсөн оноос эхлээд инфляц нэлээд өслөө. 2013 оны төсөв хэлэлцэж байх үед Монголбанкнаас зоригтой зорилго дэвшүүлсэн байсан. Инфляцийг нэг орон тоонд барина. Нөгөө талаас зээлийн хүүг бууруулна гэж. Хэцүү зорилго хэдий ч үүнийг онилсон бодлогыг Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд үр дүнтэй явууллаа гэж хэлэх байна. Тэрний нэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулж ирсэн явдал юм.  Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна гэдэг макро эдийн засаг тогтвортой байж, эдийн засаг бодитойгоор өсөх боломж бүрдэнэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр  шатахуун, мах, гурил гээд иргэдийн байнгын хэрэглээнд байдаг бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй хэвийн байлаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нэлээд хүндрэх байсан ч үнэ тогтворжуулах бодлого явуулсны дунд тогтвортой байж чадлаа. Гэхдээ энэ нь асуудалгүй гэсэн үг биш. Цаашдаа “Үнэ тогворжуулах хөтөлбөр”-ийг зах зээлийн горимд нийцсэн, өрсөлдөөнийг дэмжсэн аргаар үргэлжлүүлэх ёстой. Энэ санааг олон гишүүн хэлнэ лээ.

-2013 оны төсөвт тодотгол хийх тухай та бүхэн хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотголыг авлигажсан төсөв гэж тодорхойлсон. Засгийн газар өөрийнхөө батлуулсан төсвөө авлигажсан гэж нэрлэх нь хэр оновчтой бол?

-Намрын чуулганаар төсөв хэлэлцдэг жамтай. Төсөв хэлэлцэх энэ үед бүх хүн төсвөөр л амьсгалдаг. Хэвлэл мэдээллийнхэн  хүртэл тэр чигээрээ төсөв рүү анхаарлаа хандуулж байх шиг байна. Юуны өмнө уншигчдад төсөв гэдгийг тайлбарлах ёстой. Төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Үүргээ гүйцэтгэхийн тулд хөдөлмөр эрхэлж байгаа, худалдан авалт хийж байгаа хүн бүрээс татвар авах замаар орлогоо бүрдүүлдэг. Харин энэ орлогоо буцаагаад үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал асуудал. Төсөв гэдэг бүхэлдээ Монгол Улсын эдийн засаг биш. Төсвийн зардал 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Цаашдаа эдийн засаг томрохын хэрээр 35 хувиас хэтрэхгүй хувиар барихаар харагдаж байна. Гэхдээ өнөөдөр  төр үндсэн үүргээ биелүүлэхийн тулд хүмүүст хэрэгтэй байгаа зүйлд нь төсвөө зарцуулж чадаж байна уу гэдгийг анхаарах ёстой. Нөгөө талдаа аж ахуйн нэгж хийхэд ашиггүй тэгсэн атлаа нийтийн эрх ашигт зайлшгүй шаардлагатай ажлыг төр өөрөө нуруун дээрээ авч явах ётсой. Энэ ажил нь улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, гадаад бодлого, соёл үндэснийхээ эрх ашгийг хамгаалах юм. Ийм зүйлд л төр хөрөнгөө зарцуулж байх ёстой. Харин энэ бүхэнд төсөв мөнгөө зарцуулж байна уу гэдгийг хэн хүнгүй дүгнэлт хийж суугаа байх. Ерөнхий сайд төсвийн тодотголыг авлигажсан төсөв гэж хэлсэн нь олон хүнийг цочролд оруулах шиг боллоо. Ялангуяа, сөрөг хүчин болох МАН-ын бүлэг асуудлыг шүүрч аваад хэрүүлийн чанартай халуун яриа өрнүүлж байна.  Миний хувьд МАН-ынхан асуудалд ингэж хандаж байгаад харамсч сууна. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг шиг элдэв мэдэгдэл хийж байгааг нь хараад гайхсан. Өнөөг хүртэл Монголын төсөвт олон асуудал хуримтлагдаж ирсэн. Ялангуяа, гишүүдийн тойргийн тэрбум гэдэг асуудал яригдах болсноос хойш төсөв авлигажих явц улам гүнзгийрсэн шүү дээ. Түрүүчийн Ерөнхий сайдууд үүнтэй эвлэрээд, нүдээ аниад баталж байсан болохоос биш төсөв авлигажсан байжээ гэдгийг зоригтой гаргаж ирж чадаагүй. Гаргаж ирэхгүй байсан нь төсөв авлигажихад улам нөлөөлсөн нь дамжиггүй. Үүнийг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг зориг­той­гоор гаргаж тавьж байгаа нь чухал алхам гэж хэлэх байна.

-Төсөв яаж авлигажсан гэж?

-Энгийн жишээ хэлье. 2007 онд нэгэн сургууль барихаар төсөвт мөнгийг нь суулгахдаа 300 сая гэж тоцож. Гэтэл хугацаандаа барьж чадаагүй учраас дараа жил нь 600 сая төгрөг болгож өсгөсөн байгаа юм. Тэр ч бүү хэл, таван жилийн дараа нөгөө сургууль барих мөнгө нь гурван тэрбум болж өссөн байх жишээтэй. Энэ бол бодит жишээ. Үүнийг гурван зүйлээр авлигажсан гэж  нотолж болно. Нэгдүгээрт, 300 сая төгрөгөөр төсөвлөгдсөн сургууль тэрбум болж өсөх шалтгаан юу гэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо хийх амлалтаа биелүүлэхийн тулд чуулганы хуралдаанд тендергүй, зураггүй, газрын зөвшөөрөлгүй, техникийн төсөлгүй хэд, хэдэн бүтээн байгуулалт оруулаад ирдэг. Оруулж ирээд зогсохгүй шахалт шаардлага, лоббигоор батлуулна. Гэтэл өнөөх нь газар дээрээ очоод хэрэгжих боломжгүй байдаг. Зүгээр л сонгуульд улс төрийн дэмжлэг авах гэсэн улстөрчдийн ажил байсан хэрэг. Гэхдээ тойрогт хийж байгаа бүх ажлыг авлигажсан гэж хэлж болохгүй. Тойргийн иргэдийн хүсэлт, шаардлагаар хийж байгаа зүйл бий.  Цаашдаа тойргоо хахуульдах маягаар тооцоо судалгаагүй, хууль зөрчсөн зүйл оруулж ирэхийг зогсоох ёстой. Хоёрдугаарт, 300 саяас яагаад гурван тэрбум болтол өсөв. Энэ нь нөгөө хуулийн цоорхойтой холбоотой. Хуулийн цоорхойгоор авлигажих, хий мөнгө тавих нөхцөл бүрдэж байгаа юм. Өнөөдөр 500 хүүхдийн сургуулийг гурван аймагт бария гэхээр өөр, өөр төсөв, зураг төсөлтэй орж ирдэг. Соёлын төв ч мөн адил. Яах вэ, төсвийг нь гаргаж байгаа хүмүүс алдаа гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тийм хүмүүст хариуцлага тооцох механизм сул байна.  Харин батлуулж байгаа эрхмүүд нь зориудаар зардал үүсгэхийг үгүйсгэхгүй. Барилга бариулах захиалагч тал нь аль болох том талбайд сургуулиа  барихыг хүснэ. Нөгөөх нь бага зайд бага зардлаар тооцох гээд оруулаад ирнэ. Энэ дундаас төсвийг хяналтгүй мөнгө урсах боломж нэмэгдэж байгаа юм. Гуравдугаарт, соёлын төв, сургууль, үйлчилгээний төвийг төр барих ёстой юм уу гэсэн асуудал байгаа юм. Иргэдийн халааснаас авсан мөнгөөр төр өөрөө яагаад заавал барих ёстой юм. Хувийн хэвшилд боломж олгох ёстой. Уг нь Монгол Улс Концессийн хуультай. Хувийн компаниуд тухайн барилга байгууламжийг өөрийнхөө хөрөнгөө барина. Мэдээж  төр гэрээ байгуулаад хуулийн дагуу бүх стандарт, чанарын шаардлагаа тавиад бариад дуусахаар нь худалдан авдаг болчих хэрэгтэй. Ийм боломж байсаар байтал төр бүх бүтээн байгуулалтыг хийж байна. Худалдааны төв, соёлын төв гээд юу бүгдийг төр өөрөө хийж байна. Энэ олон зүйлээр төсөв авлигажиж гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрсний дараа төсөвт шинэчлэл хийх боломж гарч ирж байна.

- 2014 оны төсөвт энэ реформыг хийж амжих уу. Таны ярьж байгаа санааг шингээх бололцоо хэр харагдаж байна?

-2014 оны төсөв хэлэлцэж буй энэ үед Засгийн газрын гишүүд төсвийн реформыг  хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Өнөөдөр 2014 оны төсөв авлигажсан төсвөө хадгалаад орж ирж байна гэж харж байна. Яагаад гэхээр 2013 онд төсвийн реформ хийж чадаагүй. Ер нь төсөв гэдэг бол төрийн бодлогыг тоонд хөрвүүлсэн хэлбэр байх ёстой. Зөв байвал тэр шүү дээ. Ач холбогдол өгсөн бүтээн байгуулалтаа эрэмбэлэх гэсэн үг. Гэтэл одоогийн төсвийг харахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ту­саагүй хөрөнгө оруу­лалтын санал байгаа юм. Энэ бүтээн байгуулалт нь  гишүүдийн шахалтаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусалгүйгээр шууд орж ирэх юм. Ин­гэхээр л нөгөө авлигажих үндэслэл болж байгаа юм. Төсөв хэлэлцэх явцад тохиолдох эмгэнэлтэй зүйл юу гэхээр улстөрчид үзэл баримтлал ярих гэж хичээдэг. Яг хэлэлцээд эхлэхээр тойрог, тойрог дээрээ мөнгө тавиулах хүсэлтэн болж хувирна. Өнөөдөр 2014 оны төсөв ийм байдлаар ороод ирчихсэн нь нууц биш. Мэдээж төсөв батлах явцад боломжоороо засвар хийх байх. Гэхдээ дахиад л энэ байдал хадгалагдах байх. Засгийн газар, УИХ-ын өмнө тавьж байгаа шаардлага нь төсөв үр ашигтай, хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах чиглэгдсэн байх ёстой. Тэгэхийн тулд Ерөнхий сайдын зоригтой хэлж байгаа авлигажсан төсөв гэдэгт дүгнэлт хийх шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд байгаа гаж үзэгдэл бол УИХ-ын гишүүд дураараа тооцоо судалгаа муутай, бүхэл тоо хэлж орж ирдэг. Энэ бол байж болохгүй. УИХ бодлогын хүрээнд Засгийн газарт нийслэлд тийм тооны эмнэлэг, хөдөө тийм тооны сургууль, цэрэг, цагдааг ийм төвшинд хүргэ гэж бодлогын чиглэл өгөх ёстой. Түүнээс биш тэр аймагт тийм мөнгөөр сургууль барь гээд суух нь УИХ-ын ажил биш. Хэрэв Засгийн газрыг  даалгаврын дагуу ажиллуулж чадвал дараа нь тэдэнд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол алдаатай төсвийг УИХ өөрөө алх цохиж баталчихаад Засгийн газарт ямар хариуцлага ярих болж байна. Энэ бол УИХ Засгийн газрын чиг үүргийг салгах ёстой. Хоёрдугаарт, төсвийн реформын чухал асуудал бол концессийн асуудал. Хувийн хэвшлийн ажилд төр оролцох ёсгүй. Гурав­дугаарт, төсөв шаардлагагүй ачааг авч хаях ёстой. Жишээлбэл, төр худалдааны төв, соёлын төв бариад байна гэдэг чинь хувийн хэвшлийн орон зайг булаагаад байна гэсэн үг.

-Энэ онд бий болсон 1.5 их наяд төгрөгийн алдагдал юунаас болов гэж дүгнэх юм.

-Өнгөрсөн оны төсөв баталж байхад би Сангийн сайдаас асууж байсан юм. Ямар үндэслэлээр яагаад өөдрөг төсөв оруулж ирэв гэж. Гадаад, дотоод улс төр, эдийн засаг чинь тодорхойгүй байгаа шүү гэж хэлж байсан. Өөдрөг төсөв орж ирсэнд хамаг учир бий. Нөгөө талаас экспортын орлого буурснаас төсвийн орлого тасарсан. Нүүрсний үнэ унах, худалдан авах байдал хэлбэлзэж байхад Засгийн газар хэдэн  тоо үржүүлээд оруулаад ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төлөвлөлт алдаатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Намууд бодлогын хүрээнд яагаад ийм байдалд хүрэв гэж дүгнэлт хийх ёстой байтал “Чиний буруу, миний буруу” гэж улс төрийн оноо түүх гэсэн хэрүүл хийж байгаад харамсч байна. Өнөөдөр бий болсон нөхцөл байдал хэн нэгний бий болгосон асуудал биш. Ингэж хэрэлдээд шийдэж чадахгүй. Ялангуяа, МАН-ынханд аливаа асуудлыг битгий ингэж хэрүүл болго. МАН бол олон жилийн туршид хариуцлагатайгаар төр барьсан улс төрийн том хүчин. Тийм юм бол бодлогын төвшинд ярьж чаддаг байх ёстой.

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 32 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин