Х.Болорчулуун: Оюутолгойн луйврын гэрээг яаралтай өөрчилмөөр байна

2013-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрсөн саруудад тойрогтоо очиж ажиллаад ирсэн гэсэн. Танай нутгаар сонин юу байна. Засаг даргагүй явсаар байна уу. Зарим хүн ч Засаг дарга болохоор ил, далдаар өөрсдийгөө хэвлэлээр зарлаж байх шиг байна?

-Хаврын чуулган дуусаад нутаг орондоо амрах, ажиллах хослуулан зуны гурван сарыг өнгөрөөлөө. Аймгийнхаа сумдаар бүтэн тойрч дуусаагүй байна. Намрын чуулганы дундуур сумдаар явна даа. Манай аймаг Засаг даргагүй, ИТХ нь хуралдаагүй, бүтэн нэг жил өнгөрлөө.  Энэ үед Засаг даргын төлөө өрсөлдөнө гэдгээ аймгийн АН-ын дарга н.Цэрэнчимэг, “Хаан брой”-н С.Отгонбаатар нар хэвлэл мэдээллээр зарлаж байна билээ.

Хэн нь ч Дорнодод ажиллаж, сурч байсан. Угсаа гарвал нь ч манай нутагтай холбоотой, юм бүтээх эрч энергитэй хүмүүс гэж боддог. Хүн бүрийн санаанд таарах төгс төгөлдөр хүн гэж байхгүй болохоор олонхиороо нэгдэж ИТХ хуралдуулж чадахгүй удлаа. Ер нь аймгийн Засаг даргыг хурлын төлөөлөгч сонгодог бус эрх барих намын Ерөнхий сайд шууд томилдог, эсвэл ард олны санал хураалтаар сонгодог бол илүү дээр санагдана.

-Дорнод Засаг дарга­гүй удсан нь шүүхийн маргаантай холбоотой юу?

-Орон нутгийн сонгуулийн дараа ИТХ-ын анхны хуралдаанаар МАН-ын дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар сонгосон байдаг. Гэвч үүнийг нь Ерөнхий сайд батламжлаагүй учраас гурван шатны шүүхээр маргаан үүссэн. Эцэст нь Ерөнхий сайдын талд эцэслэн шийдэгдлээ. М.Бадамсүрэн унах болсон шалтгаан нь аймгийн Засаг дарга болох хүн төрд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хангагаагүй бололтой юм.

-Та ээлжит бус чуулганд яагаад суусангүй вэ. Тойргийн ажлаа тэргүүнд тавьсан хэрэг үү?

-Ээлжит бус чуулганд суусан. Харин нээлтэд нь оролцож амжаагүй. Тойргийнхоо Халхгол, Матад суманд ажиллаж байгаад тэр. Магадгүй тойргийн ажлаа илүүд үзсэн шиг болчихлоо. Гэхдээ ээлжит бус хурал гэж сүртэй зарлаад дөрвөн хууль оруулаад нэгийг нь ч хугацаандаа баталсангүй шүү дээ.

-Та төр түшихээс гадна тариа буудай тарьдаг шүү дээ. Энэ жил хэдий хэмжээнд тариа хураах төлөвтэй байна даа?

-Би өөрөө агрономич мэргэжилтэй. Дээд сургуулиа төгсөөд л төрж өссөн нутаг орондоо мэргэжилтэйгээ холбоотой аж ахуй, бизнес голлон эрхлэж ирсэн. Миний өсч өндийлгөсөн, ажиллаж байсан “Дорнод гурил” компани нутаг орноо экологийн цэвэр хүнсээр хангадаг аж ахуй бизнесийн байгууллага. Энэ жил мянга, мянган тонн үр тариа, төмс хураан авсан. Ерөнхийдөө ургац сайн байгаа. Хийж сурсан ажил тогтсон үйлдвэрлэлийг ажилсаг чамбай, итгэлтэй хамт олон сайн авч явна. Миний хувьд санаа зовж оролцоод байх шаардлага байдаггүй.

-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна. Богино хугацаанд хямралаас гарах ямар гарц байгаа бол?

-Монголын эдийн зас­гийн өнөөгийн байдал сайнгүй байгаа гэдгийг бүгд мэдэж, ойлгож байгаа. Ялангуяа экспортынх нь 80 хувь уул уурхайгаас хамааралтай бас импортын хэрэглээтэй улс учраас эдийн засгийн өнөөгийн чадавхи сайн биш байна. Дэлхий дахинд ашигт малтмалын үнэ 20-50 хувь уначихлаа. Ер нь уул уурхайг хэт шүтэх нь улс орны эдийн засаг дах халуурал юм шүү дээ. Нөгөө шар будаатай халуун цай уугаад цэрэгт толгой нүцгэн мордлоо гэдэг шиг юм. Уул уурхай, байгалийн баялаг хөгжлийн гол зам биш. Энэ бол улс орныг хөгжүүлэх гарааны их тэсрэлт олгож чадах, үүн дээрээ үндэслэн бусад салбараа хөгжүүлэх их хүч, энергийн эх үүсвэр гэж л боддог. Бид бүсээ чангалан байж үрэлгэн хэрэглээнийхээ импортыг хазаарлаж багасгах нь хамгийн чухал. Импортоор үндсэндээ таван хувийн татваргүй шахам орж ирэх барааныхаа импортын татвар босгыг өндөрсгөе. Тэгж байж Монголдоо хийж байсан, хийж чадах бүх зүйлийн салбарын үйлдвэрлэл сэргээх боломжтой. Ингэснээр гадагшаа урсаж байсан валютын их урсгал татарна шүү дээ. Сонгуулийн дараахь хоёр жилд л хийхгүй бол дорвитой өөрчлөлт шинэчлэлт гарч чадахгүй. Засгийн газраас ч улс төрийн зориг шаардана.

-Засгийн газраас төсөвт тодотгол хийх хуулийн төсөл оруулж ирж байна. Төсвийн тодотголын талаар юу хэлэх вэ?

-Энэ жилийн төсөвт суусан хийх ажлуудаас тендер нь зарлагдаагүй хойшилсон зэрэг янз бүрийн шалтгаанаар гэрээ хийгдээгүй ажил байна. Энэ  ажлуудын мөнгөн дүнгийн хэмжээ олон зуун тэрбумаар хэмжигдэж таарч байгаа. Манай орны тааламжтай улирлын хугацаа ч дуусч байна. Иймд энэ бүхнийг төсвийн тодотголоор шийдвэрлэж зохицуулах нь зөв.  Тэгээд ч валютын нөөц бага энэ үед төсөвт суусан боловч нэн түрүүнд тулгамдаад байхгүй ажлуудыг төсөвт тодотгол хийх замаар эдийн засгийн хэмнэлт гаргах нь зөв гэж бодож байна.

-Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Та татварын хөнгөлөлтийг модон байлгаж болохгүй. Энэ бол цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг зүйл гэсэн. Таны бодлоор энэ хууль хэр зэрэг сайн болов?

-Манайд татварын орчин савалгаатай явж ирсэн. Хөрөнгө оруу­лалтын орчин тогтвортой байвал гадна, дотны бизнес эрхлэгчид сэтгэл санаа амгалан байх учиртай. Тиймээс УИХ-аас аж ахуйн нэгжийн орлогын, НӨАТ, гаалийн, байгалийн нөөц ашигласны зэрэг дөрвөн нэр төрлийн гол татварыг бүс нутаг, хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь шалтгаалан 15 хүртэлх жилийн хугацаанд татварын тогтворжилтын батламж, гэрчилгээ олгохоор боллоо. Энэ хуулийг зөв зүйтэй цаг үеэ олсон сайн хууль болсон гэж дүгнэмээр байна. Олон улсад ч гэсэн цөөхөн төрлийн гол татварыг тогтворжуулдаг. Ер нь татвар гэдэг нийгмийн хөгжлийн дагуу цаг үетэйгээ хэлбэлзэн нэмэгдэж, хасагдаж  байдаг зүйл. Бусад гол бус татвар шимтгэлийг  модон байлгаж болохгүй гэсэн санаагаа хэлж байсан юм.

-Уул уурхайн талаар хүчтэй байр сууриа илэрхийлдэг гишүүний нэг нь та. Өдгөө урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулах ёстой гэж улстөрчид хэлэх боллоо?

-Урт нэртэй хууль байгаль орчин сүйтгэхийг зогсоох тал дээр ашиг тусаа өгсөн ч зарим талдаа ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байсан бизнесмэнүүдэд төрийн хуулийн төмөр нударга болсон. Нэгэнт А лиценз өгсөн бол гол мөрөн урсац бүрэлдэх ай саваас бусад газрынхыг бол ашиглуулах нь зөв. Тэр дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дэх гол уснаас 200 метрээс хол зайд ашиглаж болно гэдэг бол арай хэтэрнэ.

-Оюутолгойн гэрээний талаар УИХ-аас УИХ дамжин олон ч гишүүн шүүмжлэн ярьж ирлээ. Энэ цаг үед ч гэсэн гэрээг өөрчлөх ёстой гэж байгаа?

-Яагаад энэ гэрээний талаар Монголын эх оронч эрдэмтэд болон УИХ-ын гишүүд олон жил ярьж шүүмжилдэг гэхээр энэ бол цэвэр луйврын гэрээ болсон юм. Тэр нь ч аргагүй. Угаасаа Монголыг төлөөлж гэрээнд оролцсон Засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз”-ын Фрийдланд, манай Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээний талаар зөвлөгөө өгч байсан “Голдмен Сакс” компани зэрэг нь гурвуулаа нэг тал, ашиг сонирхлын холбоотой байхад Монгол Улс Монголын ард түмэнд хохиролтой гэрээ болох нь ойлгомжтой шүү дээ. Зөвлөгч “Голдмен Сакс” нь Оюутолгойд хөрөнгө оруулагчийн хувьцаа эзэмшдэг байсан нь хожим илэрсэн. Энэ гэрээг нягтлан уншихад үнэхээр харуусал төрдгөө нуух юун. Оюутолгойн орд Эрдэнэтээс хэд дахин том, нэг шоо метрт агуулагдах зэс нь 3-4 дахин их. Өөрөөр хэлбэл, цул зэс, алт мөнгөний дэлхийн хэмжээний эрдэнэсийн том орд. Гэтэл энэ бүхэн Монголынх гэхээсээ хөрөнгө оруулагчийн олсон юм. Монгол Улс 34 хувийг нь гуйн байж тэднээс 1,8 миллиард доллараар худалдан авч байна. Говьд ус алтнаас үнэтэй. Гэтэл хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөр олсон ус гэж гэрээн дээр бичсэн байгаа. Тэр усыг үндсэндээ үнэгүй ашиглаж, харин бусдад бол зардал шингээсэн үнээр худалдах жишээтэй. Оюутолгойд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хүссэнээр нь эдлүүлсэн. Ганц жишээ хэлэхэд, байгалийн нөөц ашигласны татвар буюу роялтийг таван хувиар 30 жилийн хугацаатай тогтоосон. Гэтэл адилхан зэсийн үйлдвэр Эрдэнэт өнөөдөр 13 хувиар роялти төлж байна. Бид олон улс, тэр тусмаа хөршүүдтэйгээ эдийн засгийн тал дээр шударга тэгш харьцаж байж улс төрийн дэмжлэг, хамтын ажиллагааг хүсэх эрх хангагдана шүү дээ. Хөрөнгө оруулагчийн хүсэлтээр зэсийн үнийн өсөлтийн 68 хувийн  татварыг тэглэсэн. Тухайн үед УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл “68 хувийн татварыг тэглэлээ. Харин орлуулах татварыг тавина шүү” гэж өсөн нэмэгдэх роялти татварыг тави­хаар болсон ч харамсалтай нь эсрэгээрээ эргэсэн. Энэ бүхэн нь ч санамсаргүй хэрэг огтхон ч биш. Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийн энэ үед Оюутолгойгоос Эрдэнэттэй адил өсөн нэмэгдэх роялти  тат­варыг авч байхаар өөрч­лөлт оруулах нь шударга ёс төдийгүй Монголын эрх ашигт нийцэх болно. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн луйврын гэрээг яаралтай өөрчлөх ёстой.

-Та томоотой гишүү­дийн нэг боллоо. Ялангуяа, АН-ыг даган баясах гишүүн гэж дүгнэх хүн олон бий?

-Унаган чанар маань томоотой тал руугаа юм шүү дээ. Ялангуяа УИХ-д орж ирэхээс өмнө сонин хэвлэл, реклам сурталчилгаанаас зай барьж ирснээ нуугаад яах вэ. Зөвхөн хийж бүтээх үйлдлээрээ нутагтаа, түмэн олондоо танигддаг байсан болов уу. Ямар сайндаа бие даан нэр дэвшихээ зарлах үед л анх удаа студийн эфирт орж, хэвлэлийн хурал хийлгэж байсан шүү. УИХ-ын гишүүн болно гэдэг тэр амьдралын дадал хэвшлээ өөрчилж, хийсэн болоод хийх ажлаа олонд ойлгуулах, таниулах, сур­талчлах зайлшгүй зүй тогтоцтой юм даа. Харин АН-ын тухайд олон жилийн дараа УИХ-д олонх болж засаг төрийг бүрдүүллээ. Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, огцруулах санал шаардлага тавьж байсан боловч бие даагч гишүүд бид ганц жил ч болоогүй Засгийн газраа унагах нь зарим улстөрчдөд хэрэгтэй болохоос биш улс оронд хохиролтой гэсэн байр суурь баримталсан. Харин өнгөрсөн Засгийн газраас өөрцгүй ажиллаж, улс орны язгуур эрх ашгийг умартваас хасах  кноп дарах л болно.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 27 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 18 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 31 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 37 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 41 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 28 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 28 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин