
Д.БОЛОР
Өвөрхангай аймгийн таван иргэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. “Өвөрхангайчууд төр барих эрхээ эдэлж чадсангүй. Г.Батхүү, Д.Зоригт нар хүчээр УИХ-ын гишүүн боллоо. Үүнд үнэлэлт дүгнэлт өгнө үү” гэж хандсан байна. Тэдний нэг иргэн Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Өвөрхангайн иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн. Өргөдлийн хариу нь ирэв үү?
-Өвөрхангайн сонгогчид 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгосон. Гэвч ард түмний энэ сонголт өөрчлөгдөж цөөнхийн санал авсан Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болсонд сонгогчид өнөөг хүртэл бухимдалтай байгаа. Энэ ч утгаар Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл гаргалаа. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрүүд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчлөө. Үүнд дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн утгатай. Монгол Улсын Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц 14 хоногийн хугацаанд гомдлыг хянан хэлэлцээд маргаан үүсгэх үү, үүсгэхгүй юу гэдэг хариугаа бидэнд ирүүлнэ. Хэрэв өргөдөлд дахин нягтлах зүйл байна гэж үзвэл 30 хоног сунгах хуулийн заалттай байдаг. Одоохондоо маргаан үүссэн эсэх хариу ирээгүй байна.
-Та бүхэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн гээд байгаа. Үүнийгээ тайлбарлаач?
-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд Засгийн эрх ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрхээ өөрийн сонгож байгуулсан төлөөллөөрөө дамжуулан эдэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, ардчилсан сонгууль явуулж хамгийн олон санал авсан хүн ард түмний төлөөлөл болж УИХ-д суух ёстой. Энэ хүнээр дамжуулж ард түмэн засгийн эрх барьдаг гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Тэгвэл энэ заалт зөрчигдсөн. Ард түмний олонхийн санал авсан төлөөлөл УИХ-д очиж суусангүй. Харин шүүхийн шийдвэрээр цөөнхийн санал авсан Д.Зоригт, Г.Батхүү нар суучихаад байгаа нь Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний гарт байна гэдэг заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Өнөөдөр Засгийн эрх ард түмний гарт байна гэдэгт өвөрхангайчууд бид эргэлзэж байна. Өөр нэг зөрчил бий. Үндсэн хуулийн 16-д “Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Сонгогчдын олонхи нь төрийн байгууллагад сонгох эрхээ эдэлж чадсангүй. С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ч сонгогдох эрхээ эдэлж чадсангүй. Мөн Үндсэн хуульд хууль дээдлэх зарчим гэж бий. Төрийн бүх шатны байгууллагууд ямар нэгэн асуудал шийдэхдээ зөрчилтэй асуудал гарлаа гэж үзэхэд хамгийн түрүүнд Үндсэн хуулийг баримтлах ёстой. Тэгвэл Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг Сонгуулийн ерөнхий хороо зөрчсөн гэж үзэж байна. Ийм гурван зүйл заалтыг Сонгуулийн ерөнхий хороо зөрчсөн учраас Үндсэн хуулийн цэцэд Өвөрхангайн таван иргэн бусад сонгогчоо төлөөлж өргөдөл гаргасан юм.
-Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөсний дараа эсвэл маргаан өрнөж байх үед яагаад өргөдөл гомдол гаргаагүй юм бэ?
-Өмнө нь С.Чинзориг нэр дэвшигч Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан юм билээ. Тэд “Таны хандаж байгаа асуудал чинь шүүхийн шатандаа яваа. Шүүхийн процесс дуусаагүй ажиллагаа байна. Тиймээс шүүхийн ажиллагааг бүрэн төгс эцэслэн шийдэгдсэний дараа Үндсэн хуулийн цэцэд дахин хандах боломжтой” гэсэн хариу өгч байсныг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж сонсч байсан. Энэ утгаар маргааныг эцэслэн шийдтэл нь Өвөрхангайн иргэд бид хүлээсэн. Одоо энэ хэрэг маргаан эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болчихсон байна. УИХ-ын гишүүн болчихсон учраас шүүхийн маргаан эцэслэн шийдэгдсэн гэж ойлгоод цэцэд хандсан юм.
-Шүүхийн шатанд маргаан байхгүй юу?
-Иргэнийхээ хувьд маргаан байхгүй гэж ойлгож байна. Шүүх нь эцсийн шийдвэрээ гаргасан учраас УИХ-ын гишүүний тангараг өргөсөн гэж ойлгож байгаа. Манай шүүхийнхний зарим шийдвэр дууссан ч юм шиг, дуусаагүй ч юм шиг байх юм. Өөртөө ашигтайгаар хуулийг тайлбарлаад байдаг учраас маргаан дууссан гэж ойлгосон.
-Та бүхэн Үндсэн хуулийн цэцэд хэр итгэл үнэмшилтэй байна. МАН-ынхан бол АН шүүх эрх мэдлийг атгасан үед итгэх арга алга гэж байгаа шүү дээ?
-Бид нарын бодлоос Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хамаарахгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц бол бие даасан байгууллага, хараат бусаар орших ёстой. Цаад талаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүд ямар итгэл үнэмшлээр ажилладаг гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ төрийн нэрийн өмнөөс ард түмэндээ тангараг өргөсний хувьд цэвэр Үндсэн хуулийнхаа зарчмыг дээдэлж, хараат бусаар бие даасан байдлаар шийдвэрээ гаргах байх гэдэгт итгэж байна.
-Өргөдөл гаргасан таван иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай ямар холбоотой юм бэ. Харилцаа холбоотой хүмүүс үү эсвэл сонгогчийн хувиар асуудалд хандаж байна уу?
-Сонгуулиар тэднийг дэмжиж ажилласан хүмүүс. Гэхдээ бидний хоёр нь сонгуулийн ажилд оролцож байгаагүй зөвхөн сонгогчид. Гурав нь С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байсан хүмүүс.
-Та өөрөө Өвөрхангайн иргэн үү?
-Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн.
-Тэндээ ажиллаж, амьдарч байна уу?
-Одоохондоо нийслэлд түр ирчихээд байгаа.
-Та бүхний сонголтыг нь үгүйсгээд байхаар өвөрхангайчуудын сонгуульд оролцох оролцоо буурч таарах байх?
- Тэгэлгүй яах вэ. Өвөрхангайн иргэдийн итгэл маш их алдарсан. Ялангуяа, 2012 оны сонгуулиас хойш. Үүнийг батлах гэсэн шиг Ерөнхийлөгчийн сонгуулиар ирц төдийлөн сайн байгаагүй. Энэ нь сонгогчид сонгуульд оролцох хэрэг байна уу гэж эргэлзэж ирсний илрэл. Итгэл үнэмшил буурсан гэсэн үг. 2016 оны сонгуульд ямар итгэл үнэмшилтэй оролцохыг мэдэхгүй байна. Цаашдаа Үндсэн хуулийн цэцийн хариу шийдвэрээс олон зүйл шалтгаалах байх. Яах вэ, 2016 оны сонгуульд өвөрхангайчууд төрийнхөө дээд эрх барих байгууллагыг сонгох учраас оролцох байх. Гэхдээ ирц нь муу байна. Ер нь өнөөдөр Өвөрхангайн сонгогчид бухимдалтай байгаа. Олонхи нь гардаггүй юм бол сонгууль гэж явуулахын утга учир нь юу байна. Шүүхийн байгууллага нь УИХ-ын гишүүнээр хэн, хэн болох вэ гэдгийг зарлачихмаар юм. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль явуулж хүн, хүч болгох хэрэг байгаа юм уу гэж.
-Өвөрхангайн иргэд түр хороо байгуулсан байсан. Энэ түр хороо Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахаар иргэдийн гарын үсгийг цуглуулсан?
-Сонгох эрхээ хамгаалахаар түр хороо байгуулсан. Иргэдийн маань тэмцлийг тэр бүр ойшоохгүй байгаа учраас төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхтэй гээд заачихсан. Хэрэв иргэний эрх зөрчигдсөн бол зөрчигдсөн эрхээ сэргээхийн төлөө эвлэлдэн нэгдэж тэмцэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Өвөрхангайн иргэд эрхээ хамгаалах түр хороог өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм. Байгуулагдснаас хойш” Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайн ард түмнийг төлөөлж чадах уу. Чадахгүй бол та УИХ-аас эргүүлэн татахыг дэмжиж байна уу” гэж сонгогчдын гарын үсэг цуглуулсан. 22 мянган сонгогч үүнд нэгдэж гарын үсгээ зурсан. Энэ сонгогчдынхоо гарын үсгийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн өргөдөлдөө хавсаргаж өгсөн. Чухам ямар нөлөө үзүүлэх бол гэдгийг мэдэхгүй байна. Үндсэн хуулийн цэц 22 мянган иргэний хүсэлтийг анхаарч харах байх.
-Одоо тэр түр хороо одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?
-Түр хорооныхон сумдаар ажиллаж сонгогчидтой уулзаж байна. Г.Батхүү, Д.Зоригт нар хууль бус аргаар УИХ-ын гишүүн болсон гэдгийг сонгогчдод тайлбарлаж ойлгуулах ажлыг хийж байгаа.
-УИХ-ын сонгууль өнгөрөөд хоёр жил орчим болж байна. Өвөрхангайд хийх ёстой байсан ажлууд цаг хугацааны хувьд хоцрогдож байна уу. Эсвэл Д.Зоригт, Г.Батхүү нар очоод хийчихэж байна уу?
-Өвөрхангайн аймаг дах хөрөнгө оруулалтын талаар аймгийн удирдлагын сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Үүнээс харахад бусад аймагтай харьцуулахад Өвөрхангайд хөрөнгө оруулалт маш бага гэж ойлгосон. Жишээ нь зэргэлдээх Баянхонгор аймагт гэхэд маш их хөрөнгө оруулалтаар бүтээн босголт хийж байна. Баянхонгорын хоёр суманд шинэ сум төсөл хэрэгжээд өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл Өвөрхангайд бол өчүүхэн хөрөнгө мөнгө өгсөн бололтой юм. Энэ аймгийг орхиод яах вэ гэсэн шинжтэй өчүүхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм шиг байна лээ.
-Г.Батхүү, Д.Зоригт нар тойрогтоо очиж ажиллаж байгаа юу?
-Одоогоор аймагт очиж ажилласан юм алга. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түр үзэгдээд явсан. Ард иргэдтэй уулзалгүй зөвхөн намынхаа хэдэн нөхөдтэй уулзалт хийгээд явсан. Өнгөрсөн наймдугаар сард Г.Батхүү өөрийнхөө манлай уяач болсны наадмыг хийсэн. Наадмыг сонгогчидтой хийсэн уулзалт гэж хэлэхгүй. Өөрсдөө бол Өвөрхангай аймагт ажиллалаа гэж тайлагнах биз. Тэгээд ч манай аймгийн иргэд тэднийг өөрсдийн төлөөлөл гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг энд хэлэх ёстой.
- Үндсэн хуулийн цэц та бүхний гаргасан гомдлыг хүлээж авахгүй бол яах вэ. Цэцээс өөр ямар гарц байна. Тэмцсээр байтал нөгөө дөрвөн жилийнхээ талд нь орчихлоо?
-Үндсэн хуулийн цэц бол хамгийн дээд боломж. Цэц гомдлыг үнэн зөвөөр нь шийдэх ёстой. Хэрэв дахиад үнэнээс хазайвал 2016 оны сонгуульд Г.Батхүү, Д.Зоригт нар шиг хүмүүсийг дахин гаргахгүй байхын төлөө тэмцэнэ. Гэхдээ ямар ч байсан “Гал-Үндэстэн” холбоо шиг буу барьж хүч хэрэглэж хууль бусаар тэмцэхгүй.