
М.ЦЭЦЭГ
Ардчилсан намын жигүүрийн Зохицуулах зөвлөлийн гишүүн О.Мэндсайхантай ярилцлаа. Тэрээр 1990 оноос ардчиллын төлөө зүтгэж байгаа бөгөөд Ховд аймгийн Ардчилсан нам, МҮАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
-Танай жигүүрийнхэн нээлттэй хэлэлцүүлэг зохин байгууллаа. Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав?
-Намын даргад хэд хэдэн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Эхний ээлжинд түүнийг биелүүлэхийг шаардахаар болсон. Манай нам дүрэмгүй, дүрэм нь тогтоол болсон.
-Өмнө нь ямар шаардлага тавьсан тухайгаа тодруулна уу?
-Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, ҮЗХ-ны 2011 оны гуравдугаар сарын 9-нд гаргасан 05 тоот тогтоолыг хүчингүй болгох, ҮЗХ-ноос эрх шилжүүлсэн бүх тогтоолыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ҮЗХ-ны ротацийн 228 суудалд сонгууль зарлах, АН-ын Хэрэг эрхлэх газрын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, Ардчилсан намын Их хуралд бэлтгэх, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулах шаардлага тавьсан байгаа. Энэ бол шинэ зүйл биш. Манай гишүүд, дэмжигчид энэ асуудлуудыг өмнө ч тавьж байсан. Тухайлбал, 2011 оны 05 тоот тогтоолыг гишүүд ер мэдэхгүй байгаа юм.
-Тэр нь ямар учиртай тогтоол юм бэ. Намын ажилд нөлөөлөхүйц тогтоол юм уу?
-Сонгуулийн жил учраас ротацийн сонгуулийг зогсоосон юм байна гэж ойлгосон байсан. Үндсэн дүрмийн 6.4.4-т ротаци явуулах заалт байдаг. Тэр заалтыг хүчингүй болгосон тогтоол юм. Мөн ҮЗХ-ны ротаци, орон нутгийн намын хорооны гишүүдийн ротацийг бас хүчингүй болгочихсон юм. Нийслэлд намын хорооны 128 гишүүн байх ёстойгоос 135 болгож өөрчилсөн тогтоол гаргачихсан байна. Сонгуулийн жилд л зөвхөн ийм байна гэж өөрчилсөн бол өөр хэрэг. Тэр чигээр нь ротацитай холбоотой дүрмийн заалтыг хүчингүй болгосон. Дүрмийг орон нутгийн намын хороодоор хэлэлцүүлж, Их хурлаар хэлэлцэн өөрчилдөг. Гэтэл олон гишүүнийхээ өмнөөс 175 хүн хуралдаад дүрмийн заалтыг өөрчилж гуравхан хүний гарын үсэгтэйгээр хүчингүй болгочихсон байдаг.
-Сүүлийн гурван удаагийн сонгуулийн үеэр л ротацийг хойшлуулсан гэж гишүүд нь ойлгодог биз дээ?
-Ийм л ойлголттой явсан. Гэтэл ротаци явуулах заалтыг бүхэлд нь хүчингүй болгочихсон байжээ.
-Танай нам жил бүр ротаци явуулдаг нь ямар ач холбогдолтой юм бэ. Гишүүдээ жил бүр өөрчлөн шинэчилснээр намд ямар ашигтай гэж?
-Ротаци явуулдаг гол онцлог нь ҮЗХ-ны 228 хүн дотор “цус сэлбэлт” явагддаг. Шинэ хүмүүс орж ирдэг. ҮЗХ-ны гишүүн бол намын сонгуульт ажил. Энэ ажилд хэсэг хүмүүсийг байнга байлгасны хор нөлөө байдаг. Хэдэн хүн тэнд дархлагдчихдаг. Доод шатны намын хороо руу хандаж ажилладаггүй сул талтай, эрх дархтай болчихдог. Иймд ротаци явуулснаар шинэ хүмүүс орж ирнэ, шинэ санаа гарч ирнэ. Мөн ротацид орохын тулд доод шатны намын хорооны гишүүдэдз ханддаг, уулздаг, тэдний дуу хоолойг сонсдог, тэнд юу болж байгааг мэдээлдэг.
-ҮЗХ-ноос эрх шилжүүлсэн тогтоолууд гэж хэлэлцүүлгийн үеэр нэлээд ярьсан. Энэ нь ямар тогтоолууд байгаа вэ.?
-Нэлээд хэдэн тогтоол байгаа. Ганц жишээг дээр дурдлаа. Их хурлын эрх үүргийг ҮЗХ-нд өгч, ҮЗХ-ны эрх үүргийг Гүйцэтгэх зөвлөлд өгсөн байгаа юм. Гүйцэтгэх зөвлөлийн эрх үүрэг намын даргад очсон. Дээрээсээ доошоо дараалсан эрх үүргийг хэдхэн хүн төвлөрсөн газарт өгсөн. Тэд хайрцаглагдсан, түүнээсээ гарч чаддаггүй. Бүх гишүүдийн дунд хэлэлцүүлж баталсан дүрэм учраас хэдхэн хүн өөрчлөх, бүх зүйл заалтыг нь хүчингүй болгох эрхгүй.
-Энэ тухай намын удирдлагуудаасаа асууж сурагласан л байх. Ямар шалтгаанаар ийм өөрчлөлт хийсэн гэдгээ тайлбарласан уу?
-УИХ-аар Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан энэ хуулийг баталсны дараа намын дүрмийг хэлэлцэнэ гэдэг. Гэтэл УИХ-аар хэлэлцэх хуулийн төсөл хаана ч байгаа юм, бүү мэд. Цаг хожсон л арга.
-Танайхан намынхаа Хэрэг эрхлэх газрын бүтцийг өөрчилнө гэсэн шаардлага тавьж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь та нарт таалагдахгүй байна уу эсвэл АН боловсон хүчний дутагдалд орчихсон юм уу?
-Манай нам хангалттай боловсон хүчинтэй. Аймаг, дүүрэг, нийслэл дээр олон хүний анкет бий. Гэвч манай дарга нар боловсон хүчин байхгүй гээд өөр намын гишүүдийг аваад Ардчилсан намын батлахыг бичиж өгөөд ажилд оруулдаг жишээ байна. Намын Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаа явуулдаг л байх. Гэвч тэнд сөрөг хүчний намын аппарат ажиллаж байна. Ялсан намын аппарат өөр статусаар ажиллах ёстой болов уу.
-Тэгээд тэнд байгаа хүмүүсийг өөрчилье гэж үү?
-Хүний нөөцийн албыг ажилд оруулахыг шаардаж байгаа юм. Уг нь хүн байгаа, тэнд. Ажлаа мэддэггүй шинэ хүмүүс бий. Хууччуулын халаасны хүмүүс л тэнд ажиллаж байна. Мөн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянадаг алба байгуулъя гэж байгаа юм. Манай нам тодорхой хэмжээний мөрийн хөтөлбөрийг ард түмнээрээ хэлэлцүүлэн сонгуульд өрсөлдөж ялсан. Түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгж байж 2016 онд шалгалт өгнө. Тэгэхгүйгээр урсгалаар явсаар байгаад 2016 онтой золговол 1996-2000 оны үйл явдал давтагдана. Яагаад гэвэл иргэд үүнд маш эмзэг хандаж байгаа юм. Тиймээс хүний нөөц болон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянадаг хоёр албыг ажиллуулахыг шаардаж байгаа. Хэн дуртайгаа ажиллуулдаг, тэр нь ажлаа мэддэггүй, хариуцлага алдах юм бол нам дээр эргэж бууна.
-Ардчилсан намын Их хурлыг энэ онд хуралдуулахыг шаардаж байгаа. Танайхан Их хурлаа саяхан хийсэн биз дээ?
-Намын тавдугаар Их хурал болсон. Зүгээр нэр төдий. Их хурлаар үндсэн баримт бичгээ хэлэлцэх ёстой. Тэндээс үр дүн, шийдвэр гарах учиртай. Гэвч саяны Их хурал зүгээр шоу болсон. Яармагийн спорт ордонд туг далбаа өргөж, баахан уриа хашгираад тарчихсан шүү дээ. Тэгэхээр энэ удаад албан ёсоор дүрмийн дагуу Их хурлаа хуралдуулж дүрмээ шинэчилье гэж байгаа юм. Намын дүрэм үнэхээр болж байвал мөрдөөд ажиллая.
-Жигүүрийн үйл ажиллагааг УИХ-ын зарим гишүүн дэмжиж буйгаа илэрхийлсэн гэдэг. Гэвч тэд ил гарсангүй, хэлэлцүүлэгт оролцсонгүй. Ямар шалтгаантай байсан юм бол?
-Р.Амаржаргал гишүүн ирэх байсан ч хөдөө ажил гаргаад явуулчихсан байна лээ. Тэрээр баасан гаригт ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн байсан. Гэтэл ажил өгөөд хөдөө явуулчихсан байгаа юм. Ж.Батзандангийн хувьд хүүхэд нь өвдсөн гэсэн. Амжуулаад яваад очъё гэдгээ хэлсэн ч амжсангүй. Гэхдээ хэн хэн нь өмнө нь бидэнтэй уулзсан. Бидний ярьж буй асуудлыг дэмжиж, санал бодлоо солилцсон. Намын үйл ажиллагаа доголдоод байна, дүрэм хэрэгжихгүй байна гэдэгт санал нийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, М.Батчимэг нар дэмжиж байгаагаа илэрхийлж, ийм зүйл ярих цаг болсон гэдгээ хэлсэн.
-Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ноос гарах болсон шалтгаанаа та бүхэнд хэлсэн үү. Уг нь УИХ-ын гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүн болдог биз дээ?
-Бүгд л анхан шатны нэгж дээрээсээ ротациар сонгогдож ҮЗХ-д ордог байх ёстой. Р.Амаржаргал гишүүн Ховд аймгаас ҮЗХ-д сонгогдсон. Үүнийхээ дагуу аймгийнхаа намын даргад өргөдөл өгсөн байна лээ. Намын ажил доголдсон тул цаашид ҮЗХ-д байх шаардлагагүй гээд өргөдөл дээрээ шалтгаанаа тодорхой бичсэн байна лээ.
-Ардчилсан нам олон том фракцтай. Тэдний хажууд жигүүр байгуулах хэрэг байсан уу. Фракцаас юугаараа ялгаатай юм бэ?
-Жигүүр бол фракц биш. Фракц нь тодорхой хэсэг хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан бүлэглэл. Жигүүр бол бүх гишүүний эрх ашгийг хамгаалсан бүлэг. Ардчилсан намд өмнө нь жигүүр байгаагүй. Бид анхны жигүүр нь. Бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан бол фракц байгуулж болно. Энэ жигүүрт олон жил ардчиллын төлөө явсан, олон аймаг, дүүргийн намын ажлыг хийж байсан нарийн бичгийн дарга нар нэгдсэн. Эдгээр хүмүүс намын ажил мэддэг туршлагатай. Бид гэнэт гарч ирсэн хүмүүс биш. Ийм зүйлийг олон жил ярьсан ч гарч ирж чадахгүй байсаар одоо л гарч ирлээ шүү дээ.
-Яагаад өмнө нь гарч ирч чадаагүй гэж. Заавал одоо ярих хэрэг байсан уу. Танайх эрх баригч хүчин шүү дээ?
-2010 оноос хойш сонгуулийн жилүүд байлаа. Тэр үед гарч ирсэн бол сонгуультай давхцаад асуудал арай өөр болчих байсан.
-Та нарын ард хэн байна вэ гэсэн таавар бий. Жигүүрийн ард хэн байгаа вэ?
-Энэ хэдэн нөхрийг хэн турхирав, хэн санхүүжүүлж байна вэ гэсэн асуулт гарсан. Бидний ард хэн ч байхгүй.
-Олонх байгаа намын гишүүд сөрөг зүйл ярихаар ажилгүй, албан тушаалгүй намдаа хаягдсан хүмүүс л гэдэг шүү дээ. Өөр намын жигүүрт ч тийм асуудал байсан?
-Бид ажил албан тушаал горьдогсод биш. Бид Засгийн газар, сайд нарын ажил руу ороогүй, тэднийг шүүмжлээгүй.
-Ардчилсан намын “чөтгөрүүд” цөөрчихсөн гэсэн. Үлдсэн нь та нар байж дээ?
-Дарга маань биднийг тэгж хэлсэн юм болов уу. 10-аадхан акул дээр нь байдаг, бусад нь “чөтгөр” болчихож. Энэ нөхдүүдийг, дарга нарыг доор байгаа “чөтгөрүүд” л өөд нь гаргасан шүү дээ. Түүнээс тэд өөрсдийн хүч чадлаар дээшээ гарсан юм биш. Ийм байж дээш гаргаж өгсөн хүмүүсээ чөтгөр гэвэл эндүүрэл. Бидний ард олон мянган гишүүн, дэмжигчид бий. Хэний хүчинд томорсон, дарга болсон, дээр гарсан бэ гэдэг сонин л байхгүй юу. Ардчиллын төлөө залуу нас, ажил хөдөлмөрөө 1990 оноос хойш зориулсанхүмүүс, бид. Ардчиллынх гэхээр хэн ч ажилд авдаггүй байсан. Нам ялсан ч ажилгүй л байна. Гэхдээ ажил гуйхгүй л дээ.
-Та бүхний хүч хөдөлмөрөө зориулсан 23 жилийн ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж байна уу?
-1990 онд байгуулсан ардчилал үндсэн гольдролоосоо халиад хажуу талаар нь шуудуугаар урсаад явчихсан шүү дээ. Үндсэн ардчилал өнөөдөр байхгүй болсон. Шинээр шуудуу татаад урсгачихсан ардчиллыг бид буцааж гольдролд нь оруулъя гэж байгаа юм.
-Та Ховд аймгийн Ардчилсан намд анхнаас нь явсан уу?
-1990 оноос хойш Ховд аймагт ардчиллын төлөө явсан. Бидний 13 нөхөр Ховдод ардчиллыг үүсгэн байгуулсан юм. Би хоёр дахид нь орно. Анхных нь Ховдын Багшийн дээд сургуулийн багш, оюутнуудын жагсаалаар эхэлсэн юм. Түүнээс гурав хоногийн дараа Улаанбаатарт ардчиллыг өрнүүлцгээсэн. Ардчилсан нам болон нэгдсэн намуудын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Ховдынхон намайг ардчиллын Мэндээ гэж анддаггүй. Ардчиллыг ингэж анхнаас нь дэмжсэн хүн одоо буцахгүй. Харин өнөөдөр зөв замаар явуулах нь чухал байна.
-Намын дарга нь Н.Алтанхуяг бүхний шаардлагын хариуг өгсөнгүй. Өгөхгүй, тоохгүй бол яах вэ?
-Ямар ч байсан хариугаа авна гэж бодож байгаа. Бид 1990 онд социализмын том хана хэрмийг нурааж чадсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө засаг барьчихаад ийм асуудалд хариу өгөхгүй бол манай дарга нарын сэтгэхүй доройтолд орсныг илтгэх биз. Хариугаа заавал авна. Үгүй бол тэмцэл явуулдаг янз бүрийн арга хэлбэр бий.