Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуулийн ачаар олон гол мөрөн эргэж сэргэсэн юм шүү

2013-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр урт нэртэй хуулийг дагалдах журамд өөрчлөлтийг оруулахыг эсэргүүцэж буй гишүүдийн нэг юм.

-Таны батлуулж чадсан урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газар хуулийн төсөл оруулж ирсэн. Та бол энэ хуулийн төслийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой биз?

-Энэ хуулийн төслийн талаар Засгийн газрын сайд нар урт нэртэй хуулийг дагалдах журамд л өөрчлөлт орно.

Түүнээс биш урт нэртэй хуулийн цэг, таслал ч өөрчлөгдөхгүй гэж байгаа. Тэгвэл бодит байдалд өөр. Хэрэв дагалдах журмын тухай хуульд өөрчлөлт орох юм бол урт нэртэй хууль нь өөрөө үйлчлэхгүй. Алт олборлогч нарт ашигт малтмал олборлох эрхийг бүгдийг нь сэргээгээд өгнө гэсэн үг. Ашигт малтмалаа олборлоод эхлэхээр гол мөрний урсац шууд өөрчлөгдөнө. Хүнээр ярьвал зүрхний титэм судасны тэнд үйл ажиллагаа явуулж эхлэхээр байна шүү дээ. Ер нь хууль гарсан л бол хэрэгжих ёстой. Урт нэртэй хууль нь өөрөө маш тодорхой зохицуулалттай байгаа шүү дээ.Тэгэхээр ямар нэгэн өөрчлөлт хийгээд байх шаардлагагүй. Байгаль орчин хэрхэн бохирдож, монгол хүний уух ус, амьсгалах агаар, гишгэх газар ямар болсныг хүн  бүр мэдэж, харж байгаа. Бид бүхэн ирээдүйгээ бодож, эко системээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Гэтэл батлагдчихсан хуульд өөрчлөлт оруулж, дахин байгаль орчноо бохирдуулъя гэж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд захиалгаар л өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гэж бодож байна.

-Алт үйлдвэрчдийн холбооноос УИХ-ын ги­шүү­дэд хандаж ил захидал илгээсэн. Урт нэртэй хуулийн дагалдах журмыг яаралтай хэлэлцэж батлаач. Ингэснээр төр, иргэдэд ашигтай байх болно. Алтны худалдааг ил тод болгоно гэж?

-Алт үйлдвэрлэгчдийн холбооноос бичиг ирсэн байна лээ. Үүнээс гадна иргэдээс маш олон захидал, санал хүсэлт ирж байна. Яах вэ,  иргэний нийгмийн байгууллагууд мөнгө санхүүгийн бололцоо муутай учраас өдөр тутмын хэвлэлд хандаж чадахгүй байх шиг байна. Харин мөнгө төгрөг бололцоотой нөгөөх алт олборлогчид нь өөрийн байр сууриа олон нийтэд хүргэж байна.  Өнөөдөр  алт үйлдвэрлэгчдийн холбооныхон Алтны ил тод байдлын хууль болон урт нэртэй хуулийг өөрчлөөч гэж байна. Өөрчлөөч гэсэн шаардлагын ард голын сав дагуу болон  ойн сан газраар алтаа ухаж эхэлье гэсэн хүсэл сонирхол байгаа юм. Нөгөө талд алтны ил тод байдлыг өөрчлөх тухай асуудал байна. Уул уурхай нь Монголын ард түмэн, Монголын төрийн өмнө ил тод байх ёстой. Эрдэс баялаг, уул уурхай бол Монголын ард түмний өмч. Ер нь эрдэс баялагийн салбар бол  уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжээс хамаарахгүй. Монголын төрөөс ч хамаарахгүй. Энэ утгаараа дэлхийн зах зээл дээр тухайн түүхий эдийн үнэ өсвөл өссөн үнийн дүнгээс Монголын төр үйлдвэрлэгч компани хоёр шударгаар хуваая гэсэн гэнэтийн ашгийн татвар гэж гарсан. Гэ­тэл тэр хуулийг огт хэрэгжүүлэхгүй,  Монголын эрдэнэсийн санд тушаах ёстой алтыг тушаалгүйгээр 10 гаруй жил явлаа. 2006 онд гарсан гэнэтийн ашгийн татвараас хойш Монголын алт Монголбанкинд тушаах хэмжээ 15 тонн хүрч байсан бол энэ тоо гурван тонн болтлоо унасан. Буурсан шалтгааны цаана хууль бусаар хил давуулсан байж таарна.  Харин энэ жил бага зэрэг нэмэгдээд 5.7 тонн болсон байна.

-Алт олборлогчид урт нэртэй хуулийн дагалдах журам болон Алтны ил тод байдлын тухай гэсэн хоёр хуулийн төсөл батлагдвал алтны хууль бус наймаа цэгцэрнэ гэж мэдэгдэж байгаа. Ямар дүгнэлт өгч байна?

-Алт олборлогч компаниуд Монголын төрийн гаргасан хууль бодлогыг хэрэгжүүлдэгсэн бол 2006 онд гарсан гэнэтийн ашгийн татварыг гарахад биелүүлэх л ёстой байсан.  Тэр үед алт олборлогч компаниуд ил тод, хариуцлагатай байх тухай ярьж байлаа. Гэвч бодит байдалд эсрэгээрээ байсан шүү дээ. Ярьж амалж байсан шигээ байж чадаагүй. Монголын уул уурхайн компани гар аргаар ашигт малтмал олборлогчдыг бий болгодог. Химийн хорт бодисыг ямар ч хяналтгүйгээр ашигладаг. Үүнээс болж ус, хөрс бохирдож Монгол хүн эх орондоо амьдрах орчин хумигдаж байгаа юм. Хамгийн гол нь байгаль орчны тэнцвэр алдагдсан. Байгаль орчин асар их доройтож сүүрлийн эрмэг дээр очсон байдалтай байгаа шүү дээ. Тийм учраас 2009 онд урт нэртэй хуулийг батлан гаргасан. Энэ хууль батлагдаад хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд бишгүй сайн  үр дүн харагдаж байгаа. Хэдийгээр өмнөх үеийн Засгийн газар хэрэгжилтийг нь бүрэн хангаж чадаагүй ч гэсэн тодорхой үр дүнд хүрсэн. Харин шинэчлэлийн Засгийн газар тэр хүрсэн төвшнийг ахиулж бүрэн хэрэгжилтийг хангах ёстой байтал эргээд алт ухаж байгаа уул уурхайн компаниудад хөнгөлөлт эдлүүлье гэж байгаад харамсч байна.  Монголын байгалийн тэнцвэрийг хадгалж байгаа тэр онцгой бүсэд алт ухахыг зөвшөөрье гээд зүтгээд байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Бидний өвөг дээдээс олон зуун мянган жил энэ эх орондоо амьдрахдаа байгаль нутгаа таньж “Алт бол газрын гагнаас” гэж гайхалтай онч мэргэн үгээр илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэн. Тэртээх жилүүдэд алтыг нь авч өнөөх байгалийн гагнаас тэнцвэр нь алдагдаад ган зудын давтамж, байгалийн гамшигт үзэгдэл ойр, ойрхон болсныг монголчуудад бид мартаагүй. Амьдралынх нь амин зуулга болсон хэдэн мал яаж хоргодож, амьжиргаа нь яаж хүндэрч байсан тэр он жилүүдийг мэднэ. Харин  2009 онд урт нэртэй хууль гарснаар байгаль орчин эргээд сэргэж, хур бороо цаг нартаа ордог болсон. Энэ жил гэхэд 480 тонн улаан буудай хурааж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж байгаа шүү дээ. Дээрээс нь малын тоо  40-50 сая хүртэл өссөн эерэг сайхан үр дүн гараад байна. 2007 онд гол мөрөн, усны тооллогыг хийхэд ширгэсэн, хатсан, татарсан гэх дүн маш их гарч байлаа. Харин хууль батлагдсаны хоёр жилийн дараа буюу 2011 онд дахин тоолоход нөгөө ширгэсэн гол мөрөн сэргэсэн, байгалийн дөрвөн цэгийн зохицол хэв намбандаа орсон сайхан үзүүлэлт гарсан шүү дээ. Үүнээс илүү сайн үр дүн гэж байхгүй. Ийм сайхан  үр дүнгээсээ ухарч болмооргүй байгаа юм. Ухрах биш урагшилж алхах хэрэгтэй.

-Эрдэс баялгийн нэгд­сэн бодлогыг Монголын төр гаргах ёстой байх?

-Ер нь эрдэс баялгийн салбарт ашиг хайсан нийгмийнхээ араншинг дагаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ашиг олохын тулд Монголынхоо эрдэс баялагийг цөлмөх бодлого баримталдгаа болих хэрэгтэй. Эрдэс баялгийн салбарыг ашиг талаас нь харж ердөө болохгүй. Үүний цаана байгаль байдгийг яс, махандаа шингэтэл ойлгочих хэрэгтэй байгаа юм. 1990 оныг хүртэл Монголын төрийг түшиж байсан хөх өвгөд эх орныхоо язгуур эрх ашигт үнэнч байж төрийнхөө хар хайрцагны бодлогыг ягштал баримталж ирсэн гайхамшигтай хүмүүс. 1990 оноос хойш энэ баримталж ирсэн бодлогоо тавиад туучихсан шүү дээ. Бодлогогүй явж ирсний улмаас байгальд болон хүн ардад маань хортой үр дагавар гарч байгаа учраас эрдэс баялгийнхаа салбарын бодлогоо тодорхой болгох ёстой. Байгалиа тэнцвэртэй байдлаар олборлохоос бус бүгдийг нь цөлмөж таарахгүй. Дэлхийн судалгааны байгууллагууд Монгол орны газар нутаг 20 жилийн дотор 90 хувь хүртэл цөлжих нь гэдэг дүн шинжилгээ хийсэн байна лээ. Энэ бол аюулын харанга дэлдэж байгаа дүр зураг.

-Энэ дагалдах журам батлагдвал ашигт малтмал олборлох эрх нь нээгдэх аж ахуйн нэгжийн тоо 200 биш 80 байна гэж та нэгэн хуралдааны үеэр мэдэгдсэн. Холбогдох яамныхан бол дунджаар 200 байна гэж байгаа шүү дээ. Үүнийг яаж судалж гаргаж ирсэн юм бэ?

-Аймаг, сум бүр голын эх ундарга, ойн сав газраасаа аль болох хол байлгахын тулд өөрийн саналаа холбогдох яамныханд өгсөн байдаг. Тухайлбал, гол мөрний эх ундарга, ойн сав газраас 400 метрээс дөрвөн километр хүртэлх зайтай гэж. Үүнийг нь одоо батлуулах гээд дайраад байгаа дагалдах журмын төсөлд бол 200 метр гэж цэгцэлж өгч байгаа. Хэрэв 200 метрээс дотогш зайнд алт олборлохгүй гэвэл 80 гаруй компани үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. Аргаа барахдаа ийм нэг санал хэлье. Юу гэхээр олонхийн түрэмгийлсэн саналаар энэ журам батлагдвал алт олборлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийж байж үйл ажиллагаа явуулах эсэхийг нь шийдэх ёстой. Юу гэхээр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ашигт малтмалын хууль, татварын хуулиудыг хэрхэн сахиж мөрдөж ажилласан. Хуулийн ямар нэгэн зөрчилгүй ажиллаж чадсан уу, үгүй юу. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарахад хуулийн хүрээнд ажиллаж чадсан уу. Олборлосон алтаа Монголбанкинд бүрэн хэмжээгээр тушааж байсан уу. Эсвэл ар хударгаар нь гулгуулж байсан уу гэдгийг нь тогтоох ёстой. Хуулийн хүрээнд ажиллаж, байгаль орчныхоо нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн эсэх гээд тал, талаас нь нягтлаад эцсийн дүндээ нөхөн олговор олгох уу гэдгийг шийдэх ёстой.

-Алтны ил тод байдлын тухай хууль батлагдвал “Оюутолгой” компанид 50 тонн алт бэлэглэх нь гэж та мэдэгдсэн. Үүнийг тодруулаач?

-50 тонн алт гэдэг чинь нэг “Бороо гоулд”-ыг бэлэглэнэ гэсэн үг. Ер нь өнөөдөр УИХ-аар өргөн барьсан таван хуулийн үндсэн зорилго бол алтны том компаниудад хөнгөлөлт эдлүүлэхтэй холбоотой. Тэр тусмаа “Оюутолгой” компанид хоёр тэрбум долларын хөнгөлөлт буюу 50 тонн алтыг бэлэглэх гэж байгаа хуулийн төсөл. Бидэнд боломж бололцоо нь байгаа бол Оюутолгойгоос 30 байтугай 300 тонн алтыг ч  зах зээлийн үнээр худалдаж авах боломжтой. Гэтэл Оюутолгойн 30 тонн алтыг Монголбанкинд авах нь чухал байна гэдэг халхавчин дор тус компанид хоёр тэрбум долларын хөнгөлөлт үзүүлэх гэсэн санаа нуугдаж байгаа юм. Нөгөө талаар урт нэртэй хуулийг хүчингүй болгож гол мөрний урсац газар руу уул уурхайн компаниудыг оруулах гэсэн ийм л зорилго байгаа. Өнөөдөр уул уурхайн компаниуд хууль биелүүлдэг юм бол 68 хувийн татварыг биелүүлэх ёстой. Гэтэл хууль биелүүлэхээс зайлсхийж далд хэлбэр рүү орчихсон явж байгаа шүү дээ. “Монгол газар” гэдэг компани олон сав газрыг ухаж алт аваад, арилжааны хоёр банкийг чирж унагааж өчнөөн хүнийг хэрэг төвөгт хөлдөө чирсэн байдалтай байна. Энэ мэтчилэн хариуцлагагүй алт олборлогчдод дахин боломж олгох гэсэн санаа энэ хоёр хуулийн цаана нуугдаж байна.

-“Гал үндэстэн” холбооныхон урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулах ёсгүй гэж буу шийдэм бариад тэсрэх бөмбөг өвөртлөөд олон нийтэд аюултай байдлаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Иргэний нийгмийн байгууллагуудын хүч хэрэглэсэн үйл ажиллагааг хэзээ ч зөвтгөхгүй. Хэзээ ч дэмжихгүй. Харин тэдний эх орноо гэж тууштай явахад нь дэмжсээр ирсэн.  Харамсалтай нь, ихэнх иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрынхаа халаасанд орсон байна.

-Миний бодлоор та дагалдах журамд өөрчлөлт оруулах ёсгүй гэж хатуу байр сууриа хадгалж чадахгүй байгаа юм шиг харагддаг. Хэрэв өөрчлөлт оруулбал гэсэн санаа таны ярианаас анзаарагдах юм?

-Өөрчлөлт оруулах ёсгүй гэсэн байр суурь дээрээ хатуу байгаа. Эцсийн дүндээ алт бол газрын гагнаас. Үүнийг нь цөлмөвөл эх оронд маань аюул учирна шүү дээ. Алт битгий хэл элс хайргийг олборлоход байгаль унаган төрхөө олоход  200 жил шаардлагатай гэж шинжлэх ухааны байгууллага судалгаа дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнд дүгнэлт хийх ёстой. Эрдэс баялгийн салбарын бодлогыг хөдөлшгүй багана болгож авах ёстой.

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 27 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин