Т.БАТСАЙХАН
Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ЖДҮХС-гийн зээлийн асуудал нэлээд шуугиан тарьсан. Та энэ асуудалтай холбоотойгоор ёсзүйн хувьд өргөдлөө өгсөн цөөн хэдэн албан тушаалтны нэг. Одоо энэ асуудал чинь юу болсон бэ?
-ЖДҮХС-гийн зээлийн асуудал нийгэм даяараа яригдаж байна. Энд миний нэр холбогдсон нь үнэн. Тухайн үед би байр сууриа илэрхийлж байсан.
Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани болох “Цэн стайл” компани нь оёдлын чиглэлээр 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компани нь ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа тухайн компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Миний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг одоо хуулийн байгууллага шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд надад болон тухайн компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйлгүй. Яагаад гэхээр зээлийн асуудал хууль журмын дагуу л явагдсан.
-УИХ таныг Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлсэн байгаа. Бүх зүйл хууль журмын дагуу байхад та яагаад өргөдлөө өгөв гэдэг нь сонин байна?
-Надад түдгэлзэхгүй байх боломж байсан. Өргөдлөө өгсний учир нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн ёс зүй, ёс суртахуунтай байх ёстой. ЖДҮ гэсэн ярианд орчихоод би буруугүй гээд суугаад байх хэцүү л дээ. Хүмүүсийн үл ойлголцлоос болоод энэ байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлчих гээд байсан юм. Манай байгууллагын аудитор ямар нэгэн байгууллагад очоод ажлаа хийхэд “Танай дарга ЖДҮ-чин шүү дээ” гээд л эхлэх юм бол байгууллагын нэр хүндэд муу. Хүмүүс маань ажлаа хийх хэрэгтэй байна. Тийм учраас байгууллагынхаа үйл ажиллагааг бодоод өргөдлөө өгсөн. Мөн надад айх юм байхгүй учраас үнэн зөвөөр нь шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед УИХ-ын дарга намайг дуудаж уулзаад “ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон байна. Шалгуулах ёстой” гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би өөрийн хүсэлтээ гаргаад шалгуулахад бэлэн байна гэдгээ албан бичгээр илэрхийлсэн. Төрийн аудитын байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд үүнийг ёс зүй гэж ойлгож байна. Түүнээс биш хуулийн хүрээнд ямар нэгэн асуудал байхгүй, тэнд түдгэлзүүлэх асуудал яригдаагүй.
-Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ нь аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлж байна уу?
-Байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх нь аль өнцгөөс харж байгаагаас шалтгаална. Үндсэн үйл ажиллагаанууд бол хэвийн байна. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд болон ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн тайлангийн аудит хийгдэж хуулийн хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 25-ны дотор баталгаажсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дөрөв нь хязгаарлалттай, бусад нь зөрчилгүй дүгнэлт авсан байна. Ер нь аудит бол багаар хийдэг ажил. Тэр баг ажлаа хийж байгаа. Харин Ерөнхий аудиторыг түдгэлзүүлчихээр бодлогын төвшинд гаргах шийдвэрт орж ажиллаж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий аудитор аудит хийдэггүй, бодлого тодорхойлно. Тэнд асуудал нэлээд гацаж байна. Тухайлбал Оюутолгойтой холбоотой аудитын үйл ажиллагаа бий. Бид өнгөрсөн хугацаанд Дубайн гэрээнд аудит хийсэн. Дүгнэлтээ баталгаажуулахад бэлэн болсон. Гэтэл өнөөдөр баталгаажуулж чадаагүй байна. Энэ өөрөө олон улсын Арбитрын шүүх дээр очиж маргаан үүсч болзошгүй ийм эрсдэлтэй аудит юм. Монгол Улс хэдэн үе удмаараа ашиг шимийг нь хүртэж амьдарч болох ийм нөөцтэй ордын хувь заяаны асуудал. Энэ асуудлыг орлогч даргын хэмжээнд баталгаажуулахаар Арбитрын шүүх дээр очоод унах вий гэсэн болгоомжлол байна. Тэгээд баталгаажуулалт хийж чадахгүй байгаа учраас УИХ-д дүгнэлтээ ч танилцуулж чадахгүй хүлээгдэж буй асуудал бий.
-Дубайн гэрээний аудитын дүгнэлт ямартай ч гарсан байна. Оюутолгойд хийх аудитын эхлэл гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Яагаад бид Оюутолгой руу аудит хийхээр төлөвлөсөн гэхээр энэ орд бол монголын ард түмний баялаг, өмч. Гэтэл энэ ордын ашиг шимийг монголчууд хүртэж чадахгүй байна. Иргэд, иргэний хөдөлгөөнийхөн, УИХ-ын зарим гишүүд, намууд Оюутолгойн гэрээнд эргэлзэж байна. Өөрчлөх, цуцлах асуудал ч яригдаж байна. Тэгэхээр энэ гэрээний юу нь болохгүй байна вэ гэдгийг бид эхлээд олох ёстой. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад алдагдалтай юм уу ашигтай юм уу. Энэ гэрээ зөв зохистой болсон уу үгүй юү. Энэ баахан үл итгэлцэл, эргэлзээ чинь нийгэм даяар байна. Аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг яг энэ дээр л харагддаг. Нийгэмд байгаа энэ маргааны үнэн зөвийг нь гаргаж өгч тогтоох ёстой юм. Аудит хийгээд хууль зөрчсөн үү үгүй юү, алдагдалтай гэрээ юу үгүй юү гэдэг дээр дүгнэлтээ гаргаад танилцуулах нь чухал байна. Одоо яригдаад байгаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь үнэхээр хийгдсэн юм уу. Эсвэл хүмүүсийн яриад байгаа шиг ямар нэгэн шахаа орчихоод гурав дөрвөн тэрбумын долларын хөрөнгө оруулалтыг өндрөөр үнэлээд яваад байгаа юм уу. Монголд орж ирэх үр шим ашгийг хойшлуулаад байна уу. Энэ бүгдийг бид тогтоох боломжтой. Тэгээд үнэн мөнийг тогтоосны дараагаар яахыг гэрээ хэлцэл хийх эрх үүрэгтэй байгууллагууд нь шийдэх ёстой. Түүнээс биш үнэн мөнийг олоогүй байж төслийг зогсоох талаар ярьж байна. Энэ төсөл Монгол улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гагцхүү үнэн мөнөөр тогтоогоод явах нь аль аль талдаа хэрэгтэй, ашигтай. Төрийн аудитын байгууллага аудит хийснээр бүх эргэлзээ арилна. Уг нь бол жил болгон тухайн байгууллагад төрийн аудит хийгээд явах учиртай. Үүн дээрээ манай төр засаг алдаад байна. Оюутолгой бол ганцхан хувийн компанийн асуудал биш шүү дээ. Төрийн зүгээс аудитаа оруулаад л явах нь зөв л байна.
-Оюутолгой манайд үйл ажиллагаа явуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Өмнө нь танайд аудит хийлгэх санал ирж байгаагүй юу?
-Ирж байгаагүй. Харин манайх Оюутолгойн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтад жил бүр аудит хийж, тайлан гаргая гэдэг саналаа өгчихсөн байгаа. Энэ нь ганцхан Оюутолгой ч биш, монголд уул уурхайтай холбоотой олон төслүүдэд хамаарна. “Эрдэнэт” үйлдвэр, Ураны төслүүд, “Бадрах энержи” гэх мэт газруудаас гадна газрын тосны өртөг нөхөх зардлын аудит гэж манай дээр ирсэн. Сүүлийн таван жил хийгдээгүй ажил нь овоорчихсон байгаа. Үүний зарим баримт нь цаг хугацааны хувьд хуучирч нотлох баримтын чанар эрсдэлд орж байна. Гэхдээ бид хийхээс өөр аргагүй. Ер нь зардлыг баталгаажуулна гэдэг маань чухал ач холбогдолтой. Тэнд гарсан бүх үйл ажиллагааг үзэж хянаж баталгаажуулдаг. Далд уурхайд гэхэд хэдэн метр куб шороо ухсан. Хэчнээн тонн бетон, зуурмаг, арматур хэрэглэсэн гээд бүх зүйлийг бид гаргаж ирэх ёстой. Технологийн зөрчилгүй хийж чадсан уу, үргүй зардал гаргасан уу гэх мэтчилэн аудитын байгууллага энэ бүхнийг гаргаж илрүүлдэг.
-Оюутолгойд 2019 онд аудит хийнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид дөнгөж Дубайн гэрээг дуусч байна. 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, хэдэн тэрбумын долларын хөрөнгө оруулалтын ажлыг бид баталгаажуулах гэж ажиллана. Өнөөдөр манай УИХ-ын зарим гишүүд ярьдаг. Та нар ямар их зардал нэхдэг юм бэ гэдэг. 7.5 тэрбум долларын хөрөнгө оруулалттай тэр том төсөл дээр таван аудитор очоод баталгаажуулж чадахгүй шүү дээ. Энэ дээр бүх салбарын өндөр түвшний мэргэжлийн хүмүүс орно. Түүнчлэн мэргэжлийн экспертийн төвшний мэргэжлийн хүмүүс очиж тэр зардлыг баталгаажуулдаг. Гэтэл монголд зарим мэргэжлийн хүмүүс нь байдаггүй. Олон улсын экспертүүд авчирч, дүгнүүлнэ. Гэхдээ УИХ-д оруулсан зардал яг газар дээрх нөхцөл байдалтай харьцуулахад өчүүхэн бага зардал байгаа юм. Өнгөрсөн жил төсвийн байнгын хороогоор оруулсан Оюутолгойд хийх аудитын зардлыг баталсан. Харин 2019 оны төсөв батлахдаа таначихсан. Ингээд мөнгийг нь хасчихаад сэдвийг нь батлаад өгчихсөн. Үйл ажиллагааны зардалгүй юм чинь бид яаж Оюутолгойн аудитыг хийж чадах вэ. Тэгээд эргээд бид төсөвгүй байна гээд орохоор зарим чухал гэсэн аудитыг хасчихлаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээнд хийх аудитыг хасаад Оюутолгойн зардлын аудитыг үлдээж баталсан. Зүй нь бол бид гэрээнд аудит хийж байж тэр дүгнэлтдээ үндэслэн ямар ямар зөрчил байгааг мэдсэний дараа зардлын баталгаажуулалт, ашгийн хуваарилалт руу орно шүү дээ. Гэтэл яг гол гэрээнд хийх аудитыг хассан байна.
Ашигт малтмалын хуульд хийх аудитыг мөн л хасчихсан байна. Хэрэв Ерөнхий аудиторын бүрэн эрх түдгэлзээгүй байсан бол энэ бүхнийг УИХ байнгын хороонд дээр ярьж хамгаалах байсан. Гэтэл ЖДҮ- тэй холбож, Төрийн аудитын байгууллагын удирдлагыг “хүчгүй” болгосон нь хулгайч нарт ашигтай байна. Ерөнхий аудиторыг хүчгүй болгож байгаад тоглолт хийх гэсэн бүлэглэлүүд байна л гэж хардаг.-Оюутолгойн асуудал дээр маш олон ашиг сонирхол байдаг. Тэр нь нөлөөлөөд хасчихав уу? -Би үнэндээ яг ингэж хардаж байна. УИХ-д Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн санаархал бий. Үүнийг би хар хүч гэж байгаа юм. Тийм учраас үүнийг будлиантуулж байна. Ерөнхий аудиторыг түдгэлзүүлснээр бодлогын том алдаанууд гарч эхэлж байгаагийн нэг тод жишээ энэ л дээ. Оюутолгойн асуудлын талаар ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Тэр үнэнийг аудитын байгууллага олж өгөх үүрэгтэй. Хараат бусаар хөндлөнгөөс гаргаж өгнө. Тэгж байж энэ маргаан эцэслэнэ. Тэр компанийн талд, эсвэл төрийн талд ч орохгүйгээр яг хөндлөнгөөс хяналт шалгалтаа хийж үнэн зөв дүгнэлтийг ард түмэнд өгмөөр байна. Энэ асуудал руу явах гэхээр ингээд л зардал мөнгийг нь танаад, сэдвийн хүрээнд гол асуудлыг нь аваад хаячихдаг. Оюутолгойн гэрээний аудит гээд гол юмыг нь авчихаар зардал, үйл ажиллагааны аудитыг хийх ч шаардлагагүй болчихож байна. Яагаад гэрээнээс айгаад байгаа юм. -Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд хийх аудитыг хассан байна. Ер нь хуульд аудит хийж байсан уу? - Өнөөдөр ашигт малтмалын лицензын асуудлыг улс орон даяар ярьж байна. Байгалийн баялаг Үндсэн хуулиараа ард түмний өмч. Гэтэл ард түмэн энэ баялгийн үр шимийг хүртэж чадахгүй ухаад л гадагшаа гаргаад байдаг. Ашиг нь хэдхэн лиценз эзэмшигч болон дарга нарын халаасанд орж байна. Энэ хуваарилалт шударга бус байна гэдгийг дээр дооргүй ярьж байна. Гэтэл үүний шийдэл нь явж явж хуульдаа байгаа байхгүй юу. Хууль өөрөө цоорхой, байгалийн баялаг үнэ цэнэгүй, эзэнгүй болсон учраас тэр юм. Тиймээс бид энэ хуульд аудит хийгээд гаргаад ирье гэсэн дахиад л нөгөө хар хүч нь аудитын сэдвээс Ашигт малтмалын хуулийг хасчихсан. Хэрэв Ерөнхий аудиторын бүрэн эрх түдгэлзээгүй байсан бол энэ бүхнийг УИХ байнгын хороонд дээр ярьж хамгаалах байсан. Гэтэл ЖДҮ- тэй холбож, Төрийн аудитын байгууллагын удирдлагыг “хүчгүй” болгосон нь хулгайч нарт ашигтай байна. Ерөнхий аудиторыг хүчгүй болгож байгаад тоглолт хийх гэсэн бүлэглэлүүд байна л гэж хардаг. -Хуулийн аудит гэдэг одоогийн нөхцөл байдалд их чухал юм. Маш олон хуульд энэ аудитыг хийх шаардлага үүссэн байна? -Бид хуулийн аудитыг Ашигт малтмалын тухай хуулиар эхлэнэ гэж төлөвлөсөн. Монгол Улсын Төрийн аудитын байгууллага өмнө нь хуульд аудит хийж байгаагүй. Өнөөдөр Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ. Энэ бүхэн хууль, бодлогын алдаатай холбоотой байна. Тиймээс бид эхлээд аливаа хууль нь өөрөө үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна уу, хөгжил дэвшлийн төлөө байна уу, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө байна уу гэдгийг нягтлах ёстой. Тэгээд хууль нь үнэхээр зөв байвал дараа нь хэрэгжилтийг нь авч үздэг. Гэтэл Төсвийн байнгын хороо хуулийн аудитыг хассан. Уг нь энэ бол УИХ-ын гишүүдийн ажлын хариуцлагын асуудал юм шүү дээ. -“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой аудит яригдаж байгаа юу? - “Эрдэнэт” үйлдвэрт манайх аудит хийгээгүй байна. 2013 онд Төрийн аудит орсон байдаг. Тэрэнтэй холбоотой гарсан зөрчлийг арилгуулах давтан аудит хийж байна. -Гадны хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад олноороо байгуулагдаж байна. Тэдэнд төрийн аудит оруулахад эрх зүйн хувьд хэр боломжтой байдаг вэ? -Монголд аудитын байгууллагын тогтолцоо хөгжөөд удаагүй байна. Төрийн аудит, хувийн аудитын компаниуд, дотоод аудит гэх байгууллагууд ажиллаж байна. . Мөн Олон улсын эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна. Дөрвөн том аудитын компани Монголд байна. Тэд голдуу санхүүгийн аудит хийдэг. Сангийн яамнаас зөвшөөрөл өгдөг. Томоохон компаниуд олон улсын аудитын байгууллагаар жилийн эцсийн тайлангаа гаргуулаад 100-300 мянган ам.доллар төлж байна. Өндөр хэмжээний зардал гаргаж баталгаажуулж байна. Үүнээс гадна салбарын аудит болох цахим аудит, эрүүл мэнд, эрчим хүчний гэсэн төрлүүд гарсан ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаа бол салбарын албан тушаалтны журмаар зохицуулагдаж байна. Аудитын тухай хууль болон Компанийн тухай хуульд Төрийн томоохон компаниуд хувийн компаниар аудит хийлгэж болно гэж заасан байдаг. Тэд өөрсдийгөө шалгуулах гэж байгаа юм чинь өөрсдөдөө ашигтай дүгнэлт гаргуулах компанийг сонгох эрсдэл байна. Уг нь төрийн өмч учраас тэнд төрийн аудит төрийн өмнөөс хяналтаа тавиад явах учиртай. Гэхдээ би хоёр жилийн өмнө ажлаа аваад тухайн компанид аудит хийх компанийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд Төрийн аудитын байгууллагаас төлөөлөл оруулах тухай, аудитын үйл ажиллагаанд чанарын хяналт тавихаар журам батлан мөрдөж байна. Яагаад гэхээр Төрийн өмчит компаниудын тайлан жилийн эцэст манай дээр бүгд төвлөрдөг, бид баталгаажуулдаг. Манай аудиторууд тэнд очиж ажиллаагүй юм чинь яаж бид үнэн зөв гэж баталгаажуулах юм гэдэг асуудлыг яриад журам гаргуулж тус журмыг гарган мөрдүүлж эхэлсэн. Хуучин байсан эрсдэл арай багасгасан. Төрийн хяналт тодорхой хэмжээнд сайжирсан гэж хэлж болно. -Аудитын байгууллагыг сүүлийн үед янз бүрээр хэлж байна. Тэр дундаас шүдгүй арслан гэж яриа хүртэл гарч байлаа. Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байв? -Хуулиараа бол бид нийцлийн, гүйцэтгэлийн, санхүүгийн гэсэн гурван төрлийн аудит хийдэг. Олон нийт ойлгохдоо бидний илрүүлсэн зөрчлийн дагуу тухайн албан тушаалтанг ажлаас нь халдаг, арга хэмжээ авдаг гээд хууль хүчний болон захиргааны байгууллага шиг үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгоод байна. Тийм биш юм. Аудит бол зөвлөн туслах үйл ажиллагаа явуулна. Тэнд байгаа алдаа зөрчил дутагдлыг аль болох бага дээр нь илрүүлээд таслан зогсоох, үйл ажиллагааг сайжруулах талаар бид зөвлөгөө өгдөг. Энгийнээр ойлгомжтой хэлбэл нийгмийн эмч юм. Төрийн болон төсвийн байгууллагын үйл ажиллагаа доголдвол тэрийг оношилж, эмчилж зөвлөгөө өгнө гэсэн үг. Энэ бол олон улсын жишиг шүү дээ. Түүнээс биш шүдтэй арслан болж очоод тухайн байгууллагын зөрчил гаргасан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд халаад байвал төрийн захиргааны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож удирдлагын зарчим, тогтолцоонд гажуудал үүсгэх эрсдэл гарна. Бидэнд тийм эрх зүйн чиг үүрэг байхгүй, зохимжгүй. Бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийн дагуу зөвлөн туслах чиг үүргийнхээ дагуу ажилладаг. Төрийн аудитын байгууллага ард түмнийхээ төлөөлөл болоод төрийн болон төсвийн байгууллагын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянах нь бидний гол үүрэг. Харин тухайн жилдээ хийх аудитын сэдвийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор батлуулдаг. Бид өмнө нь жилийн сэдвээ тухайн жилд нь батлуулдаг байсан. 2018 он байлаа гэхэд гуравдугаар сард нь батлуулаад цаана нь есөн сар л ажиллаж байсан. Судалгаа, төлөвлөлт гээд эхний хагас жил нь өнгөрчихөж байгаа юм. Энэ нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалттай л адилхан болоод байсан. Үр ашиг муутай байсан үг . Тиймээс ер нь сэдвээ урьд жил нь батлуулж байх нь зүйтэй гэж үзээд 2017 онд 2018 онд хийх аудитын сэдвээ батлуулан ажилласан. Түүнчлэн 2020, 2021,2022 онд хийх аудитын сэдвийн төслөө батлуулж байна. Энэ нь хараат бус байдлыг сайжруулж байгаа юм. Нөгөөтэйгүүр ашиг сонирхлын зөрчлийг байхгүй болгож байна. Хоёр жилээр сэдвээ батлуулчихаар тухайн үед нөлөөлөл багасна. Мөн аудитын чанарт сайнаар нөлөөлж байна. 2020, 2021 оны аудитаа төлөвлөсөн учраас эндээ тааруулаад бид судалгаагаа хийж эхэлнэ гэсэн үг. -Та бүхэн аудитаа хийгээд дүгнэлтээ танилцуулдаг. Тэр дагуу дараагийн байгууллага хяналт шалгалт хийх шаардлагатай тохиолдол гардаг. Аудитын байгууллагын ажлын үр дүнгийн тухай тодруулахгүй юу? -Аудитын байгууллагын ажлын үр дүн жил бүр дээшилж байна. 2018 онд Монгол Улсын нийгэм эдийн засагт нөлөөлж байгаа эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд руу бид орж ажилласан. Тэнд байгаа алдаа дутагдлыг бага дээр нь олж харж сайжруулахгүй бол эдийн засаг сэргэхгүй л гэсэн үг. Уул уурхай, стратегийн ордууд,Оюутолгой, Алт хөтөлбөрийн хэрэгжилт руу орж ажилласан.Мөн Монголбанк, Хөгжлийн банк, Бонд, концессын гэрээнүүдэд аудит хийсэн.2019 онд нийгмийн салбарт түлхүү ажиллах гэж байна. Монгол Улс хөгжихөд хамгийн гол нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсролын асуудал байдаг. Энэ дээр ямар алдаа байна гэдэгт аудит хийнэ. Гэхдээ сая Төсвийн байнгын хороон дээр нийгмийн салбарын ихэнх аудитыг мөн л хассан байна. Мөнгө төсөвтэй холбоотой хасч байгаа гэж тайлбарлаж байна. Уг нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил маань хүндээ л хэрэгтэй байх учиртай. Хүний боловсрол, эрүүл мэнд, халамж үйлчилгээний асуудал чухал. Эцсийн эцэст Монгол Улс хүнийхээ төлөө л хөгжих гээд байгаа биз дээ. Гэтэл хүний хөгжлийн асуудлыг гишүүд дэмжсэнгүй. Тухайлбал эмийн салбар эрдсэл дагуулж байна. Үүнийг бид үнэхээр зөв байна уу, эргэлт нь ямар байгаа, чанарын асуудал, хаанаас орж ирж байна. Мөн халамж үйлчилгээний салбар нь ямар байна гээд, бага дунд боловсролын салбарт ямар асуудал байна гээд аудит хийе гэхээр болдоггүй л юм байна. Бид аудит хийх сэдвээ ямар ч бодлогогүйгээр оруулаагүй шүү дээ. Манай байгууллагад Стратеги удирдлагын газар гээд тусдаа судалгаа хийдэг газар байна. Гэтэл Төсвийн байнгын хорооноос энэ сэдвүүдийг бас л хасчихаж байна. Энэ дээр нэг их дааж давшгүй төсөв байгаагүй, төсөв харьцангуй бага харин нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь их байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.29 № 88 (6055)