Д.Батсайхан: Завхан аймагт хөрөнгө оруулж, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж байна

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Улаанбаатар дахь Завхан аймгийн  Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлтэйгээ  хамтран  ”Хэрэглэгч аймгаас -Үйлдвэрлэгч аймаг” уриан дор хөрөнгө оруулалтын чуулганыг  нийслэлд зохион байгуулсан. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Д.Батсайхантай ярилцлаа.  -Танай аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлжээ. Хөгжлийн төлөвлөгөө  ямар зарчмаар хэрэгжиж байгаа вэ?  -Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлын нэг нь “Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” болох амаргүй бөгөөд томоохон зорилт юм. Үүнийгээ хэрэгжүүлж үйлдвэрлэгч аймаг болохын тулд үйлдвэрлэлийн хэд хэдэн үе шат байх ёстой гэж үзсэн. Хамгийн эхнийх нь өрхийн үйлдвэрлэл юм. Өрх бүр үйлдвэрлэгч байж өөрийн гэсэн  бүтээгдэхүүнээ хийдэг, борлуулдаг, түүнийгээ зах зээл дээр гаргадаг болно. Хоёр дахь шат нь сумын түвшний жижиг үйлдвэрлэлийн асуудал юм. Гурав дахь шат нь сум хоорондын бүсчилсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Дөрөв дэх нь аймгийн хэмжээнд, тав дахь нь улс орны хэмжээнд брэнд болохуйц үйлдвэрлэл хөгжүүлэх юм. 2016 оны есдүгээр сараас эхлэн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Аймгийнхаа 24 суманд оёдол, уран хатгамлын сургалт зохион байгуулсан. Нийт 1126 хүнийг хамруулсан. 2017 оны хавар 24 суманд эсгий, эсгий эдлэлийн сургалт явуулсан. Энэ сургалтад 300 гаруй хүн оролцсон. 2018 оноос ахисан шатны оёдлын сургалтыг зохион байгуулсан. Үүний дүнд өнөөдөр 3000 орчим хүн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болоод байна. -Жижиг, дунд үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүнээ яаж борлуулдаг юм бол?  -Аймгийн удирдлагуудын зүгээс сургалтад хамрагдаж  өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа  иргэдийнхээ бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Хамтын хүч-хөгжлийн гарц” Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон. Мөн Цагаан сарын үзэсгэлэн худалдаа, хилийн үзэсгэлэн худалдааг шинээр зохион байгуулдаг болсон. Улаанбаатар болон Эрдэнэт хотод Завханы брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулдаг. Үүний дүнд бүтээгдэхүүний борлуулалт жилээс жилд нэмэгдэж байгаа. -Үйлдвэрлэгч болох зорилт одоо ямар шатандаа явж байна вэ?  -Бид энэ жилээс сумын түвшний үйлдвэрлэл хөгжүүлэх хоёр дахь шат руугаа орж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын үндсэн чиглэлд 380 орчим сая төгрөг тусгаж, нэг суманд 13-15 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч өгөхөөр шийдсэн. Тоног төхөөрөмжийг ашиглан цаашид үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтран ажиллаж байгаа юм. Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа сум болгоны нутгийн зөвлөл сумандаа тус бүр нэг жижиг үйлдвэр байгуулъя гэсэн санаачилга гаргаад ажиллаж байгаа. Улаанбаатар хотод  зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганд сумдын Засаг дарга нар, хөрөнгө оруулагчид, нутгийн зөвлөлийн төлөөлөл, Завханд хөрөнгө оруулахыг хүсч байгаа бизнесийнхэн, олон улсын төслийн байгууллагууд, Элчин сайдын яамд болон  дотоод, гадаадын  350 гаруй хөрөнгө оруулагч оролцлоо. Хөрөнгө оруулалтын чуулганаар бид Завхан аймагт ямар салбар, чиглэлийн үйлдвэрлэл хөгжих бололцоотой вэ гэсэн судалгаа, тооцооллыг танилцууллаа. -Хөрөнгө оруулалтын чуулганаар шийдсэн зүйл, үр дүнг сонирхуулна уу? -Чуулганы  дүнд  нэг суманд 2-5 жижиг, дунд үйлдвэрлэл байгуулахаар болж  үйлдвэрлэл хөгжүүлж  бүтээн байгуулалт хийх санаачилга гаргаж байгаа хөрөнгө оруулагчидтай гэрээ байгууллаа. Нийт 86 төсөл санхүүжүүлэхээр шийдвэрлэж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн Засаг даргын чиглэлд тусгасан хөрөнгөөр  шаардлагатай  тоног төхөөрөмжийг худалдан авч өгөх талаар сумын Засаг дарга нартай батламж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. -Үйлдвэрлэл явуулах, төсөл хэрэгжүүлэх судалгаа, тооцоог  яаж хийв. Хаанаас туршлага судалсан бэ?  -Бид энэ ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулахын өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот руу  бизнес аялал хийгээд ирсэн. Тэнд үйлдвэрлэл хэрхэн хөгжүүлж байгааг судалсан. Малын гаралтай түүхий эдээ яаж боловруулж байна вэ,  ямар замаар  эцсийн бүтээгдэхүүн болгож байгаатай  танилцсан. Ингээд хөдөө сумдад авчраад суурилуулж болохуйц  үйлдвэрлэлийн жижиг тоног төхөөрөмжүүдийн талаар судалгаа, тооцоог гаргаж ирсэн. -Завханаас төрж гарсан томоохон бизнесмэнүүд нутагтаа хэр хөрөнгө оруулдаг юм бэ? -Ер нь бол олон салбараас туслалцаа дэмжлэг ирж байгаа. Эдийн засгийн форумд  гадаад, дотоодын 350 гаруй хөрөнгө оруулагч цугласан. Завхан нутгаас төрж гарсан томоохон бизнесмэн, үйлдвэрлэгчид бүгд нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гаргаж байгаа. Нутагтаа нэг ч гэсэн хөрөнгө оруулалт хийе, үйлдвэрлэл явуулахад нь туслая гэсэн хүсэлтэй хүн олон байна. Өөрийн  явуулж байгаа үйлдвэрлэлийн юм уу, хийж байгаа бизнесийнхээ нэг ч гэсэн салбарыг нутагтаа байгуулъя, хамтарч ажиллая гэсэн эрмэлзэлтэй хүмүүс ч байна. Завхан нутгийн ард түмэн маш оюунлаг хүмүүс. Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтэд бизнес эрхэлж байгаа олон хүн бий. Энэ хүмүүс бүгд сэтгэл гаргаж гар нийлж ажиллаж байна. Түүнээс гадна зөвхөн Завхан аймгийн харьяат иргэд гэж хязгаарлахгүйгээр манай аймаг руу хөрөнгө оруулалт хийх, тэнд бизнес эрхлэх сонирхолтой бусад хүнд ч гэсэн хөрөнгө оруулалтын чуулган нээлттэй хандсан.  Олон улсын болон бусад томоохон хөрөнгө оруулагчид ирж ажиллаж байгаа. -Хөрөнгө оруулагчид  ямар чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой байдаг юм бол? -АДРА олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар Идэр суманд бяслагны үйлдвэр байгуулахаар шийдсэн. Гэрээнд гарын үсэг зурж ажил эхлээд явж байгаа. Мөн Тахь хамгаалах олон улсын сангаас Дөрвөлжин суманд чацарганын үйлдвэр байгуулахаар шийдэж гэрээгээ байгуулсан. “Тайж” группээс мах нөөшлөх үйлдвэр байгуулахаар болсон. Энэ мэтчилэн томоохон хөрөнгө оруулалтыг  саяын чуулганаар шийдлээ. -Танай  аймгийн хувьд  бизнес эрхлэхэд  ямар давуу талыг санал болгодог вэ? -Завхан аймагт үйлдвэрлэл  хөгжүүлэх таван чиглэл байна гэж бид үзэж байгаа. Эхнийх нь хөдөө аж ахуйн салбар. Тэр дотроо мал аж ахуй, газар тариалан. Хоёр дахь нь аялал жуулчлалын салбар. Гурав дахь нь модон эдлэлийн салбар. Модон эдлэлийн үйлдвэр хөгжих бололцоо их бий. Мөн байгалийн гаралтай жимс жимсгэний арвин нөөцтэй учраас  энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх компаниудад боломж өргөн байна. Тавдугаарт, манай аймагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх арвин нөөцтэй. Хонь ихтэй учраас хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх бололцоотой. -Хөрөнгө оруулалтын чуулганы нэг бүрэлдэхүүн хэсэг нь аялал жуулчлалын сэдэвтэй  байсан. Энэ чиглэлээр юу хийх вэ? -Аялал жуулчлалын хувьд бид энэ жилээс Завхан аймгийн мастер төлөвлөгөөг гаргаж байгаа. Энэ төлөвлөгөөг хийх төсөлд СЭЗИС шалгарсан. Аялал жуучлалын мастер төлөвлөгөөгөө боловсруулж, энэ чиглэлээр аймаг орон нутаг маань есөн үндсэн бүс болж хөгжих чиг хандлагаа тодорхойлоод байна. Есөн бүсийн өнгө төрх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн загварыг мастер төлөвлөгөөгөөр гаргаж ирнэ. Энэ төлөвлөгөө гарснаар зөвхөн аялал жуулчлалын бүс, дэг жаяг, стандартыг тогтоохоос гадна тэдгээрийг дагасан жижиг үйлдвэрлэлийн нөөцийг бий болгох зорилготой байгаа. Завхан аймгийн нутаг Хар нуур, Тэлмэн нуур дээр аялал жуулчлалын томоохон кэмп байгуулах санаачилга гаргаж байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид  бий. Хамтран ажиллах санамж бичигт эхнээсээ гарын үсэг зураад явж байгаа. -Үйлдвэрлэл явуулахад боловсон хүчин маш чухал. Энэ асуудлыг яаж шийдэв? -Манай аймагт Политехникийн коллеж, Тосонцэнгэл суманд МСҮТ бий. Үүгээр дамжуулан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийдэж байна. Түүнээс гадна  бид хүрээлэн байгаа орчноо хайрлан, хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарч ирсэн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь ой модны аж ахуй эрхэлдэг, ойн мэргэжилтэн бэлтгэдэг 40 гаруй жилийн түүхтэй  сургуульд 30 гаруй хүнийг явуулж цэцэрлэгч, ой үржүүлэгч мэргэжлээр сургасан. Энэ хүмүүс маань нутагтаа ирээд бүгд нэг, нэг  албан байгууллага дээр сургалт зохион байгуулж байна. Ер нь манай аймгийн хэмжээнд мод тарих, ногоон байгууламжтай болох  хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа. Тэр хэмжээгээр хүн ардын эрүүл, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж,  цаашлаад иргэдийн эрүүл мэнд, байгаль дэлхий, экологийн тэнцвэрийг хангах олон асуудлыг шийдэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.26 87 (6054) 
О.Алтангэрэл: Жагсаал хийх бол 48 цагийн өмнө мэдэгдэнэ, зөвшөөрөл авах шаардлагагүй

О.Алтангэрэл: Жагсаал хийх бол 48 цагийн өмнө мэдэгдэнэ, зөвшөөрөл авах шаардлагагүй

13 цаг 14 мин
Евроазийн эдийн засгийн хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ

Евроазийн эдийн засгийн хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ

13 цаг 23 мин
Дунд сургууль руу бүлэглэн халдсан тухай хэлэлцлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны

15 цаг 17 мин
Х.Нямбаатар: Зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй, төсөв нь батлагдсан

Х.Нямбаатар: Зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй, төсөв нь батлагдсан

15 цаг 40 мин
Электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулна

Электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулна

15 цаг 52 мин
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулжээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулжээ

16 цаг 4 мин
С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах санал оруулна

С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах саналыг оруулна

16 цаг 26 мин
Таанат цэнхэр талын минь дэнхэр хөх уулс

Оршилын оронд онцлох нь. Хуучин Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хушуу, өнөө цагийнхаар Дундговь

21 цаг 37 мин
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн 2024 оны онцлох 10 амжилт

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан

21 цаг 42 мин
П.Манфред: Төр нөхцөл тавилгүйгээр Хэвлэлийн зөвлөлийг дэмждэг жишиг бий

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч

21 цаг 42 мин