
М.ГАНЦЭЦЭГ
УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа.
-Намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Гэхдээ ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар асуумаар байна. Юу болж өнгөрөв гэдэгт та дүгнэлт өгөөч?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Миний бодлоор өргөн барьсан хууль бүрийг шууд хэлэлцэх биш бий болоод буй эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хямралын талаар хэлэлцэх байсан. Горимын санал тавих гэж нэрээ өгсөн ч УИХ-ын чуулган дээр хэлж чадаагүй. Нэгэнт үр дүнгүй юм шиг хурал болчихлоо.
Гэхдээ хуулийн төслүүдийг батлаагүй ч хэлэлцсэн. Ямар ч байсан хоолой дээр хутга тулсан асуудал байгаагүй нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй байжээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэлэлцээгүй нөхцөлд таван хуулийн төслийг ярих боломж муутай. Энэ бодлогыг УИХ хүлээж аваад гурван сар боллоо.
-Уг нь бодлогоо өргөн барьчихсан юм уу?
-Тийм. Суурь бодлогоо эхэлж ярихгүйгээр асуудлыг дундаас эсвэл сүүлээс нь ярьсан учраас зөв алхам болж чадсангүй. Энэ бүгд хоорондоо холбоотой асуудлууд. Ер нь Монголын эрдэс баялгийн салбарыг тулгуур гэж үзэж байгаа юм бол одоог хүртэл энэ талаар төрийн бодлого гараагүй нь харамсалтай. Энэ бол түрүү, түрүүчийн парламентын буруу. Энэ алдааг бид одоо тэвчиж болохгүй. Үндсэн хуульдаа газрын баялаг Монголын ард түмний мэдэлд байна, төр өмнөөс нь захиран зарцуулна гэж заачихсан. 2004 онд Б.Чимид нарын Ашигт малтмалын сайн хууль гарсан. Үүнийг Ардчилсан холбоо эвсэл буюу М.Энхсайханы Засгийн газрын үед хүчингүй болгосон. Дуртай нь лиценз авч газрын баялаг руу шунаж орох хаалгыг нээсэн. Газар ухах сэдлийг дуртай болгонд нь өгч, 2006 оны хуулиар үүнийг бүр баталгаажуулсан. Үндсэн хуулийн эсрэг ийм хууль гаргасан нь буруу. Хөрөнгө оруулалт гэж уул уурхайн салбарыг голдуу ярьж байна. Тэгэхээр Монголын ард түмэнд ашиггүй хөрөнгө оруулалтыг хаах ёстой. Монголын ард түмэнд, тэдний сайн сайханд зориулагдсан зүйлийг гадна, дотны мөнгөтэй хүнд ашиг болгон өгч, бид хоосон нүхтэй үлдэж болохгүй. Тиймээс төрийн бодлогоо яаралтай татаж авч хэлэлцэх ёстой.
-Та хуулийн төслүүдийг бүгдийг нь дэмжээгүй юм уу. Хөрөнгө оруулалтын хоёр хуулиас бусдыг нь хойшлуулъя гэж ярилцсан байсан?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль Монголд ашиггүй бол хэрэггүй. Энэ хууль алтны, урт нэртэй хуультай уялдаатай.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын өөрчлөлтийг парламент бүхэлдээ дэмжсэнгүй. Байгалийн баялгийнхаа төлөө гишүүд нэгдэж чадлаа гэж үү?
-Энэ асуудлыг бид хойш нь тавьсан. Үүнээс өөр арга байгаагүй. Монголын байгалийн баялаг, экологио унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөө байсан. Усны эхэнд, ой модны сав газар ашигт малтмал хайж олборлохыг хориглосон. Экологио сүйрүүлье гэж бодож байгаа бол энэ хуулийг тавиад явуулах байх. Байгалиа сүйрүүлж алт ухуулчихаад, хаачихаар нь гомдол тавиад, амандаа орсон тоог нэхэж, түүнд нь төр бууж өгдөг байж болохгүй. Тэгснээ алт нь нууц байдалд орчихлоо, дийлэхээ байлаа гэж хэлж байгаа бол ийм төрөөр яах юм бэ. Ажлаа өгөөд явах хэрэгтэй. Өөр нэг асуудал бол Түгээмэл тархацтай ашигт малтамын тухай хууль бий. Ашигт малтмалын талаар нэг л багц хууль байх ёстой. Заавал салгах шаардлага алга. Монголын барилгын салбар улирлын чанартай бизнес. Өвөл болох гээд байхад ийм хууль тулгах нь буруу. Энэ мэтчилэн аль аль хууль нь дутуу боловсруулагдсан учраас хойшлуулахаар болсон. Яаран дааран хэлэлцэх асуудал биш байж. Цаг нь биш байж.
-Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг тоохгүй гараад явчихаар хуулийн орчноо илүү нээлттэй болгох гэсэн юм биш үү?
-Зарим нь ашиггүй гэдгээ мэдээд гарсан байж болно. Монголд хэрэггүй хөрөнгө оруулалт явж л байна биз. Тушаах алт нь багассан, тэгсэн хэрнээ олборлоод байна, ихэнх нь далд орчихлоо гэж уйлан дуулж байгаа төр сайн ажиллаж байгаа гэж үү. Харин ч хулгайлуулахгүй, эрхийг нь хасах ёстой.
-Олон гишүүний дэмжлэг авч чадаагүйн цаана учир байгаа байх. Энд ашиг сонирхлын зөрчил байсан болов уу?
-Сайд нар, гишүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харахаар алтны олон компанид хувьцаа эзэмшдэг гэж хүн ярьж байна лээ. Үүнийг сайн нягтлах нь зөв гэж бодож байна. Хэрэв үнэн бол энэ хуулиудыг өргөн барьсан шалтгаан тодорхой болно. Үнэнийг хэлэхэд ээлжит бус чуулган хагас алхам болчихлоо. Нийгмийн зүгээс ирж буй шүүмжлэлийг хүлээж авах ёстой.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр таван төсөл ороогүй. Гэхдээ хэлэлцэнэ гээд хойшлуулсан. Хэзээ үргэлжлүүлэх вэ.Та УИХ-ын удирдлагын багт байдгийн хувьд мэдэж байгаа юу?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Ер нь дуусах дөхөж байгаа. Таван төслөөс нэгийг нь салгаж батлах зохимжгүй байсан юм болов уу. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн ажлын хэсэг гаргасан.
-Танай “Шударга ёс”эвслийн бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа юу?
-Манай эвслийн бүлэг байгалийн баялгийг ард түмэндээ үлдэцтэй, луйврын гэрээг хүчингүй болгоё гэж явж буй хүчний хувьд үүнээс өөр байр суурь олдохгүй байх. Бидний дунд санал зөрүүтэй хүн бий.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журам огт хэрэгжээгүй учраас өөрчлөх гэж байгаа гэсэн. Их хатуу байсныг зөөллөх гэж байгаа гэж ойлгосон?
-Үнэн хэрэгтээ буцааж тавих нүх гарах юм байна лээ. Үүнийг сайн үзэж шалгахгүй бол болохгүй. УИХ-ын даргын мэдлийн ажлын хэсэг гаргаж нухацтай авч үзэх нь зүйтэй.
-Ноцтой асуудал байгаа учраас л иргэний хөдөлгөөнийхний тэмцэл дуулиантай болсон байлгүй?
-Ямар сайндаа л буу шийдэмдээ хүрэх билээ. Энэ байдлыг зөвтгөх аргагүй ч бухимдал ийм төвшинд байгааг хууль тогтоох байгууллагынхан бид мэдрэх учиртай. Бид Засгийн газар биш, төлөөллийн байгууллага учраас иргэдийн саналыг харгалзахгүй өнгөрч болохгүй. Хууль тогтоох байгууллага л юм бол Засгийн газраас цэгцтэй, журамтай, дараалалтай ажиллуулах хэрэгтэй.
-Засгийн газрын хоёр сайдаас бусад нь УИХ-ын гишүүд. Энэ удаад Засгийн газрын лообий парламентад нөлөөлж чадсангүй дээ?
-Сайн үзье, нягтлая гэсэн гишүүд олон байсан. Олонх, цөөнх гэлтгүй ард түмэндээ очоод юу хэлэх вэ гэдгээ илүү бодож үзсэн болов уу. Ийм хууль баталчихаад ард түмэнд юу хэлэх билээ. Их эсэргүүцэлтэй тулсан шүү дээ. Иргэд ам.долларын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ яагаад өсөв гээд асууна биз дээ. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. УИХ-ыг иргэд, сонгогчид харж, хүлээж байгаа. Цалин, тэтгэвэр нь үнийн өсөлтийг даахгүй байна. Бухимдлаа бидэнд гаргахаас өөр аргагүй.
-Эдийн засгийн хүнд байдал цаашид үргэлжилнэ гэх хүмүүс байна. Мөн ажил, амьдрал хэвийн гэх дарга, сайд нар бий. Тэгвэл та парламентаар хэлэлцэх төвшинд хүрсэн гэж үзэж байна уу?
-Ямар нөхцөл байдалтайг намрын чуулганаар заавал ярих ёстой. Нууж хааж, бодит дүгнэлт хийхгүйгээр шийдвэр үнэн зөв гарч чадахгүй. УИХ-ын гишүүд амарч яваад ирсэн учраас нэгдсэн мэдээлэлгүй байна. Өөр, өөрийнхөө ойлгосноор ярьж байна. Нэгдсэн мэдээлэлтэй болж, хөндлөнгийн шинжээчдээр судалгаатай дүгнэлт гаргуулах учиртай. Дураараа дүгнэж, дунд нь өөрсдөө тэсэж үлдэхийн төлөөх бодлого явуулж болохгүй. Хамар доорхоо харсан бодлого явуулж болохгүй, буурь суурьтай хандах хэрэгтэй гэсэн дохиог ээлжит бус чуулганаас харсан байх. Би дүгнэлт хийдэг хүн биш. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, амьдрал хэцүү байгаа нь үнэн. Үүний учир шалтгааныг зөв олж, зөв мэдээлэлтэй болж бодитой, амьдралд нийцсэн шийдвэр гаргах нь чухал.
-Бурууг өмнөх, хойдох Засгийн газар руу л түлхэх юм. Алинд нь буруу байна?
-Одоогийн үүсээд буй нөхцөл байдал өмнөх парламент, Засгийн газрын алдаа явж байгаа нь тодорхой. Сонгуулийн өмнө баахан мөнгө аваад идсэний хар гай. Одоогийн Засгийн газарт ч алдаа бий.
-Танай нам Засгийн газарт хамтран ажиллаж байгаа шүү дээ?
-Тэглээ гээд Засгийн газарт алдаа байгаа бол түүнийг нь хаацайлна гэсэн үг биш. Бодитой ярих ёстой. Манай сайд нар муу ажилласан бол адилхан ташуур өгч, ярих ёстой. УИХ хянаж чадахгүй, Засгийн газрын алдаатай бодлогыг өөгшүүлвэл бид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол ард түмний амьдрал шаварт живээд, гадны хэдэн хүн ашиг олдог газар болчих гээд байна. Үүнд нэг их ухаан зарах юм алга. Захын хүн мэдэж байгаа шүү дээ.
-Намрын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Гэхдээ эдгээр төсөл өнөөдрийн нөхцөл байдалтай уялдаж гарах ёстой биз дээ?
-Заавал уялдана. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар намрын чуулганаар заавал хэлэлцэх ёстой асуудал мөн. Миний нэг санаа зовж байгаа зүйл бий. Оюутолгойн луйврын гэрээ гэж бүгдээрээ ярьдаг байж одоо чимээгүй болчихсон нь яаж байгаа юм бол.
-Таны байр суурь өөрчлөгдөөгүй биз?
-Өөрчлөгдөөгүй. Яагаад хүчингүй болгодоггүй юм бэ гэж асуусаар л байна. Анхны хөрөнгө оруулалтаа хэд дахин нэмсэн, гүний уурхайн хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд манай баялгийг ломбарданд тавих гэж байгаа шүү дээ. Энэ далимд хэлчихмээр байна. Оюутолгойн гэрээг, Үндсэн хуулийн долоон нэмэлтийг хүчингүй болгож чаддаггүй юм бол энд суух хэрэг алга. Энэ бодолдоо би үнэнч байгаа.
-Энэ зорилгынхоо төлөө та хэр явж байгаа юм бэ?
-Явж л байна. Явна гэдэг байнга сэлэм эргүүлнэ гэсэн үг биш. Намын бүлэг, байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааны үеэр байр суурь дээрээ хатуу зогсч байгаа. Сая урт нэртэй хуулийн журам, алтны хуулийг хойшлуулж чадсан нь бидний хүчин чармайлт байгаа гэж бодож байна.
-Ганцхан та биш ижил байр суурьтай гишүүд олон байгаа биз дээ?
-Энэ парламентын түүхэнд үлдэх онцлог энэ байх болно. Энэ хоёр асуудлыг л өөрчилж чадахгүй бол надад хэлэх үг олдохгүй. Ганцхан минийх биш. Манай эвслийн бүлгийн асуудал ч биш. Манай парламентын, Засгийн газрын ажлын үр дүн болж түүхэнд үлдэх учиртай.