
Д.БОЛОР
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа. Тэрээр хэсэг гишүүдийн хамт Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж удахгүй УИХ-д өргөн барихаар зэхжээ.
- Өршөөлийн хуулийн сургаар ял эдэлж байгаа хүмүүст хүлээлт үүсдэг. Таны санаачилсан хууль ямар онцлогтой бол. Ямар гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарах вэ?
-Саяхан Хууль зүйн яамны Газрын дарга Монголд 8000 орчим хоригдол байна гэж ярьсан.
Энэ бол Монголын түүхэнд хамгийн олон хоригдолтой үе. Ийм цаг үед Өршөөлийн хууль нийгэмд хүлээлт үүсгэж байна. УИХ-д сууж байгаа хүний эрхийн чиглэлээр ажилладаг гишүүд болон Иргэний нийгмийн төлөөллүүд оролцож Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахын тулд зургаан сар гаруй хугацааг зарцуулсан. Парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бие даагчид төсөлд гар бие оролцсон. АН, МАН, МАХН, МҮАН, бие даагчид гээд нам ялгаагүй жирийн гишүүд бүгд тэгшхэн оролцсон гэдгийг онцлох хэрэгтэй. Өмнө нь, Өршөөлийн тухай хуулийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаа хууль тогтоох байгууллагын гишүүд санаачилж байгаа нь онцлогтой. Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга хэмээн шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар шоронд байгаа гэх 8000 хоригдлын 3000 орчим нь хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ 3000 хүн заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байна. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг. Нэг жишээ дурдахад, 2-3 удаа гар утас хулгайлсан гэж 10 жилийн ял оноосон байна. Энэ хуулийн төслийг гаргахдаа өмнө нь гарч байсан Өршөөлийн тухай хуулийн давуу болон сөрөг талуудыг сайн хянаж тооцож үзсэн. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гадна гадаад, дотоодод хуулийн чиглэлээр сургууль төгссөн туршлагатай боловсон хүчин ч ажилласан. Энэ удаагийн хуульд өршөөлөөр суллагдахын тулд тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэж заасан. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа эдэлнэ. “Хадгаламж” банкны Ц.Чимидцэрэн 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэр нь чөлөөлөгдсөн байх жишээтэй. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүхэд ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой. Энэ шаардлагын дагуу өдгөө хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийн хохирол төлөлтийн ажил сайн байна гэсэн мэдээлэл бий.
-Өршөөлийн хуульд хамрагдахын тулд хүмүүжигчид баталгаа бичнэ гэж байсан. Үүнийг тодруулаач. Хэн ч гэсэн баталгаа бичээд хамрагдахыг хүснэ шүү дээ?
-Энэ хуулийн бас нэг онцлог нь Өршөөлийн хуульд хамрагдаж ялаас чөлөөлөгдөх хүмүүсийн хүмүүжил, боловсрол, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад нь анхаарал хандуулж байгаа явдал. Үүний тулд өршөөгдөж байгаа хүмүүс эхний ээлжинд өөрсдөө бичгээр баталгаа гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Хуулиар ингэж зохицуулахгүй ч, дагалдах журмаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх баталгааг нь гаргуулж авна. Түүнээс гадна ажлын байр олгох, ажил хөдөлмөр эрхлэхэд түлхүү анхаарна. Уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед ажлын байраар хангагдана гэж харж байна.
-Өмнө нь гарч байсан Өршөөлийн хууль шүүмжлэл дагуулдаг. Сулласан нөхөд нь эргээд онц ноцтой гэмт хэрэг үйлдэж нийгэмд айдас төрүүлдэг?
-2000-3000 хүний асуудал ярьж байгаа учраас алдахгүй гэж хэлж чадахгүй. Зөвхөн хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол өршөөж таарна. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд бага хэмжээний өршөөл үзүүлнэ. Өршөөл үзүүлэхгүй орхиж болохгүй. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч түүнд өөрт нь амьд явах, итгэл үнэмшилтэй байх эрх нь бий. 1-2 жил ч болтугай хасагдаж таарна. Энэ нь амьдрах урам өгөх, ирээдүйдээ итгэх итгэл төрүүлэх урам юм. Дээрээс нь урьд нь өршөөгдөж байсан хүн хамрагдахгүй.Хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. Өнөө, маргаашгүй УИХ-д өргөн барина. Өршөөлийн хуулийн дараа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг боловсронгуй болгоно гэж бодож байна. Ер нь сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэссэн. Ийм үед Өршөөлийн хууль гарч байгаа учраас сөрөг шүүмжлэл дагуулж магадгүй. Хамгийн гол нь ард иргэдийнхээ дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд хөрөнгө төсөв гаргах хэрэгтэй байна. Ингэснээр нийгмийн хэв журам зөрчих, гудамж талбайд гардаг гэмт хэргийг эрс багасгах бололцоотой гэж үзэж байна. Гудамжийг камержуулж, хуучин цагт байсан эргүүл ажиллуулах юм бол хулгай, дээрэм эрс багасна. Шорон барьж хөрөнгө гаргаж гэмт хэрэгтэй тэмцэх биш үүнд зарцуулж байсан хөрөнгө мөнгөө урьдчилан сэргийлэх ажилд зарцуулбал илүү тустай. Хуулийн дагуу 8000 хоригдлын 3000 орчим нь чөлөөлөгдөнө гэж үзэхэд 12 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх тооцоо гарч байна. Энэ мөнгийг дараагийн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах ёстой. Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулиар үүрэг хүлээх ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой цаг, зай, талбайг зарцуулна гэж.
-Авлига, албан тушаалын хэрэг хамаарахгүй гэсэн үү?
-Хэвлэлээр шүүмжилж байсан шиг хэн нэгэн хүнд энэ хуулийг зориулаагүй. Тэр дундаа албан тушаал, авлигын хэрэгт холбогдож байгаа хүнийг ялаас чөлөөлөх зорилго байхгүй. Түүнээс гадна өдгөө гэмт хэрэгт холбогдоод улмаар оргон зайлсан хүмүүст энэ хууль хамаарахгүй. Хуулийн байгууллагынхан ч хэлж байна. Оргон зайлсан нөхөд Өршөөлийн хуулийн сургаар эргээд ирдэг гэж. Тэгвэл гэм буруугийн асуудлаа хуулийн дагуу шийдүүлэхгүйгээр оргон зайлсан бол төр өршөөхгүй. Өөр нэг асуудал нь нийгэмд хэлмэгдсэн гэх хүмүүс бий. Хэлмэгдсэн гэж үзэж байгаа нь Өршөөлийн хуульд өөрийн дураар хамрагдахгүй байж болно. Үүнийг шүүхийн журмаар шийдэх ёстой. Тиймээс хэлмэгдсэн буруу шийтгэгдсэн гэж үзэж байгаа хүмүүс асуудлаа зохих журмын дагуу шалгуулах шаардлагатай.
-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуультай уг хуулийн төсөл хэрхэн уялдаж байгаа вэ?
-Монгол Улсын бүх хуультай уялдана. Үүний дотор Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хууль, одоо өргөн бариад буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн хүмүүнлэг энэрэнгүй утга сананы агуулгад ч нийцэж байгаа. Тэр ч утгаараа бид уг хуулийн төслийг боловсруулахдаа хагас жил гаруй хугацаа зарцуулсан.
-Хэр урт настай хууль вэ. Өмнө нь гарч байсан хуулиуд хэрэгжээд дуусч байсан санагдана?
-Энэ хууль нэлээд удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Учир нь, хохирлын асуудлыг гаргаж тавиад байгаа шүү дээ. Тухайн ялтан хохирлоо төлөх хүртлээ суллагдахгүй. Гэхдээ уг хуульд хамрагдаж суллагдах 3000 орчим ялтны учруулсан хохирлын хэмжээ харьцангуй бага юм билээ. Эцсийн байдлаар судалгаа гараагүй байна. Зарим нэг томоохон хохирол учруулсан яллагдагчийн ялыг 50 хувь чөлөөлнө. Гэхдээ хохирлоо барагдуулсан байх ёстой гэж тусгаж өглөө.
-Уг хууль батлагдсаны дараа ял эдлэх тогтоол нь гарсан хүмүүс хамрагдах боломжтой юу?
-Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс өмнө хэрэг үйлдсэн бүх хүмүүст уг хууль үйлчилнэ. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаад уг хууль батлагдсаны дараа шийдэгдсэн хүмүүс ч хамрагдах боломжтой. Харин хууль батлагдсан өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй.
-УИХ-ын гишүүдээс хэн, хэн энэ хуулийн төслийг дэмжиж байна?
-Нийт гишүүдийн олонхи нь дэмжиж байна. Зарим нь хамтран боловсрууллаа. Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Д.Ганбат, Ж.Батзандан, С.Ганбаатар, Ц.Цолмон, Ж.Баянсэлэнгэ гээд олон гишүүн дэмжиж байгаа.