
Д.БОЛОРМАА
Урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулах эсэх тухай УИХ-ын гишүүд мэтгэлцсээр байна. Тэр дундаа МАН-ынхан хуулийн төслийг муу боллоо гэж шүүмжилж байгаа бол Засгийн газар болоод АН-ын гишүүд хамгаалж байгаа юм. Харин энэ хууль хөрсөн дээр хэрхэн хэрэгжих тухай Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд ийн ярилаа.
-Урт нэртэй хуулийг дагалдах журамд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Хэрэв энэ хууль батлагдвал танай компанид ашигтай биз. Энэ хуулийн төсөлд ямар саналтай байгаа бол?
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй нь танилцсан.
Уг нь энэ төсөл ээлжит бус чуулганаар орохоосоо өмнө зөв хууль байсан юм. Тодруулбал, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж саналыг нь сонссон. Миний хувьд ийм уулзалт, ярилцлагад хэд, хэдэн удаа оролцсон. Алтны салбарыг төлөөлж, алт үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлж бас алтны салбарт ажилладаг компанийн удирдлагын хувиар ч гэсэн уулзсан. Тэр хурлаар юу ярьж байсан гэхээр зөв зүйтэй гэгээлэг, эдийн засгийн зөв гарц шийдлийг олсон хууль гаргах юм байна гэж ойлгогдож байлаа. Салбарын сайд нарын амнаас ч гэсэн тэгж сонсогдож байсан.
-Хуулийн төсөл цаасан дээр буухаасаа өмнө санаа сэтгэлд чинь нийцэж байсан гэсэн үг үү?
-Түүний ерөнхий санаа юу байв гэхээр урт нэртэй хууль хэрэгжиж чадахгүй гурван жил боллоо. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжүүд нөөцөө ашиглаж чадахгүй гацлаа. Хоёрдугаарт, нөхөн сэргээлт нь хийгдэж чадахгүй гацлаа. Гуравдугаарт, төрийн нуруун дээр нөхөн олговор гэж их хэмжээний мөнгө уналаа. Энэ гурван алдааг засч залруулъя. Нэг үгээр хэлбэл, лицензтэй компаниудаар нөхөн сэргээлт хийлгэе, нөөцийг нь авахуулж дуусгая гэж. Ингэснээр төр, засаг өөрөө алтны нөөцөө нэмэгдүүлнэ, өөрийнхөө нуруун дээр байгаа нөхөн олговор гэх хүнд ачаанаас сална гэж ярилцаж байсан. Эдийн засгийн болон байгаль орчин, үйлдвэрлэгч салбарт харилцан ашигтай зөв шийдлийг сайд нарын зөвлөлийн хурлаар ярьж үүнийгээ ч төсөл болгохоор тогтсон. Харамсалтай нь, аль ч үед байдаг өнөөх даргынхаа шийдвэрийг өөрчлөн гуйвуулдаг тогтолцоо нь гарч ирсэн. Нөгөө сайд нарынх нь яриад байсан сайхан санаа хууль боловсруулах газар хэлтэст нь очоод гарч ирэхдээ огт өөр үзэл санаа болж гарч ирж байгаа юм. Тодруулбал, ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компаниудад л боломж олгоно гэж. Тэгсэн атлаа боломжийг нь олгохдоо тухайн чиглэлийг хариуцдаг төрийн байгууллага нь үйл ажиллагаа явуулах эсэх зөвшөөрлийг олгоно гээд заачихаж. 200 метрийн зайнд ой мод, ус ургамал байгаа бол олгохгүй гэнэ. Тэгвэл энэ чинь устай, уултай, ой модтой байна гээд урт нэртэй хуульд хамаарч гацсан лиценз шүү дээ. Ямар ч утгагүй. Хууль нь гарвал олборлолт явуулдаг байгууллагууд өөрийнхөө лицензийг уул, устай ойрхон байна уу гэж асууж таарна. Үүнд нь нөгөөх төрийн албад “Танайх устай байна, ой модтой байна” гээд зөвшөөрөл өгөхгүй. Дээрээс нь хууль дагалдах журамд өөрчлөлт орсон гэдгээрээ нөхөн олговрын авлагатай байсан компаниуд төрөөс ямар ч авлагагүй болоод хувирчихаж байгаа юм. Хоёр дахь утгагүй зүйл нь компаниудад алагчлал үүсч байна. 200 метрээс дотогш, гадагш гэж ялгаварлаж байна. Гуравдугаарт, хайгуулын лицензийг хамруулахгүй гэсэн үзэл санаа. Ер нь хайгуулын лицензэд компаниудын хөрөнгө маш их шингэсэн байдаг. Олборлолтоо явуулж эхлээгүй ч гэсэн нөөцийг нь тогтоохоос ТЭЗҮ-г нь батлах хүртэл маш их зардал гардаг. Асар их хөрөнгө оруулалт хийсэн байхад нь хайгуулын лицензийг ашиглахгүй гэхээр энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа юм. Энэ нь төр, засаг хувийн компаниудыг дээрэмдэх гэсэн үйлдэл гэж харж болно. Уг нь сайд нарын ярьж байсан анхны санаагаар энэ асуудлыг шийдвэл болж байгаа юм. Бүгдэд нь эрх тэгш боломж олгоно гэсэн санаа маш зөв байсан.
-Нөгөө цуцалсан байсан 1300 лицензийг сэргээх гэж үү?
-1300 орчим хайгуулын болон ашиглалтын лиценз урт нэртэй хуульд орсон байгаа. Энэ дотроо усны ундарга эсвэл ойн төгөлд орсон лицензээ ялгадаг юм байгаа биз. Ерөнхийдөө бүгдэд боломжийг нь тэгш олгоод явах нь зөв. 1300 лицензийн эзэд нь тухайн үедээ хуулийн дагуу зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж байсан нөхөд. Тэгэхээр нөхцлийнх нь дагуу ажлыг нь хийлгэж, нөөцийг нь авахуулах хэрэгтэй.
-Алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын саналыг сонссон юм уу?
-Алт үйлдвэрлэгчдийн холбоо нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан юм. Анх 10 компанийн санаачлагаар байгуулагдаж байлаа. Одоо бол 30 орчим компани нэгдэж төр, засагт хүргэх санал, бодлогоо ярилцаж байна.
-Гаднын хөрөнгө оруулалттай компани хамаардаг уу?
-Дотоодын алт үйлдвэрлэлийн компаниуд бүгд багтаж байгаа. Гаднын компани байхгүй.
-Хэрэв таны хэлж байгаагаар хуулийн төслийг баталбал олон нийтийн дургүйцлийг төрүүлэх юм биш үү. Бүх лицензээ сэргээх нь байгаль орчинд асар хохиролтой биш гэж үү?
-Түрүүн хэлсэн дээ, анх энэ төсөл чинь цаасан дээр буугаагүй байхдаа нийтийг хамарсан хуулийн санаачлага байсан. Цаасан дээр буусныг нь харахад нийтийн битгий хэл цөөнх тэр бүү хэл нэг ч аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцэхгүй хуулийн төсөл байна. Нөгөө “Гал үндэстэн” холбооныхон бухимдах биш бид бухимдаж уурлах юм гарсан байхгүй юу. Угтаа Ц.Мөнхбаяр нь баярлахаар хууль гарсан юм. Даанч уншиж танилцаагүй юм шиг байна лээ. Өөр нэг чухал зүйл юу гэхээр алтны салбарын тухай хэвлэл мэдээллийн болон олон нийт иргэдийн дунд буруу мэдээлэл түгсэн юм. Алтны салбар өөрөө байгаль орчныг хохироодог муу муухай гэж. Үүнд бодитой тайлбар хэлье. Алт гэдэг нь төмрийн хүдэр, нүүрс шиг хөрсийг нь хоосортол самардаг юм биш. Уул овоо шиг их шороо дотроос хэдхэн грамм алт гарч байгаа шүү дээ. Газар шороо нь тэр чигээрээ үлдэнэ. Хоёрдугаарт, дэлхийн дулаарлаас болж гол горхи ширгэх үзэгдлүүдийг шууд алттай холбож болохгүй. Энэ бол дэлхийн дулаарал болон бусад нөхцөлтэй холбоотой үзэгдэл. Түүнээс биш дэлхийн практикт алт олборлолоо гээд байгаль орчин нь сүйдсэн юм алга. Хятадад гэхэд алт олборлосон гээд байгаль орчинд нь учирсан хохирол гэж байдаггүй юм билээ. Үүнийг шинжээч, эрдэмтэд бүгд мэднэ. Харамсалтай нь, Монголд эсрэгээр нь тайлбарлаж байна. Ер нь байгаль орчинд учирсан гэмтэл, нөхөн сэргээлт орхигдсон газар нутгууд юунаас үүдэв гэхээр гурван шалтгаан бий.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, 1990 оны үеийн олборлолт. Энэ нь техник технологи хөгжөөгүй, аж ахуй нэгж, компаниудын санхүү эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй цаг үед орхигдсон талбай юм. Нөгөөх нь сайхан юм бодоод гаргасан хуулиуд нь амьдрал дээр ашиггүйгээр туссан явдал. Тухайбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг нэрлэж болно. Энэ 68 хувийн татвараас болж олон компани далд үйл ажиллагаанд шилжсэн. Үүнээс үүдээд уул уурхайн нөхөн сэргээлт хаягдсан. Дээрээс нь урт нэртэй хууль нь өөрөө байгаль орчны эсрэг гарсан хууль. Уг нь байгаль орчны сайн сайхны төлөө гарсан боловч амьдрал дээрээ байгаль орчны эсрэг болсон. Юу гэхээр хууль гарангуут нөгөө газар талбайд орсон бүх компаниуд нөхөн сэргээлтээ хийлгүй орхиж байгаа юм. Өнөөдөр УИХ-ын гишүүд байгаль орчинд хохирол учруулсан гэж компаниудаас мөнгө авах тухай ярьж байна. Тэгвэл тэр үедээ үйлчилж байсан хуулийнх нь дагуу өрөмдлөг хайгуул судалгаа хийж байсан юм шүү дээ. Тэгж байхад “Уучлаарай таны талбай урт нэртэй хуульд хамаарлаа” гээд зогсоосон.
-Танай компани одоо хэдэн лицензийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байна?
-Гурав.
-Урт нэртэй хуулийн дагуу хэд нь цуцлагдсан билээ?
-15 лиценз урт нэртэй хуульд хамаарсан. Үүнд хайгуул, ашиглалтынх гээд аль, аль ч бий. Уг нь одоо ярьж байгаа журмыг зөв гаргавал бид үйл ажиллагаагаа явуулаад нөхөн сэргээлтээ хийхэд ямар ч асуудалгүй. Энэ дашрамд хэлэхэд өнгөрсөн жил манайх 150 га газарт нөхөн сэргээлт хийсэн. Харин энэ жил бид нийт 300 га газарт нөхөн сэргээлт хийж байна. Бид энэ компанийг авахаас өмнө үүссэн байсан нөхөн сэргээлтийн талбайнууд юм. Өнөөгийн цаг үед алт, уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийдэг цаг үед ирсэн байгаа. Буруугаар ойлгох хэрэггүй.
-Хайгуулын лиценз гэдгийн цаана тоног төхөөрөмж авсан гээд зардал их бий биз?
-Хайгуулын лиценз гэдэгт өрөмдлөг, судалгааны ажил, ТЭЗҮ гээд уурхайг нээхээс өмнөх бүх зардлууд орно. Тэгээд энэ бүх зардлаа гаргаад эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулж А лиценз гэж тогтоож байгаа. Өөрийн хөрөнгөөр нөөцөө тогтоох, бүх эрсдлийг өөр дээрээ үүрсэн байгаа. Хамгийн наад зах нь банк, санхүүгийн байгууллагаас мөнгө төгрөг зээлсэн гээд асуудал бишгүй бий. Түүнээс биш үүнийг хямдхан халаасны мөнгөөр хийгддэг ажил биш.
-Бүх лицензийг олгоно гэхээр хариуцлагагүй уул уурхай гаарах юм биш үү. Дээрээс нь нинжа бүр олширох байх?
-Урт нэртэй хуулийн үр дагавар нь нинжа байсан. Энэ хууль гарснаас болж нинжа гэдэг халхавчин дор далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг техникжсэн, хаяг харъяалалгүй компаниуд бий болсон. Нинжа гэдэг чинь нөгөө түмпэн барьсан өрх толгойлсон эмэгтэй биш болсон цаг шүү дээ. Тоног төхөөрөмж сайтай компанийн хэмжээний аж ахуй нэгж юм. Дээрээс нь бичил уурхайг дэмжинэ гэж гадны төслийн байгууллагууд дэвэргэж өгдөг асуудал байна. Бичил уурхай гэдэг бол дэлхийн уул уурхайн салбарын түүхэнд хориглогдсон зүйл. Үүний хор үр дагавар нь хариуцлагагүй уул уурхай бий болгодог. Түр зуурын ашиг олох гэсэн техник тоног төхөөрөмж хангалтгүй, хөдөлмөр аюулгүй байдал хангалтгүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй хүмүүс энэ салбарын нэр хүндийг унагаж байгаа юм.
-Төсөлд зааснаар бол ашиглалтын лиценз эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулах эсэхийг нь төрийн байгууллага тогтооно гэж байгаа. Үүнийг та авлигын сүлжээ гаарах тогтолцоо гэж шүүмжилж байсан?
-Аливаа хүнд суртал чинь цаанаа авлигын үүдийг нээж өгдөг. Хуулийн төсөлд бичсэн байгаа шиг холбогдох эрх бүхий төрийн байгууллага зөвшөөрөл олгоно гэдэг үг нь өөрөө асуудалтай. Өөрөөр хэлбэл, би очоод “Манайх ой мод, устай байна уу” гэж асуухаар “Ой мод, устай байна” гэж хариулж таарна. Зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нөгөө танил тал гээд олон шугамаар хөөцөлдөхөөр авлигын шат дамжлаг үүсч байгаа юм.
-Нөхөн олговор авах ёстой хэдэн байгууллага байна. Хэдий хэмжээний төлбөр төрөөс нэхэмжилдэг юм бол?
-Хувь хэмжээг нь мэдэхгүй. Нөхөн олговор авах ёстой гэсэн том дүнтэй компаниуд гарч ирж байгаа. Бараг их наяд төгрөг нэхэмжлэх юм шиг байна. Төр ийм их хэмжээний төлбөр өгөхийн оронд компаниуд өөрсдөө үйл ажиллагаа явуулаад алдагдлаа нөхөх боломжийг олгох ёстой. Ингэснээр төрд гурван талын ашигтай. Нэгдүгээрт байгаль орчноо нөхөн сэргээлгэнэ. Алт эрдэнэсийн сангаа арвижуулна. Нөхөн олговроос мултарна гэсэн гурван ашигтай. Харин аж ахуй нэгжид нэг л ашиг бий. Алдагдлаа бууруулах гэж.
-Хэрэв хуулийн төсөл одоо байгаа хэмжээндээ батлагдвал яах вэ?
-Сайд удирдалагуудынх нь ярьсан үзэл санаа нь цаасан дээр буухдаа доод шатны ажилтануудынх нь үзэмжээс болж гажуудаж сайхан бодож санасан үзэл санаа нь алга болсонд их харамсаж байна. Одоо байгаа төслийг баталсаны оронд батлагдахгүй байсан нь дээр. Одоо бол ядаж нөхөн олговрын авлагатай явж байна. Хэрэв энэ бичигдсэн төсөл батлагдвал үйл ажиллагаа явуулах боломжгүй атлаа авлагагүй болж байгаа юм. Түүний оронд авлагатай явж байсан нь дээр биз дээ.
-Танайх хэдий хэмжээний авлагатай вэ?
-100 орчим тэрбум. Энэ нь бодит хохирол. Банкны хүү зэрэг бусад зардал бодогдоогүй байгаа нь.
-“Алтандорнод Монгол” нь улсад нэлээд хэмжээний өртэй байсан. Өрөө төлж барагдуулж байна уу?
-Асар их өртэй нь үнэн. Татварын өр, аж ахуйн нэгжийн өр, цалингийн өр, банкны өр гээд л. Энэ олон өрний нэгдүгээрт засгийн өр орно. Татварын өрөө хуваарийн дагуу барагдуулж байна. Ямар ч байсан ойрын хугацаанд төлж барагдуулж дуусна. Нэлээд эрчимтэй төлж байна. Бусад өр төлбөрөө ч гэсэн бага багаар төлж байна.
-Хэдэн хувийг нь төлөв?
-Нийт татварын өрийн 50 орчим хувийг төлөөд байна.
-Хэзээ өрөө барагдуулж дуусаад ашигаа өгч эхлэхээр байна?
-Ашигтай ажиллаж эхлэх хугацаа нь лав 2016 оноос наашгүй байх аа.