
М.ЦЭЦЭГ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намын Их хурал хэзээ болох билээ?
-Ирэх аравдугаар сарын 27-нд болно.
-Хуралдаа хэр бэлтгэж байна вэ?
-Монгол Улсын хөгжлийн бодлого, намын мөрийн хөтөлбөр, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бичиг баримт боловсруулах зэрэг олон ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бичиг баримтын төслүүд бэлэн болмогц олон нийт, намын гишүүд, эрдэмтэд судлаачдаар хэлэлцүүлнэ. Анхан шатны үүр хороодод хэлэлцүүлэг явуулж олон түмний санал бодлыг тусгасан тийм амьд холбоотой, амьдралтай хурал хийхийг зорьж байна даа.
-Дотооддоо хэлэлцүүлэхээс гадна гадаадын улс орнуудын хөгжлийн туршлагыг судалж байгаа гэсэн. Ямар судалгаа дүгнэлт хийж байна вэ?
-МАН ямар байхаас, яаж шинэчлэгдэж хөгжихөөс Монгол Улсын хөгжил, дэвшил шалтгаалдаг гэж боддог. Намаа дэлхийн төвшинд хүргэж хөгжүүлэхийн тулд тэр гадаад улс орнуудын улс төрийн намуудын чиг хандлага ямар байдгийг судалж байгаа.
-МАН Социнтернийн гишүүн нам, соц-демократ үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг энэ байгууллагын хүрээнд хамтран ажиллаж туршлага судалж ярилцаж байгаа юм байна. Гол чиглэл нь юу вэ?
-Манай намын түүх туршлага, хөгжлийн чиг хандлагыг гадныхан ихэд сонирхдог нь илт анзаарагдлаа. МАН-ын XXVII Их хурлаар улс орны хөгжлийн бодлого, стратегийг хэлэлцүүлэн батлах юм. Улс орныг хөгжүүлэх бодлоготойгоо нийцүүлж намын шинэчлэлийн бодлого зорилт гарч ирэх учиртай. Нийгмийн чиг баримжаатай ардчилсан үзэл санааг Социнтерн тунхагладаг. Энэ үзэл санаагаа л тодруулж баян, хоосны ялгааг багасгаж чинээлэг дундаж ангийг бий болгох, ядуурал, авлига, архидалт гэсэн нийгмийн сүүдэр болсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар намын Их хурал бодлого, хөтөлбөрөө гаргах учиртай. Энэ чиглэлээр Германы Социал демократ нам, Фридрих Эбертийн сантай хөгжлийн бодлого, намын шинэчлэлийн асуудлаар хамтарч ажиллаж байна. Ийм сэдвүүдээр аравдугаар сард Германы улстөрч, судлаачид оролцсон онол практикийн хурал зохион байгуулна.
-Социнтернээс гадна өөр орнуудын намын туршлага судалж байна уу?
-Энэ бодлогыг боловсруулах хүрээнд БНХАУ, ОХУ, Америк, Солонгосын улс төр судлаачид, стратегичидтай уулзаж туршлага судалж, санал бодлоо солилцож байна. АНУ-ын Стэнфордын их сургууль, Ардчиллын төлөөх сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн эрдэмтэд судлаачид, дарга даамлуудтай уулзаж Монголын ардчиллын гажуудлын асуудлаар үр бүтээлтэй яриа өрнүүллээ. Судалгааны ажил хийхээр боллоо. Заримтай нь тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
-Хятадын коммунист намын туршлагаас бас судалж байгаа гэсэн. Юу нь онцлогтой санагдав?
-Бид чинь хөрш орнуудаа, Хятадын Коммунист нам, ОХУ-ын намуудын шинэчлэл өөрчлөлтийн туршлагыг судлах зайлшгүй шаардлагатай л даа. Манай улсын хөгжилд хоёр хөршийн өөрчлөлт хөгжил маш их нөлөөтэй. Ялангуяа, Хятадын коммунист намын улс орноо хөгжүүлэх, эв зохицонгуйгаар хөгжих хоёр зууны зорилт бодлого, төлөвлөлт, авлигатай тэмцэж байгаа намын бодлого зэргийг судалж анхаарч тусгаж авах зүйл олон байна. Харилцан туршлага солилцох зүйлс ч байна.
-МАН-ын Их хурал эрх баригчдын толгойгоо өвтгөх ёстой асуудал буюу улс орны хөгжлийн бодлогыг чухалд тавьж байгаа хэрэг үү. Танайх парламентад цөөнх шүү дээ?
-Хэдийгээр бид Засгийн эрх бариагүй сөрөг хүчин ч гэлээ Монгол Улсын хөгжлийн түүх, хувь заяа манай намтай холбоотой байдаг учраас Их хурлын маань чухал асуудал болж байгаа юм. Тиймээс МАН-ын 2012 онд боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг тодотгон батлахаар төлөвлөж байна. 2021 онд МАН 100 жилээ тэмдэглэнэ. Иймд “Нэгэн зууны таван зорилт” гэсэн хүн рүү чиглэсэн хөгжлийн стратеги гаргая л даа. Нэгдүгээрт, монгол хүний ажил, орлого. Хоёрдугаарт, эрүүл мэндийн ялгаваргүй үйлчилгээ. Гуравдугаарт, төлбөргүй чанартай боловсрол. Дөрөвдүгээрт, айл бүрийг орон сууцаар хангах хэтийн төлөвлөгөө. Тавдугаарт, нийгмийн даатгал, халамж чиглэлүүдээр таван төгөлдөр зорилт бодлого гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн эдийн засгийн өсөлт ярих бус хүнээ хэрхэн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлье. Яаж энэ зууны зорилтод хүрэх вэ зэрэг арга зам хөтөлбөрийг тодорхой тусгасан хөгжлийн стратеги гаргая. Мөн үүнийгээ яаж удирдан зохион байгуулах, намын ямар дүрэм, бүтэц зохион байгуулалт шаардлагатайг ярина. Олон улсын туршлагыг дагаад эхний ээлжинд намынхаа дэргэд Хөгжлийн бодлогын хороо, Авлигатай тэмцэх хороог нэмж байгуулж ажиллах саналтай байгаа. Нэг нарийн бичгийн дарга хариуцаад ажирллаж болох юм.
-Авлигатай тэмцэх хорооны ажил юу байх вэ?
-Авлига бол улс оронд ч, намуудад ч, хувь хүнд ч хор хөнөөлтөй хар мөртэй нийгмийн хорт үзэгдэл. Иймд энэ хорлолоос гишүүдээ, нийгмээ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянаж шалгах, намаа, хүнээ цэвэр тунгалаг байлгах зорилготой хороо байгуулах саналыг дэвшүүлж байгаа юм.
-МАН-аас Монголын нийгэм, эдийн засаг доройтож байгаа талаар тайлан мэдэгдэл гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг өмнө нь шаардсан. Танайхны судалгаагаар яг одоо эдийн засгийн байдал ямар хэмжээнд байна?
-МАН 2008, 2009 онд буюу дэлхийн эдийн засгийн хямралын үеэр сонгуульд ялж нэг жилийн дотор эдийн засгийн хямралыг даван туулж байсан. 2009 оны -1.6 хувийг 2010 он гэхэд 6.4 хувиар өсгөсөн байлаа. Эдийн засгийн өсөлтийг жилийн 17.5 хувьд хүргэж, жилд дөрвөн тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татаж, ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурь тавигдсан. Гэтэл өнөөдөр улс төрийн хэт их захиргаадалт, төрийн дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж ДНБ-ний 39 хувьтай тэнцэх төвшинд хүрч, судалгаа, үндэслэлд суурилаагүй популист шийдвэрүүд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад цаг хугацааны болон мөнгөний ихээхэн хохирол дагууллаа.
-Эдийн засаг төсвийн байдал хүндрээгүй, ам.долларын ханш өссөн нь үндэсний үйлдвэрээ дэмжихэд сайнаар нөлөөлнө гэж эрх баригчид тайлбарлах юм?
-Үндэсний үйлдвэрлэлд сайнаар нөлөөлөх нь үнэн ч манай эдийн засгийн тун бага хувь шүү дээ. Тэр залхуу гээд шүүмжлээд байгаа импортлогчид чинь хэдэн зуун мянган хүний амьдралыг авч яваа.
-Хөрөнгө оруулалт саарахад таны санаачилсан хууль нөлөөлсөн гэж үзэж, одоо өөрчлөх гэж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Туйлширч болохгүй. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, болзошгүй хямралаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг манай намаас олон удаа сануулж, ээлжит бус чуулган хуралдуулахыг ч шаардсан. Анх санаачилсан тэр хуулийн төсөл бол ОХУ, Австрали гээд олон улсад байдаг л хуулийг үндэслэж боловсруулсан зайлшгүй байх ёстой хууль. Дэлхийн маш олон оронд ийм хууль байгаа. Тэд хямраагүй л байна. Тэдгээрийг үзэж судалж, миний санаачилсан хуулийн төслийг тухайн үеийн өмнөх парламент дахь АН-ын бүлгийн гишүүд хатуу шаардлага тавьж дахин боловсруулж өөрчилсөн. Төслийн анхны хувилбарт 100 тэрбум, УИХ-аас зөвшөөрөл авах зэрэг зүйл хатуу заалтууд байгаагүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр намын бүлэг хэлэлцээд, парламентаараа баталсан юм.
-Хуулийн төслийн анхны агуулга юу байсан бэ?
-Стратегийн хөрөнгө оруулалт зах зээлийн зарчмаас гадуур орж ирснээр худалдан авагчийн монополь тогтоож дотоодын зах зээлийн дампууруулдаг олон жишээ байдаг. Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалт нь үндэсний аюулгүй байдал, эдийн үзасгийн аюулгүй байдалд ч шууд нөлөөлдөг. Улс бүхэнд үндэсний эрх ашиг гэж байдаг. Түүнийг хамгаалдаг тогтолцоо гэж байдаг Ийм асуудал үүсэхээс сэргийлдэг, Засгийн газар хүнд сурталгүйгээр шуурхай журмаар зөвшөөрөл өгөх тухай журмын тухай л хууль байсан. Түүнээс хааж хязгаарласан агуулга байгаагүй юм. Харамсалтай нь, УИХ-аар батлагдахдаа гишүүдийн саналаар100 тэрбум гэх мэт хязгаар, хэл амтай заалтууд орсон.
-Та эхнээсээ ийм хууль санаачлаагүй бол тухайн үеийн сөрөг хүчин чинь өөрсдийн зорилго, санаархлыг оруулахгүй л байсан байх?
-Ийм хууль гаргах нь Монголд хэрэгтэй байна гэж тухайн үеийн намын бүлгүүд, дээр дооргүй үзээд чиг, үүрэг нь надад таарсан юм. Тухайн үед “Чалко”, “Саусгоби Сэндс”-тэй холбоотой асуудал үүссэн байсан. Манай Тавантолгой үнэгүйдэх, худалдан авагчийн монополь тогтох эрсдэлтэй байсан учраас энэ хууль гарсан. Гарсан хууль үүргээ гүйцэтгэсэн. Тэгэхээр энэ Засгийн газар одоогийн эдийн засгийн хямралын гол буруутан нь тэр хууль юм шигээр сурталчлах ёсгүй.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ орчин бэлдэх юм шиг байна. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-Хямралыг боломж болгож ашиглах ёстой. Төр бүх зүйлд оролцож болохгүй. Төр юун түрүүнд зарчмын алдаануудаа засах ёстой. Бизнесээ ялгаваргүй дэмжих хэрэгтэй. Засгийн газар анхнаасаа бүтцээ буруу хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж шилжүүлсэн. Манайх шиг жижиг улсад энэ нь Гадаад харилцааны яамны харъяанд байх ёстой. Энд, тэнд тууз хайчлаад аж ахуй нэгжийн даргын л ажил хийсээр байна. Сангийн яаманд макро эдийн засгийн бодлогын газар байсныг Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлснээр төсвийн бодлого задарч макро эдийн засгийн зохицуулалтыг алдагдуулж микро төвшинд хүргэснийгээ засч залруулах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох ёстой.
-“Чалко” мэтийн нэг компанид зориулж хуулиа өөрчлөөд байх юм уу. Цаашид дэлхийн эдийн засаг хямрахаар дагаж хямарсаар байх уу?
-Хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж хуулийн орчноо өөрчлөх нь зөв. Миний санаачилсан хуулиар бол уул уурхай дахь замбараагүй байдал цэгцэрч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг тэнцүүлэх байсан юм. Одоо бол урсгалаараа л явж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлаа хангая гэвэл хоёр хөрштэйгээ учраа ололцож ажиллах хэрэгтэй. Хоёр хөршийн харилцаанд онцгой анхаарч, эдийн засгийн гадаад харилцаагаа зохицуулж чадвал энэ хямралаас маш амархан гарч, хөгжинө. Засгийн газар урагшаа харж ажиллах хэрэгтэй байна.
-Танай нам ч тэр засгийн эрх барьж байхдаа эхлүүлсэн, үр дүнд хүргэсэн ажлуудаа үргэлжлүүлж чадалгүй унагачихсан шүү дээ?
-Манай нам эрх барьж байхдаа эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, хамгийн гол нь найдвартай ажлын байр бий болгож түүнийгээ урт удаан хугацаанд хадгалах бодлого нь яг өнөөдрийн эдийн засгийн бодлогоос илүү сайн, илүү бодьтой байсан нь илт харагдаж байна. Манай Засгийн газрын үед Монгол Улсын мал 50 саяд хүрч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт өсөлт бий болсон. 400 мянган тонн улаан буудай хурааж, улсынхаа гурилын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох хэмжээнд хүрсэн. Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нүүрс бага хэмжээгээр экспортолдог байсан Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортлох бүрэн хүчин чадалтай болсон. Бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн. Аймгуудыг холбосон хатуу хучилттай замуудын ажил өмнөх Засгийн газрын үед эрчимжиж, өнөөдөр үр дүн нь гарч байна. Ядуурал 40 хувьтай байсан бол 30 болж буурсан. ХХ зуун бол хэдий бэрхшээлтэй ч сэргэн мандалтын, бүтээн байгуулалтын зуун байсан. Шинэ зуун эхлэнгуут Монголд юу өөрчлөгдөв. МАН лав хоёр том ажил хийсэн. Их өрийг тэглэсэн, Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
-Гэхдээ Оюутолгойн гэрээ одоо хүртэл асуудал дагуулсаар л байгаа?
-Оюутолгойн гэрээг өөрчлөх, сайжруулахыг би дэмждэг. Гэхдээ бүтээн байгуулж эхэлнэ гэдэг нь бүгдээс том, илүү, чухал үйл хэрэг.
-Одоогийн Засгийн газар бүх зүйлд өмнөх Засгийн газар буруутгаж залруулах гэж ажиллаж байна гэдэг. Одоогийн Засгийн газар өр л хүлээж авсан гэх юм?
-Ийм баян Засгийн газар өнгөрсөн түүхэнд бараг байгаагүй. Баримт хэлье. 1.5 тэрбум долларын бонд, 500 сая долларын Хөгжлийн банкны бонд нийт хоёр тэрбум доллартай Засгийн газар шүү дээ. Мөн Монголбанк нь Засгийн газрыг дэмжиж гуван их наяд төгрөг олгосон. Бас төсвийг УИХ хангалттай баталж өгсөн. Энэ бол өмнөх Засгийн газрын үед тарьсан ургацыг хурааж байгаа хэрэг. Ийм их боломжтой байж хямруулаад байгаа нь эдийн засгийнх биш засаглалын л хямрал.