Г.Уянга: Олигархиуд өөрсдийгөө татвараас чөлөөлөх хууль хэлэлцэж байна

2013-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ. Ялангуяа, урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм шиг байна. Энэ хуулийг сайн хууль гэж та хэлдэг шүү дээ. Өөрчлөлт оруулах ямар шалтгаан байгаа юм бол?

-Урт нэртэй хууль нь хамтарсан Засгийн газрын цорын  ганц гэж хэлж болох сайн хуулиудын нэг. Тэр үеийн эрх баригчид эрийн сайндаа энэ хуулийг батлаагүй. Олон нийтийн эх орноо гэсэн хүсэл тэмүүлэл, тэдний тэмцлийг зангиадаж, чиглүүлж байсан иргэний хөдөлгөөнийнхний шахалтаар батлагдсан хууль.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө урт хугацааны улс төрийн өлсгөлөн зарлаж байсан иргэний хөдөлгөөний шахалт шаардлагын хүчээр батлагдсан хууль. Уг нь Монголын төр энэ хуулийг хэрхэн мөрдүүлэх вэ гэх байтал яаж мөрдөхгүй байх вэ гээд яриад сууж байна. Мэдээж гадныхны шахалт шаардлагаар биз. Тийм ч учраас уур минь цээжиндээ багтахгүй байна. Ийм төртэй байж болохгүй.  Явж,  явж энэ бүхэн юу харуулж байна гэхээр Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага тулгарч байгаа юм. Төрийн бүтцийг шинэчлэх ёстой. Өнөөдөр төрд байгаа хүмүүс бие биенийхээ эмзэг газраас нь барьчихсан хаашаа ч хөдөлгөхгүй байх шиг байна. Ийм арга барилтай хоёр намаас Монголын төрийг аврахгүй бол цаашдаа буруу жишиг тогтох хандлага гарах вий.

-Та өнгөрсөн даваа гаригт болсон жагсаал цуглаанд ямар дүгнэлт өгөв. Та өөрөө иргэний хөдөлгөөний хувиар эх орон, газар шороо гэж жагсч байсан хүн?

-Шууд үйлдлийг нь хараад цочирдсон. Би өөрөө тэмцэж явсан хүн. Гэхдээ тайван замын бүх хэлбэрийг эхнээс нь эцсийг хүртэл хийж байлаа. Үзэг барьж бичиж шүүмжлэхээс эхлээд өлсгөлөн зарлаж хүртэл үзсэн. Хамгийн тайвнаас хамгийн хүнд болох тэр бүх арга шат дамжлагаар тэмцэж байлаа. Гэхдээ тэмцэл дотроо хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй арга бол хүчирхийлэл. Эмэгтэй хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө хувьд ч хүчирхийллийн арга замыг хэзээ ч дэмжихгүй.  Монгол хүн нэгнийхээ эсрэг хүйтэн мэс бариад босохгүй юмсан гэдэг хүсэл надад гэлтгүй хүн бүрт бий байх. Энэ утгаараа тэр жагсаалыг зөв гэж хэлэхгүй.  “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаяр ах болоод бусад хүн энэ хуулийн талаар өмнө нь  надтай олонтаа ярьж зөвлөлдөж байсан. Тэд хүйтэн мэс барилгүйгээр түүн шигээ зөвлөлдөх ёстой байсан юм. Тэмцлийн арга тактикаа боловсруулах ёстой байсан. Ер нь газар шорооны төлөөх тэмцэл өөрөө асар том улс төр. Газар нутгийн төлөөх тэмцэлд зөвхөн эр зориг хангалттай биш. Үүнд ухаан тэвчээр, бодлого хэрэгтэй. Найз нөхөд хамтрагчид хэрэгтэй. Гэтэл энэ бүхнийг тооцолгүйгээр шууд зэвсэг барьж хүмүүсийг айлгасан нь харамсалтай. Би энэ хэрэг явдалд харамсч байна. Ц.Мөнхбаяр бол миний мэдэхийн чин сэтгэлээсээ эх орноо хайрладаг эх орончдын нэг. Би энэ хүнийг буруу талаас нь огт хардаггүй. Сэтгэл нь зөв Монгол хүн. Гэхдээ асуудлыг нөгөө талаас бодож үзэх хэрэгтэй.

-Зөвтгөж үү?

-Гартаа шилбүүр барьж байсан монгол хүн яагаад хүйтэн зэвсэг бариад эсэргүүцэл илэрхийлэх болов гэдгийг бодох ёстой. Энэ бол өнгөрсөн 23 жилийн эрх баригчдын алдаа завхрал, газар нутгаа юу ч үгүй сэндийчээд орхисон бидний алдаа. Гадныхны гар хөл болж ард түмнээ ядууруулсан, хуульд өөрчлөлт оруулдаг үйл явц үүнд гарцаагүй нөлөөтэй. Энэ утгаар нөгөө талаас нь бодож үзэх ёстой юм. Хоёр талаас нь харна гээд миний хувьд мэдээж хүчирхийллийг хэзээ ч зөвтгөхгүй. Гэхдээ үүний шалтгаан нь эрх баригч тэр дундаа Монголын төрийг 23 жил дангаараа болон ээлжилж барьсан энэ хоёр нам гарцаагүй буруутай. Миний мэдэрч байгаагаар тэвчээр нь барагдаж зэвсэг барих юмсан, тэмцэх юмсан гэж боддог цөөн бус хүн байгаа. Зөвхөн уржигдар  баригдсан хэдэн залуугаар хязгаарлагдахгүй. Монгол хүний бухимдал энэ төвшиндөө хүрсэн байгааг төр өөрөө мэдрэх ёстой. Зөвхөн хүчирхийллийг буруутгаад өөрсдийгөө зөвтгөөд асуудлыг шийднэ гэвэл өрөөсгөл юм. Монголын төр өөрөө зөв шударга явахгүй бол иймэрхүү аюул нүүрлэжээ гэдгийг улстөрчид бодолцох ёстой.

-Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр гадаадын улс орнуудад ашигт малтмал олборлох эрх олгох нь. Эх орноо худалдах нь гэж зарим гишүүн шүүмжилж байгаа?

-Энэ хоёр нам бие бие рүүгээ чихээд байх юм байхгүй. Өнгөрсөн 23 жил монголчууд  газраа зарж алтаа ухаж амьдарсан. Тэр процесс ч гэсэн одоо үргэлжилж байна. Энэ утгаараа гадны хөрөнгө оруулалтын тухай хуульд том бодлого явах ёстой. Хэрэв 100 мянган ам.доллар халааслаад орж ирсэн хүн бүрийг хөрөнгө оруулагч гэж үзээд 5-10 жилээр татвараас чөлөөлөөд яваад байвал эргээд хэзээ ч засч залруулж болшгүй аймшгийн алдаанд хүрсэн байх болно. Тийм учраас одоо хэнийг хөрөнгө оруулагч гэж үзэх, юунд хөрөнгө оруулах, түүндээ ямар хөнгөлт үзүүлэх гэдгийг нарийн тооцох ёстой. Тэр дундаа хөрөнгө оруулалтыг аль салбарт бий болгох вэ гэдэг дээрээ түлхүү анхаарч ярилцах ёстой. Ингэж байж батлахаас биш одооны төслийн хэмжээнд байгаагаар батлаад хэрэггүй. Миний хувьд гарцаагүй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх хандлага, өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзлэл хууль санаачлагчдад байгаа учраас хэлэлцэхийг зөв гэж үзэж байна. Ер нь агуулгаараа өнөөдрийн хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөх тийм хууль одоогийн байгаа төсөл болж чадаагүй. Гэхдээ бид сайжруулахын төлөө ажиллаж болно гэж бодож байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хэр танилцсан бэ. Ямар алдаа байна?

-Бид өнгөрсөн чуулганаар баталсан Стратегийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг УИХ-ын чуулганаар заавал оруулж байхыг хүчингүй болгож байгаа нь буруу. Монголчууд стратегийн гэж тодорхойлсон эрдэс баялаг, банк санхүү дээрээс нь хэвлэл мэдээлэл харилцаа холбооны тэр салбарт өөрсдийн хяналтаа төр хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар барьж байх нь чухал. Тэгэхгүй бол ээлжит бус чуулганаас өмнөх хугацаанд Монголын Засгийн ямар муухай тухай, монголчууд ямар муухай тухай “Ринто” компани дэлхий даяар мэдээлэл тараалаа. Энэ бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Бид үндэстнийхээ оюун санааг барьж явдаг хэвлэл мэдээллийг зөнгөөр нь орхиж гадны хөрөнгө оруулалтыг дураар нь тавибал бүхнээ алдана гэсэн үг.  Энэ утгаар нь өмнөх заалтаа муутгасан байна гэж хэлэх байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хувийн болон төрийн гэж ангилж байна. Хувийн хөрөнгө гэдэг нь 100 сая төгрөг оруулсан бол хөрөнгө оруулагч гэж үзээд зөвхөн бүртгэх системээр явж байгаа нь өөрөө инээдэмтэй юм. Бид дотооддоо компани байгуулахад хүртэл тийм системээр явахгүй байгаа.  Дотоодын хөрөнгө оруулагчаас илүү боломжийг гадныханд тавьж өгсөн нөхцөл харагдаж байна. Дээрээс нь гадны, дотоодын аль ч гэсэн  15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах юм бол 5-10 жил тодорхой татвараас чөлөөлж байх заалт орж ирсэн байна. Тэгвэл үнийн дүнг маш сайн бодож үзэх ёстой. 15 тэрбум төгрөг гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдын хувьд тийм их мөнгө биш. Харин дотооддоо буюу Монголд бол бидэнд гарцаагүй шаардлагатай байгаа хөгжлийн суурь болсон дэд бүтэц, цахилгаан станц, төмөр зам, авто замыг тавихад бас хангалттай хөрөнгө биш. Дэндүү жаахан хөрөнгө болно. Дотоодын бизнесмэн хөрөнгө оруулагчдын хувьд аваад үзэх юм бол 15 тэрбум төгрөгөөр бизнесээ эргэлдүүлэх хэмжээний чадалтай хүн цөөхөн. Үүгээр далимдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг ямар ч ялаагүй болгож 5-10 жил татвараас чөлөөлүүлэх гэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр дотоодын олигархиуд олон жилээр өөрсдийгөө татвараас чөлөөлөх гэсэн оролдлого байх.  Түүнээс гадна халаасандаа мөнгөтэй шар царайтай хүн болгоныг хөрөнгө оруулагч гэж үзэх юм бол маш том эндүүрэл. Бид хэнийг хөрөнгө оруулагч гэж үзэх, ямар салбарт оруулах, ирээдүйд ямар үр ашиг өгөх вэ гэдгийг тооцох ёстой. Хөрөнгө оруулалтыг аль салбартаа татах юм бэ гэдгийг тодорхой, зоригтойгоор хийж өгвөл энэ хуульд дэвшилт гарна. “Шударга ёс” эвслийн зүгээс үүнд нэг саналтай байгаа. Тухайлбал, төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг монголчууд өөрсдөө халааснаасаа хөрөнгөө гаргаад хийж чадахгүй урт хугацаанд үр ашигаа өгдөг томоохон төсөлд гадны хөрөнгө оруулалтын өрсөлдөөн бий болгоё гэсэн байр суурьтай байгаа.

-Эрх баригчид байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай гэх юм. Оюутолгойн хөрөнгө оруулалт шиг?

-Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт үнэндээ хөрөнгө оруулалт гэж хэлэхэд төвөгтэй. Эсрэгээр нь хөрөнгө гаргалт гэж нэрлэж болно. Бид үүнээс ямар ч үр ашиг  аваагүй. Хэдэн хүн баяжснаа “Монголчууд дэлхий нийтийн хэрэглэдэг тансаг зүйл хэрэглэж байна. Тэр нь хөрөнгө оруулалтын ач” гэж хэлж байна. Тэгвэл тэр хүмүүст уучлаарай гэж хэлье. Энэ бол эндүүрэл. Монголчуудын 80 гаруй хувь нь ядуу амьдарч байна, дээрээс нь ямар ч бүтээн байгуулалт босгоогүй. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтаас авсан, алдсанаа жагсаавал алдсан нь дэндүү урт гарах байх. Бид өмнө нь хөрөнгө оруулалтыг татах ёстой гээд тэдэнд өргөн бололцоо олгож байсан. Өнөөдөр хөрөнгө оруулалтыг татах гэдэг тэр бодлого өөрчлөгдөх ёстой. Бид харилцан ашигтай хамтран ажиллах дээрээс нь  дотооддоо хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол энэ салбарт дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. Хэсэг хугацааны валютын өөрчлөлтөөс болж энэ хуулийг өөрчлөх гэж байгаа бол Монголын төр дэндүү хөнгөн байна гэж хэлье. Зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэхээс гадна урт хугацааны бодлогоо бодмоор юм. Төрд бизнес ноёрхох, тэр дундаа бизнес төр хоёр хутгалдахын хор уршигийг хангалттай амс­лаа. Одоо ч амсч байна. Энэ хор уршиг ирээдүйн үр хүүхдийн маань амсах хор байж болохгүй.

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 51 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 4 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 10 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 14 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 1 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 1 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин